Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/01166

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/01126 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1181 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч З.А-д холбогдох,

2 420 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э-, нарийн бичгийн даргаар А.Батдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

З.А-тай 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч З.А- нь зээлийн төлбөрөө төлөөгүй.

Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож, 22 хоногийн алданги 220 000 төгрөг, үндсэн зээл 2 000 000 төгрөг, түүний хүү болох 200 000 төгрөгийн хамт нийт 2 420 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлээ өгөхдөө 1 сарын хүүгээ суутгаад 1 800 000 төгрөг бэлнээр өгсөн. З.А- нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлбөрөө төлөөгүй тул дахин 1 сарын хүү тооцоод мөн гэрээний хугацаа дууссан тул алданги тооцсон гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээ байгуулсан талаар маргахгүй. Зээлийн хүүг суутгаад 1 800 000 төгрөг өгсөн. Хариуцагч нь 180 000 төгрөгийг бэлнээр буцаан төлсөн. Гэхдээ баримт байхгүй.Иймд 1 620 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/01126 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З.А-гаас 2 220 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50 150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1181 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/01126 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “2 220 000” гэснийг “2 197 800” гэж, “200 000” гэснийг “222 200” гэж, 2 дахь заалтын “50 150” гэснийг “50 115” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхээс үндсэн зээлд 1 800 000 төгрөг, 1 сарын хүүд 180 000 төгрөг, 22 хоногийн хугацааны алданги 217 800 төгрөг, нийт 2 197 800 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэн. Ингэхдээ үндсэн зээл дээр хүүг нэмсэн дүнгээс алданги тооцсон нь буруу гэж үзэж байна. Зөвхөн үндсэн зээлээс алданги тооцох нь зүйтэй. Тиймээс алданги нь 217 800 төгрөг биш 198 000 төгрөг байх нь зүйтэй гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх эрхээр минь хангаж хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооны залруулга хийсэн нь зөв болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй хариуцагчид зээлдүүлжээ. Нэхэмжлэгч Б.Э- нь 2 000 000 төгрөгийг хариуцагч З.А-д өгөхдөө зээлийн хүү гэж 200 000 төгрөгийг буцаан авсан тул давж заалдах шатны шүүх зээлийн үнийн дүнг 1 800 000 төгрөг гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримт, зээлийн тооцооллын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болдог.

Зохигчид гэрээгээр хүү тохиролцсон учир хүү нь үндсэн зээлийн хамт гэрээний үүрэг мөн учир алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1181 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН