Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 200

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Н овогт Г.Нт холбогдох эрүүгийн 1918000000128 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н овогт Г.Н /РД: /, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр “.......................” ТӨХК-ийн харуулын байрны өрөөнд иргэн М.Гийн цэнэглэж байсан Самсунг жи-2 загварын гар утсыг авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Нын өгсөн: Хг хайж “.......................” ТӨХК-нд очоод жижүүрийн өрөөнөөс гар утас авсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч М.Гийн өгсөн: ...шөнө 4 цагийн үед хуучин ажлын байранд ус алдахаар нь сантехникч З.Нг дуудаад өөрийнхөө Самсунг Жи-2 загварын гар утсыг харуулын байранд цэнэглэж үлдээгээд ус алдаад байгаа байр луу явсан. Буцаж харуулын байр луу очтол цэнэглэж үлдээсэн гар утас алга болсон байсан. Тэгэхээр нь З.Нгаас асуухад “Нараа гэх залуу харуулын байранд орж ирээд Хгийн утасны дугаарыг асуугаад гарсан” гэж хэлсэн. Тэгээд З.Н бид 2 Г.Нын араас очоод гар утсаа асуухад аваагүй гэж хэлсэн. Би гар утсаа буцааж авсан учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Гэрч З.Нгийн өгсөн: ...харуулын байранд 2 хүн зогсож байсан бөгөөд нэг нь гадаа, нөгөө нь дотор зогсож байсан. Тэгээд яваад очтол тэр 2 манай ажлын Хгийн гар утасны дугаарыг асуухаар нь хэлж өгтөл гараад явцгаасан. Тэгээд би ажлын байр луугаа яваад сууж байтал М.Г ирээд “би гар утсаа харуулын байранд цэнэглээд явсан харсан уу?” гэхээр нь би “хараагүй. Сая 2 залуу ороод гарсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд М.Гтой араас нь яваад 38 дугаар байрны гадаа Нараа болон хамт явсан залуу хоёроос гар утас асуухад “бид 2 аваагүй” гээд гүрийгээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Гэрч Ж.Оын өгсөн: ...Г.Н бид 2 “.......................” ТӨХК-ийн жижүүрээс уурхайн зочид буудал руу хаагуур орох талаар асуухаар харуулын байранд ороход жижүүр нь байхгүй байсан. Тэгээд Г.Н бид 2 буцаж гараад гэр гэр лүүгээ явсан. Маргааш нь Г.Н ах над руу яриад “ах нь “.......................” ТӨХК-ийн жижүүрийн өрөөнөөс гар утас авчихсан юм. Чамайг ирж мэдүүлэг өг гэж байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

Шүүгдэгч Г.Нын яллагдагчаар өгсөн: ...Ж.Оын хамт “.......................” ТӨХК руу Хтай уулзахаар очсон. Бид дотогш орж үзтэл Х байхгүй болохоор нь буцаж гарахдаа жижүүрийн өрөөнд цэнэглэж байсан гар утсыг сэмээрхэн аваад гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

...харуулын байр нь хүн орж гарах зориулалт бүхий 4х6 метр хэмжээтэй улаан тоосгон байшин байлаа. Харуулын байрны хаалгаар ажилтан албан хаагчид гарах, орох зориулалт бүхий хонгилын хэсэгтэй /хаалга нь ямар нэг цоожгүй/. Хонгилын хэсгийн хойд талд нь харуулын ажилтан үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий өрөөтэй байв. Уг өрөөнөөс Г.Н нь гар утас авсан гэж заав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал /хх-ийн 4-6/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “иргэн М.Гийн эзэмшлийн Самсунг Жи-2 загварын хуучин гар утас 1 ширхэг эд зүйл нь 160.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/,

Шүүгдэгч Г.Наас Самсунг Жи-2 загварын, хар хөх өнгийн гар утас хураан авсан тухай, уг гар утсыг хохирогч М.Гт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 19-20/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцдог ба энэ гэмт хэрэг нь гэмт этгээдийн шунахайн сэдэлтээр буюу амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор, нууц далд аргаар бусдын эд хөрөнгийг авч өмчлөх эрхэд халдсан санаатай үйлдлээр илэрдэг.

Энэ гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүн болох хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэдэг нь түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, онгорхой байхад нь тухайн орон, байр, агуулахын өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр сэм орох зэргээр хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг ойлгоно.

Хэрэг учрал болсон газар болох “.......................” ТӨХК-ний харуулын байр нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр мөн боловч шүүгдэгч Г.Н нь уг харуулын байр луу тухайн байгууллагын ажилтан Хг асуухаар ороход харуул М.Г ажлын байрандаа байгаагүй, харуулын байранд 2 хүн байгааг хараад сантехникч З.Н ирсэн, Г.Н нь З.Нгаас Хгийн гар утасны дугаарыг асуугаад гарахдаа харуул М.Гийн цэнэглэж үлдээсэн 160.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Н, хохирогч М.Г, гэрч З.Н, Ж.О нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байгаа ба шүүгдэгч Г.Ныг бусдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор “.......................” ТӨХК-ний харуулын байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжгүй байна.

Харин шүүгдэгч Г.Нын хохирогч М.Гийн 160.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч бага хэмжээний хохирол учруулсан тул түүнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцох боломжгүй юм.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нт холбогдох эрүүгийн 1918000000128 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ныг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Нын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй боловч Зөрчлийн тухай хуульд заасан хулгайлах зөрчлийн шинжийг агуулж байх тул хэргийг хэрэг бүртгэлтэд  буцаах нь зүйтэй байна.

Хохирогч М.Г нь 160.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг жи-2 загварын гар утсаа биетээр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Наас Самсунг Жи-2 загварын, хар хөх өнгийн гар утас хураан авсан тухай, уг гар утсыг хохирогч М.Гт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 19-20/, хохирогч М.Гийн “...Би гар утсаа буцааж авсан учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/-ээр тус тус нотлогдож байгаа ба хохирогч М.Г нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгчийг цагаатгасан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 5, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Г.Нт холбогдох эрүүгийн 1918000000128 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ныг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Нт холбогдох эрүүгийн 1918000000128 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

4. Хохирогч М.Г нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.

5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР