| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0399/Э |
| Дугаар | 410 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 410
2019 05 20 2019/ШЦТ/410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Г.Б, /шүүгдэгч нь өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Жумдаан овгийн Г.Бд холбогдох эрүүгийн 1911008390359 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Жумдаан овгийн Г.Б, 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Кастль бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 60-13 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЖЮ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр насанд хүрээгүй хохирогч Т.Буяндэлгэрийн халааснаас “Хуавей пи-20 про” гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлж бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Буруу зүйл хийснээ сайн ойлгож байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Насанд хүрээгүй хохирогч Т.Буяндэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэртээ харих гээд Бөмбөгөр худалдааны төвийн хажуугийн автобусны буудал дээр зогсож байгаад автобус ирхэд суух гээд урд талын хаалга руу хүмүүстэй шахцалдах үед миний хажуугаар хар пальто өмссөн махлаг бор ах шахаад байсан тэгээд намайг автобусанд суухад цааш иргээд үлдсэн ...би ороод өмдний халаасанд байсан утсаа үзхэд алга болсон байсан. ...аавд хэлээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 9-10/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...Хуавей пи-20 про загварын 867052040473830, 867052040493846 имей кодтой шар утсыг хохирогч Т.Буяндэлгэрт хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх 19/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-22/,
Эд зүйлийн үнэлгээ /хх 28/,
Шүүгдэгч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 16-17 цагийн үед би архи уучихсан Бөмбөгөр худалдааны төвийн хажуу талын автобусны буудлаас автобусанд суух зорилгоор зогсож байсан. ...би тэр дундуур шахаж ороод нэг хүүхдийн өмдний халаасанд байсан гар утсыг сэмхэн хулгайлж аваад цааш явсан...” гэх мэдүүлэг /хх13-14/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр насанд хүрээгүй хохирогч Т.Буяндэлгэрийн халааснаас “Хуавей пи-20 про” гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлж бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Буяндэлгэрийн “...миний хажуугаар хар пальто өмссөн махлаг бор ах шахаад байсан тэгээд намайг автобусанд суухад цааш иргээд үлдсэн ...би ороод өмдний халаасанд байсан утсаа үзэхэд алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 8-10/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 19/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-22/, эд зүйлийн үнэлгээ /хх 28/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жумдаан овгийн Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН