| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06311/И |
| Дугаар | 4584 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 4584
| 2016 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2016/04584 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 9-р хороо, Горькийн 26-1112 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр МТ93052401, Өөлд овогт Энхболдын Жавхланчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 9-р хороо, Горькийн 26-1112 тоотод оршин суух, хувариа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧК87071233, Шарнууд овогт Уламбаярын Баярхүүд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Жавхланчимэг, хариуцагч У.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Жавхланчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд Баярхүүтэй танилцаж, 2012 оноос хамт амьдарсан. Бидний амьдрах хугацаанд 2013 оны 7-р сарын 7-нд охин Ж.Мандуухай төрсөн. Бид хоорондоо зүгээр боловч хадмуудтай таардаггүй. Ар гэрийн асуудлаас болоод 2015 оноос тусдаа амьдарч байна. Иймд хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч У.Баярхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Жавхланчимэгтэй 2013 онд танилцаж, гэр бүл болсон. 2014 оны 7-р сарын 7-нд охин Мандуухай төрсөн. Э.Жавхланчимэгийн гаргасан хүүхдийн эцэг тогтоолгох, охин Мандуухайд тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Жавхланчимэгээс У.Баярхүүд холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.
Э.Жавхланчимэг, У.Баярхүү нар нь 2012 оноос хамт амьдарч байгаад 2013 оны 07-р сарын 07-нд охин Ж.Мандуухайг төрүүлж өсгөжээ.
Талууд гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байсан боловч зан харьцааны хувьд таарамжгүй байдлаас 2015 оноос тусдаа амьдарсан байна. Харин хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Хэдийгээр зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй, тусдаа амьдарч байгаа боловч тэдний дундаас охин Ж.Мандуухай төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүссэн, улмаар эцэг У.Баярхүү нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд У.Баярхүүг Ж.Мандуухайгийн эцэг болохыг тогтоож, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 07-р сарын 07-ны өдөр төрсөн Жавхланчимэгийн Мандуухайгийн эцэг Уламбаярын Баярхүү болохыг тогтоож, охин Ж.Мандуухайг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг У.Баярхүүгээр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У.Баярхүүгээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Жавхланчимэгт олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА