Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 434

 

2019        05         27                                   2019/ШЦТ/434

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч С.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Гончиг овгийн С.Бод холбогдох эрүүгийн 1911009060538 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Гончиг овгийн С.Б, 1974 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн  Жаргалант сум 5-10 гудамж, 0 тоотод оршин суух хаягтай, одоогоор Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 44-451 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ПЙ74090273.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.Бнь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 942 дугаарын АТМ-ээс алдаатай гүйлгээний улмаас гарч ирсэн Х.Цэвээнсүрэнгийн 490.000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Х.Цэвээнсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн хаан банкны картаас мөнгө авахаар долоон буудалд байх Хаан банкны АТМ-ээс 490.000 төгрөг авахаар уншуулахад уучлаарай гүйлгээ цуцлагдлаа, үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн бичиг гарч ирэхээр нь картаа аваад гэр лүүгээ явсан. Гэртээ ирээд гар утсаа хартал гүйлгээ хийсэн, мөнгө хасагдсан талаар мессеж ирсэн байхаар нь гайхаад буцаад Хаан банканд ирж тодруулж асуухад цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй гэж хэлсэн. Мөн камер үзээд надад миний мөнгийг эрэгтэй хүн аваад явсан талаар хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан... гэх мэдүүлэг /хх 19-20/,

Шүүгдэгч С.Бнь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр санагдаж байна. Чингэлтэй дүүргийн 7 буудал дээр байдаг Хаан банкны салбарын АТМ-ээс 5000 төгрөг өөрийн ...дугаарын данснаас авах гэсэн чинь дансан дахь мөнгө хүрэлцэхгүй байна гэхээр нь найз Мөнхсайн руу залгаад 5000 төгрөг шилжүүлэх боломж байна уу үсээ засуулах гэсэн юм гэсэн чинь над руу шилжүүлсэн. Тэр хооронд би хаан банк дотор хүлээж байсан юм. Мөнгө шилжсэний дараа би ATM дээр очирлоод зогсож байтал миний урд ахимаг насны нэг эмэгтэй үйлчлүүлж байгаад ATM дээр очоод картаа хийж байсан. Тэгээд мөнгө нь гарахгүй байгаа бололтой хажуу дахь ATM дээр зогсож байсан хүнтэй мөнгө гарахгүй байна гээд яриад байх шиг байсан. Тэгээд тэр эгч картаа аваад гарсан, би картаа ATM рүү хийх гэтэл мөнгө гардаг хэсгээс нь олон ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт гарч ирсэн. Тэрийг нь би аваад түрүүвчиндээ хийгээд куртикнийхээ энгэрийн халаасанд хийгээд гарсан. Гадаа гарсан чинь нөгөө миний урд байсан эгч харагдахгүй байхаар нь би өөрөө тэр мөнгийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 31-33/

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хаан банкны хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг си ди, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-16/

Х.Цэвээнсүрэнгийн дугаар бүхий Хаан банкны дансны гүйлгээний хуулга /хх 42/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Бнь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 942 дугаарын АТМ-ээс алдаатай гүйлгээний улмаас гарч ирсэн Х.Цэвээнсүрэнгийн 490.000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Х.Цэвээнсүрэнгийн “...надад миний мөнгийг эрэгтэй хүн аваад явсан талаар хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...” /хх 19-20/, шүүгдэгч С.Бөхболдын яллагдагчаар өгсөн “...нөгөө миний урд байсан эгч харагдахгүй байхаар нь би өөрөө тэр мөнгийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 31-33/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хаан банкны хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-16/, Х.Цэвээнсүрэнгийн дугаар бүхий Хаан банкны дансны гүйлгээний хуулга /хх 42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Т.Рагчааг бусадтай бүлэглэн нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан

төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хохирогч Х.Цэвээнсүрэн нь хэргийн материалтай танилцаж, гаргасан хүсэлтдээ “...гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Ингэхдээ улсын яллагчийн гаргасан санал болон түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан баримт зэргийг харгалзав.

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гончиг овгийн С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН