Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/00237

 

 

******* газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04919 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* газар

Хариуцагч: ******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 979 дугаар шийдвэрээр ******* банкнаас ******* газарт 5,082,578,920 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад ******* банканд өр төлбөртэй аж ахуйн нэгжүүдээс авах төлбөрийг хасаж, ******* газарт төлбөр хаах гурван талт гэрээ байгуулан ажилласан. Үүний дагуу ******* ХХК-иас ******* банканд төлбөл зохих 150,000,000 төгрөгийн өр төлбөрийг тус банкнаас манай байгууллагад төлөх төлбөрөөс хасахаар тохиролцож, ******* газар болон ******* ХХК-ийн хооронд 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 2000/01 дугаартай Шүүхийн шийдвэрийн төлбөр төлүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэрээгээр төлбөр төлөгч ******* ХХК нь 150,000,000 төгрөгийг ******* ХХК-иар дамжуулан ******* газарт төлүүлэхээр тохиролцсон. Ийнхүү тохиролцохдоо ******* газар болон ******* ХХК-ийн хооронд 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээнд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн эд хөрөнгийг зарцуулах эрхгүй гэж заасан.

1.2 ******* газраас 150,000,000 төгрөгийг төлөх талаар ******* ХХК-д удаа дараа бичгээр хандаж байсан боловч төлөх үүргээ биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой тул хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй.

Иймд даатгуулагчдын төлсөн мөнгийг зориулалт бусаар зарцуулах, даатгалын санд гэм хорын хохирол учирч байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу ******* ХХК-иас 150,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 1999 оны шийдвэрээр ******* банкнаас ******* газарт 5,082,578,920 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа манай компани ******* банканд төлөх өр төлбөр болох 150,000,000 төгрөгийг ******* газарт төлөхөөр харилцан тохиролцсон. ******* газартай 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 2000/01 дугаартай Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлүүлэх тухай гэрээ-г ******* газар, ******* ХХК, ******* ХХК гурван этгээд байгуулсан. Гэрээгээр 150,000,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр заасан. Гэрээний 1.2-т Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ХХК графикийн дагуу төлөлт хийнэ гэж, 1.3-т төлбөрийн баталгаа болгож Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ХХК-ийн 250,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үндсэн хөрөнгийг барьцаалах талаар гэрээний хавсралт 2-т зааж тохиролцсон. Гэрээний 3.1-д энэ гэрээний дагуу Барьцааны гэрээ-г төлбөр авагч нь ******* ХХК-тай тусгайлан байгуулна гэж талууд тохиролцсон.

2.2 2000/01 дугаар гэрээ нь гурван талт гэрээ бөгөөд 150,000,000 төгрөгийг төлөх үүргийг ******* ХХК-д ноогдуулсан. ******* ХХК болон ******* ХХК-уудын хооронд 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөн тусдаа гэрээ байгуулж, ******* ХХК нь ******* газарт төлөх төлбөрийг ******* ХХК бүрэн төлнө. Өөрөөр хэлбэл, ******* ХХК-ийн ******* банканд төлөх 150,000,000 төгрөгийг ******* ХХК-иас ******* газарт төлөхөөр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу ******* ХХК нь ******* ХХК-д 150,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэдгээр талууд 2002 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн. Гурван талт гэрээний дагуу хариуцагч нь ******* ХХК руу төлөх төлбөрөө төлсөн. Танайд төлөх 150,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлнө гэх тооцоо нийлсэн акт болон ******* ХХК-ийн захирал өөрийн гараар бичсэн тодорхойлолтын хамтаар нэхэмжлэгчид хүргүүлсэн. ******* ХХК нь ******* банк болон ******* газар, ******* ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дууссан.

2.3 2000/01 дугаар гэрээний хавсралт 1-т төлбөрийн график байгаа. Энэ төлбөрийн графикаар 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2001 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд төлж барагдуулна гэж 3 тал тохиролцсон байгаа. ******* газрын шаардах эрх нь 2001 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс үүссэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

3.1 Хариуцагч ******* ХХК нийгмийн даатгалын газарт өртэй бол төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч ******* ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 ******* ХХК-иас ******* банканд төлбөл зохих 150,000,000 төгрөгийн өрийг тус банкнаас манай байгууллагад төлөх төлбөрөөс хасахаар тохиролцон, ******* газар болон ******* ХХК-ийн хооронд 2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай 2000/1 дүгээр гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд тооцон авсан бүртгэл, тайланд тусгагдсан байдаг. Тус төлбөр төлөх гэрээгээр төлбөр төлөгч ******* ХХК нь 150,000,000 төгрөгийг ******* ХХК-аар дамжуулан ******* газарт төлүүлэхээр тохиролцон, хөрөнгө барьцаалж, төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тохиолдолд үл маргах журмаар барьцаа хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэх, мөн гэрээний 3.1-д заасны дагуу ******* газар болон ******* ХХК-ийн хооронд 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр барьцааны эд хөрөнгийг зарцуулах эрхгүй байхаар зохицуулсан.

5.2 ******* ХХК нь Нийгмийн даатгалын санд төлөх 150,000,000 төгрөгийг ХХК-д төлсөн нь гэж маргадаг боловч үүнийг баримтаар нотлоогүй бөгөөд 150,000,000 төгрөгийг төлөх үүрэг нь ******* ХХК-д хэвээр байна. Хариуцагчаас Нийгмийн даатгалын санд төлөх төлөх ёстой боловч уг үүргээ биелүүлээгүй байгаа нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тус тус нотлогддог.

5.3 Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 979 дугаар шийдвэрээр ******* банкнаас 5,082,578,924 төгрөг гаргуулан Улсын ******* газарт олгохоор шийдвэрлэсэн. Уг мөнгө нь тухайн үед Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт хүлээн авсан бараа, материал түүнийг зарж борлуулсан мөнгө хөрөнгө байсан бөгөөд дээрх шийдвэрийг биелүүлэх үүднээс талуудын хооронд тохиролцон байгуулсан гэрээ юм.

5.4 Мөн ******* хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Нэхэмжлэгч гэм хорын хохирол шаардсан. Иргэний хуульд заасны дагуу гэм хортой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил. Гурван талт гэрээнд заасны дагуу төлбөр төлөх график байгуулсан. Тус графикт заасны дагуу 2001 онд нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн. Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

6.2 Түүнчлэн, шүүхийн шийдвэрээр тогтоосон 5,082,578,920 төгрөгийн хэмжээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Тус шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул дахин шаардах эрхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* газар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 150,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ....Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын11-ний өдрийн 979 дугаар шийдвэрээр ******* банкнаас ******* газарт 5,082,578,920 төгрөгийг гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу ******* ХХК-иас ******* банканд төлбөл зохих 150,000,000 төгрөгийн өр төлбөрийг тус банкнаас манай байгууллагад төлөх төлбөрөөс хасахаар тохиролцож, Улсын ******* газар болон ******* ХХК-ийн хооронд 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2000/01 дугаартай Шүүхийн шийдвэрийн төлбөр төлүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэтэл ******* ХХК-д удаа дараа бичгээр хандаж байсан боловч төлөх үүргээ биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой тул хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй. Иймд ******* ХХК-иас 150,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

2.2 Хариуцагч ...Гурван талт гэрээний дагуу хариуцагч нь ******* ХХК руу төлөх төлбөрөө төлсөн. ******* ХХК нь ******* банк болон ******* газар, ******* ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дууссан. ******* газрын шаардах эрх нь 2001 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс үүссэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь дуусгавар болсон гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт талуудын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

3.1 Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 979 дугаар шийдвэрээр ******* банкны эрх хүлээн авагчаас 5,082,578,920 төгрөг гаргуулан Улсын ******* газарт олгож шийдвэрлэсэн. /1хх 185-186/

3.2 Улмаар, Улсын ******* газар нь ******* ХХК-тай 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 2000/1 дугаар Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэрээгээр ******* ХХК-аас ******* банкинд төлөх 150,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 979 дугаар шийдвэрт заасан төлбөрт тооцон, хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөхөөр, төлбөрийг ******* ХХК хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2001 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хуваарь тогтоосон. /1хх 6-8/

3.3 Улсын ******* газар нь ******* ХХК-тай 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 2000/2 дугаар Барьцааны гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн, 250,000,000 төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгийг барьцаанд тавихаар, барьцааны зүйлийг ******* ХХК-д хадгалуулж, барьцаалагч Улсын ******* газрын зөвшөөрөлгүйгээр зарцуулах эрхгүй байхаар тохиролцсон. /1хх 9-10/

3.4 ******* ХХК нь ХХК-тай 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ДГ-СХ-01 дугаар гэрээг байгуулсан. Гэрээгээр ******* ХХК-ийн ******* банкинд төлөх тооцооны үлдэгдэл 150,000,000 төгрөгийг ХХК нь 2000 оны газар тариалангийн ажилд чухал шаардлагатай бараа, бэлэн мөнгө, тоног төхөөрөмж, шатахууныг харилцан тохиролцсон үнэ, нөхцөлөөр хүлээн авахаар, ХХК нь Улсын ******* газрын дээрх шүүхийн шийдвэр бүхий төлбөрийг хүлээн авснаар 150,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн барагдсанд тооцохоор талууд харилцан тохиролцсон. /1хх 43/

3.5 Улсын ******* газрын 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 418 дугаар, ******* газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1873 дугаар, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/1288 дугаар албан бичгүүдээр ******* ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тус тус мэдэгдэж байсан байна. /1хх 11-13/

3.6 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 979 дугаар шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. /1хх 206/

4. Иргэний хууль /1994 он/-ийн 187 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр үүргээ бусдад шилжүүлж болно. Тодруулбал, шүүхийн дээрх шийдвэрт зааснаар Улсын нийгмийн даатгалын салбаруудаас банк дахь харилцах дансанд төвлөрүүлсэн нийгмийн даатгалын татвар болон шимтгэлийн мөнгөн хөрөнгө болох 5,082,578,920 төгрөгийг банк нь нэхэмжлэгчид шилжүүлээгүй. Уг мөнгөн хөрөнгөөс 150,000,000 төгрөгт ногдох хэсгийг ******* ХХК нь банкинд төлөх төлбөртөө тооцон, ******* газарт төлөхөөр банкны үүргийг 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2000/1 дугаар Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай гэрээний дагуу өөртөө шилжүүлж авсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

5. Харин анхан шатны шүүх 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2000/1 дугаар Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай гэрээний дагуу талуудын хооронд нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, уг гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

5.1 Иргэний хууль /1994 он/-ийн 187 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг шилжсэн тохиолдолд түүнд хамаарах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт нэгэн адил шилжинэ. Мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 4/ дэх хэсэгт хуульд заасан бусад шаардлага хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, мөн Иргэний хууль /2002 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж тус тус заасан.

5.2 Хариуцагчийн шилжүүлэн авсан үүрэг нь нийгмийн даатгалын татвар, шимтгэлээс бүрдсэн мөнгөн хөрөнгө байх тул уг үүргийг гүйцэтгүүлэх шаардлага гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Учир нь, Нийгмийн даатгалын тухай хууль /1994/-д нийгмийн даатгалын татварын хөөн хэлэлцэх хугацааны талаар тусгайлан зохицуулаагүй боловч ******* хууль /2023/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тохиолдлыг заасан. Өөрөөр хэлбэл, хэдийгээр маргааны үйл баримт нь Нийгмийн даатгалын тухай хууль /1994/-ийн зохицуулалтад хамаарч байх боловч ******* хууль /2023/-д нийгмийн даатгалын татвар болон шимтгэлийн мөнгөн хөрөнгийг шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байх зарчмыг тусгайлан заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

5.3 Түүнчлэн, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан мөнгөн хөрөнгийг төлөх үүргийг бусдаас шилжүүлэн авсан тул түүнд шүүхийн шийдвэрийн дагуу үүрэг үүснэ. Хариуцагч нь дээрх 150,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлсөн гэх байдал хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй. Мөн ******* ХХК-ийн 165 дугаар албан бичиг болон ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх гэрээгээр хариуцагчийг нийгмийн даатгалын санд төлөх уг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлсөн үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Иймд Иргэний хууль /1994 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 150,000,000 төгрөгийг нийгмийн даатгалын санд оруулахаар шаардах эрхтэй.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 150,000,000 төгрөг гаргуулан нийгмийн даатгалын санд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04919 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хууль /1994 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 150,000,000 төгрөг гаргуулан нийгмийн даатгалын санд олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

М.БАЯСГАЛАН