| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2014/06070/И |
| Дугаар | 4812 |
| Огноо | 2016-08-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 4812
| 2016 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2016/04812 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн1-р хороо, 2-р хороолол, Сөүл 14-р байрны харуулын байр, “Гранд” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Сөүл 14-р байрны 53 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧЖ72120106, Боржигон овогтой Самбын Мөнхцэцэгт холбогдох засвар үйлчилгээний зардал 650 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, хариуцагч С.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гранд СӨХ”-нь Баянгол дүүргийн 1-р хороо, Сөүл 14-р байрны 53 тоотод оршин суух С.Мөнхцэцэгээс 650 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. С.Мөнхцэцэг нь нийт 2014 оны 10-р сараас 2016 оны 3-р сарыг дуустал засвар үйлчилгээний зардал 650 000 төгрөг төлөөгүй байна. “Гранд СӨХ” нь 2011 оны 06-р сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хороо, Сөүл 14-р байрны нийт 72 айл өрхийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн үйлчилгээ болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан. “Гранд СӨХ”-ын төлбөрт сууц өмлөгчдийн дангаар өмчлөх орон сууцны 1 м.кв-ийг 300 төгрөгөөр, засвар үйлчилгээ, лифт 8000 төгрөг, хог 2000 төгрөг, цэвэрлэгээ 4550, цэвэрлэгээний материалд 500 төгрөг, бусад зардалд 3000 төгрөг тооцож сар бүр дээрх айлуудаас 36 150 төгрөгийн төлбөр авдаг. Гранд СӨХ”-ийн төлбөрөө өгдөггүй айлууд нь бусдын төлбөрөө төлсөн дундын өмчлөлийн зүйлийг үнэ төлбөргүй ашигласан байдалтай байдаг. Тийм учраас С.Мөнхцэцэгт удаа дараа бичгээр шаардлага хүргүүлсэн боловч СӨХ-ны төлбөрөө төлөхгүй хэвээр байна. Иймд “Гранд СӨХ”-нь С.Мөнхцэцэгээс 650 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч С.Мөнхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед СӨХ-ны төлбөрөө цаг тухай бүрд нь төлдөг байсан. Тухайн үед манай орон сууцны бүх үйл ажиллагаа хэвийн явагддаг байсан. Өмнөх СӨХ-ын үйл ажиллагаа солигдоод “Гранд СӨХ” нь гарч ирснээс хойш манай орон сууцны дотор гадна цэвэрлэгээ, байшингийн дээврээс ус орж, дээвэрт засвар хийгээгүй. Ингээд тогны мөнгө нэмэгдсэн гэдэг шалтгаанаар өмнө нь СӨХ-ын төлбөр сард 20 000 төгрөг байсан бол одоо 36 150 төгрөг болж нэмэгдсэн. Мөн нэхэмжлэгч тал 1м.кв-ыг 300 төгрөг, суурь хураамж нь 18 000 төгрөг болж байгаа. Гэтэл бусад зардал гэж 3000 төгрөг юу нь ойлгомжгүй. Авч байгаа 18 000 төгрөг нь хуримтлалд орж байх ёстой атал бусад зардалд бас ороод байгааг би сайн олйгохгүй байна. Ийм учраас би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Гранд” сууц өмчлөгчдийн холбоо нь С.Мөнхцэцэгт холбогдох засвар үйлчилгээний зардал 650 000 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 596 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болох 54 000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.
Баянгол дүүргийн 1-р хороо, Сөүл 14-р байрны 53 тоот сууц өмчлөгч С.Мөнхцэцэг нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгч нь 2014 оны 10-р сараас 2016 оны 03-р сар хүртэлх хугацааны засвар үйлчилгээний зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбар, Төрийн банкны төлбөрийн тооцоо зэрэг баримтаар тогтоогдсон байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас бусад зардалд сар бүр 3 000 төгрөг тооцдог байх ба үүнийг сууц өмчлөгчилгээний зардалд тооцох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 54 000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “... дээврээс ус гоождог, цэвэрлэгээ иүйлчилгээ муу” гэж тайлбарладаг боловч энэ нь хуульд заасан засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Самбын Мөнхцэцэгээс 596 000 /таван зуун ерэн зургаан мянга/ төгрөг гаргуулж “Гранд” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 54 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 167 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхцэцэгээс 18 530 төгрөг гаргуулж “Гранд” СӨХ-нд олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА