Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 3896

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/03896

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 45-р байрны 88 тоотод оршин суух, Улаан дэл ХХК-ний захирал ажилтай, регистр ЧК50082516, Харчу овогт Цэрэндуламын Машбатын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 5-9 тоотод оршин суух, Хонгонк ресторанд бэлтгэгч ажилтай, регистр СЮ74104101, Харуул овогт Цэгмэдийн Батчимэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 750 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Машбат, хариуцагч Ц.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн  нар оролцов.

 

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Машбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Батчимэгийн хүсэлтээр 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Батчимэгийн хүсэлтээр зээлийн гэрээг 2016 оны 4-р сарын 11-ний өдөр хүртэл сар бүр хүү 8 хувь, алдангийг 0,5 хувиар тооцсон. Манай гэр бүлийн хүний биеийн байдал тааруу байсан тул би Америк улс руу эмчилгээ хийлгүүлэхээр явсан. Намайг явснаас хойш ямар ч мөнгө өгөөгүй юм. Иймд Ц.Батчимэгээс 2015 оны 11-р сарын 11-нээс 2016 оны 4-р сарын 13-ныг хүртэлх хугацааны үү 1 000 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, үндсэн зээл 2 500 000 төгрөг нийт 4 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч : Миний бие зээлийн гэрээ байгуулж зээл авсан нь үнэн. Гэрээний сунгалт хийсэн боловч дахин сунгаагүй. 2 500 000 төгрөг авч 2015 оны 11 дүгээр сар хүртэл сар бүр 200 000 төгрөг төлдөг байсан. Надаас алдангийг 1 хувиар тооцож авдаг байсан. Нөхөр ажилгүй, би ганцаараа ажил хийдэг тул төлөх боломжгүй. Миний бие үндсэн мөнгө 2 500 000 төгрөгийг төлөх саналтай байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                               

  

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Машбат нь Ц.Батчимэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 750 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 423 900 төгрөгийг хангаж, бусад хэсэг болох 1 326 100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Ц.Машбат нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ц.Батчимэгтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 2 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, улсын бүртгэлийн Г-2201023423 дугаарт бүртгэгдсэн Сонгинохйархан дүүргийн 23-р хороо, Хангайн 5-9 тоот 424 м.кв газрыг барьцаалан зээлүүлэхээр тохирчээ. Талууд харилцан тохирч 2015 оны 09-р сарын 10-ны өдөр “Гэрээ сунгах тухай” хэлцэл хийж 2016 оны 4-р сарын 11-ний өдрийг хүртэл сунгасан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ” байгуулагдсан /хх 5-7/ байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Харин зээлдүүлэгч нь 2015 оны 6-р сарын 12-ны өдөр Ц.Батчимэгт эхний сарын хүү 200 000 төгрөгийг хасч 2 300 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь талуудын тайлбар, мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар /хх 10/ тогтоогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл, зээлдэгч Ц.Батчимэг нь шилжүүлэн авсан 2 300 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй бөгөөд 2015 оны 6-р сарын 11-нээс 2016 оны 4-р сарын 11-нийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 2 300 000 төгрөг, 10 сарын 8 хувийн хүү 1 840 000 төгрөг нийт 4 140 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ. 

Үүнээс, Ц.Батчимэг нь 2015 оны 7-р сарын 19-нд 300 000 төгрөг, 2015 оны 8-р сарын 14-нд 50 000 төгрөг, 2015 оны 9-р сарын 11-нд 200 000 төгрөг, 2015 оны 10-р сарын 11-нд 200 000 төгрөг нийт 750 000 төгрөгийг төлсөн /хх 10/ байх ба түүний гүйцэтгээгүй үүрэг 3 390 000 төгрөг байна. 

 

Гэрээний 3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх ба гэрээний хугацаа 2016 оны 04-р сарын 11-ний өдөр дуусчээ. Нэхэмжлэгч нь 2016 оны 4-р сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул 3 390 000 төгрөгнөөс 2 өдрийн алданги 33 900 төгрөг тооцож, түүний гүйцэтгээгүй үүргийг нийт 3 423 900 төгрөг  төлөх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас “2 500 000 төгрөгийг төлнө, надаас алданги гэж илүү мөнгө авч байсан” гэж тайлбарладаг боловч хүлээлгэн өгсөн мөнгөний баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цэгмэдийн Батчимэгээс 3 423 900 /гурван сая дөрвөн зуун хорин гурван мянга есөн зуу/ төгрөг гаргуулж Цэрэндуламын Машбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 326 100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ц.Батчимэгээс 69 732 /жаран есөн мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА