Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2016/00133

 

  Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

           Нэхэмжлэгч: 1971 онд төрсөн, эмэгтэй, 45 настай, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 2-19 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Даа овогт Шарын Адъяамаагийн /РД:БВ71060607, утас:95280863/ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд  /Хуулийн этгээдийн РД:9018433 , утас:96065516, 99833534/ холбогдох

 

ажлаас халсан тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Адъяамаа, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагчийн төлөөлөгч П.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Адъяамаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ш.Адъяамаа би Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд 1990 оны 03 дугаар сараас тогоочоор ажиллаж байгаад 1994 оны 06 дугаар сараас эмнэлгийн тогтоочоор ажилд орсноос хойш тасралтгүй 26 жил ажиллаж байна. Энэ хугацаанд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр авто осолд орж удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн бөгөөд актаа цаг хугацаанд байгууллагадаа байсан. 2014 оны 04 дүгээр сарын 13-аас хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар 6 сарын хугацаатай группт орсон. Энэ тухай дарга /үүрэг гүйцэтгэгч/ Даваасүрэнд хэлж мэдэгдсэн бөгөөд дарга чи эдгэрсэн тохиолдолд буцаад ажилдаа орж болно, чиний ажлын байр хэвээр хадгалагдана гэсэн тул би группээ сунгуулан эмчилгээ хийлгэж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгууллагадаа ажилдаа буцаж орох тухай өргөдлөө гаргасан. Тухайн үед чиний оронд түр хүн ажиллуулж байгаа хөдөлмөрийн гэрээ нь дуусаагүй байгаа тул хүлээж бай гэрээ нь дуусахаар ажилдаа ор гээд 3 сарын дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн даргын Б/01 тушаалаар тус төвийн тогоочоор ажиллах болсон. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Биндэръяа Б/11 тушаалаар ажлаас чөлөөллөө. Уг тушаалыг миний бие нь зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг тушаал нь хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн тушаал байна. Учир нь би хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүргийг зөрчөөгүй, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байгаагүй, үйлчлүүлэгч болон хэвтэн эмчлүүлэгч нараас гомдол гарч байгаагүй тул хөдөлмөрийн сахилга алдаагүй билээ.

 

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д зааснаар ажлаас чөлөөлсөн атлаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин надад ямар нэгэн ажлын санал болгоогүй ажлаас халсан. Харин энэ тухай маргаан үүсгэхээр архивын холбогдох баримтыг хуулбарлан авах үед 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Даваасүрэнгийн Б/09 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг олж мэдлээ. Уг тушаалд Хөдөлмөрийн хуулийн 40.1.2, 38.1.3 дахь заалтуудыг үндэслэн тушаалд намайг ...гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул 2014 онд 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн байна. Уг тушаалыг надад хэн ч мэдэгдээгүй, танилцуулаагүй би 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.3 гэсэн заалт байдаггүй. Хөдөлмөрийн хуулийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тугаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх бөгөөд энэ нь тусгай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байхыг шаарддаг. Гэтэл миний бие нь 60 хувийн группт орсон билээ. Тус Эрүүл мэндийн төв нь надад мэдэгдэлгүйгээр 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тушаал нь намайг өвчтэй байхад ажлаас халсан байна. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ажил, үүргээ гүйцэтгэж байхад дахин ажлаас халсан зэрэг нь хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн тушаалууд гаргасан байна.

 

 Иймд ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай П.Ганчимэг шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Адъяамаа нь тус Эрүүл мэндийн төвд 26 жил тогоочоор ажилласан. Энэ хугацаанд Хөдөлмөрийн гэрээнд эрх, үүргийг зөрчөөгүй, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж арга хэмжээнд орж байгаагүй, үйлчлүүлэгчид санал гомдол ирж байгаагүй билээ. Р.Тунгалагийн нэхэмжлэлийн дагуу Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэний хэргийн давж заадах шатны шүүхийн 202/МА2016/00024 дугаартай магадлалыг үндэслэн Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаалаар Ш.Адъяамааг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу ажил олж өгөх ёстой байсан боловч тус төвд Ш.Адъяамааг ажиллуулах орон тоо байхгүй учраас ажлын байр санал болгоогүй. Иймд хөдөлмөрийн хуулийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Харин анх Эрүүл мэндийн төвийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот тушаалын дагуу Ш.Адъяамаагийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн дүрэмд зааснаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан ажилтны ажлын байрыг нь хадгалж байх ёстой байсан. Гэтэл үндэслэлгүй ажлаас халаад өөр хүн ажилд авсан байна гэв.

 

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Адъяамаа нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан тус төвийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаалуудыг хүчингүй болгож, тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

1.Шүүх нэхэмжлэгч Ш.Адъяамаагийн гаргасан 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлагын хувьд дүгнэхэд:

 

           Нэхэмжлэгч Ш.Адъяамааг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.3 дахь заалтуудыг үндэслэн автын ослын улмаас удаан хугацаагаар өвчилж, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

          Дээрх тушаалыг гаргахдаа ажилтны хөдөлмөрийн чадвар алдсаныг  тогтоосон “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэр”-ийг үндэслэсэн талаар тушаал гаргасан албан тушаалтан буюу тухайн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг гүйцэтгэж байсан  Ц.Даваасүрэн гэрчээр мэдүүлсэн бөгөөд уг шийдвэр нь ажилтан Ш.Адъяамааг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болохыг тогтоосон эрүүл мэндийн байгууллагын албан ёсны дүгнэлт болох тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчөөгүй гэж үзэв. 

Нөгөө талаар Ш.Адъяамаа нь тухайн үед гар нь хугарсан байсан тул тогоочийн ажил үүргийг 1 жилийн хугацаанд гүйцэтгэх боломжгүй байсан талаараа шүүх хуралдаанд өөрөө тайлбарласан байна.

Харин тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.3 дахь заалтыг үндэслэж, хуульд байхгүй зохицуулалтыг хэрэглэсэн алдаа гаргасан байна.

Ийнхүү дээрх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй үед түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл болон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн дүрмээр зохицуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан  хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар дуусгавар болжээ.

          Уг тушаалыг Ш.Адъяамаа нь 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзэхээр байна.

 

          2.Ажлаас халсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаалын хувьд дүгнэхэд:

 

           Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.5, Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 202/МА2016/00024/ заалтуудыг тус тус үндэслэн тус Эрүүл мэндийн төвд тогооч ажилтай Ш.Адъяамааг ажлаас чөлөөлж, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

         Нэхэмжлэгч Ш.Адъяамаа нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвтэй 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, тогоочийн ажил үүргийг гүйцэтгэж байсан боловч урьд нь тогоочоор ажиллаж байсан ажилтныг ажлаас буруу халагдсан үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг зөрчөөгүй, талууд энэ шийдвэрийн талаар маргаагүй байна.

 

          Харин нэхэмжлэгч Ш.Адъяамаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ...бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэснийг ажил олгогч зөрчиж, надад огт ажлын байрны санал тавиагүй хэмээн маргасан боловч  дээрх хуулийн зохицуулалт нь тухайн байгууллагад бүтэц орон тооны хувьд сул ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэсэн агуулгыг илэрхийлж байна.

 

 Гэтэл Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд санал болгох сул ажлын байр байгаагүй талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан тул ажилтанд заавал өөр ажил олж өгөх ёстой гэж үзэж, ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ш.Адъяамаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг шүүхийн шийдвэрт дурдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ш.Адъяамаагийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд холбогдох тус төвийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаалуудыг хүчингүй болгож, тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.НАРАНЧИМЭГ