Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00084

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 104/ШШ2024/00061 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Харицагч *******д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь маргаж буй Налайх дүүргийн ******* тоот 3 өрөө орон сууцыг *******, ****** нараас 2017 онд шилжүүлэн авсан бөгөөд үүнээс хойш банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авч өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн. 2017 онд авто машины осолд орсон бөгөөд орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан тул дахин шалгаж очоогүй. 2018 онд тухайн байраа эргэж очиход ******* амьдарч байсан. Нэхэмжлэгч байрыг авсан талаар хэлж нүүхийг сануулсан боловч хөгшин настай хүн хүнд өвчтэй гэж байсан тул хэрүүл маргаан хийгээгүй. Үүнээс хойш 2 удаа орон сууцыг суллаж өгөх талаар сануулсан боловч өнөөдрийг хүртэл нүүгээгүй байна. ******* нь тухайн орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ******* дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь орон сууцыг худалдан авахдаа Улсын бүртгэлд үндэслэн, өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдээс Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байх бөгөөд тухайн орон сууцыг шилжүүлэн авахад эрхийн маргаан байгаагүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар Налайх дүүргийн 8 дугаар хорооны ****** дүгээр байр, 01 тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Налайх дүүрэг 08 дугаар хороо, ****** дүгээр байрны 01 тоот үл хөдлөх хөрөнгийг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжпэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний бие ******* нь *******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******гээс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгосон 1080 итгэмжлэлээр 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 104/ШШ2024/00061 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

******* нь маргаж буй орон сууцыг 2015 онд ******, ******* нараас 50 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд худалдагч нарын худал үгэнд итгэн өмчлөх эрхээ шилжүүлэн авч чадаагүй бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас 2018 оноос асаргаанд орж 2021 оноос хэвтрийн дэглэмд орсон байна. Гэхдээ одоог хүртэл энэхүү маргаж бай орон сууцанд тасралтгүй амьдарч байгаа билээ. Гэтэл ******, ******* нар нь 2017 онд 25 сая төгрөгөөр худалдах, худалдан авах хуурамч гэрээ байгуулан *******од өөрсдийн худалдсан орон сууцаа шилжүүлсэн байх бөгөөд ******* нь *******гийн хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүхээс хариуцагч *******д нэхэмжлэлийг гардуулаагүй, эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдааныг түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй хэмээн эзгүйд нь хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд мөн л шүүхийн шийдвэрийг гардуулж өгөлгүй хавтаст хэрэгтэй нь хамт архивт шилжүүлсэн байна.

Нэгэнт эрх үүргээ мэдээгүй, хэрэгт оролцоогүй, анхан шатны шүүхийн шийдвэрээ гардаж аваагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж чадаагүй байна. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахад л шүүхээс хэргийг шийдвэрлэсэн тухай мэдсэн бөгөөд хууль зүйн туслалцаа авахаар хуульчдад хандсан байна.

Итгэмжпэгдсэн төлөөлөгч миний бие шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж өгөх хүсэлтийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тухайн хүсэлтийг шүүхэзс хангасан учраас бид энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

******* нь 2021 оноос хойш байнгын асаргаанд, хэвтрийн дэглэмд хүнд өвчний улмаас эрүүл мэндээсээ өөр зүйлд анхаарч чадаагүй бөгөөд энэ тухай эрүүл мэндийн байгууллагуудын шийдвэр, тодорхойлолтууд байгаа юм.

Тиймээс хүндэтгэн үзэх ноцтой шалтгааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадаагүй нөгөө талаасаа шүүхээс хэргийн оролцогчийн эрх, үүргийг хангалгүй хэргийг хэт нэг талд шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү. Бид тайлбар гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах гэх мэт хуулиар олгодсон эрхээ эдэлж оролцох тул Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг олгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүхээс очиж нэхэмжлэлийн хувь гардуулсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт нийцсэн. Шүүхээс явуулах ёстой ажиллагаагаа явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуульд нийцүүлэн хэргийг шийдвэрлэж. Иймд, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Налайх дүүргийн ******* тоотод байрлах 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаан бүхий орон сууцыг 2017 онд *******, ****** нараас худалдан авсан ба уг орон сууцны өмчлөгч болох нь улсын бүргэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлнэ гэх агуулгаар тодорхойлсон. Харин хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар бичгийн тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүх хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч *******д гардуулан өгсөн боловч хүрэлцэн ирээгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр утсаар холбогдоход очиж чадахгүй, өөрсдөө ирж гардуул гэсэн хариу өгсөн, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хүлээн авахаас татгалзсан, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр утсаар холбогдоход эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн хариу өгсөн, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулахаар түүний оршин суух хаягт очиход тийм хүн байхгүй гээд хаалгаа тайлж өгөөгүй талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргажээ. /хх-13-17/

 

Шүүх 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 104/ШЗ2023/02416 дугаар захирамжаар хариуцагч *******г шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэж, албадан ирүүлэх ажиллагааг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан байна. Улмаар, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хариуцагч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн болох нь нэхэмжлэл гардуулсан тухай баримтад гарын үсэг зурсан байдлаар тогтоогдож байна. Мөн өдрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг танилцуулан холбогдох баримтуудад гарын үсэг зуруулсан байна. /хх-27-29-р тал/

 

Хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, хариуцагчид 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хүлээн авахаас татгалзсан, шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр товлож, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч ******* нь мөн хүлээн авахаас татгалзсан болох нь шүүхийн бичиг хүргэгч *******ийн тэмдэглэлээр тогтоогдсон. /хх-34,43-р тал/

 

Шүүх хариуцагч *******д шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хүлээн авахаас татгалзсан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт тус тус заасанд нийцсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймээс, нэхэмжлэлийг гардуулаагүй, эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, эзгүйд нь хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэргийн үйл баримтыг бүрэн тодруулж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал, хариуцагч нь маргаж буй орон сууцны хууль ёсны эзэмшигч мөн эсэх, тухайн эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байгаа талаарх үйл баримтыг тодруулах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа хариуцагчийн эзэмшил хууль бус байх урьдчилсан нөхцөл тогтоогдох учиртай. Эдгээр нөхцлүүд нотлогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл болно.

Нэхэмжлэгч ******* нь Налайх дүүргийн 8 дугаар хорооны ****** дүгээр байр, 01 тоот 3 өрөө орон сууцыг ******, ******* нараас 2017 онд худалдан авч, 2021 онд эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх-4-8-р тал/

Нэхэмжлэл гардуулсан баримтад хариуцагч оршин суух хаягаа мэдүүлсэн байдал, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас зэргээс үзэхэд хариуцагч ******* нь уг маргаан бүхий 3 өрөө орон сууцыг эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон.

Хэдийгээр хариуцагч ******* нь шүүхэд бичгээр тайлбар гаргаж ирүүлээгүй боловч түүнийг албадан ирүүлэх ажиллагаа явуулсан цагдаагийн алба хаагчид ... би энд олон жил балгас шахуу байхад нь янзалж орж байсан, мөнгө төгрөгийг нь төлж, байрны бичиг гэх нотолгоо баримт нь бий ... гэсэн тайлбар өгсөн болох нь илтгэх хуудаст тусгагджээ. /хх-23/

Түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо тухайн орон сууцыг 2015 онд н.******а, н.******* нараас 50,000,000 төгрөгөөр худалдан авсан гэжээ. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх үйл баримтыг тодруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 104/ШШ2024/00061 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ