Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2017/0714/З |
Дугаар | 221/МА2020/0006 |
Огноо | 2019-12-25 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2020/0006
Д.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.О, өмгөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч Б.З нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0659 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0659 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Д.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/96 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 191а тоот хаягт байрлах 539 м.кв талбайтай, нэгж талбарын 18645313809081 дугаар бүхий газрын эзэмших эрхийг сэргээж, эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж,
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжийн Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа маргаан бүхий газрыг намайг болон охин Д.Г нарыг 2003 оноос хойш амьдарч байсан болох, уг газартаа 2003 оноос эхлэн одоогийн байгаа байршлаараа хашаа барьж амьдарч ирсэн болох үйл баримтыг шийдвэрийн үндэслэл болголгүйгээр Газрын албаны кадастрын зураг үйлддэг ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болж миний эзэмшиж, улсаас өмчилж авсан газрын байршлыг янз бүрээр кадастрын зураганд тэмдэглэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байхад намайг анхнаасаа нэхэмжлэгч Д.О-ын маргаан үүсгээд байгаа газар дээр амьдарч ирсэн болох гол үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс хуулийг буруу хэрэглэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч Д.О нь анх дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 456 дугаар захирамжаар иргэн Д.Түвшинбаярын тус дүүргийн 4 дүгээр хорооны Цэргийн хотхон 191 тоот 539 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшихээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авсан.
Ийнхүү газар эзэмших эрх олгож шийдвэрлэснээс хойш нэхэмжлэгч Д.О нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон тул дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.
Анхан шатны шүүх нь маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Д.О нь гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй эсэх, хэрэв тийм бол хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх, бусдын хууль бус үйлдлийн улмаас газраа эзэмшиж чадаагүй нөхцөл байдал тогтоогдсон эсэх, тогтоогдсон тохиолдолд түүнийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хандсан эсэх, тухайн газрыг эзэмших хүсэл зориг нэхэмжлэгчид байсан эсэх зэрэг нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгөх ёстой.
Гэтэл анхан шатны шүүхээс дээрх үйл баримтад “...харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа гуравдагч этгээд хүсэлт гаргаж, газрын байршилд өөрчлөлт оруулан кадастрын мэдээллийн санд бүртгүүлж, бодит байдал дээр 1062.18 м.кв талбай хашаалсан болох нь тогтоогдож байна”, “Нэхэмжлэгч ... тухайн газраа эзэмшиж байсан байх бөгөөд хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэж түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь буруу байна” гэж дүгнэсэн нь хэт явцуу дүгнэлт болсон хэмээн хариуцагчийн зүгээс үзэж байна.
Хэдий шинжээчийн дүгнэлтээр давхцалтай гэж тодорхойлсон ч гэсэн энэ нь тухайн газрыг эзэмших, ашиглах боломжгүй байсныг нотлохгүй юм.
Ийнхүү анхан шатны шүүхээс дээрх үйл баримтыг судлалгүйгээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Оыг газар эзэмших эрхтэй этгээд гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэмээн хариуцагчийн зүгээс үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 456 дугаар захирамжаар маргаан бүхий Цэргийн хотхон 191 тоот 539 м.кв газрын эзэмших эрхийг Д.Т-аас Д.О-д шилжүүлэн эзэмшүүлж мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.О*ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс уг захирамжийг эс зөвшөөрч “...газар эзэмших эрхээ эдлэх гээд дүүргийн Засаг дарга болон Газрын албанд удаа дараа хандаж байсан. Миний эзэмшлийн Цэргийн хотхоны 191а тоот хашаа болох 539 м.кв газарт Цэргийн хотхоны 200а тоот хашааны Д.Г хашаа хатгасан” хэмээн маргаж, “Баянзүрх дүүргийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 539 м.кв талбайтай, нэгж талбарын 18645313809081 дугаар бүхий газар эзэмших эрхийг сэргээж, эзэмших эрхийн гэрчилгээг олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж, маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... тохиолдолд Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор зааснаас үзвэл, Засаг дарга энэ үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх”-ийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай.
Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “...иргэн Д.О, Д.Г нарт дээрх газрыг ямар нэгэн давхцалгүйгээр эзэмшүүлж, өмчлүүлсэн ба Д.Г нь Д.О-ын эзэмшиж буй газарт хашаа хатгасан нь хууль бус үйлдэл” гэсэн 868 дугаар албан бичиг, шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...1000 м.кв талбайтай ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэгийн “та 1000 м.кв биш 700 м.кв талбайгаар хашаагаа барих ёстой гэдгээ мэдэх үү” гэхэд тэр үедээ мэдээгүй байсан” гэсэн тайлбар болон 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/76 дугаар шинжээчийн “...Д.Г-ын бодит байдал дээр хашаалан амьдарч буй газар нь 1062.18 м.кв талбайтай байна. ... нэгж талбарын 18645313809081 дугаар бүхий 538,95 м.кв талбайтайгаар иргэн Д.О-ын нэр дээр бүртгэгдсэн газрын дийлэнх хэсгийг нь буюу 524,35 м.кв газрыг хашаалан ашиглаж байна” гэсэн дүгнэлт зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бодит байдалд газраа ашиглах боломжгүй байсан үйл баримт,
мөн гуравдагч этгээд Д.Г болон Д.Г-д Нийслэлийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар захирамжаар Цэргийн хотхоны 3 дугаар гудамжны 200 тоотод 700 м.кв газрыг өмчлүүлж, 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжаар газрын өмчлөгчөөс Д.Г-ыг хасч Д.Г-г 700 м.кв газрын өмчлөгчөөр сольж, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтаар Цэргийн хотхоны 3 дугаар гудамжны 200а болгон өөрчилсөн үйл баримтууд тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй, бусад этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас уг эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй нь хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болохгүй бөгөөд энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн “… миний газрыг бүхэлд нь хашсан учраас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон” гэсэн тайлбар үндэслэлтэй, энэхүү нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл хамаарахгүй.
Гэтэл хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх”-ийг нягтлан шалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгчийн дээрх нөхцөл байдлыг бодитоор үнэлэлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн зөрчсөн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Харин анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/96 дугаар захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 456 дугаар захирамж, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0374201 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний үйлчлэл сэргэх байтал үүнийг анхаарч үзэлгүй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 191а тоот хаягт байрлах 539 м.кв талбайтай, нэгж талбарын 18645313809081 дугаар бүхий газрын эзэмших эрхийг сэргээж, эзэмших эрхийн гэрчилгээг олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...намайг анхнаасаа нэхэмжлэгч Д.Оын маргаан үүсгээд байгаа газар дээр амьдарч ирсэн болох гол үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс хуулийг буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Учир нь “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бөгөөд тогтоосон хэмжээнээс илүү хашаалж “бусдын газар дээр амьдарч байсан” үйл баримт нь хуульд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрх үүссэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдах үндэслэл болж чадахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжийн Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул уг Нийслэлийн Засаг даргад холбогдох хэсгийг хянаагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0659 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 191а тоот хаягт байрлах 539 м.кв талбайтай, нэгж талбарын 18645313809081 дугаар бүхий газрын эзэмших эрхийг сэргээж, эзэмших эрхийн гэрчилгээг олгохыг хариуцагчид даалгасугай” гэснийг “... нэхэмжлэгчийн 539 м.кв талбайтай, нэгж талбарын 18645313809081 дугаар бүхий газар эзэмших эрхийг сэргээж, эзэмших эрхийн гэрчилгээг олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ