| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0195/Э |
| Дугаар | 205 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 205
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Б овогт С.Од холбогдох эрүүгийн 1918002640215 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт С.О /РД: /, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.О нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг Төмөр толгойн уурхайн чиглэлийн сайжруулсан шороон зам дээр 11-87 ДАХ улсын дугаартай С.Импроза маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4б, 13 дугаар бүлгийн 13.1 дэх заалтуудыг зөрчсөнөөс жолооч Ё.Эы жолоодож явсан 58-09 ДАР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, 11-87 ДАХ улсын дугаартай С.Импроза маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан 11 настай Б.Эгийн биед зүүн шанаа, хацар яс, нүдний аяганы гадна булангийн сэлтэрсэн битүү хугарал, зүүн хацарт шарх, баруун, зүүн нүдний зовхи, хацар, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Цгийн биед тархи доргилт, зүүн сарвуу, шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, 58-09 ДАР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан иргэн Б.Згийн биед тархи доргилт, дух, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Оы өгсөн: ... Алсын зайд машин байгаагүй. Би тойрог дээр эргэлтийн тэмдэглэл тавьсныг хараад эргэхэд машин урдаас гарч ирсэн. Тэгээд би зөрүүлээд дарсан. Урдаас ирж байсан машин хурд багатай байсан бол би амжаад эгнээндээ орчих байсан. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрт Энхсайханд 2.918.000 төгрөг өгсөн. Зулаа, Отгонжаргал нарт томографт үзүүлсэн мөнгийг нь, Энхжин, Уранчимэгт 1.070.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн гэрчээр өгсөн: ...миний сууж явсан 11-87 ДАХ улсын дугаартай машины урд улаан өнгийн Хово маркийн ачааны автомашин боломжийн хурдтай явж байсан. Тэгээд жолооч ах замын огцом эргэлт дээр тухайн том оврын ачааны машиныг гүйцэж түрүүлээд эсрэг талын урсгал руу ороход өөдөөс нь нэг машин гарч ирээд мөргөлдөөд манай машин жалга руу орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уийн өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн үед миний охин Б.Э нь манай эгч Д.Цтэй хамт Шарын гол сумаас Дархан сум руу явсан. Тэгээд 12 цаг өнгөрч байхад Д.Ц над руу “манай машин зам тээврийн осолд орчихлоо. Б.Эгийн нүүрнээс цус гараад байна. Чи наашаа хурдан гараад ир” гэж ярьсан. Тэгээд би Дарханд очоод охинтойгоо уулзахад “манай машин урд явж байсан машинаа гүйцэж түрүүлэх гэж байгаад машинтай мөргөлдсөн. Гүйцэж түрүүлэх үед шуургатай, үзэгдэх орчин муу байсан. Огцом эргэлттэй зам байсан” гэж хэлсэн. Охины урьд нь гарсан эмчилгээний зардлыг С.О нь төлж барагдуулсан. Сүүлд хийгдсэн эмчилгээ болон унааны зардал болох 276.160 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,
Иргэний нэхэмжлэгч Д.Цгийн өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн үед төрсөн дүүгийн хүүхэд болох Б.Эгийн хамт зарын дагуу С.Оы 11-87 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж Шарын гол сумаас Дархан сум руу явсан. Жолоочийн хажуугийн суудалд С.Оы хүүхэд, ард нь эхнэр нь сууж явсан. Б.Э арын суудлын голд, би жолоочийн арын суудалд суусан. Тэгээд 11 цаг өнгөрч байхад “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн шороон замаар явж байхад машинтай мөргөлдсөн. Тухайн үед би унтаж байсан тул яг аль машины буруугаас мөргөлдсөнийг мэдэхгүй байна. С.О нь осолд орсны дараах эмчилгээний зардлыг төлсөн. Одоо дахин эмчилгээ хийлгэсэн зардал болох нийт 597.000 төгрөгийг С.Оаас нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 26, 29/,
Гэрч Ё.Эы өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн 58-09 ДАР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй Дархан сумаас Шарын гол сум руу явж байхад төмөр замын гарам гараад 4 километр орчим, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн сайжруулсан шороон замын огцом эргэлт дээр улаан өнгийн том оврын ачааны машины араас гэнэт нэг машин гарч ирсэн. Тэгэхээр нь би машинаа мөргүүлэхгүй гээд баруун тал руу дараад зогссон. Тэгтэл тэр машин миний машины зүүн тал руу мөргөсөн. Миний биед гэмтэл учраагүй. Машины урд хэсэг гэмтсэн. С.Оаас нөхөн төлбөрт 2.600.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
Гэрч Б.Згийн өгсөн: ...”Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн шороон зам дээр явж байтал гэнэт тас няс хийгээд саарал өнгийн жижиг машинтай мөргөлдсөн. Манай машин замынхаа баруун талыг шахаад явсан. Мөргөлдсөн машин урдаас буюу Шарын гол сум талаас ирсэн. Уг ослыг гаргасан жолооч намайг эмнэлэгт үзүүлж, зардал мөнгийг нь төлсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,
Гэрч Ш.Өын өгсөн: ...Шарын гол сумаас Дархан сум руу явсан. “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн зам руу орохын өмнө би унтсан байсан. Гэнэт намайг нэг зүйл хүчтэй цохих шиг болоод сэрээд хартал манай машин нэг жижиг машинтай мөргөлдсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Гэрч Ч.Оын өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Б.З, Ё.Э нартай Шарын гол сум руу чиглэлтэй “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн сайжруулсан шороон замаар явж байтал өөдөөс 2 автомашин ар араасаа яваад хажуугаар зөрөх үед хойно нь явж байсан суудлын машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, тоосонд харахгүй гарч ирээд бид нарын машинтай мөргөлдсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 37/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 7-14/,
Жолооч С.О нь С/Имприза маркийн 11-87 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөнөөс Е.Энхсайханы жолоодож явсан Хьюндай Соната-6 маркийн 58-09 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан гэж үзэн ослын дүгнэлт гаргав гэх зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх-ийн 15/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 262 дугаартай “Е.Энхсайханы 58-09 ДАР улсын дугаартай Хьюндай Сонота маркийн тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 2.604.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-43/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 305 дугаартай “Д.Цгийн биед тархи доргилт, зүүн сарвуу, шуу, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй доргих, цохигдох, хавчуулагдах үед үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүү мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47/, 302 дугаартай “Б.Эгийн биед зүүн шанаа, хацар яс, нүдний аяганы гадна булангийн сэлтэрсэн битүү хугарал, зүүн хацарт шарх, баруун, зүүн нүдний зовхи, хацар, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй доргих, цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51/, 306 дугаартай “Б.Згийн биед тархи доргилт, дух, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй доргих, цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Нямцогтын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 20 дугаартай “С.О нь С/Имприза маркийн 11-87 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б-д “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн. Ё.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Зам тээврийн осол гарсан үндсэн шалтгаан нь С.О нь С/Имприза маркийн 11-87 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хариулт 1-д тусгагдсан заалтыг зөрчсөн учраас зам тээврийн осол гарсан” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63/,
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “С.Оы жолоодож явсан С/Имприза маркийн 11-87 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн эвдрэлгүй байсан, техникийн хувьд осол гарахад нөлөөлсөн зүйлгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-72/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч С.Оы 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг Төмөр толгойн уурхайн чиглэлийн сайжруулсан шороон зам дээр 11-87 ДАХ улсын дугаартай С.Импроза маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4б, 13 дугаар бүлгийн 13.1 дэх заалтуудыг зөрчсөнөөс жолооч Ё.Эы жолоодож явсан 58-09 ДАР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан үйлдэл нь 11-87 ДАХ улсын дугаартай С.Импроза маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан 11 настай Б.Эгийн биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Цгийн биед учирсан хөнгөн хохирол, 58-09 ДАР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан иргэн Б.Згийн биед учирсан хөнгөн хохиролтой шууд шалтгаантай холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул С.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Ц, иргэн Б.З нарын биед тус тус хөнгөн хохирол, иргэн Ё.Эы эд хөрөнгөнд 2.604.000 төгөргийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Б.Э болон иргэний нэхэмжлэгч Д.Ц нарын эмчилгээний зардал, гэрч Ё.Эы эд хөрөнгөнд учирсан хохирол, Ч.О, Б.З нарын компьютер томографын оношилгоо хийлгэсэн зардлыг тус тус нөхөн төлж барагдуулсан, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уийн “...Охины урьд нь гарсан эмчилгээний зардлыг С.О нь төлж барагдуулсан. Сүүлд хийгдсэн эмчилгээ болон унааны зардал болох 276.160 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/, иргэний нэхэмжлэгч Д.Цгийн “...С.О нь осолд орсны дараах эмчилгээний зардлыг төлсөн. Одоо дахин эмчилгээ хийлгэсэн зардал болох нийт 597.000 төгрөгийг С.Оаас нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 29/, гэрч Ё.Эы “...С.Оаас нөхөн төлбөрт 2.600.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэрч Б.Згийн “...Уг ослыг гаргасан жолооч намайг эмнэлэгт үзүүлж, зардал мөнгийг нь төлсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/, гэрч Ч.Оын “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37/, мөнгө хүлээлцсэн баримтууд /хх-ийн 122, 127, 128/, шүүгдэгч С.Оы ХААН банк дахь 5036026012 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх129-130/, компьютер томографын оношилгооны зардлыг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримтууд /хх-ийн 131-132/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ут шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж” гэж мэдэгдсэн талаар тэмдэглэсэн шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч С.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь торгох ялыг төлөх бүрэн боломжтой тул торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч С.Оы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний орлого олох боломжийг харгалзаж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР