| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2024/03876/И |
| Дугаар | 210/МА2025/00136 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00136
****** ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04337 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ****** ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 29,807,745.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: *******, ******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******тай ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 29,100,000 төгрөгийг жилийн хувийн 18 хүүтэйгээр, 60 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL241190001003651 тоот албан бичгээр ******* нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нас барсныг олж тогтоосон байна. Иймд хамтран зээлдэгч *******гээс зээлийн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдпаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 21,152,374.47 төгрөг, зээлийн хүү 8,135,298.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 520,072.52 төгрөг, нийт 29,807,745.36 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний нөхөр 2019 онд элэгний хавдраар өвчилж, улмаар эмчлүүлж байгаад 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. Нөхрийн эмчилгээ, хагалгааны зардалд ******наас зээл авсан. Би хөдөлмөрийн чавдараа 79 хувиар алдсан, группд байдаг бөгөөд охинтойгоо түрээсийн хашаанд амьдардаг. Иймээс зээлийн хүүг зогсоож өгнө үү. Миний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зээлээ төлөх боломжгүй байгааг харгалзан үзнэ үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 29,807,745.36 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ****** ХХК-д олгуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д зааснаар ****** ХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,988.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 306,988.73 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****** ХК-д оруулахаар шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Би 79 хувиар группт байдаг бөгөөд ажил эрхлэх боломжгүй. Тухайн шүүх хурал болсон өдрийн урьд орой нь хөдөө аавын бие муудсан тул яаралтай явж ямар ч сүлжээ холбогдох боломжгүй газар очсон тул шүүх шүүхэд урьдчилан мэдэгдэж чадааүй. ****** зээлийн хүү алдангийг хасаж тус болсон боловч би тухайн хуралд очиж амжаагүйн улмаас хүү өссөн хэвээр шийдвэр гарсан байна. Иймд, зээлийн хүү 8,655,370 хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэрийг дахин хянаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Зээлийн хүүг хасах боломжгүй. Нэхэмжилж буй 29,807,745.36 төгрөгийг бүхэлд нь гаргуулах хүсэлтэй байгаа. Мөнгөн дүнг хасах талаар ярилцаад график гаргаад 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулахаар хариуцагчтай тохиролцож, гэрээний графикийг өөрт нь хэлээд, гарын үсэг зураарай гэсэн боловч хариуцагч гарын үсэг зураагүй. Одоо эвлэрэх боломжгүй. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ****** ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 29,807,745.36 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Нэхэмжлэгч ****** ХК нь хариуцагч ******* болон ******* нартай 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ****** ХК нь 29,100,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч ******* болон ******* нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон, зээлдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 1, 4-5, 6-р тал/.
3. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 29,807,745.36 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөхдөө хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан ба ажил хийдэггүй тул зээлийн төлбөрийг төлөх боломжгүй гэсэн үндэслэлээр татгалзсан.
4. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харицлаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгтээ нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн талаар зохицуулсан хуулийн заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгч байгууллагын нэрийг алдаатай бичсэн байгааг залруулах нь зүйтэй.
4.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.1, 2.2, 2.9-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч ****** ХК нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагч *******гээс зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.
4.2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагч буюу зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үндсэн үүргийг гэрээгээр хүлээсэн боловч 2022 оны 07 дугаар сараас хойш зээлийн төлбөр огт төлөөгүй болох нь тогтоогдсон. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дууссан байх бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгч нарт үндсэн зээл 21,152,374.47 төгрөг, хүү 8,135,298.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 520,072.52 төгрөг, нийт 29,807,745.36 төгрөгийн үүрэг үүссэн болох нь хүү тооцооллын баримтаар тогтоогджээ. /хх-ийн 7-р тал/
4.3. Харин, хэргийн 30 дугаар талд авагдсан Эвлэрлийн гэрээ-нээс үзэхэд, нэхэмжлэгч ****** ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,807,745.36 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 21,152,374.47 төгрөг болгож багасгасан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасаж, эвлэрэн хэлэлцэхээр тохиролцсон боловч хариуцагч ******* нь шүүх хуралдаанд ирээгүй, эвлэрлийн гэрээнд гарын үсэг зураагүй... гэжээ.
Хэдийгээр хариуцагч ******* эвлэрлийн гэрээнд гарын үсэг зураагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч тэрээр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа нэхэмжлэгчийн гаргасан эвлэрлийн гэрээний дүнг зөвшөөрсөн байна.
Иймд, хариуцагч *******гээс зээлийн гэрээний үүрэгт 21,152,374.47 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****** ХК-д олгуулж, нэхэмжлэлээс үлдэх 8,655,370.89 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04337 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс зээлийн гэрээний үүрэгт 21,152,374.47 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ****** ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,655,370.89 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтын ... хариуцагч *******гээс 306,988.73 төгрөгийг ... гэснийг хариуцагч *******гээс 263,712 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******гээс урьдчилан төлсөн 153,436 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ