Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 379

 

 

 

 

 

 

 

 

   2019        05         13                                    2019/ШЦТ/379

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,   

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Хар ямаат овгийнО.Бт холбогдох эрүүгийн 1911010260478 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хар ямаат овгийнО.Б, 1989 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт,  Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 1-42 тоотод оршин суух хаягтай,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 513 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ОЮ89042210.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Бнь 2019 оны 03 дугаар сарын 31-ээс 04 дүгээр сарын 01-ний шилжих шөнө 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оч бүрд караокег түрээслэн ажиллуулж байхдаа итгэмжлэн хариуцсан Б.Шинэзоригийн 2 ширхэг Эл си ди зурагтыг хувьдаа завшин 325.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Шинэзориг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Оч бүрд” нэртэй караокег 2017 оноос хойш ажиллуулж байгаа юм. Тэгээд уг караокег ихэвчлэн хүмүүст түрээслүүлэн ажиллуулдаг. 2018 оны 06 дугаар сараас эхлэн К.Сайнбилэг гэх хүнд түрээслүүлэх болсон. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн К.Сайнбилэгтэй байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болоогүй ч гэсэн үйл ажиллагааг зогсоосон байгаа болохоор түрээсийн мөнгө авахгүйгээр караокег түүнд хариуцуулан өгсөн байсан тэгээд дулааны улирал эхлэхээр засвар үйлчилгээг хийгээд цаашид түрээслэх үү гэрээг дуусгавар болгох уу гэдгийг шийдэхээр тохирсон. ...би О.Бгэх хүнийг танина манай караокег өөрийн хадам ээж К.Сайнбилэг болон эхнэртэйгээ түрээслэн ажиллуулдаг байсан. ...О.Болдбаатарт уг караокены хөрөнгө болох 32 инчийн TCL зурагт болон 29 инчийн эл си ди зурагтыг О.Болдбаатарт хариуцуулан өгөхөө гаргаж зарах болон ломбардад тавих эрх өгөөгүй...” мэдүүлэг /хх 17-20/

Гэрч К.Сайнбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Уг караокег түрээслэх гэрээг миний нэр дээр хийсэн тэгэхдээ үйл ажиллагаа явуулах, ашиг орлого олох болон түрээсийн мөнгийг  Г.Цацрал, О.Бнар нь хариуцдаг. ....2019 оны 03 дугаар сарын 31-ний шөнө миний түрээсэлдэг Оч бүрд караокед хулгай орсон гэх дуудлагаар ирээд дотогш ороод хартал 2 зурагт байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/

 Гэрч Д.Гүррагчаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “эмзэг цэг” арга хэмжээний хүрээнд олон нийтийн цагдаа Л.Гомбодоржийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэн явж байтал Чингэлтэйн 13 дугаар гудамжны үзүүрээр бараан өнгийн үүргэвчтэй 2 ширхэг ЛСД зурагт тэвэрчихсэн хүн явж байхад нь шалгах үед авч явсан зурагт үүргэвчээ гудамжинд үлдээгээд зугтаасан ба олон нийтийн цагдаа Л.Гомбодорж ардаас нь явж баривчлан саатуулсан., ...Хаанаас авсан талаар асуутал Оч бүрд караокены 2 давхрын цонхыг хагалан орж авсан урд нь ажиллуулдаг байсан гэж ярьж байсан..” мэдүүлэг /хх 23-24/

 Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан: “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 219 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 325.800 төгрөг...” /хх 32-33/

Шүүгдэгч О.Бнь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хамтран амьдрагч Г. Цацралтай найз Заяагийн гэрт очиж Заяагийн хамтаар Нийслэл нэртэй 2.5 литрийн савлагаатай пивыг хувааж уугаад Г.Цацралтай гэр бүлийн маргаанаас болж муудалцаад Г.Цацрал гараад явсан. Тэгээд би түүний араас удалгүй гарч яваад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оч бүрд нэртэй караокены  цонхыг хагалан ороод 2 ширхэг зурагтыг аваад ломбард орох гэж явж байгаад 2 цагдаагийн албан хаагчид баригдсан. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх 41-42/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Бнь 2019 оны 03 дугаар сарын 31-ээс 04 дүгээр сарын 01-ний шилжих шөнө 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оч бүрд караокег түрээслэн ажиллуулж байхдаа итгэмжлэн хариуцсан Б.Шинэзоригийн 2 ширхэг Эл си ди зурагтыг хувьдаа завшин 325.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Шинэзоригийн “...О.Болдбаатарт уг караокены хөрөнгө болох 32 инчийн TCL зурагт болон 29 инчийн эл си ди зурагтыг О.Болдбаатарт хариуцуулан өгөхөө гаргаж зарах болон ломбардад тавих эрх өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-17-20/, гэрч К.Сайнбилэгийн “...Оч бүрд караокед хулгай орсон гэх дуудлагаар ирээд дотогш ороод хартал 2 зурагт байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 19-22/, гэрч Д.Гүррагчаа “...олон нийтийн цагдаа Л.Гомбодоржийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэн явж байтал Чингэлтэйн 13 дугаар гудамжны үзүүрээр бараан өнгийн үүргэвчтэй 2 ширхэг ЛСД зурагт тэвэрчихсэн хүн явж байхад нь шалгах үед авч явсан зурагт үүргэвчээ гудамжинд үлдээгээд зугтаасан ба олон нийтийн цагдаа Л.Гомбодорж ардаас нь явж баривчлан саатуулсан., ...Хаанаас авсан талаар асуутал Оч бүрд караокены 2 давхрын цонхыг хагалан орж авсан урд нь ажиллуулдаг байсан гэж ярьж байсан...” /хх-22-23/ гэх  нарын мэдүүлэг, Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч О.Болдбаатарыг бусдыг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Ингэхдээ улсын яллагчийн гаргасан санал болон түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан баримт зэргийг харгалзав.

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч О.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар ямаат овгийнО.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Болдбаатарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН