Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00299

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/04923 дугаар шийдвэртэй

*******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 125,775,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******тай 2022 оны 04 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн 2022 оны 06 сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 10 сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөг, нийт 29,500,000 төгрөг зээлсэн. Гэрээний дагуу зээлдэгч үндсэн хүүг cap бүрийн 20-ны өдөр төлөх ба үндсэн зээлийг гэрээний сүүлийн хугацаанд буюу 2022 оны 10 сарын 20-ны өдөр төлөх, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр байгуулсан барьцааны гэрээгээр *******ын өмчлөлийн Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* хаягт байршилтай, ******* талбай бүхий, улсын бүртгэлийн *******, нэгж талбарын ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Гэвч зээлдэгч ******* нь авсан зээлээ эргүүлэн төлөх үүргээ огт биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 64,500,000 төгрөг, хүү 19,350,000 төгрөг, алданги 88,881,000 төгрөг, нийт 125,775,000 төгрөгийг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь холбогдох хууль, Санхүүгийн зохицуулах хорооны журамд нийцээгүй, хууль зөрчиж байгуулсан бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 99,115,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26,660,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар хариуцагч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******ын өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* хаягт байршилтай ******* нэгж талбарын дугаартай, *******мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 653,525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч би нэхэмжлэгчээс 64,500,000 төгрөг зээлж авсныг маргахгүй. Харин энэ зээлийн хүү, алдангийг хуульд заасны дагуу шүүхээр үнэн зөв тогтоолгомоор байна. Би 2022 оны 04 сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөг зээлж авахдаа хүүгүй зээл авсан бөгөөд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Харин 2022 оны 04 сарын 20-ны өдөр дахин 35,000,000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл ******* 2022 оны 04 сарын 20-ны өдөр зээлээ бүрэн шилжүүлэлгүй мөнгө хүрэхгүй байна, энийг авч байх уу" гээд 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс энэ 35,000,000 дүнтэй зээлийг "бүхэлд нь олгосон" мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрт "Нэхэмжлэгч ******* нь гэрээний хугацаанд буюу гэрээ байгуулагдсан өдрөө мөн байгуулснаас хойш хугацаанд хариуцагчийн данс руу нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул гэрээний хугацаанд зөвхөн 20,000,000 төгрөг шилжүүлсэн, 20,000,000 төгрөгөөс хүү алданги тооцох эрхтэй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх бөгөөд талуудын гэрээгээр тохирч зээлсэн 35,000,000 төгрөгөөс гэрээнд зааснаар хүү, алданги тооцох үндэслэлтэй байна" гэсэн нь маш том логикийн асуудалтай байна.

4.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасан. Зээлийн гэрээний 3.4-т "Зээл олгох хэлбэр хугацаа: мөнгийг бэлэн бусаар зээлдэгчийн Хаан банкны 5300218910 тоот дансанд 2022.04.20-ны өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ", 3.6-д "Эргэн төлөх нөхцөл: хүүгээ сар бүрийн 20-ны өдөр төлнө" гэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч зээлээ шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй тул хариуцагчид олгоогүй зээл болон түүнд ногдох хүү алдангийг шаардах эрхгүй. Үүнээс хойш ба өмнө олгосон зээлүүд бол бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхгүй.

4.3. Миний хувьд нийт 12 удаагийн гүйлгээгээр 11,615,000 төгрөгийг нэхэмжлэгчийн *******тоот хаан банкны дансанд хийхдээ гүйлгээний утга дээр " ******* " тус тус бичиж шилжүүлдэг байсан. Уг нотлох баримтыг би анхан шатны шүүх дээр гаргаж өгөөгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч наадах чинь чиний төлөх ёстой байсан хүү, алданги, ийм удаан хугацаа өнгөрүүлчихээд юу яриад байгаа юм, би нэхэмжлэл дээрээ хасаад нэхэмжилж байгаа" гэсэн учраас би итгэсэн байсан.

4.4. 2024 оны 11 сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд "... гэрээн дээр хэдийгээр 4 сарын хоринд шилжүүлнэ гэж байгаа боловч 04 сарын 18-нд 15,000,000 төгрөгийг өмнө нь шилжүүлчихсэн юм байна хэдийгээр 04 сарын 20-ны өдөр өгөөгүй ч өмнөх өдөр нь өгч баталгаажуулаад 04 сарын 20-ны өдөр гэрээ байгуулж..." гэжээ. Зээлээ бүрэн шилжүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл бол нотолгооны хэрэгсэл мөн.

4.5. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар "2022 оны 04 сарын 18-ны өдөр өгсөн 15,000,000 төгрөгийн зээл нь 2022 оны 04 сарын 20-ны зээлийн гэрээнд хамаарна" гэдэг агуулгатай, харин шүүх "2022 оны 06 сарын 30-ны өдөр өгсөн 5,000,000 төгрөг ба 2022 оны 07 сарын 01-ний өдөр олгосон 15,000,000 төгрөгийн зээлүүдийг 2022 оны 04 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд хамаарна" гэсэн үндэслэлээр шийдвэр гаргажээ. Шүүх хуулийг буруу хэрэглэж төөрөгдсөн байна.

4.6. Миний шилжүүлсэн 11,615,000 төгрөг нэхэмжлэлд хамааралгүй бол юу болж таарах вэ, энэ бол нэхэмжлэгч намайг заналхийлж, сүрдүүлж авсан мөнгө гэж цагдаагийн байгууллагад харагдах нь гарцаагүй байх. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах эсвэл зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч 64,500,000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрдөг ч зээлийн хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт хийсэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, 2022 оны 04 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч руу 35,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу 35,000,000 төгрөгт ногдох хүү, алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв. Хариуцагчид дарамт, шахалт үзүүлдэг, сүрдүүлдэг, заналхийлсэн зүйл байхгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул хариуцагчийг зээлээ төлж барагдуулахыг шаардах нь нэхэмжлэгчид хуулиар олгосон эрх. Тиймээс нэхэмжлэгч энэ эрхийнхээ хүрээнд хариуцагчийг зээлээ төлөхийг шаардаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зээл төлсөн эсэхтэй холбоотой маргаагүй атлаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо 11,000,000 төгрөг төлсөн гэж дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт ...Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж заасан. Хариуцагчийн хувьд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо зээл төлсөн талаарх баримт хавсаргаж өгсөн. Тус баримтыг анхан шатны шүүх хүлээж авах ёсгүй байсан. Хэрвээ хариуцагч зээлийн төлбөрөө төлсөн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой байсан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 125,775,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, бидний хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хууль, дүрмийг зөрчсөн учир зөвшөөрөхгүй гэсэн тайлбарлан маргажээ.

 

3. Талуудын хооронд 2022 оны 04 сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* 35,000,000 төгрөгийг 6 сарын хугацаагаар, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч ******* зээлийн хүүг сар бүр, зээлийг хугацааны эцэст төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр заасан. Талууд мөн өдөр байгуулсан барьцааны гэрээгээр *******ын өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж *******од орших ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ.

Гэрээний 3.2-т заасан мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч гэрээ байгуулснаас хойш зээлдэгчид шилжүүлсэн болон мөн 29,500,000 төгрөгийг зээлдэгчид нэмж шилжүүлснээр хариуцагч бичгээр байгуулсан гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг, амаар хэлэлцэн тохиролцож 29,500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс зээлсэн тухай үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.

 

4. Талуудын хооронд 64,500,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зохигч маргаагүй. Харин хэдэн төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээг бичгээр байгуулсан болон хэдэн төгрөгөөс хүү, алданги тооцох үндэслэлтэй эсэхэд зохигч маргасан байна.

Хариуцагчаас бичгээр байгуулсан гэрээний дагуу ******* нь 20,000,000 төгрөг шилжүүлсэн, бусад зээлийг хүүгүй зээлсэн байхад шүүх 35,000,000 төгрөгөөс хүү, алданги тооцсоныг зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч 2022 оны 04 сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөгийг, мөн 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байна. Зохигчийн тайлбар, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч өмнө нь шилжүүлсэн 15,000,000 төгрөг дээр нэмж 20,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн нийт 35,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэсэн ч 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 15,000,000 төгрөгийн зээл нь өөр зээлийн гэрээний үүрэгт хамаарахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж чадаагүй байна.

Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хариуцагч ******* нь 35,000,000 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хүү, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги төлөх үүргийг нэхэмжлэгч *******гийн өмнө хүлээсэн, нэхэмжлэгч талын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ. Иймээс анхан шатны шүүх зохигчийн хооронд бичгээр байгуулагдсан 35,000,000 төгрөгөөс хүү, алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх 20,000,000 төгрөгөөс л хүү, алданги тооцох учиртай гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд зээлийн хүүнд 10,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан татгалзлаа баримтаар нотлоогүй байх тул шүүх зохигчийн хооронд 2022 оны 04 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл 35,000,000 төгрөг, түүний 10,500,000 төгрөг, нийт 45,500,000 төгрөгөөс гэрээний 3.7-д зааснаар алданги тооцож хариуцагчаас 24,115,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцээгүй байна. Хариуцагчаас гаргуулах алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул гүйцэтгээгүй үүрэг 45,500,000 төгрөгийн 50 хувь буюу 22,750,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд хариуцагч *******аас бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 68,250,000 төгрөг, амаар хэлэлцэн тохиролцож байгуулсан гэрээний үүрэгт 29,500,000 төггө, нийт 97,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор, мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нэхэмжлэгчийн шаардах эрхийг зохицуулсан хуулийн заалтыг баримтлаагүйг залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг нэмж баримтлахаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

6. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо, нэхэмжлэгчид 11,615,000 төгрөгийг төлсөн тухай дурдаж, холбогдох баримтуудыг хавсарган ирүүлснийг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргасан тохиолдолд уг баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй байх журамтай. Иймээс 11,615,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж шийдвэрлүүлэх тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2024 оны 05 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 06 сарын 10-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг нь танилцуулсан байна. Хариуцагч нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр (ХХША-с өмнө буюу 2024.01.04-ний өдөр олгогдсон итгэмжлэлээр) *******, (2024.06.25-ны өдөр олгогдсон итгэмжлэлээр) *******, (2024.07.01-ний өдөр олгогдсон итгэмжлэлээр), (2024.10.02-ны өдөр олгогдсон итгэмжлэлээр) ******* нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцуулахаар томилсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2024 оны 09 сарын 23, 2024 оны 10 сарын 10, 2024 оны 11 сарын 01, 11-ний өдрүүдэд товлосон шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэгчтэй эвлэрэх, хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргаж байсныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж байжээ.

Иймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч талын зүгээс тайлбар, татгалзлаа нотлох, нотлох баримт бүрдүүлэх, шүүхэд гарган өгөх эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацаагаар хангаагүй болон хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдаагүй буюу мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

7. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг дутуу бичсэнийг залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж нэмсэн өөрчлөлтийг оруулна.

 

8. Анхан шатны шүүх Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89,3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын бүрдлийг шалган хүлээж авч, давж заалдах шатны шүүхэд ирүүлэх хуульд заасан үүрэгтэй. Мөн хуулийн 162 дугаар зүйлд давж заалдах гомдлын хэлбэр, агуулгад тавигдах шаардлагыг хуульчилсан бөгөөд хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтын талаар давж заалдах гомдолд заах эрхгүйг хуульчилсан бөгөөд ийнхүү заасан нь мөн хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт зааснаар гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэлсэл болно. Хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй нотлох баримтын талаар гомдолдоо тусгаж, мөн хавсаргасныг анхан шатны шүүх анхаарч, гомдлыг хуульд нийцүүлэн гаргах үүрэгтэйг хэргийн оролцогчид тайлбарлах, хуульд нийцсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд ирүүлэхийг анхаарах нь зүйтэй.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/04923 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 97,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,025,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасныг баримтлан... гэснийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж, ...өмчлөлийн... гэсний дараа улсын бүртгэлийн ******* дугаартай гэж нэмж,

3 дахь заалтын ...653,525 төгрөг... гэснийг 646,700 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЭНЭБИШ