Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 40

 

У.Гын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай   

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 137/ШШ2016/00212 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Од холбогдох

Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгуулж, гэрээний урьдчилгаа 27135900 төгрөг, гэрээ биелүүлээгүйгээс үүссэн алданги 4522650 төгрөг, нийт 31658550 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч У.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015.06.25-ны өдөр иргэн Э.Отэй орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан юм. Э.О нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах ***айлын орон сууцны барилгыг 2015 оны 11 сарын 30-ны өдөр ашиглалтанд өгөх, би 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байрны захиалгын урьдчилгаа төлбөр 30 хувь болох 27 135 900 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм. Миний бие нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2015 оны 6 сарын 25-ны өдөр биелүүлсэн бөгөөд Э.Оийн *** банкны *** дугаар дансанд шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Э.О байраа огт бариагүй бөгөөд удаа дараа шаардахад чи чаддаг юм бол шүүхээрээ шийдүүл гэж дарамталж иргэн намайг хохироож байна.

 Гэрээгээр байрыг 2015.11.30-ны өдөр ашиглалтанд өгөх ёстой байсан бөгөөд уг  өдөр би үлдсэн мөнгө төлөх ёстой байсан юм. Гэтэл ашиглалтанд өгөх хугацаа 7 сараар хэтэрч байраа огт барихгүй байгаа нь анхнаасаа хуурч мэхэлж мөнгө авсан байдал нь харагдаж байна. Бидний байгуулсан гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр байгаа. иймд 2015.06.25-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгуулж, гэрээний урьдчилгаа үнэ 27 135 900 төгрөг, гэрээ биелүүлээгүйгээс үүссэн алданги 4 522 650  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.    

Хариуцагч Э.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015.06.20-ны өдөр *** ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан “***” 22 айлын орон сууцны барилга бариулахаар тохирсон ба энэхүү гэрээг үндэслэн У.Гтай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан болно. Гэтэл *** ХХК нь барилгын суурийн ажлыг хийгээд эдийн засгийн хямралаас шалтгаалан санхүүжилтгүйн улмаас барилгын ажлыг гүйцэд хийгээгүй юм. Одоо бид уг барилгын ажлыг өөр компаниар гүйцэтгүүлэхээр хэлэлцээр хийж байгаа бөгөөд э нэ талаар нэхэмжлэгч У.Гд танилцуулж мэдэгдсэн болно. Хэдийгээр гэрээний хугацаа өнгөрсөн боловч энэ шалтгаанаар гэрээ цуцална гэж гэрээнд заагаагүй. мөн гэрээ цуцлах хуульд заасан нөхцөл бүрдээгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015.06.25-ны өдөр иргэн Э.Отэй орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан юм. Э.О нь Дорноговь аймгийн Замын Үүд сумын 1 дүгээр багт байрлах ***айлын орон сууцны барилгыг 2015.11.30-ны өдөр ашиглалтанд өгөхөөр, У.Г нь 2015.06.25-ны өдөр байрны захиалгын урьдчилгаа төлбөр 30 хувь болох 27135900 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. У.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2015.06.25-ны өдөр биелүүлсэн бөгөөд Э.Оийн *** банкны *** дугаар дансанд 30 хувь болох 27135900 төгрөгийг шилжүүлсэн боловч гэрээнд заасан хугацаанд байрыг ашиглалтанд өгөөгүй байна. У.Г, Э.О нарын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзээд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээг цуцалж, байрны урьдчилгаанд төлсөн 27135900 төгрөг болоод үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алданги 4522650 төгрөг, нийт 31658550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, хариуцагч Э.Оэс гэрээний урьдчилгаа 27135900 төгрөг, алданги 4522650 төгрөг, нийт 31658550 төгрөгийг гаргуулж У.Гд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх уулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 380941 төгрөгний 316243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 64698 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Оэс улсын тэмдэгтийн хураамжинд 316243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Гд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж,

Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэрээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Э.О нь ТХХК-тай 2015.05.20-ны өдрийн 15/01/08 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан үндсэн дээр У.Гтай 2015.06.25-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Иргэн Э.Оэс санаачлан гаргасан Дорноговь аймгийн Замын Үүд сумын нутагт баригдах ***айлын орон сууцны барилгын ажлыг батлагдсан зураг, гэрээнд тохиролцсон өртгийн дагуу гүйцэтгэх үүргийг ТХХК нь хүлээхээр тохиролцсон байсан бөгөөд гэрээнд заасан үүргийн дагуу Э.Оэс төлбөр мөнгийг бүрэн шилжүүлсэн байдаг. Энэ үндсэн дээр тухайн барилгын суурь цутгалтын алыг гэрээний хугацаанд ТХХК-иас хийж гүйцэтгэсэн, энэ дараагаар тодорхой бус шалтгаанаар барилгын ажил удааширсан. Энэ шатанд Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан талуудад мэдэгдэж гэрээний хугацааг сунгах талаар мэдэгдэж байсны үндсэн дээр өнөөдрийг хүртэлх хугацаанд маргаан гараагүй. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн дараагаар хариу тайлбар болон гаргаж буй хариу тайлбарыг нотлох үүргийг хүлээж нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, хууль зүйн туслалцаа авах боломжийг олгож хугацааг өгөхийг хүссэн.

 Гомдол гаргах гол үндэслэл нь өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, шүүх хуралдааныг 11 цагт товлосон байсан. Намайг итгэмжлэл хийгээд ир гэхээр нь нотариат дээр очоод итгэмжлэл хийлгэх гээд шүүх хуралдааны цагаас 10 минут хоцроод ирэхэд шүүх хуралдаан тараад гарч ирж байсан. Надад 5 дах өдөр нь шүүх хуралдааны товыг мэдэгдээд 1 дэх өдөр нь хуралдааныг хийсэн. Энэ хугацаанд бид нар материалаа цуглуулах, өмгөөлөгч авах, нотлох баримтаа цуглуулах талаар ямар ч хугацаа өгөөгүй.  

Э.О, У.Г нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний 5.1-д зааснаар “...нийт алдангийн хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан. Бид бол нэхэмжлээд байгаа 27 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний 5.1-т нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй гэж заасан. Гын бодсоноор 4522000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа, харин миний бодсоноор 1356795 төгрөгийн алданги төлөхөөр байгаа.  Дээрх байдлыг харгалзан үзэж хариуцагч талд ИХШХТШХуулийн дагуу өмгөөлөгч авах, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх эрхийг хангалгүйгээр хэт нэг талыг барин нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 137/ШШ2016/00212 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нотлох баримтыг бүрдүүлсэн үндсэн дээр талуудыг мэтгэлцэх боломжоор ханган, хариуцагчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулан шүүх хурлыг хийж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч У.Г нь хариуцагч Э.Од холбогдуулан орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах, гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 27135900 төгрөг, алданги 4522650 төгрөг, нийт 31658550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээнд үндэслэжээ.

Хариуцагч Э.О нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээний хугацаа өнгөрсөн нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй, гэрээг цуцлах хуульд заасан нөхцөл бүрдээгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Э.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Гомдлыг үндэслэн хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь анхан шатны шүүх хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “эсрэг талын шаардлага тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, 25.1.2-т заасан “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрх”-ийг тус тус хангаагүй гэж үзэхээр байна.

Тодруулбал анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гардуулж /хх-16/, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр буюу 7 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэхийг үүрэг болгож, улмаар 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж /хх-19/ гаргаж, шүүх хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хийхээр товлосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 76 дугаар зүйлийн 76.1.2-т  тус тус нийцээгүй болно.

Учир нь хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах хуульд заасан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасан 14 хоногийн хугацаа хэтрээгүй, хэрэг хянан шийдвэрлэх нийт хугацаа болоогүй нөхцөлд хариуцагчаас хариу тайлбар гаргах хугацааг шүүх богиносгож тогтоох үндэслэлгүй бөгөөд хариуцагчид хариу тайлбар гаргах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанаас бага хугацаа тогтоосон нь  хариуцагчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ.

Түүнчлэн хэрэг хянан шийдэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нэг нөхцөл нь хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангах явдал бөгөөд шүүхийн мэдэгдэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хүргүүлэхдээ хэргийн оролцогчдод шүүх хуралдаанд биечлэн ирж оролцох боломжтой хугацааны өмнө мэдэгдэх үүргийг шүүх хүлээх юм.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчдод хуралдааны товыг шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө мэдэгдсэн нь хариуцагчийн шүүх хуралдаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эрхээ эдлэх боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэл болох ба энэ талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.3.1, 4.3.3-д  заасан  шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 5-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлэх, шүүх хуралдааны зарыг “Шүүхийн шийдвэрийн цахим сан” болон “Шүүхийн мэдээллийн самбар”-т шүүх хуралдаанаас 7 хоногийн өмнө байршуулахаар заасан хугацааг шүүх баримтлаагүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тын давж заалдсан гомдол үндэслэлтэй тул гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.