Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 221/2024/0005/З |
Дугаар | 001/ХТ2024/0081 |
Огноо | 2024-09-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2024/0081
А.Д-ийн нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Засгийн газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар шийдвэртэй хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Е.Н нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/83 дугаар “албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх”, Б/84 дүгээр “улсын ахлах байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх” тухай тушаалуудыг хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, өмнө эрхэлж байсан чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу зохих байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зохих байгууллагад шилжүүлэхийг даалгах, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах,
2.Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч А.Д нь албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа “иргэн Г.Э-ийг ажилд оруулах зорилгоор 2,500,000 төгрөгийн хахууль авсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдаж, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ЦХШЗ/20 дугаар шүүгчийн захирамжаар “Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн А.Д-ийг албан үүргээ биелүүлэхийг болон улсын ахлах байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэн байна.
3.Нэхэмжлэгчээс: “... миний гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ хуульд нийцэх байсан боловч шүүхийн тогтоолоор намайг гэм буруугүй гэж дүгнэсэн учир намайг ажлаас болон ахлах байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр хууль бус, намайг өмнө эрхэлж байсан чиг үүргийн дагуу мэргэжлийн байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулаагүй” гэж,
4.Хариуцагчаас: “... эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хүрээнд гарсан шийдвэрийг үндэслэн албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн учраас хууль зөрчөөгүй, тухайн үед А.Д-д авагдсан хэд хэдэн таслан сэргийлэх арга хэмжээнээс албан үүргээ гүйцэтгэхийг 3 сараар хориглох арга хэмжээг хүчингүй болгосон ч Мэргэжлийн хяналтын байгууллагад очих, гэрч нартай уулзах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байсан тул ажилд томилох боломжгүй байсан, нэхэмжлэгч татан буулгах комисст гомдол ирүүлээгүй” гэж тус тус маргажээ.
5.Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагын зарим хэсэг буюу мэргэжил, мэргэшлийн дагуу шилжүүлэх ажлыг зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих байгууллагад шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож олгохыг даалгаж, мөн хугацаагаар эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/83 болон Б/84 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
5.1.Маргаан бүхий Б/83, Б/84 дүгээр тушаал нь А.Д-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар авсан таслан сэргийлэх арга хэмжээ үйлчлэх хугацаанд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүгээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн байх тул хууль бус гэж үзэх боломжгүй юм.
5.2.А.Д-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Г болон Б.Б нарт “...хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэх” тухай хүсэлтээ гаргаж байсан бөгөөд уг хүсэлтийг огт шийдвэрлээгүй орхигдуулсан болох нь тогтоогдож байна.
5.3.А.Д-ийг өмнөх эрхэлж байсан чиг үүргийн дагуу мэргэжлийн байгууллагад шилжүүлэн ажиллуулах ёстой байтал ажлаас болон байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэн тушаалыг өөрчлөөгүй өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажил олгогчоос ажил албан тушаалд томилохгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байна.
5.4.Засгийн газар нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар цагаатгах тогтоол гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон байхад А.Д-ийн хөдөлмөрлөх эрхийг сэргээж чиг үүрэг нь шилжсэн байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, уг үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээж шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй гэжээ.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:
6.1.Б/83, Б/84 дүгээр дугаар тушаалууд нь өнөөдрийг хүртэл хууль бусаар хэрэгжсээр байна. Гэм буруу нь нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогдоно. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гарснаар албан тушаалаас түдгэлзүүлсэн ажиллагаанууд нь хууль бусад тооцогдсон болно.
6.2.Эдгээр тушаал хүчин төгөлдөр байхаар нэхэмжлэгчийн хувьд ажилласан хугацаа тасалдах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгдэхгүй байх зэрэг сөрөг үр дагавартай гэжээ.
7.Хариуцагчаас давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй, мөн хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдолд бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
8.Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч ажилгүй байсан хугацааны цалинг буруу тооцсон байх тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
9.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах, цалин хөлс авах, төрийн албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдах эрх зөрчигдсөн байна.
11.Нэхэмжлэгчийн тухайд, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа, эрүүгийн хэрэгт шалгагдаж, улмаар Завхан аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны 23 дугаар цагаатгах тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр А.Д-ийг цагаатгасан тул түүнийг урьд эрхэлж байсан Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалын чиг үүрэгтэй мэргэжил, мэргэшлийн хувьд адилтгах албан тушаалд томилох, ажлын байраар хангах үүргээ хариуцагч биелүүлээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн “... цагаатгах тогтоол гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон байхад А.Д-ийн хөдөлмөрлөх эрхийг сэргээж, чиг үүрэг нь шилжсэн байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх дүгнэлт зөв болжээ.
12.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/83 дугаар “албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх”, Б/84 дүгээр “улсын ахлах байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх” тухай тушаалууд шүүхийн цагаатгах тогтоол гарснаар хууль бусад тооцогдоно” гэх гомдлын тухайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын “албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх” тухай тушаал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шүүгчийн захирамжийг үндэслэж, таслан сэргийлэх арга хэмжээг биелүүлэх хүрээнд гарсан тул илэрхий алдаатай, хууль буруу хэрэглэсэн тушаал гэж үзэхгүй, иймээс дээрх гомдлыг хангах үндэслэлгүй.
13.Харин эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр маргааны үйл баримтыг эцэслэн тогтоож, нэхэмжлэгчийг “гэмт хэрэг үйлдээгүй” гэж үзсэн тул хариуцагчаас уг тушаалын эрх зүйн үр дагаврыг арилгах үүрэгтэй байсан, тухайлбал, төрийн албанд ажилласан хугацаа тасалдахгүй байх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бичилтийн асуудлаар нэхэмжлэгчид сөрөг үр дагавар үүсэхгүй, нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар тасалдсан цаг хугацааны үр дагаврыг нөхөн сэргээх нь үүрэгтэй.
14.Давж заалдах шатны шүүхээс “2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож олгохыг даалгаж” шийдвэрлэсэн нь буруу, “албан үүргээ биелүүлэхийг хязгаарлах” шүүгчийн захирамж хүчингүй болсон цаг хугацаанаас эхлэн тооцох байсан тул шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
15.Завхан аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр магадлалаар “... албан үүргээ биелүүлэхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хугацаа заалгүйгээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн, тодорхойгүйн улмаас биелэгдэх боломжгүй, эрх зүйн байдлыг дордуулсан” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн “албан үүргээ биелүүлэхийг хязгаарлах” гэснийг хасч шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрх нээгдсэн байхад тухайн үеийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас холбогдох шийдвэрийг гаргаагүйгээс нэхэмжлэгч албан үүргээ гүйцэтгэж, цалин хөлс авч чадаагүй хохирсон байх тул ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тооцно.
16.Иймээс шүүхийн шийдвэрт цалин хөлстэй холбоотой өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс” гэснийг “2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс” гэж өөрчилсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ