Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/00173

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/04531 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: *******, ******* бид *******наас өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүурэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32 дугаар байр, 27 тоот хаягт байрлах, 77,35 м.кв талбайтай ******* улсын бүртгэлийн дугаартай орон сууцаа барьцаалан зээл авсан. Зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй учраас ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан ба бид зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 181/Ш32022/02953 дугаар захирамжаар 79,062,883 төгрөгийг *******анд олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш тодорхой хэмжээний төлбөрийг төлсөөр байтал ******* нь барьцааны хөрөнгийг ******* ХХК-иар үнэлүүлсэн ба 161,931,729 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дээрх орон сууцны зах зээлийн ханш нь 230,000,000 төгрөгөөс дээш үнэлгээтэй байна. Үл хөдпөх хөрөнгийн үнэлгээ хийхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үнэлгээний талаар гомдолтой байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/Ш32022/02953 дугаар захирамжаар *******, ******* нараас 79,047,883 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, ******* тоот хаягт байрлах, 77,35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдпөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдпөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч ******* нь 220,000,000 төгрөгөөр, ******* нь 250,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа талаар 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үнийн саналаа бичгээр ирүүлсэн, төлбөр авагч ******* ХХК нь шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу ******* ХХК-г үнэлгээчнээр томилж, зах зэлийн үнэлгээг тогтоолгоход 161,931,729 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн.

Анхны албадан дуудпага худалдаа явуулах тухай 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 3/4 дугаар тогтоол, мэдэгдлийг талуудад шуудангаар болон биечлэн танилцуулж, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Анхны албадан дуудпага худалдаанд тогтоосон үнийн дүнгийн 70 хувиар тооцон 113,352,210 төгрөгөөр оруулахаар тогтоол, мэдэгдэл хүргүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК нь тайлбар гаргаагүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нараас хариуцагч *******т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ******* тоот хаягт байрлах 77,35 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдпөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 161,931,729 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын өмчлөлийн Сухбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32а байрны 27 тоот хаягт байрлах 77.35 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хөрөнгийн үнэлгээний ******* ХХК нь 161,931,729 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн орон сууцны зах зээлийн үнэ нь 230,000,000 төгрөг, түүнээс дээш үнээр худалдагдаж байхад хөрөнгийн үнэлгээний компани нь хэт доогуур үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний компани нь үнэлгээний тайландаа зах зээлийн үнийг хэд хэдэн аргаар харьцуулсны үндсэн дээр 161,931,729 төгрөгөөр үнэлсэн гэж байгаа ч бодит байдалтай нийцэхгүй байна. Гэтэл анхан шатны шүүх үнэлгээг үнэдэслэл бүхий гарсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн байна, төлбөр төлөгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна хэмээн үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 12 дугаар сараас хойш явагдаж байгаа. Нэхэмжлэгч *******, ******* нар нь шүүхэд гаргасан гомдолдоо 230,000,000 төгрөгөөс доогуур үнэлсэн гэдэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 230,000,000 төгрөгөөс бага үнэлсэн үү, эсвэл их үнэлсэн үү гэдгийг тодорхойлсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. 2022 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 30,000,000 төгрөг хүрэхгүй үлдэгдэлтэй бөгөөд энэ төлбөрийг төлөх хангалттай хугацаа байсан. Нөгөө талаар, төлбөр авагчийн эрх ашиг зөрчигдөж байна. 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төрийн байгууллагын үйл ажиллагаа удааширч байгаа нь *******, ******* нарын эрх ашгийг зөрчөөгүй. Ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үнэлгээний компани эд хөрөнгийг үнэлэхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээр тодорхойлсныг хариуцагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02953 дугаар захирамжаар *******, ******* нар нь 79,047,883 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дотор ******* ХХК-д төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ******* тоот хаягт байрлах, 77,35 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ. /хх-ийн 37-38-р тал/

 

4.2. Төлбөр төлөгч *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул төлбөр авагч ******* ХХК-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 181/ГХ2022/00759 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх-ийн 35-р тал/

 

4.3. Хариуцагч байгууллага нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгө болох *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, ******* тоот хаягт байрлах, 77,35 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 60-62, 76-77-р тал/

 

4.4. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан боловч талууд үнийн талаар тохиролцоогүй, үүнтэй холбоотойгоор хариуцагч нь үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон байна. /хх-ийн 82-85-р тал/

 

4.5. Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК нь хураагдсан хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, ******* тоот хаягт байрлах, 77,35 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 161,931,729 төгрөгөөр үнэлж, хариуцагч ******* нь дээрх үнэлгээг төлбөр авагчид 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, төлбөр төлөгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус тус мэдэгдсэн болох нь үнэлгээний мэдэгдэлд гарын үсэг зурсан байдлаар тогтоогджээ. /хх-ийн 111-113-р тал/.

 

4.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан. Нэхэмжлэгч *******, ******* нар нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу дээрх хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /хх-21/

 

5. ******* ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу үнэлгээг тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Шинжээч үнэлгээг тогтоохдоо тусгай мэдлэгийн хүрээнд, зах зээлийн хандлагыг хэрэглэн үл хөдлөх хөрөнгийг 161,931,729 төгрөгөөр үнэлснийг буруутгах үндэслэлгүй байна. /хх-ийн 91-107-р тал/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/04531 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ