Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00135

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын

31-ний өдрийн 101/ШШ2024/04966 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ******* нь 2021 онд гадаад хүнтэй фэйсбүүкээр найз болсон бөгөөд улмаар түүнтэй whatsapp аппликейшн ашиглан мессежээр харилцдаг болсон. Тухайн гадаад хүн нь чамд Монгол руу их хэмжээний мөнгө, цүнх, эд зүйл явуулна гэж хэлэхэд нь итгэсэн. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шуудангийн компаниас холбогдож байна гэж ******* гэх фэйсбүүк хаягаас нэхэмжлэгч *******тай холбогдоод Танд гадаадын иргэн илгээмж илгээсэн, тэр нь Монголд ирсэн байна. Та энэ илгээмжийг авахын тулд ******* эзэмшигчтэй ******* тоот ******** банкны данс руу 1,000,000 төгрөг явуулах шаардлагатай, таны мөнгө орж ирсэн тохиолдолд шууд гэрийн хаягаар нь илгээмжийг хүргэнэ гэж хэлсэн. ******* хэлснийх нь дагуу хариуцагчийн өгсөн данс руу ******* овогтой ******* гэсэн эзэмшигч бүхий ******** банкны ******* тоот данснаас 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч бараа ирээгүй, нөгөө хүн ч холбогдохгүй алга болсон. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд эргүүлэн шаардах эрхтэй. Анх илгээмж авах зорилгоор хариуцагч *******ын данс руу мөнгө шилжүүлсэн боловч нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд аливаа үүрэг үүсээгүй тул шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Тус асуудпаар харьяалах Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан боловч миний өргөдлийг 2 мөрдөгчид давхардуулан хуваарилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж явсаар эрүүгийн журмаар гаргуулах боломжгүй болсон тул иргэний журмаар шилжүүлсэн мөнгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч *******оос 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Илгээмж ирсэн гэдгээр 1,000,000 төгрөг залилсан гэж байна. Нэхэмжлэгч өөрөө whatsapp ашиглаад хүнтэй танилцсан гэдэг асуудал нэхэмжлэл дээрээ бичсэн байгаа. ******* нь тэр апп-ыг ашиглан койноор гүйлгээ хийдэг байсан. Шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг Whatsapp ашиглан гүйлгээ хийгээд койн болгоод хэлсэн гадаад хүн рүү нь шилжүүлсэн болох нь цахим мөнгөний гүйлгээний аппликейшн, хариуцагчийн дансны хуулга зэргээр нотлогдож байгаа болно. Нэхэмжлэгч дээрх 1,000,000 төгрөгтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад хандан гомдол гарган шалгуулсан буюу энэхүү нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг өөр журмаар хянан шийдвэрлэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулиар зохицуулагдаж байгаа ямар нэг төрлийн үүргийн харилцаа огт үүсээгүй, харилцаатай байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, бас нотлогдохгүй байгаа болно. Нэхэмжилж байгаа 1,000,000 төгрөг бол ээжийнх нь мөнгө тул мөнгийг нэхэмжлэх этгээд ******* биш, хариуцах этгээд нь ******* биш. Нэхэмжпэгч өөрийнх нь мөнгө гэдэг боловч нотлох баримтын хүрээнд ******* гэдэг хүний өмч гэдэг нь тогтоогдож байгаа тул *******, ******* нарын хооронд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой харилцаа үүсээгүй. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******ж миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 31-ний өдөр 04966 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч шүүхэд үнэн зөв мэдүүлээгүй, хариуцагчтай Facebook-ээр ******* гэсэн хаягаар холбогдож цахим зурвас бичиж байгаагүй, Мета компанийн Facebook чатаар огт холбогдож байгаагүй болохыг дээрх компаний мессенжерт үзлэг хийлгэн нотолж болно.

2. Зөвхөн Binance гэх апплейкшнаар дамжуулан гадаад улсын иргэнээс сая төгрөг цахим долларт хөрвүүлэх хүсэлтэй байна гэсэн санал тавьж, уг саналыг хүлээн аваад үзэхэд данс эзэмшигчийн нэр, Binance гэх аппликейшны хаягтай зөрүүтэй байхаар нь шилжүүлэг хийлгүй гадаадын иргэнд Binance гэх аппликейшны чатаар энэ талаар бичиж явуулахад гадаадын иргэн Монгол дахь дансны шилжүүлгийн хуулгыг зурган хэлбэрээр чатаар явуулаад энэ шилжүүлэг хийсэн хүн бол манай эхнэр байгаа юм гэж хэлээд дансны хуулгыг явууллаа, одоо мөнгөө шилжүүл гэж шаардсан. Гадаад иргэний явуулсан дансны хуулганы зургийг авч нягтлахад данс, данс эзэмшигчийн нэр таарч байсан учраас Binance гэх апплейкшны хаяг зөрүүтэй байсан ч уг саналыг хүлээн авч уг данснаас шилжүүлсэн сая төгрөгийг 7 хоногийн дараа цахим долларт хөрвүүлээд нэхэмжлэгчийн нөхөр гэх гадаад хүнд нь шилжүүлсэн, уг нөхцөл байдлыг криптовалютын арилжаа хийгддэг binance гэх апплейкшнд шүүхийн журмаар үзлэг хийлгэн нотлох боломжтой.

3. Дээрх нөхцөл байдлын талаар хариуцагч цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн хууль сануулсан мэдүүлэгтээ мэдүүлсэн, цагдаагийн байгууллагад криптовалютын арилжаа хэрхэн хийгдсэн талаарх дансны хуулгууд, binance гэх аппликейшны чатаар харилцсан цахим зурвас зэргийг хуулбарлан гаргаж өгсөн байдаг.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан таньд гадаадаас илгээмж илгээсэн,тэр нь Монголд ирсэн, илгээмжийг авахын тулд данс руу мөнгө шилжүүл гэсэн агуулга бүхий цахим зурвасыг бичиж нэхэмжлэгчтэй харилцаж байгаагүй болохыг цахим зурваст үзлэг хийлгэн тогтоох боломжтой.

5. Нэхэмжлэгчийн илгээмж авах зорилгоор мөнгө шилжүүлсэн, илгээмж аваагүй гэх асуудал нь хариуцагчтай хамааралгүй, хариуцагчаар дамжуулан цахим долларт хөрвүүлэн шилжүүлэн авсан найз гэх гадаад улсын иргэнтэй холбоотой асуудал юм.

6. Хариуцагчийн хувьд гадаад улсын иргэнээс эхнэрийн дансаар мөнгө шилжүүлсэн, уг мөнгийг цахим долларт хөрвүүлээд шилжүүл гэсний дагуу мөнгөн гуйвуулга хийсэн тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, уг нөхцөл байдлыг няцаах зорилгоор хэргийг анхан шатны шүүхэд буцаан дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 04966 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн ямар зүйл заалтаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гомдолд дурдах ёстой байтал энэ талаар дурдаагүй. Мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхэд буцааж өгнө үү гэх агуулгатай гомдол гаргасан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд ямар тохиолдолд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин буцаан хэлэлцүүлэхээр шийдвэрлэдэг вэ гэдгийг хуульчилсан. Тус хуульд зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, харьцсан асуудалд үзлэг хийх боломжтой байсан гэх агуулга бүхий гомдол гаргасан. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4, 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч нотлох баримт гаргаж өгөх, хариу тайлбараа нотлох үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүй. Амаар гаргасан гомдлын агуулгын хувьд тайлбарлавал, 2021 онд харьцаж байсан хүн нь энэ дансанд мөнгө хийчих гэж хэлдэг. Тэр данс нь хариуцагчийн хувийн эзэмшлийн данс гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан тул хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* нь илгээмж авах зорилгоор түүнд шилжүүлсэн 1,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул буцаан шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

5. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг ******* шилжүүлээгүй тул нэхэмжлэх эрхгүй. Мөн уг шилжүүлсэн 1,000,000 төгрөгт тооцон *******гийн харилцаж байсан гадаадын иргэнд койн шилжүүлсэн тул би үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан байна.

 

6. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, ******** банк дахь *******ын эзэмшлийн ******* тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр *******ын ******* тоот дансаас 1,000,000 төгрөг шилжсэн үйл баримт тогтоогджээ.

Дээрх 1,000,000 төгрөгийг хариуцагч ******* нь *******гийн мөнгө биш тул нэхэмжлэх эрхгүй гэж татгалзсан боловч гэрч ******* нь *******гийн мөнгийг өөрийн дансаар *******ын дансанд шилжүүлсэн талаар мэдүүлсэн тул хариуцагчийн татгалзал няцаагдсан байна. /хх-6, 109/

 

7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд эд хөрөнгө олдсон, эсхүл хадгалагдсан байх, эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, эсхүл хадгалсан байх, эд хөрөнгө олсон, хадгалсан явдал нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх урьдчилсан нөхцлийг хуулиар тодорхойлсон байна.

Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн болон хуульд зааснаар мөнгөн хөрөнгө шилжсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна, хариуцагч ******* нь 1,000,000 төгрөгийг *******гийн харилцаж байсан гадаадын иргэнд койн болгон шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байна.

Иймд, хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нотлох баримт цуглуулах зорилгоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул түүний гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2024/04966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ