Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 134/ШШ2016/00132

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 3 дугаар байранд байрлах, Говьсүмбэр аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн /РД:9019308, утас:70543457, 94543457/ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1962 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 17 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг, Боржигин овогт Банзрагчийн Нямсүрэнд /РД:ЗЮ62063001, эмэгтэй, утас:99548695/ холбогдох

 

илүү олгогдсон тэтгэвэр 1 253 500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Нандинзаяа, хариуцагч Б.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нямсүрэн нь тус хэлтсээс 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгож тэтгэвэр авч байсан. Сүүлийн сунгалт нь 2014 оны 12 дугаар сарын 03-аас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хийгдсэн байсан. Б.Нямсүрэн нь Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгон тус 2 хэлтсээс давхар тэтгэвэр авч байсан нь 2015 оны 10 дугаар сард Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтсийн тулгалтаар илэрсэн. Тухайн үед өөрт нь мэдэгдэхэд эгчийнх нь буруу эгч нь өөрөө төлнө гэж өргөдөл бичиж өгсөн боловч одоог хүртэл төлөхгүй байна. Б.Нямсүрэн орон нутгийн Халамжийн санд 1 253 500 төгрөгний хохирол учруулаад байна. Бид нар уг нь программаасаа тэтгэвэр авдаг иргэдийнхээ насыг нь хардаг. Гэтэл Б.Нямсүрэн нь 55 нас хүрээгүй байхдаа 4 хүүхэдтэй гэдгээр өндөр насны тэтгэвэрт гарсан байсан. Иймээс Б.Нямсүрэнгээс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Нийгмийн халамжийн хэлтсээс олгож байсан тэтгэвэр болох 1 253 500 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

Хариуцагч Б.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хууль бусаар бусдаас 1 253 500 төгрөг аваагүй, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтнуудын ажлын хариуцлагагүй байдал гэж үзэж байна. Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байдал зэргээс үүдэн надаас дээрх мөнгийг нэхэмжилж байгаад харамсаж байна. Иймд би дээрх 1 253 500 төгрөгний 50 хувь буюу 626 750 төгрөгийг төлнө. Үлдэх мөнгийг хариуцлагагүй ажилласан хүмүүс хариуцах ёстой. Би группийн хугацаа дуусахаар хурлаар ороод л групп хаагддаг гэж бодсон. Тэрнээс зэрэг авч болохгүй гэж мэдээгүй. Манай гэрт ажил эрхэлдэг хүн байхгүй. Би 2 оюутан хүүхэдтэй, өөрөө хүний тавьсан мах зардаг. Өвчтэй хүүхэдтэй болохоор одоохондоо төлөх боломжгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь Б.Нямсүрэнд холбогдуулан илүү олгогдсон тэтгэвэр 1 253 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

            Хариуцагч Б.Нямсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 253 500 төгрөгийн 50 хувь болох 626 750 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг хариуцлага алдсан хүмүүс нь төлөх ёстой хэмээн маргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэн үзээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

Хариуцагч Б.Нямсүрэн нь Нийгмийн халамжийн тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд, Говьсүмбэр аймгийн Ниймгийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэр гарч 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авсан, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст материал бүрдүүлэн өгч 2015 оны 01 дүгээр сараас эхлэн тэтгэвэр авсан болох нь Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс иргэн Б.Нямсүрэнд олгосон тэтгэврийн мэдээлэл”, Говьсүмбэр аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн “Б.Нямсүрэнгийн тэтгэврийн илүү олголтын  мэдээлэл”, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”, комиссийн шийдвэр, Б.Нямсүрэнгийн Говьсүмбэр аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст 2016 оны 02 дугаар сард гаргасан өргөдөл, талуудын маргаангүй тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй иргэнд сар бүр олгохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Нямсүрэн нь нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байх хугацаандаа нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч эхэлсэн тул Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 5.1.2-т зааснаар халамжийн сангаас авч байсан тэтгэврийг зогсоох үндэслэл бий болсон байна.

Иймд мөн журмын 7.4-т зааснаар тэтгэврийг зогсоох нөхцөл бий болсоныг мэдсээр байж мэдээлээгүй тэтгэвэр авсан иргэнд Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, олгогдсон тэтгэврийг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд, үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим дуусгавар болсон үндэслэлээр илүү олгогдсон тэтгэврийг мөн журмын 3.1-д зааснаар тэтгэвэр, ...хуулиар тогтоосон бусад эрх дуусгавар болсны дараагийн сарыг дуусах хүртэлх хугацаанд олгоно гэсний дагуу 2015 оны 01 дүгээр сард олгосон 115 000 төгрөгийг хасч, үлдэх 1 138 500 төгрөгийг  хариуцагч Б.Нямсүрэнгээс гаргуулах нь зүйтэй байна.

Гэхдээ энэхүү тэтгэвэр нь Нийгмийн халамжийн сангаас олгогдсон тул Говьсүмбэр аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст бус нийгмийн халамжийн сангийн дансанд буцаан төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн зүгээс давхар тэтгэвэр авч болохгүй талаар мэдээгүй, халамжийн байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаа байсан гэсэн тайлбар гаргасан боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Нөгөө талаар дээрх журамд заасны дагуу сумын нийгмийн ажилтан, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг харгалзан тэтгэврийг зогсоох шийдвэр гаргах, мөн  тэтгэвэр тэтгэмжид хамрагдсан иргэний талаарх мэдээллийг нийгмийн халамжийн нэгдсэн мэдээлийн санд оруулж холбогдох мэдээ, тайлан, судалгааг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргах үүрэгтэй байсан хэдий ч тэтгэврийг зогсоох нөхцөл бий болсныг тэтгэвэр авагч иргэн өөрөө мэдээлэх үүрэг хүлээж байсан учраас Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д зааснаар нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас илүү тэтгэвэр олгогдсон гэж үзэж тэтгэврийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын гаргасан нэхэмжлэл үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж орон нутгийн орлогод оруулав. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Нямсүрэнгээс илүү олгогдсон тэтгэвэр 1 138 500 төгрөгийг гаргуулж нийгмийн халамж сангийн Төрийн банкны 300000020323 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 115 000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 31 874 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.НАРАНЧИМЭГ