Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00221

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 104/ШШ2024/00583 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ад холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,925,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

*******-тай ******* нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр евро хашаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийнх нь эзэмшлийн газар дээр бүх хашааг нь барьж өгсөн. *******аас гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хоёр айлын 0,5 га газрыг 12,000,000 төгрөгөөр тооцож газрыг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр 13,959,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны дотор график гарган шилжүүлэн өгөхөөр тохиролцон боловч одоо хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Гэрээнд зааснаар төлбөрийг хожимдуулсан хоног тутамд төлбөрийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэсний дагуу хариуцагч *******аас гэрээний үүргийн төлбөр 13,950,000 төгрөг, алданги 6,975,000 төгрөг нийт 20,925,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүк дээрээс *******-ийн мэдээллийг хараад утсаар холбогдсон. 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр *******, *******, өмгөөлөгч гуравтай хашаа хийлгэж бариулах газар уулзсан. Би 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хашааг 4 хоногийн дотор барьж өгнө гэсэн гэрээ хийсэн. 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хоёр залуу 5, 6 цагийн үед ирээд 5 ширхэг хашаа буулгаад, машинаар 10 ширхэг хашаа авч ирж буулгасан. Хашаагаа барилгүй явсан.

*******-ийн захирал *******той анх 2 метр урттай, 2 метр өргөнтэй хашаа барина гэж тохирсон. Хоёр дахь гэрээ гээд байгаа 10 дугаар сарын гэрээ нь болохоор намайг Сүхбаатар аймаг руу найзуудтайгаа яваад ирсний хойно машиндаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед авчирч гарын үсэг зуруулсан. Хуучин гэрээг канондоод аваад ирлээ, чи гэрээгээ алга болгосон гэсэн гээд гарын үсэг зуруулаад явсан. 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай хашаа бүрэн баригдаад дууссан байсан. Хамгийн гол мөнгөө өгөхгүй байсан асуудал нь ******* хашаа 2 м урт, 2м өргөн гэсэн хэдий ч хашаа 1,85 метр байсан. 10 ширхэг хашаанаас 1 ширхэг хашаа илүү баригдаад байгаа. 2 метр хашаагаар хашаагаа барьсан бол 195 ширхэг хашаа орох байсан боловч 18 ширхэг хашаа илүү авсан. 132 ширхэг хашааг би хүн хөлсөлж, нэг ком хашааг 25,000 төгрөгөөр бодож, нэмээд хоол, ундаа, тамхины мөнгийг гарган, нэг нүхийг 5,000 төгрөгөөр ухуулан байж өөрийн хөрөнгөөр хашааг бариулсан. Гэрээг би хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тогны асуудал бас байдаг. Хоёр хашаа руу хамтарч тог татъя гээд *******-ийн зүгээс бетон шон авчирч өгсөн. Надаас 4,000,000 төгрөг гарсан. Төлбөр тооцоогоо нийлүүлээд харах юм бол уг тогны асуудал дээр 1,000,000 төгрөг нэхэмжлэгч талаас гаргуулах ёстой. Нийт 33,150,000 төгрөг өгөх ёстой байснаас хашаагаа бүрэн бүтэн бариулж чадалгүй өөрийн хөрөнгөөс 29,950,000 төгрөгийг гаргасан тул үлдэгдэл 3,200,000 төгрөгийг л би өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******аас үүргийн гүйцэтгэлд 12,950,000 төгрөг, алданги 6,475,000 төгрөг нийт 19,425,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 255,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний зүгээс *******-ийн манай хашаанд буулгаж хаясан дээрх 132 ширхэг хашааг ажилчид олж, өөрийн зардлаар бариулсан зардалд нийт 3,300.000+500,000+1,200,000=5,000,000 төгрөгийг зарцуулсан байгаа. Ажлын хөлс шилжүүлсэн баримт, хоолны зардал нотолсон шилжүүлгийн баримтуудыг хэрэгт хавсаргасан.

Гэтэл энэхүү зардлыг анхан шатны шүүх энэхүү зардлаа нотолж чадаагүй, мөн гэрч оролцуулсан боловч гэрч нь эх сурвалжаа заагаагүй хэмээн үзэж, нэхэмжлэгч талаас шаардаж буй үндсэн төлбөр болох 12,950,000 төгрөгөөс миний гаргасан 5,000,000 төгрөгийг хасаж тооцолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж намайг хохироосон шийдвэр гаргасан.

4.2. Хавтаст хэрэгт өөр өөр янзаар байгуулсан, нэхэмжлэгч *******-ийг төлөөлж зурсан этгээдүүд гэрээ бүр дээр өөр, 2 өөр огноотой буюу 2021 оны 06 дугаар сарын 14 болон 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэсэн огноотой, мөн гэрээний үнийн дүнгүүд өөр, мөн алдангийн тооцох хэмжээ өөр гэрээнүүд авагдсан байдаг бөгөөд шүүхийн зүгээс яг аль гэрээг нь үндэслээд алданги тооцох нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй байтал, алданги тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэтэл хугацааны хувьд ажил хэдийн хийгдээд дууссаны дараа нөхөж гэрээ байгуулсан гэх, өөр өөр огноотой, өөр өөр үнийн дүнтэй, өөр өөр алдангийн хэмжээ заасан, өөр өөр гарын үсэгтэй төлөөлөх эрх нь тодорхойгүй гэрээнүүдийг үндэслэж алданги тооцож байгаа нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

4.3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын зүгээс шинжээч томилж, тухайн хашаа стандарт хашаа мөн эсэхэд шинжээч томилуулж, нотлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хариуцагч талын эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Тухайлбал, шонгийн нүх ухахад 500,000 төгрөг, ажилчдын хоол хүнс, бусад зардалд 1,200,0000 төгрөг буюу нийт зардал 5,000,000 төгрөг болсныг хасаж тооцоогүй гэх агуулгыг гомдолд дурдсан. Хэрэг маргаан анхан шатны шүүхэд 1 жилийн хугацаанд шийдвэрлэгдэх үед энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй учраас шүүх зөв шийдвэрлэсэн. Хоёр төрлийн гэрээ байх бөгөөд эхний гэрээг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулж, ******* 10,000,000 төгрөг төлсөн. Гэрээ байгуулснаас хойш ******* ирээгүй учраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахин гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөрөө хэрхэн төлөх талаар график гаргасан. Уг графикийн дагуу ******* төлбөрөө төлсөн. Гэрээнд заасны дагуу төлбөр төлж чадахгүй бол алданги төлнө гэж зөвшөөрч гэрээ байгуулсан. Хашаа янзлуулснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн учраас алданги тооцох үндэслэлтэй. Гэрээний дагуу алданги шаардах эрхтэй, алданги 6,475,000 төгрөг гаргуулсан нь үндэслэлтэй. Мөн шинжээч томилох асуудлыг анхан шатны шүүх 2 удаа шийдвэрлэсэн. Барилгын хөгжлийн төвөөс шинжээч томилуулахаар хандсан боловч боломжгүй гэсэн учраас Барилгын нэгдсэн холбоонд хандсан. Гэтэл хариуцагч татгалзсан тул шинжээч томилоогүй, энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,925,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хариуцагч ******* нь, нэхэмжлэгч  *******-тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр хариуцагч ******* нь евро хашааг,  өнгөгүй стандартаар, 195 комыг нэг бүрийг нь 170,000 төгрөгөөр нийт 33,150,000 төгрөгөөр худалдаж авахаар, урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцжээ. /хх18-19/

 

2.1. Мөн зохигчдын  байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр хариуцагч ******* нь евро хашааг, өнгөгүй стандартаар 81 комыг нэг бүрийг нь 180,000 төгрөгөөр, стандарт хашааг 132 комыг нэг бүрийг нь 160,000 төгрөгөөр, нэмэлт багана 5 ширхэгийг нэг бүрийг нь 50,000 төгрөгөөр, нийт 35,950,000 төгрөгөөр худалдаж авахаар талууд тохиролцжээ. /хх8-9/

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

3.1. Талууд дээр дурдсан 2 гэрээний аль нь хүчинтэй эсэх талаар маргаж байна. Иймд, нэг харилцаанд 2 өөр үнийн дүн, тоо ширхэгтэй худалдах, худалдан авах хоёр гэрээ хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь “эхний гэрээний дагуу хариуцагч мөнгөө төлөхгүй байсан тул мөнгө төлөх хуваарь хийж, 2 дахь гэрээг байгуулсан” гэх тул талуудын эхэлж байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн огноотой хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь хариуцагч талд ашигтай тайлбарлах зарчимд нийцнэ.

 

3.2. Энэхүү гэрээний 3.2-т зааснаар урьдчилгаа 10,000,000 төгрөгийг хариуцагч нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн байх ба талууд энэ талаар маргаагүй. Харин хариуцагч нь нэхэмжилсэн алдангийг төлөхгүй, мөн хашаагаа өөрөө зардал гаргаж барьсан тул нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3.3. Тус гэрээний 3.3-т “Үлдэгдэл төлбөрийг харилцан тохиролцон ажлын явцад дээрх дансанд хийнэ” гэж, 9.2-т “Худалдан авагч энэ гэрээний 3.1-д зааснаар төлөх төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлнө” гэж заасан байна.

 

3.4. Дээрх гэрээний дагуу ******* нь 10,000,000 төгрөг болон 12,000,000 төгрөгт тооцон 2 айлын 0,5 га газрыг өгсөн зэрэг нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул гэрээний төлбөр болох 33,150,000 төгрөгөөс, хариуцагчийн төлсөн 22,000,000 төгрөгийг хасч тооцоход 11,150,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түүнчлэн, гэрээний 9.2-т талуудын тохиролцсон алдангийг тооцоход 5,575,000 төгрөг, нийт 16,725,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.

 

4. Мөн, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч хашааг барьж өгнө гэж тохиролцсон боловч бариагүй тул ажилчид хөлсөлж бариулж 5,000,000 төгрөгийн зардал гарсан, стандарт бус хашаа өгсөн,” гэж маргасан боловч уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй тул үүнтэй холбоотой гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

4.1. Мөн, хариуцагч нь *******-ийн барьсан хашаанд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний 104/ШЗ2024/00869 дугаар захирамж, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШЗ2024/01370 дугаар захирамжуудаар тус тус хангаж шийдвэрлэсэн байна. /хх78-79,86-87/

 

4.2. Гэвч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзаж, төлбөр өндөр үнэтэй байна гэх хүсэлтийг гаргасан байна. /хх106/ Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон үнийн дүнгийн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 104/ШШ2024/00583 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 16,725,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “255,075” гэснийг “241,575” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,075 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР

 

       ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

   Ц.АЛТАНЦЭЦЭГ