| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2024/04095/И |
| Дугаар | 210/МА2025/00083 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00083
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/04736 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00020 дугаар шийдвэрээр ******* ХХК, *******, ******* нараас 956,658,452 төгрөг гаргуулж "*******" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдпөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, шинжээч томилон үнэлүүлсэн үнэлгээг өмчлөгч хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн үедээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гомдол гаргаж иргэний хэрэг үүсгэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/01160 дугаар шийдвэрээр нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2024/00858 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Гэтэл 210/МА2024/00858 дугаар магадлалыг нэхэмжлэгч "*******" ХХК гардаж аваагүй, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх үүсээгүй байхад хууль зөрчиж, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/9 дугаар тогтоолоор 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулсанд нэхэмжлэгч гомдолтой байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******а Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2024/00858 дугаар магадлалыг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гардаж аваад Улсын Дээд шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хяналтын гомдлоо гаргасан.
Манай компани төлбөрөө төлөх талаар төлбөр авагч ******* ХХК-д удаа дараа хүсэлт гаргаж байсан ч хариу өгдөггүй учраас хариуцагчаар дамжуулан албан ёсоор үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 1,270,000,000 төгрөгөөр төлбөртөө тооцон өгөхөөр 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 28/24 дугаар хүсэлтийг өгсөн боловч төлбөр авагч хариу өгөөгүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч ******* нь төлбөр авагчид давуу байдал олгон, үл хөдлөх эд хөрөнгийг маань хууль бусаар 956,658,452 төгрөгт тооцон өгөхөөр улайран дайрч, дарамтлан, өмчлөгч компани эрхийг ноцтой зөрчсөөр байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 29/24 дугаар албан бичгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу гомдол гаргасан боловч тэрээр 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24/09 дугаар тогтоолоор гомдлыг хүлээж аваагүй. Улмаар, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу гомдол гаргасан ч мөн хүлээж авахгүй талаар 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 09/1754 дугаар албан бичгээр хариу өгсөн
Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн ******* дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* тоотод байрлах 142.51 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан хариуцагч Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/9 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/00020 дугаар шийдвэрээр ******* XXК, *******, ******* нараас 956,658,452.57 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 5,011,442 төгрөгийг гаргуулж *******д олгуулах, хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр эхлүүлсэн. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 23360314/07 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 23360314/10 дугаар тогтоолоор хураан шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгч тэмдэглэл хөтөлсөн. Талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч *******" ХХК-нь 2,137,650,000 төгрөгөөр, төлбөр авагч Худалдаа, хөгжлийн банк санал ирүүлээгүй тул 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 9/08 дугаар тогтоолоор хөрөнгө үнэлгээний *******ХХК-ийг томилж, 1,451,104,799 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үнэлгээг төлбөр төлөгч тал хүлээн зөвшөөрөөгүй байх тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/01160 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2024/00858 дугаар магадлалаар нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Иймд, иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 1,015,773.359 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах талаар төлбөр төлөгч, авагч нарт 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3/2225, 3/2228 албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5/9 дугаартай Анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ өөр хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримт үнэлээгүй, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэлгүй, хэргийг шийдвэрлэсэн.
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой Улсьн дээд шүүхэд гомдол гаргасан ба одоогоор хэргийг хянан хэлэлцээгүй байна гээд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын Дээд шүүхэд гаргасан гомдлоо эх хувиар нотлох баримтаар гаргаж өгсөн. Анхан шатны шүүх уг гомдлыг Улсын Дээд шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн.
******* үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр оруулахаар 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/9 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн үеэс үнэлгээтэй холбоотой маргаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа өмгөөлөгч ******а хариуцагч байгууллагад гаргасан гомдол бүхэндээ бичиж, мэдэгдэж ирсэн.
Хариуцагч талаас Улсын Дээд шүүхэд гомдол гаргаагүй гэдгийг нотлоогүй, мөн гомдол гаргаагүй гэж мэтгэлцээгүй, гомдол гаргасныг хүлээн зөвшөөрсөөр байтал шүүгч дур мэдэн гомдол гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Монгол Улсын шүүх эрх мэдэл нэгдмэл нэг тогтолцоотой, бүх шатны шүүхүүд цахимаар холбогдсон, нэхэмжлэгч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан, эсвэл гаргаагүй гэдгийг шалгах боломжтой байсан бөгөөд нэхэмжлэгч Улсын Дээд шүүхийн шийдвэр гартал хэргийг түр түдгэлзүүлэх хүсэлт гаргасан ч шүүгч хүсэлтийг хангалгүй тэр өдөртөө шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх төлбөр төлөгч нэхэмжлэгч талыг болоод шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргааныг ялгаварласан үл ойшоосон байдлаар хандаж, төрийн албадлагын байгууллагад элгэмсэг хандаж, талуудыг тэгш эрхтэйгээр шүүхэд мэдүүлэх, шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт Дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт "Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ. гэж заасныг хариуцагч зөрчсөн гэж гомдолтой байна.
Улсын дээд шүүхийн хяналтын тогтоол гарч хүчин төгөлдөр болсон буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилмагц гүйцэтгэх ажиллагааг сэргээж, албадан дуудлага худалдаа зохион байгуулах ёстой атал хариуцагч дур мэдэн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/9 дугаар тогтоол нь дээрх хуулийн заалтад нийцээгүй тогтоол юм.
Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/04736 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч компани нь төлбөр авагчтай харилцан тохиролцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасны дагуу хөрөнгийг төлбөрт тооцуулан шилжүүлэх хүсэлтээ удаа дараа өгсөн. Үүний дагуу 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон техникийн шинжтэй алдааг зассан өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/9 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад уг эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр тодорхойлсныг хариуцагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн.
Харин, шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулах хугацааны талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө. Түүнчлэн, шийдвэрийн тогтоох хэсэгт хүчингүй болгуулахаар шаардаж буй тогтоолын огноог ... 04 дүгээр сарын ... гэж алдаатай бичсэнийг засна.
4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/00020 дугаар шийдвэрээр ******* ХХК-иас 956,658,452 төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банк ХХК-д олгуулах, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ******* тоот хаягт байрлах 142.51 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө багтжээ. /хх-ийн 51-55-р тал/
4.2. Төлбөр төлөгч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул төлбөр авагч Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 102/ГХ2023/00643 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх-ийн 50-р тал/
4.3. Хариуцагч байгууллага нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгө болох ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ******* тоот хаягт байрлах 142.51 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр битүүмжилж, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 62, 65-р тал/
4.4. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан боловч талууд үнийн талаар тохиролцоогүй, үүнтэй холбоотойгоор хариуцагч нь үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон байна. /хх-ийн 69, 70, 71-р тал/
4.5. Хөрөнгийн үнэлгээний *******ХХК нь хураагдсан хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ******* тоот хаягт байрлах 142.51 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 1,451,104,799 төгрөгөөр үнэлж, хариуцагч ******* нь дээрх үнэлгээг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр талуудад мэдэгджээ. /хх-ийн 72, 73-р тал/.
4.6. Нэхэмжлэгч ******* ХХК нь дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/01160 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2024/00858 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-24-35-р тал/
4.7. Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 5/9 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол үйлдэж, төлбөрт хураагдсан нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 1,451,104,799 төгрөгийн 70 хувь буюу 1,015,733,359 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоож, анхны албадан дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэжээ. Уг тогтоолыг Баянгол дүүргийн улсын бүртэлийн хэлтэст хүргүүлж, төлбөр төлөгч ******* ХХК-ийн захирал *******д мэдэгдсэн байна. /хх-86-89-р тал/
5. Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор тус компанийн захирал *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******а нарын зүгээс эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч Улсын Дээд шүүх уг гомдлыг хянан шийдвэрлэж байгаа болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн талаар тайлбарласан боловч холбогдох баримтыг мөн хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байна. Өөрөөр, хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мөн зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр түдгэлзүүлэхийг хориглосон.
Иймд, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцсэн байх тул талуудын тэгш эрхтэйгээр шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарласан гэх гомдлыг мөн хангахгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, техникийн шинжтэй алдааг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/04736 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 ... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 гэж, ... 04 дүгээр сарын ... гэснийг 05 дугаар сарын гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ