| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 182/2024/03352/И |
| Дугаар | 210/МА2025/00137 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00137
2025 01 17 210/МА2025/00137
*******ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04374 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ********т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгчийн дарга Н.Солоно нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие ******* нь Хан-Уул дүүргийн *******ийн даргын албан тушаалд 2018 оны 02 сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсан.
Гэтэл *******ын дарга ******* 2024 оны 03 сарын 12-ны өдөр Б/49 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг тушаалын 1 дэх хэсэгт намайг ...Эрүүл мэндийн газрын даргын удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай тохиолдолд мэдээ, мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, удирдлагын зүгээс ажил үүрэгтэй н холбоотой чиглэл өгөх зорилгоор удаа дараа дуудахад хүрэлцэн ирээгүй хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан зөрчлүүдийг удаа дараа гаргасан... гэжээ. Миний бие ажиллах хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомж болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд үүрэгт ажлаа чин үнэнчээр, тасралтгүй гүйцэтгэж ирсэн.
Хан-Уул дүүргийн ******* нь үйл ажиллагаандаа *******ын даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/46 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөн ажилладаг. Тус журмын 18.3-т ...Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т заасан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ хэмээн заасан байдаг. Мөн тус журамд Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан байдаг атал надад ямар нэг сахилгын шийтгэл оногдуулах талаар огт мэдэгдэж байгаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт биелүүлээгүй болно.
Иймд ******* намайг Хан-Уул дүүргийн *******ийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Иргэн ******* нь 2018 оноос хойш ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн *******ийн үйл ажиллагааг үр, бүтээлтэй сайжруулсан зүйлгүй. Албан тушаалаас нь чөлөөлөх болсон шалтгаан нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүднээс *******ын Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга ********, Байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ******** нар албан үүрэг, байгууллагын дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалт болон Хан-Уул дүүргийн *******ийн албан хаагчаас ирсэн гомдол мэдээллийн дагуу холбогдох тайлбар авах гэж ярьсан боловч удахгүй очно гэх мэтээр газар дээр хүрэлцэн ирээгүй, мессеж бичин удаа дараа залгасан боловч хариу өгөөгүй. Хан-Уул дүүргийн *******ийн хүний нөөцийн тогтворгүй, ажпын байрны дарамт үүсгэж байгаад мөн тайлбар авах зорилгоор газар дээр хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн боловч санаатайгаар хүрэлцэн ирээгүйд ажпын хариуцлага, хууль журмаар хүлээсэн үүргээ эс биелүүлж байгаад хариуцлага тооцож албан үүргээс нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг Хан-Уул дүүргийн *******ийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч *******аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 11,927,727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжпэгч *******ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ********т даалгаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс *******ын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин уг тушаал гарсантай холбоотойгоор Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар нэхэмжлэл гаргаж маргасан байдаг.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг албанаас халахдаа ... удирдпагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, дээд шатны байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэдэг, доод албан тушаалтнуудтай зүй бусаар харьцдаг, давхар ажил эрхэлдэг болон Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг илтэд ноцтойгоор зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан байдаг юм.
Гэтэл анхан шатны шүүх бидний гаргасан Б/49 дугаар тушаалын гол үндэслэлийг ойлголгүй, хэргийн үйл баримтыг буруу тодорхойлж нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Б/49 дугаартай тушаалтай маргаагүй, зөвхөн ажилд эгүүлэн тогтоолгох, түүнтэй холбоотой цалин хөлс болон холбогдох бичилт хийлгэхийг хүссэн. Хариуцагчийн зүгээс нэгэнт нэхэмжлэгчээс Б/49 дугаар тушаалтай холбоотойгоор аливаа нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Хэрэв нэхэмжлэгч талаас хариуцагчаас гаргасан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дугаартай тушаалтай маргаж байгаа тохиолдолд хуульд заасны дагуу бидний зүгээс холбогдох баримтуудыг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй бөгөөд зарим хэсэг үндэслэлийн талаар Авлигатай тэмцэх газраас авах бүрэн бололцоотой юм.
Хариуцагчийн зүгээс *******ийг дээд шатны байгууллагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль заасны дагуу шууд худалдан авалт хийж, өөртөө давуу байдал бий болгодог гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй холбоотойгоор мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаж байхад маргаагүй мэтээр анхан шат дүгнэсэнд гомдолтой байна.
Мөн тухайн Б/49 дугаар тушаалыг иргэний хэргийн шүүхээс аливаа байдлаар хүчингүй болгоогүй, уг тушаалын хэрэгжилт энэхүү шүүхийн шийдвэрээр үргэлжлэх эсэх нь тодорхойгүй, мөн уг тушаалыг захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр тул иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжтой байсан эсэхэд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тайлбар гаргаж өгнө үү.
*******ын даргын Б/49 дугаар тушаал хүчин төгөлдөр, түүнтэй холбоотой нотлох баримтыг хариуцагч талаас өгөх боломжтой эсэхийг нэхэмжлэгч талаас нотлох баримт шаардах хүсэлт гаргаагүй, харин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.
Хэрэв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардпага-тай холбоотойгоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй Б/49 дугаартай тушаалыг хүчингүй болгох эсхүл, түүнтэй холбоотой тайлбар гаргаж байгаа тохиолдолд, тушаалтай холбоотой баримтуудыг хариуцагчаас гаргуулах боломжтой гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг анхан шатны шүүх хэрэгжүүлэх боломжтой байсан гэж харж байна.
Иймд нэхэмжлэгч *******ийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч *******ийг Хан-Уул дүүргийн *******ийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 11,927,727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгуулах, нэхэмжпэгч *******ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ********т даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигч маргааны талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан давж заалдах шатны шүүх хуралдаанд ирүүлжээ.
4. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүргийн *******ийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******** нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,927,727 төгрөгийг Хаан банк дахь *******ийн эзэмшлийн ******* тоот дансанд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор шилжүүлэх, түүний 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, батлгаажуулалт хийхээр тус тус харилцан тохиролцжээ.
5. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээний нөхцөл нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч *******, хариуцагч *******ын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04374 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүргийн *******ийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******** нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,927,727 төгрөгийг Хаан банк дахь *******ийн эзэмшлийн ******* тоот дансанд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор шилжүүлэх, түүний 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхээр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ