| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/00012/И |
| Дугаар | 210/МА2025/00214 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/00214
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04330 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 168,384,171 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн төлөөлөгч болон хариуцагч *******, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэгт хариуцагчаар *******, *******, *******, *******, ******* нарыг холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 276,329,662.17 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагч нарын барьцаалсан барьцаа хөрөнгө болох *******, *******, ******* ******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол *******ын гудамж, ******* байрны ******* хаягт байршилтай, 223.43 м.кв талбайтай таван өрөө орон сууцны зориулалттай 18 м.кв талбайтай авто машины зогсоолын хамт шийдвэрлүүлэхээр даалгахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн үндэслэл ******* нь Худалдаа хөгжлийн банктай 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ, мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ мөн тухайн өдөр баталгааны гэрээ 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээнүүдийг байгуулан 160,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хугацаа хэтэрсэн зээл төлүүлэх тухай албан бичгийг зээлдэгчтэй уулзаж зээлийн зөрчлийн талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийг урьдчилан мэдэгдэж үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч ямар нэгэн үр дагавар гараагүй зөрчлийг арилгаагүй. Иймд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл 42,878,447 төгрөг, үндсэн хүү 116,050,792.68 нэмэгдүүлсэн хүү 9,454,921 төгрөг шүүхэд нэхэмжлэлтэй холбоотой гарсан зардал 35,000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулна. Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******, ******* нарын тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр Худалдаа хөгжлийн банкнаас 160,000,000 төгрөгийн зээлийг авч 33,656,483.68 төгрөгийн хүү төлж байх хугацаанд Ковид гарч зээлийн гэрээг нэмэлтээр сунгасан. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл гэрээ хийж зээлийн гэрээг сунгасан. Ковидын хуулиар хүү, торгууль, алданги, шимтгэл төлөхгүй гэж заасан. Хүү алдангийг төлөхийн зэрэгцээ зээлийн ангиллыг бууруулж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 29-ны нэмэгдсэн хуулиар цар тахлын үед ипотекийн зээл болон бусад зээлтэй холбоотой өөрчлөлт оруулах журам Монгол банкнаас гаргасан. Энэ журмын дагуу Худалдаа хөгжлийн банк зээлийн гэрээгээ сунгасан. Энэ арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа хөгжлийн банк сунгасан. Гэхдээ 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эвлэрүүлэн зуучлал руу хүсэлтээ илгээсэн. Тухайн үед цар тахлын нөхцөл байдал сайжраагүй байсан тул 08 сарын хугацаанд төлөх чадамжгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнээс хойш сураггүй явж байснаа 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1 жил 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд маш олон тайлбар хийж хамтран ажиллах боломж бололцоо байгаа эсэхийг асууж өөрийнхөө дансанд байсан мөнгө төгрөгийг өгч байсан. Эвлэрлийн гэрээний дараа 12 дугаар сарын 21-ний өдөр ажилчдын цалингийн дансыг хаагаад шууд зээлийг татсан байсан. Хэрвээ эвлэрэхгүй байсан бол 108,000,000 төгрөгөөрөө тодорхой хэмжээний эргэлт хийх боломж байсан. Би гэртээ байх үедээ онлайнаар зээлийн гэрээгээ сунгуулах хүсэлтүүд явуулдаг байсан. Тэгээд сунгасан, одоо болохоор 300 хоногоор зээлээ төлөөгүй ковидын цаг хугацааг оруулаад өнөөдөр 21.6 хувийн хүүтэй банк хаана ч байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 222,000,000 төгрөгөөс 118,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, манайх төлбөрөө төлөх бүрэн боломжтой компани гэжээ.
3. Хариуцагч *******, *******, ******* нарын тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч байна. ******* болон ******* нарын хооронд 6 жилийн хугацаанд тохиролцох буулт хийх, шүүхээр явах боломж байсан. Зориудаар хугацааг сунгаж байгаа нь барьцааны үл хөдлөхтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил байгаа гэж харж байна. *******-ийн эргэлтийн хөрөнгө нь 222,000,000 төгрөгийг бүрэн төлөх чадвартай гэж үзэж байна. Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч *******-аас 114,477,498 /нэг зуун арван дөрвөн сая дөрвөн зуун далан долоон мянга дөрвөн зуун ерин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,906,682 /тавин гурван сая есөн зуун зургаан мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч *******, , *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, /17030/ *******ын гудамж, , ******* хаягт байрлах 5 өрөө 223,43 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,679,998 /1,539,598 70,200 70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 730,337 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.
*******-аас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрүүлэн зуучлал ажиллагаа явуулахаас татгалзсан. Үүнээс хойш 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхээ хэрэгжүүлсэн буюу *******-аас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзэхгүй.
Мөн зээлийн гэрээний 7.1.7-д “олгосон зээлийн ашиглалтыг шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй байхаар заасан байна” гэж заасан нь зээлийн эрх нээх гэрээний онцлог шинж буюу тухайн зээлдэгчийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхгүй болсон, буруугаар ашигласан зэрэг нь эрх нээх гэрээгээр дахин тухайн зээлдэгчид нэмж зээл олгохгүйгээр өмнө нь олгосон зээлийг шаардах зохицуулалт юм. Гэвч шүүх энэхүү гэрээний заалтыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөр зээлийн гэрээний үүргийг шаардаж, энэ хугацаагаар гэрээг цуцалсан мэт тайлбарласан.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэж зааснаар 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэлээр 276,329,662.17 төгрөгөөс 168,384,171.00 төгрөгийг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байхад 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөр зээлийн тооцооллыг бодож хариуцагчаас 114,477,489.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 53,906,682.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
5.2. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.
Ийнхүү, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зөвхөн хариуцагч талын тайлбарт үндэслэж, *******-ийн тайлбарыг бүрэн сонсоогүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 53,906,682 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч нараас гаргасан тайлбарын агуулга:
2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* төлөөлөн зуучлахаар эвлэрэх санал тавьсан. Тухайн үед “Ковид-19” цар тахлын үе байсан тул зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад 8 сарын дотор зээлийг төл гэж нэхэмжлэгч тал шаардсан боловч 8 сарын дотор төлөх боломжгүй гэх шалтгаанаар эвлэрүүлэн зуучлалыг зогсоосон. Түүнээс хойш 540 хоног буюу 1 жил 6 сар *******-д бүрэн байсан хэдий ч ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Харин миний зүгээс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд 9,212,052 төгрөгийг төлж, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн хугацаанд 276,329,622 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж *******-тай дахин эвлэрэх талаар ярилцсан. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд хандсанаар гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээ 2023 оны 08 дугаар сард дуусах ёстой байсан боловч 2022 онд эвлэрүүлэн зуучлах төвд мөнгөө нэхсэний улмаас зээлийн гэрээг хаасан учир зээлийн гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 276,329,662 төгрөг гаргуулахаар шаардсаныг багасгаж, 168,384,171 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ.
2.1. ******* нь *******-тай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/ВСС190802019 дугаартай “Зээлийн эрх нээх гэрээ”-гээр 160,000,000 төгрөгийг, жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай *******-д зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцжээ. /хх10-13/
2.2. Мөн өдөр талууд ЗБ/ВСС19080219-1-2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр хороолол /17030/ *******ын гудамж ******* хаягт байрлах 223,43 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх14-15/
2.3. Мөн өдрийн БГ/ВСС190802019-1 дугаартай “Баталгааны гэрээ”-гээр баталгаа гаргагч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/ВСС190802019 дугаартай “Зээлийн эрх нээх гэрээ”, цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах нэмэлт гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах буюу үл маргах журмаар өөрийн зардлаар төлбөрийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. /хх17/
2.4. Талууд 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ЗНГ/RCC200731033-1 дугаартай “Зээлийн нэмэлт гэрээ”-гээр 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/ВСС190802019 дугаартай “Зээлийн эрх нээх гэрээ”-ний хавсралт 1-ээр эргэн төлөлтийг шинэчлэн баталжээ. /хх18-19/
2.5. Талууд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗНГ/ВСС210129063-1 дугаартай “Зээлийн нэмэлт гэрээ”-гээр 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/ВСС190802019 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хугацааг 42 сар (3 жил 6 сар) гэж өөрчилсөн байна. /хх20-21/
3. Анхан шатны шүүхээс, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн талаарх эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
3.1. Хариуцагч талаас зээлийн гэрээний үүрэгт нийт 150,892,324 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй, харин зээлийн гэрээг цуцалсан эсэх, хэрэв зээлийн гэрээг цуцалсан бол хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх эсэх талаар талууд маргасан байна.
3.2. Талууд зээл эргэн төлөлтийн хуваарь баталсан хариуцагч уг хуваарийг зөрчсөнтэй холбоотойгоор гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх боловч 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр талуудыг эвлэрээгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх71/
3.3. Гэтэл, анхан шатны шүүхээс дээрх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөр, зээлийн гэрээг цуцалсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зээлийг ашигласан хугацааны хүүг хасч тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлал явуулахаар хандсан үйл баримтыг зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэхгүй. Учир нь, зээлийн эрх нээх гэрээний 7.1.3-т зээлдэгч нь зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргийг шаардахаар талууд тохиролцсон байх тул гэрээг цуцалсан гэж үзэхгүй юм.
4. Иймд нэхэмжлэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон, үндсэн зээлд 42,878,447 төгрөг, зээлийн хүүд 116,050,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,454,921 төгрөг, нийт 168,329,662 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцэх тул нийт 168,329,662 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
5. Түүнчлэн, шүүх барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр хороолол /17030/ *******ын гудамж ******* хаягт байрлах 223,43 м.кв талбайтай 5 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна. Харин эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 18 м.кв авто зогсоолын талаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн нэмж дүгнэх шаардлагагүй гэж үзэв.
6. Харин, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардсан нотариатын зардалд холбогдох хэсэгт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримталж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04330 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 168,329,662 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54,509 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “730,337” гэснийг “999,598” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427,483 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ