Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 201

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дашдаваа,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Н овогт Э.Уд холбогдох эрүүгийн 1918001950198 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н овогт Э.У /РД: /, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Э.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.У нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” цэнгээний газарт нь үйлчлүүлж байх үед Р.Н ирж ширээн дээр байсан архи, ундааг хагалсны улмаас Э.У, Р.Н нар маргалдаж, улмаар Э.У нь Р.Нг түлхэж унаган, цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Угийн өгсөн: Намайг сууж байхад Нарантуяа дахин дахин ирээд намайг элдвээр хэлээд байсан. Би тухайн үедээ аргадаад гадаа гарч тамхи татуулаад буцаж орж ирээд сууж байхад дахин ирээд элдвээр хэлээд байхаар нь та яваач дээ яах гээд байгаа юм бэ гэхэд ширээн дээр байсан хамаг юм цацаад асгасан. Тэгэхээр нь би 2 удаа түлхсэн юм гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Р.Нгийн өгсөн: ...би бүжгийн талбай дээр бүжиглэж байтал Э.У нь намайг гэнэт түлхээд би арагшаа савж унасан. Тэгээд би “яаж байгаа юм бэ?” гэж хэлээд босоод иртэл “та ширээ дээр байсан архи, дарсыг унагаад хагалчихлаа” гэж хэлсэн. Би тэрийг сайн санахгүй байна. Тэгэхэд Э.У нь намайг дахин түлхэж шал дээр унагаад хүзүү хоолойг маажсан. Тэгэхээр нь би гараад тамхи татах гэж байтал миний араас гэнэт нэг хүн миний толгой руу цохисон. Тухайн үед би доошоо унаж, толгойгоо дарахад цус гарч байсан. 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эмчилгээний зардал болон өмсөж явсан хувцасны хохирол болох 900.000 төгрөгийг бүрэн барагдуулсан учир надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

Гэрч О.Аийн өгсөн: ...талбай дээр бүжиглэж байтал манай найз Э.У нь Р.Н эгчтэй маргаад түлхэж унагаасан. Тэгэхээр нь найзыгаа холдуулаад Р.Нг татаж босгосон. Гэтэл Э.У нь дахин Р.Нг түлхэж унагаасан. Би Э.Угаас “юу болсон бэ?” гэж асуухад “Р.Н нь ширээ дээр байсан архи, ундааг бүгдийг газарт унагаагаад хагалчихлаа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Гэрч Б.Тын өгсөн: ...Цэнгээний газрын гадаа тамхи татаад зогсож байтал Р.Н эгч орилоод гараад ирсэн. “Аниаг нь цохичихлоо шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд Р.Нгийн толгойноос цус гарч эхэлсэн. Р.Н нь “Э.У намайг цохичихлоо” гэж хэлсэн. Би цохиж байхыг нь хараагүй. Р.Н нь цэнгээний газарт Э.Угийн ширээг түлхээд эд зүйл, архийг нь хагалчихсан юм. Э.У уурлаад Р.Нтай маргасан. Э.У нь Р.Нг 2 удаа газарт түлхэж унагаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Гэрч Б.Оын өгсөн: ...Р.Н нь их согтсон байдалтай Э.У эгчийн ширээнд ирээд архи, ус, ундааг гараараа цохиж унагаагаад хагалчихсан. Гэтэл Э.У нь уурлаад Р.Нг бүжгийн талбайд түлхэж унагаад нүүр рүү нь цохисон. Р.Нг босож ирэхэд нь дахин түлхэж унагаад толгой руу нь цохисон... /хх-ийн 22-23/,

Гэрч Д.Нийн өгсөн: ...би гэр лүүгээ ороод ус авчхаад эргээд цэнгээний газартаа орж ирэхэд Р.Н нь Э.Уд цохиулаад бүжгийн талбайд хэвтэж байсан. Тэгээд усаа лангууны ард байрлуулчхаад эргээд гарч ирэхэд Э.У нь дахин Р.Нг цохиод газарт унагаасан. Тэгээд би Р.Нг авч гараад амьдрал ахуйгаа ярьж байхад Э.У нь цэнгээний газраас гарч ирээд Р.Нарантуаг цохиод унагаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Гэрч Б.Эны өгсөн: ...Э.У, О.Алтанцэцэг нарын өрөөний цаг дуусаад архи, ундаагаа аваад лангууны хажуугийн ширээнд суусан. Энэ үед Р.Н нь орж гараад хүмүүсийн сууж байсан ширээ дээр очоод нэг залуутай маргаад байсан. Би Р.Нг эгчийг боль гэхэд над руу дайраад байсан. Дараа нь би гал тогооны өрөөнд орсон байхад зааланд шид хагарах чимээ гарсан. Би гараад очиход Р.Н нь Э.Угийн ширээ дээр байсан архи, бусад эд зүйлийг гараараа цохиод хагалчихсан байсан. Э.У нь босож ирээд Р.Нг түлхэж унагаасан. Р.Н нь босож ирэхэд Э.У нь дахин түлхэж унагаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт байрлах “.........” цэнгээний газрын 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хяналтын камерын ... Р.Н нь ширээн дээрх эд зүйлийг түлхэн унагаж байгаа, Э.У нь Р.Нг 2 удаа түлхэн унагаж өшиглөж байгаа, уг цэнгээний газраар үйлчлүүлж байгаа хүмүүс тэднийг салгаж байгаа байдлыг бичсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди, уг сидийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 80/,

Хохирогч Р.Н нь Цагдаагийн байгууллагад толгойноос нь цус гарсан байдалтай орж ирж байгаа дүрсийг бичсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди, уг сидийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 241 дугаартай “Р.Нгийн бие тархи доргилт, хуйхны шарх, зүүн хацар, хүзүү хоолойн зүүн хажуу хэсгийн зулгаралт, цээжний баруун өмнө хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Р.Нгийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/,

Р.Нгийн толгойн оройд 5-6 сантиметр орчим зүсэгдсэн шархтай. Артерийн 2 судас тасарсан... гэх Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 34/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Угийн 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” цэнгээний газарт Р.Нг түлхэж унагасан, цохисон үйлдлийн улмаас хохирогч Р.Нгийн эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны шарх, зүүн хацар, хүзүү хоолойн зүүн хажуу хэсгийн зулгаралт, цээжний баруун өмнө хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй ба шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Э.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Нгийн биед хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрт 900.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Р.Нгийн “...2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эмчилгээний зардал болон өмсөж явсан хувцасны хохирол болох 900.000 төгрөгийг бүрэн барагдуулсан учир надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, “...Э.У нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл алга” гэх хүсэлт /хх-ийн 61/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч Э.У нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Э.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Хохирогч Р.Нгийн согтуугаар Э.Угийн ширээ дээрх архи, ундаа, эд зүйлсийг цахиж хагалж, хэрүүл маргаан үүсгэсэн зүй бус үйлдэл нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгч Э.У нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь бие эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгох ялыг багасгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.Угийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.У нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний орлого олох боломжийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Э.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Уд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Уд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР