| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05739/И |
| Дугаар | 4795 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 4795
| 2016 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2016/04795 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Д.Наранцэцэг, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 13-р хороо, өөрийн байр “Гараг эгшиг” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, 14Б байрны 12 тоотод оршин суух, “Хөхийн дуулга” ХХК-ний захирал ажилтай, регистр ЧП55020813, Жаам овогтой Дорждэрэмийн Батбаатарт холбогдох гэм хор учруулсны хохиролд 37 536 446 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж У.Өнөрсайхан, Т.Жанчивсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдаваа, иргэдийн төлөөлөгч А.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Өнөрсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 402 тоот шийтгэх тогтоол, мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 342 тоот магадлалыг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. “Хөхийн дуудлага” ХХК-ний захирал Д.Батбаатар нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн байр гэх үйлчилгээний төвийн 3x5 м.кв талбайг “Гараг эгшиг” ХХК-д эмийн сангийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар, удаан хугацаанд түрээслүүлэхээр тохирч 2012 оны 9-р сарын 16-нд “Түрээсийн гэрээ” байгуулсан. Манай “Байгал эх” эмийн сангийн үйл ажиллагаа явуулах шаардлагад нийцүүлэн хана босгох, гэрэл цахилгааны шугам тавих, цэвэр, бохир ус, агааржуулалт хийх зэргээр их зардал гаргаж засварлаж эмийн сангийн зориулалтаар хийсэн. Гэтэл Д.Батбаатар нь 2014 оны 08-р сараас эхлэн манай эмийн санг түрээсийн байрнаас хөөж, эмийн сангийн эд зүйлийг эвдэж, түрээслэгчдийг хөөн гаргаж манай компанид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Хариуцагч Д.Батбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас манай байгууллагад дараах хохирол учирсан болохоор нэхэмжилж байна. Эмийн сангийн олох цэвэр ашиг өдөрт 181 776 төгрөг, үүнийг 112 хоногоор тооцоход нийт 20 358 954 төгрөг болж байна. Мөн манай эмийн сан 3 эм зүйчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг ба 1 эм зүйчийн сарын цалин 800 000 төгрөг үүнээс 112 хоногоор тооцоход нэг ажилтны цалин хөлс нь 2 986 664 төгрөг нийт 3 эм зүйчийн цалин 8 959 992 төгрөг болсон. Мөн байгууллагын эд зүйлс эвдэж сүйтгэсэн хохирол 844 000 төгрөг болсон ба лангууны шилэн хаалт хагалсан 160 000 төгрөг, шилэн тавиур шүүгээ 2 ширхэг нь 240 000 төгрөг, электрон даралтын аппарат 3 ширхэг нэг бүрийн үнэ нь 48 000 төгрөг нийт 144 000 төгрөг, механик даралтын аппарат 2 ширхэг нь 40 000 төгрөг, асдаг гэрэлтэй хаяг 260 000 төгрөг болж байгаа. Мөн салгаж дахин ашиглах боломжгүй эд зүйлс нийт 6 173 500 төгрөгийн хохирол учруулсан. “Байгал эх” ХХК-нь Д.Батбаатараас эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролд нийт 36 336 446 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн түүнчлэн талбайг давхар 2013 оны 05-р сарын 01-ээс 2013 оны 7-р сарын 1-нийг хүртэлх хугацааны 2 сарын түрээсийн төлбөрт авсан 1 200 000 төгрөгийг нэмж нийт 37 536 446 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдаваа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөөрөхгүй, ямар гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдэг нь тодорхой бус, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 2012 оны 9-р сард “Гараг эгшиг” ХХК нь манайхтай гэрээ байгуулж 2015 оны 01-р сарын 28-ныг хүртэл ажилласан. Энэ хугацаанд “Гараг эгшиг” ХХК нь өөрийн үйл ажиллагаагаа эрхэлж ашиг орлого олж байсан. Ингээд түрээсийн гэрээний хугацаа дууссан талаар түрээслэгчид мэдэгдсэн, тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, үүнээс болоод 2014 оны 10-р сарын 13-ны өдөр уулзалдсан боловч тэр уулзалт нь үр дүнгүй болж зодоон маргаан болж дууссан. Ингээд Эрүүгийн хэргийн 2015 оны 3-р сарын 30-ны өдрийн 402 тоот тогтоолоор тухайн хэрэг маргаан нь шийдэгдээд тухайн этгээд ял шийтгэлээ авсан. Түрээсийн гэрээний талаар гарсан маргааныг Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015 оны 6-р сарын 4-ний өдөр шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1096 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 10-р сарын 27-ны өдрийн 858 тоот тогтоолоор энэ гэрээтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлагад байгаа түрээсийн төлбөрийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 1-р сарын 13-ны 2829 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Мөн 37 сая төгрөг нэхэмжилж байгаа нь өөрөө гэм хорын хохирол гэж үзэж улсын тэмдэгтийн хураамжаас зайлсхийсэн хууль зөрчсөн үйлдэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Гараг эгшиг” ХХК нь Д.Батбаатарт холбогдох гэмт хэргийн улмаас гэм хор учруулсны хохиролд 37 536 446 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Хариуцагч Д.Батбаатар нь 2014 оны 10-р сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гараг эгшиг” ХХК-ний эмийн санд У.Өнөрсайхан, Д.Ангарагтуяа нарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож, улмаар Дүүргийн Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүхийн 2015 оны 03-р сарын 30-ны өдрийн 402 тоот шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд/хх 15-20/ тооцжээ.
Шийтгэх тогтоолоор хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохиролд 844 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 4-р сарын 30-ны өдрийн 342 тоот магадлалд Д.Батбаатар нь “844 000 төгрөгийг төлсөн” үйл баримт тогтоогдсон /хх 21-25/ байна.
Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогч нар нь “Д.Батбаатар нэг биш удаа ийм асуудал гаргасан, урьд өмнө бас л орж ирж биднийг хөөж, тавилга эд зүйлийг эвдэж байсан, энэ хохиролд 39 000 000 төгрөг гаргуулах”-аар шаардсан боловч цаг хугацааны хувьд хэдийд үүссэн нь тодорхойгүй гэж үзэж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэжээ.
Нэхэмжлэгч нь дээрх шийтгэх тогтоолыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож Гараг эгшиг ХХК-ийн эд хөрөнгөд 37 536 446 төгрөгийн хохирол учруулсан гэж маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд хохирол учраагүй, талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний маргааныг шүүх шийдсэн” гэж тайлбарлажээ.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нар нь “хариуцагч 2014 оны 8-р сарын 29-нөөс хойш манайд хохирол учруулсан” талаар тайлбарласнаас гадна хэргийн 59-62 дахь хуудсанд авагдсан фото зургаар 2014 оны 9-р сарын 1-нээс 2014 оны 12-р сарын хооронд эд зүйл эвдсэн гэх тайлбар хийсэн байна.
Түүнчлэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015 оны 6-р сарын 4-ний өдрийн 4021 тоот шийдвэр /хх 70-72 /, 2014 оны 1-р сарын 13-ны өдрийн 2829-Б тоот шийдвэр /хх 79-80 /, Хөхийн дуулга ХХК-ний 2013 оны 6-р сарын 12-ны өдрийн 12, 2013 оны 9-р сарын 2-ны 04 тоот тодорхойлолт /хх 98-99/ болон дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний улмаас үүссэн маргаантай холбоотой гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, 2014 оны 10-р сарын 13-ны өдөр гарсан гэмт хэргийн улмаас “Гараг эгшиг” ХХК-ний эд хөрөнгөд 37 536 446 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нөгөө талаас, хэрэгт авагдсан зарлагын баримтууд /хх 6-10/, Байгаль-эх эмийн сангийн орлого /хх 29-30/, хөдөлмөрийн гэрээ /хх 31-35/, кассын дэвтэр /хх37-38/, цалингийн цэс /хх 39-42/, түрээсийн төлбөр төлсөн кассын орлогын болон зарлагын баримт /хх 44-49/, хөлсөөр ажиллах гэрээ /хх 103-108 / зэрэг баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлыг нотлоогүй, Хас банкны дансны хуулга /хх 51-52/, Монос фарм ХХК-ний тодорхойлолт, зээлийн гэрээ /хх 54-55/, 2016 оны 3-р сарын 3-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэгийн анхан шатны шүүхийн 2016 оны 3-р сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/02063 тоот захирамж /хх 109-112/ нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай хамааралгүй, ач холбогдолгүй баримтууд байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорждэрэмийн Батбаатараас 37 536 446 /гучин долоон сая таван зуун гучин зургаан мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн “Гараг эгшиг” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
ШҮҮГЧИД Д.НАРАНЦЭЦЭГ
А.САРАНТУЯА