Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 415

 

Э

   2019        05         20                                  2019/ШЦТ/415

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,   

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Т/шүүгдэгч нь өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Ж.Тт холбогдох эрүүгийн 1911011110488 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ж.Т, 1967 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Феско ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2 дугаар гудамжны 171 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ШЕ67031571.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ж.Тнь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2 дугаар гудамжны 171 тоотод иргэн Ч.Эрдэнэбилэгтэй маргалдаж түүний нуруун тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Тнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ч.Эрдэнэбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би гэртээ байж байхад манай урд талын хашаанд амьдардаг ах болох Ж.Тминий утас руу залгаад “манай гэрт ороод ир” гэхээр нь ууж байгаад үлдсэн 0.5 литрийн шилтэй архинаас үлдсэн байсныг аваад гэрт нь орж хувааж уусан. ...архиа ууж дуусгаад гэртээ ороод хэсэг хугацааны дараа Ж.Тахын гэрлүү нь буцаад орсон чинь Төмөрөө ахын эхнэр нь гэртээ ирчихсэн хоол хийчихсэн, Төмөрөө ах гэрийн баруун доод хэсэгт ширээний булан орчим сандал дээр цаашаа хараад сууж байсан. Тэгээд над руу эргэж харахад нь гарт нь хутга харагдахаар нь би тоглоомоор “намайг хутгалах нь уу” гэсэн чинь “тэгнэ” гээд надруу хатгах гээд байх шиг болохоор нь би гараас нь хутгыг нь булааж авах санаатай бариад авсан чинь Төмөрбаатар эсэргүүцэж бид хоёр ноцолдсон. Тэгээд гэрийн баруун талын орон дээр хамтдаа унаад хэд хэдэн удаа дээр доороо ороод өнхөрсөн. Тэр үед Төмөрбаатарын гарт байсан хутга миний хамрын орчим хүрэх шиг болоод хамраас цус гарсан. ...Алтанцэцэг надад тусалж Төмөрбаатарын гараас хутгыг нь зууралдаж байгаад аваад цаашаа шидсэн. ...Алтанцэцэг цагдаа дуудлаа гээд гараад явсны дараа би Төмөрбаатарын дээрээс бууж хамтдаа гэрээс нь гарсан. ...тэгэхэд Пүрэвдорж ирээд хамтдаа манай хашаа руу явж байтал миний өгзөгний орчим халуу дүүгээд нойтон оргиод байхаар нь Пүрэвдоржоор харуулсан чинь цус гарч байсан...”, “...уг дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг Төмөрбаатар ах гартаа хутга бариад надтай ноцолдож байхдаа миний биед хөнгөн гэмтэл учруулсан...", “...Төмөрөө ах нэлээн согтуу байсан. Тоглоом хийж ганц үг хэлсэн чинь уурлаад байхаар нь би хутгыг нь булааж авах гэж байгаад санаандгүй ийм зүйл болсон гэж бодож байна. Бид хоёр хамт ойр дотно байдаг болохоор намайг санаатай хутгалсан гэж бодохгүй байна...” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Гэрч Ц.Алтанцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би гэртээ орж ирээд 30 минут унтаж байтал Төмөрөө намайг сэрээж хоол идмээр байна гэхээр нь би хонины өвчүү чанаад Төмөрөөд өгсөн Төмөрбаатар гэрийн баруун урд буланд ширээний өнцөгт суугаад идэж байтал гаднаас Билэгээ гэх байнга манай нөхөртэй архи уугаад байдаг хойд айлын залуу орж ирсэн. Орж ирэнгүүтээ Төмөрөөд хандан “Чи хутга барьчихсан байгаа юм уу” намайг шаахна уу” гэсэн чинь Төмөрбаатар хутгаараа мөрөн дээгүүрээ давуулан ардаа байсан Билэгээ рүү нэг удаа чичсэн тэр үед Билэгээгийн биед хутга нь хүрээгүй. Гэтэл араас нь Билэгээ хутгатай гараас нь зууралдаад “наад хутгаа хая” гэхэд Төмөрөө босож ирээд тэр хоёр хоорондоо зууралдан ноцолдож байгаад хамтдаа гэрийн баруун талын орон дээр унаад өнхөрч бие биеэ мөргөөд байсан. Тэгээд орон дээр Төмөрбаатарыг Эрдэнэбилэг доороо хийж хоолой дээр нь нэг гараараа дараад нөгөө гараараа Төмөрбаатарын хутга барьсан гарыг дарчихсан байх үед би Төмөрбаатарын баруун гараас хутгыг нь зууралдаж байж булааж аваад гэрийн зүүн хаяанд байх цахилгаан зуухны доор хийсэн. Тэр үед Билэгээ над руу харсан чинь түүний хамар орчим газраас цус гарч байсан. Тэгээд би цагдаа дуудахаар гарсан бөгөөд утас цэнэггүй байсан болохоор урд айл руу очиж утсаар цагдаа дуудахаар явж байтал замд Пүрэвдорж гэх залуу гудамжинд таарсан тэгээд би Пүрэвдоржийг дагуулан буцаж хашаандаа орсон. ...Билэгээгийн хамар болон нуруу орчимдоо хутгалуулсан гэж байсан тэгэхээр нь түүнд цагдаа дууд гэж хэлээд ажилдаа явсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/,

Гэрч Б.Пүрэвдорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...танил ах Сокогийн гэр рүү орох гээд явж байхад миний урдаас Төмөрөө ахын эхнэр Алтай эгч гүйж ирээд хөөе хөөе энд хоёр хүн биенийгээ аллаа гээд орилоод намайг эхлээд таниагүй юм. Тэгээд би гүйгээд очиход эхнэр Алтай намайг таниад нөгөө Төмөрөө ах чинь манай ард талын Билэгээтэй алалцах гээд байна гэж хэлэхээр нь хашаан дотор нь ороход гэрийнхээ гадна, зүүн талд зогсож байсан, Билэгээ цаашаа хашааны онгорхой байх хэсгээр гэрийн зүгтээ алхаж байсан тэгсэн чинь Алтай эгч Билэгээ рүү хурдан оч хамрыг нь зүссэн байж магадгүй хараадах гэж хэлсэн. Тэгээд би Билэгээгийн араас гүйгээд гэр рүү нь явж очиход хамрынх нь хажууд зүсэгдсэн байдалтай түүнээс нь цус гарч байсан, тэгээд гэрийнхээ түлхүүрийг халааснаас ав гэж хэлэхээр нь түлхүүрийг нь авч өгөөд гэрийг нь онгойлгоод хамрыг нь усаар угаахад зүсэгдсэн байсан. ..” гэх мэдүүлэг /хх 25-26/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4350 дугаар дүгнэлт:

“...1. Ч.Эрдэнэбилэгийн биед өгзөг хатгагдсан шарх, хамарт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх 31/

Шүүгдэгч Ж.Тнь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...гэрийн баруун талд суугаад мах идэж байтал гаднаас Эрдэнэбилэг орж ирээд намайг хэл амаар доромжлоод өдөөд байхаар нь дургүй хүрээд барьсан хутгаараа айлгах санаатай босоод Эрдэнэбилэгтэй зууралдсан. ...Эрдэнэбилэг миний дээрээс босох үед түүний хамрын дээд хэсгээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 38-39/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Тнь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2 дугаар гудамжны 171 тоотод иргэн Ч.Эрдэнэбилэгтэй маргалдаж түүний нуруун тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Эрдэнэбилэгийн “...Ж.Тах гартаа хутга бариад надтай ноцолдож байхдаа миний биед хөнгөн гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх 17-18/, гэрч Ц.Алтанцэцэгийн “...Билэгээ над руу харсан чинь түүний хамар орчим газраас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/, гэрч Б.Пүрэвдоржийн “...Тэгээд би гүйгээд очиход эхнэр Алтай намайг таниад нөгөө Төмөрөө ах чинь манай ард талын Билэгээтэй алалцах гээд байна гэж хэлэхээр нь хашаан дотор нь ороход гэрийнхээ гадна, зүүн талд зогсож байсан, Билэгээ цаашаа хашааны онгорхой байх хэсгээр гэрийн зүгтээ алхаж байсан тэгсэн чинь Алтай эгч Билэгээ рүү хурдан оч хамрыг нь зүссэн байж магадгүй хараадах гэж хэлсэн. Тэгээд би Билэгээгийн араас гүйгээд гэр рүү нь явж очиход хамрынх нь хажууд зүсэгдсэн байдалтай түүнээс нь цус гарч байсан, тэгээд гэрийнхээ түлхүүрийг халааснаас ав гэж хэлэхээр нь түлхүүрийг нь авч өгөөд гэрийг нь онгойлгоод хамрыг нь усаар угаахад зүсэгдсэн байсан. ..” гэх мэдүүлэг /хх 25-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4350 дугаар дүгнэлт /хх 31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Ж.Төмөрбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500/таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийтгэв. Ингэхдээ улсын яллагчийн гаргасан санал болон түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан баримт зэргийг харгалзав.

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Ж.Тнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан 25.5 см урттай, ажлын хэсгийн урт нь 14.5 см, шар эрээн өнгийн бариултай 1 ширхэг хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон бүтээлгнээс хайчилж авсан хэсгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгахаар шийдвэрлэснийг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ж.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Төмөрбаатарт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25.5 см урттай, ажлын хэсгийн урт нь 14.5 см, шар эрээн өнгийн бариултай 1 ширхэг хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон бүтээлгээс хайчилж авсан хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Төмөрбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН