| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06311/И |
| Дугаар | 4440 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 4440
| 2016 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2016/04440 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордон 512 тоот, Металл энд Вүүд ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ОС 8-р байрны 8 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЦД86040877, Боржигон овогтой Дэмчигдоржийн Нинжбадгарт холбогдох худалдах, худалдан авах гэрээ цуцалж, учирсан хохирол 12 450 000 төгрөг гаргуулах, “Металл энд Вүүд” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Металл энд Вүүд” ХХК-ний захирал О.Хонгорзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунхүү, Б.Отгонжаргал, хариуцагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн /үнэмлэх 0186/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Хонгорзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Д.Нинжбадгараас Солонгос улсад 1996 онд үйлдвэрлэгдсэн Daewoo pc57d10 маркийн ачааны автомашиныг 2014 оны 07-р сарын 03-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр 30 сая төгрөгөөр авсан. Үнэнд нь Toyoto Pruis 20 маркийн авто машин оролцуулж, дээр нь 2 сая төгрөг бэлэн өгч үлдэгдэл мөнгийг 14 хоногийн зайтай 2 хувааж төлөхөөр тохирсон. Д.Нинжбадгар манайд Daewoo автомашинийг зарахдаа ямар нэгэн техникийн доголдол байхгүй, асуудалгүй ажил хийж чадна гэж зарсан бөгөөд манайх тухайн үедээ Дархан руу туршлагатай жолооч аваад ачаа зөөсөн. Гэтэл Дархан уу 3 хоног явж очсон. Тухайн үед үзүүлэхэд унасан машин байна, баруун гар тал руугаа булаадаг гэсэн. 2014 оны 07-р сарын 05-ны өдрөөс барилгын суурийн шороо зөөж эхлэхэд статер ажиллахгүй, түлш нь тасалдаж хөдлөх араанд орохгүй гацаж, цахилгааны масс гарч хиншүү гарах зэргээр маш олон доголдол үүсч ажил хийж чадалгүй, 240 000 төгрөгөөр стартер авч тавиад хотруу гарсан боловч 1 хоногийн дараа Улаанбаатар хотод ирсэн. Ингээд Д.Нинжбадгартай уулзаж гэрээг цуцлан худалдан авсан автомашиныг буцаах хүсэлт таьсан боловч зөвшөөрөхгүй, баталгаат хугацаа өгөөгүй гэх шалтгаанаар бидний тавьсан саналыг хүлээн авахгүй байгаа тул Daewoo автомашиныг буцааж, өөрсдийн гаргасан зардал болох 1 450 000 төгрөг, бэлэн мөнгө 2 000 000 төрөг болон Toyoto Pruis 20 маркийн авто машинаа эргүүлэн авах хүсэлтэй байна. Ингээд нийт 12 450 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ машиныг 34 саяар хүргэн Нинжбадгар худалдан авсан боловч ангилал таарахгүй байсан учраас 30 сая төгрөгөөр зарсан. Анх машиныг үзүүлж шалгуулахад тус компаний захирал О.Хонгорзул, Төрболд нар машинаа үзэж шалгаж гэрээгээ байгуулж, гарын үсэг зурж авсан. Мөн 9 сая төгрөгөнд Рruis маркийн автомашин, бэлнээр 2 сая төгрөг өгч, үлдэгдэл мөнгийг 14 хоногийн хугацаатай 2 хувааж төлөхөөр тохирсон. Ингээд 7-р сарын 6-нд Металл энд вүүд ХХК-иас мөнгө авъя гэж ярихад нэхэмжлэгч тал наадмын дараа өгнө гэсэн, машины эвдрэл гэмтлийн талаар юу ч яриагүй. Машинаа хүлээлгэж өгөхөөс өмнө 4-р сард оношлуулж тэнцсэн байгаа. Үлдэгдэл мөнгөө өгөхгүй гэсэндээ ийм нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машиныг 30 сая төгрөгөөр худалдсан, Металл энд Вүүд ХХК нь үлдэх 19 000 000 төгрөгийг 14 хоногийн дотор төлнө гэсэн боловч төлөөгүй. Ийм учраас Металл энд Вүүд ХХК-иас 19 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч О.Хонгорзул сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сард энэ машин нь оношлогоонд ороогүй байсан. Мөн энэ машин нь хүн унаад явахад авто тээврийн аюулгүй байдлыг хангах байсан бол манайх мөнгийг бүрэн төлөх байсан, харин энэ машин нь чанарын шаардлага хангаагүй. Тийм учраас манайх 19 сая төгрөг бол өгөхгүй, харин манайхаас авсан мөнгийг өгөөд Toyoto Pruis 20 маркийн автомашинаа буцаан авч, хариуцагч талаас авсан Daewoo маркийн автомашинийг нь буцаан өгмөөр байна. Мөн ажил олгогчийн хувьд хүний амь нас маш чухал болохоор бид тэр машиныг байгууллагынхаа хашаанд тавьсан хөдөлгөөгүй байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Металл энд Вүүд” ХХК нь Д.Нинжбадгарт холбогдох худалдах, худалдан авах гэрээ цуцалж, хохирол 12 450 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл, хариуцагч нь “Металл энд Вүүд” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 19 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх “Металл энд Вүүд” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
“Металл энд Вүүд” ХХК нь 2014 оны 07-р сарын 03-ны өдөр Д.Нинжбадгартай “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж БНСУ-д 1996 онд үйлдвэрлэгдсэн Daewoo PC57D10 маркийн 24-20 УБӨ дугаартай ачааны автомашиныг 30 000 000 төгрөгөөр худалдан авах, машины үнэнд Toyoto Pruis 20 маркийн авто машиныг 9 000 000 төгрөгөөр, бэлнээр 2 000 000 төгрөг өгөх, үлдэгдэх мөнгийг 2014 оны 8-р сарын 1-ний дотор төлөхөөр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Гэрээний дагуу худалдан авагч нь худалдагчид Toyoto Pruis 20 маркийн 74-12 УНБ дугаартай автомашиныг 2013 оны 7-р сарын 3-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлсэн, 2 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх ба худалдагч Д.Нинжбадгар нь Daewoo маркийн автомашиныг тус тус шилжүүлэн өгсөн, энэ талаар талууд маргаагүй байна.
Харин “Металл энд Вүүд” ХХК нь худалдан авсан машин нь “унасан машин, баруун гар тал руугаа булаадаг, статер ажиллахгүй, түлш нь тасалдаж хөдлөх араанд орохгүй гацдаг, цахилгааны масс гарч хиншүү гардаг” зэргийн техникийн доголдолтой байсны улмаас гэрээ цуцалж, хохирол гаргуулахаар маргасан бол, хариуцагч “тухайн машиныг оношлуулсан байсан, өөрсдөө үзэж шалгаж авсан” гэж маргажээ.
Талууд гэрээний 4-р зүйлд зааснаар автомашиныг шилжүүлэхдээ акт үйлдэж болохоор тохирсон боловч тухайн үед ямар нэгэн акт үйлдээгүй, харин талууд шилжүүлэн авч байгаа машинуудаа ашиглах боломжтой гэж үзэж шилжүүлж авсан байна.
Өөрөөр хэлбэл, гэрээнд чанарын талаар заагаагүй тул ашиглах боломжтой тээврийн хэрэгслийг шилжүүлсэн биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
Нөгөө талаас, нэхэмжлэгч гэрээ цуцлах “техникийн доголдолтой байсан” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд Автотээврийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, иргэнээр техникийн хяналтын үзлэг хийлгэх, оношлуулах, эвдрэл гэмтлийг тогтоолгох боломжтой байсан, “машин нь оношлогоонд ороогүй байсан, Монголд тэр машиныг оношлох, засварлах газар байхгүй, хүний амь насанд аюултай, аюулгүй байдлыг хангаагүй” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Автотээврийн тухай хуулийн 17-р зүйлийн 17.1-д “Автотээврийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд жилийн турш техникийн хяналт хийж гэрчилгээ олгоно”, 17.4-т “Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн оношлогоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно” гэж заасан байх ба тухайн автомашин нь 2007 онд импортоор орж ирсэн, улсын дугаар олгогдсон, түүнчлэн 2014 оны 5-р сарын 5-ны өдөр тухайн жилийнхээ оношлогоо хийлгэж “тэнцсэн” тухай 34127 тоот дүгнэлт /хх 117/ гарчээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Талуудын гэрээгээр тохирсон худалдах, худалдан авах гэрээний үүргээс нэхэмжлэгч “Металл энд Вүүд” ХХК нь 19 000 000 төгрөгийг 2014 оны 8-р сарын 1-ний дотор төлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Худалдах, худалдан авах гэрээ цуцлах үндэслэл тогтоогдоогүй байх тул худалдан авагч үүргээ гүйцэтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төрболд, Д.Ганцэцэг, Ц.Туяа нар нь худалдан авсан автомашины эвдрэл, гэмтлийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулахаар 5 удаа хүсэлт гаргаж, шүүх шинжээч томилж байсан боловч тухай машины насжилт өндөр, хэзээ ямар гэмтэл гарсныг тогтоох боломжгүй, томилогдсон шинжээч нь дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш гэж үзсэн байх ба шүүх хэрэгт авагдсан автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлт, талуудын тайлбар зэргийг үндэслэн, Металл энд Вүүд ХХК-ний захирал О.Хонгорзулыг оролцуулан хэргийг шийдвэрлэлээ.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлийн 69.1.2, 69.1.3 дахь хэсэгт заасан арга хэмжээ авахуулах, гэрчээр Д.Сүхбаяр, Б.Отгонжаргал нарыг асуулгах, нэхэмжлэгч Д.Батбаатарыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсаныг дурьдах нь зүйтэй.
Транскапитал ББСБ болон Д.Нинжбадгар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Сити финанс ББСБ болон Д.Нинжбадгар, Б.Отгонжаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, Тайкун ХХК болон Б.Отгонжаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ /хх 74-82/ нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай хамааралгүй, хэрэгт авагдсан хуурцаг нь уншигдахгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 256-р зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дэмчигдоржийн Нинжбадгараас 12 450 000 /арван хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн “Металл энд Вүүд” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Металл энд Вүүд” ХХК-иас 19 000 000 /арван есөн сая/ төгрөг гаргуулж Д.Нинжбадгарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Металл энд Вүүд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 950 төгрөг, хариуцагч Д.Нинжбадгараас төлсөн 252 950 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, “Металл энд Вүүд” ХХК-иас 252 950 төгрөг гаргуулж Д.Нинжбадгарт олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА