| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0065/э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Б-н Г, Б овгийн Б-н С нарт холбогдох 1916001010054 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, ээж, эгчийн хамт Говь-Алтай аймгийн ... оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай, Б овогт Б-н С гэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Цогт сумын 7-р баг Баян-Өндөрт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай, Д овгийн Б-н Г гэв.
Яллагдагч ***-гийн Г нь Баянжаргалын Стай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд байрлах Д.Нгийн эзэмшлийн “Цогт Баян” хүнсний дэлгүүрийн цонхийг хагалан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл авч хохирогч Д.Нд 367.900 төгрөгний хохирол, 18.000 төгрөгний хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.С, Б.Г нар гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “2019 оны 03 сарын 04-нд шилжих шөнө Цогт сумын Д.Нгийн дэлгүүрийн цонхыг төмрөөр цохиж Б.С сараалжин төмрийг 2 тийш нь дэлгэж дэлгүүр рүү орсон. Бид 2 тэр дэлгүүрээс 1 ерөөл, 1 сагс кола, 2 алтан түрүү, 3 хараа 15.000 төгрөгийн нэгж, 4 нүүрний тос авсан. Бага зэрэг согтуу байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр маань жирэмсэн. Миний хэргийг хөнгөлж өгнө үү? гэж гуйж байна. Миний буруугаас болж ийм үйл явдал болсон гэж гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Сын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “2019 оны 03 сарын 04-өөс шилжих шөнө тэр төмрийг аваад дэлгүүр рүү орсон нь үнэн. Нүүрний тос, 3 шил хараа, 0,5-тай ерөөл, 2 алтан түрүү авсан. Хоёулаа согтуу байсан. Буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Хохирогчид 380.000 төгрөг хувааж төлсөн. 2 хоног цагдан хоригдсон. Хулгай хийгээд ашиг гараагүй. Гэмшиж гэм буруугаа хүлээж байна. Ээжийн бие муу ганцаараа байгаа. Гэм буруугаа хүлээж байна. Ийм хэрэг хийе гэсэн бодол байгаагүй. Архи ууснаас болсон” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн “...манай дэлгүүрийн урагшаа харсан 2 цонхны зүүн талынх нь цонхыг хагалаад дэлгүүр дотроос 1 сагс 2 литрийн савлагаатай кола ундаа, 15000 төгрөгний үнэтэй юнителийн 5 ширхэг нэгж, 0.75-тай алтан түрүү архи 2 ширхэг, 0.5 литрийн савлагаатай ерөөл архи 1 ширхэг, 0.5 литрийн савлагаатай хараа архи 3 ширхэг, нүүрний нарны тос 5 ширхэг зэрэг эд зүйл алдагдаж, байнга залгаатай байдаг хөргөгя, хөлдөөгчний залгуур салсан байсан. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Манай дэлгүүр рүү орж эд зүйл авсан 2 залуу миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ23-24рт/,
Гэрч Р.И-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би жижүүржжс буух гэж байсан. Надаас ээлж авах Гончигдоржийн эхнэр нь залгаад Нгийн дэлгүүрийн цонх нь хагархай байна гэж ярьсан. Тэгээд би ээлжээ өгчихөөд тэр талаар очиж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ32рт/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй байна.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Г, Б.С нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Б.Г, Б.С нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Г, Б.С нарыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Г, Б.С нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг шүүгдэгч Б.Г, Б.С нар нь бүлэглэж үйлдсэн байх тул мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан бөгөөд шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г, Б.С нар нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Б-н Г, Б овгийн Б-н С нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.С, Б.Г нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Б.Г нарт тус бүрд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч нарын ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр, архины шил, шилний хагархай зэргийг устгасугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА