Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/00172

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/04668 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ********д холбогдох,

 

Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: *******тай 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 69/18 дугаартай Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах тухай гэрээг 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан. Уг гэрээгээр ******* ХХК нь Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, З.Галданбошигтын гудамж, Шинэчлэл хороолол, ******* тоот хаягт байрлах 62,7 м.кв талбай бүхий орон сууц хөлслөх болзол биелүүлснээр ирээдүйд худалдахаар харилцан тохиролцсон. ******* нь 2020 оноос хойш орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөөгүй, гадаад улсад байгаа гэсэн тайлбарыг ар гэрээс нь өгдөг. Гэрээний ерөнхий хугацаа нэгэнт дууссан тул *******тай байгуулсан гэрээг цуцалсан. Одоо *******д хүлээлгэн өгсөн дээрх орон сууцанд ******** амьдарч байгаа. Нэгэнт *******тай байгуулсан гэрээ цуцлагдсан тул орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Э.Галданбошигтын гудамж, Шинэчлэл хороолол, ******* тоот хаягт байрлах 62,7 м.кв талбайтай орон сууцыг ********гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие ******** нь Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Э.Галданбошигтын гудамж, Шинэчлэл хороолол, ******* тоот хаягт ач хүү *******ийн хамт амьдарч байгаа. Тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нь бэр ******* байсан тул түүний нэрээр ******* ХХК-тай гэрээ байгуулсан. Хүү ******* маань орон сууцын төлбөрийг төлж байсан. Одоо *******, ******* нар салж, тусдаа амьдарч байгаа бөгөөд би ач хүүгээ сургуульд нь хүргэж, харж, халамжилдаг ба орон сууцын ашиглалтын зардлыг өнөөдрийг хүртэл төлөөд явж байгаа. Над дээр нэхэмжлэх ирэх үед ******* ХХК дээр очиж уулзахад намайг гэрээ хийсэн хүн биш, *******гаа олж ирээрэй гэж хэлсэн. Ингээд *******г хүрч ирэхэд нь компани дээр хамт, очиж уулзаж гурвалсан гэрээ хийсэн. Би компанийн захиралтай уулзаж, үлдэгдэл 54,800,000 төгрөгийг төлөөд уг орон сууцыг авах санал тавьсан боловч зөвшөөрөөгүй. Миний бие үлдэгдэл төлбөрийг төлөөд хүүтэйгээ хамт байрандаа амьдрахыг хүсэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 10 хороо, Э.Галданбошигтын гудамж, Шинэчлэл хороолол, ******* тоот хаягт байрлах, 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч ********гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан гаргуулж ******* ХХК-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэлдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг тайлбарлаж, энэ зохицуулалтаар эд хөрөнгөө шаардах өмчлөгчийн эрх нөгөө этгээд түүний өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж байгаа нөхцөлд хангагдах учиртай гэжээ. Гэвч хэргийн бодит байдалд ******** нь маргаан бүхий орон сууцыг анх ашиглалтанд орсон цагаас ******* ХХК-тай гэрээ байгуулсан бэр *******, хүү, ач хүү нарын хамт амьдарч байсан. Гэвч гэрээ байгуулсан бэр ******* нь гэрлэлтээ дуусгавар болгосны улмаас ********тэй харилцаа холбоогоо тасалж, гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаа эсэх талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй тодорхой хугацаанд харилцахгүй болсон. ******** нь 2023 онд мэдэгдэл хүлээн авсан цагаас эхлэн гэрээг өөрийн нэр дээр шилжүүлж, түрээсийн төлбөрийг өөрөө үргэжлүүлэн төлөхийг ******* ХХК-иас хүссэн боловч компаниас заавал *******г олж ир гэж шаардаж байсан учир *******г олох хүртэл тодорхойгүй байдал үүссэнээс орон сууцны төлбөр төлөгдөөгүй. Түүнчлэн ******* ХХК нь байрны төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрх байсан боловч гэрээний хугацаа дуусахыг хүлээж, хугацаа дуусснаас хойш ********д мэдэгдэх хуудас хүргүүлж байсан нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, нотлох баримтаар тогтоогдож байгаа юм. Энэ байдлаар анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон шийдвэр гаргасан. Хариуцагчийн зүгээс тухайн байрны хууль ёсны эзэмшигч, өмчлөгч гэдгээ нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд хууль ёсны эзэмшигч гэдэг нь тогтоогдоогүй учраас хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Хариуцагч ******** тухайн орон сууцыг 2020 оноос хойш 5 дахь жилдээ үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглаж байгаа нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. ******* ХХК-ийн хувьд орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ болон орон сууц барьж ашиглалтад оруулсан улсын комиссын акт зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ********д холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 10 хороо, Э.Галданбошигтын гудамж, Шинэчлэл хороолол, ******* тоот хаягт байрлах, 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дуусгавар болж гэрээг цуцалсан. Хариуцагч ******** манай өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна гэх агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзахдаа тус орон сууцанд 2019 оноос хойш амьдарч байгаа, үнийг төлөөд худалдаж авах хүсэлттэй байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэн *******тай 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн өмчлөлийн ******* орон сууцыг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 60 сарын хугацаанд *******д хөлслөх, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж болзлыг хангасан тохиолдолд төлбөрийг орон сууцны үнийн дүнд оролцуулан тооцохоор, мөн орон сууцны үнийг 94,050,000 төгрөг, сарын төлбөрийг 1,567,500 төгрөг байхаар тус тус тохиролцсон байна. /хх-5-11/

 

******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2021 оны 10 дугаар сараас хойш төлбөр төлөөгүй, улмаар гэрээний хугацаа дууссан ба нэхэмжлэгч ******* ХХК-ийн гэрээ цуцлах талаар гаргасан саналыг ******* зөвшөөрснөөр талуудын байгуулсан гэрээ дуусгавар болсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан уулзалтын тэмдэглэл, *******гийн өргөдөл, төлбөрийн тооцоо зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх-25,26,60/

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 автомашины дулаан зогсоол бүхий 234 айлын орон сууцны барилгыг барьж, 2019 оны 12 дугаар сард ашиглалтанд оруулсан ба уг барилгын 3 тоот орон сууцны өмчлөгчөөр 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-14-16, 97/

 

Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******** нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, маргаан бүхий дээрх ******* орон сууцыг хариуцагч нь 2020 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа талаар зохигч тайлбарласан.

 

*******тай байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон байх тул хөрөнгийн өмчлөгч буюу нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ********гийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Хариуцагч ********гийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ******* орон сууцыг хариуцагчийн хууль бус эзмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/04668 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ