| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0417/Э |
| Дугаар | 435 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 435
2019 05 27 2019/ШЦТ/435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч М.Энхбаатар,
хохирогч Ю.Отгонлхагва,
шүүгдэгч А.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор уул овгийн А.Бд холбогдох эрүүгийн 1911003590482 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бор уул овгийн А.Б, 1956 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 22-525 тоотод оршин суух,
урьд Улаанбаатар хотын шүүхийн 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 264 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174-р зүйлийн 1-д зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан 7 жилийн хорих ялыг доогуур татаад 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1983 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЧЗ56040516.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч А.Бнь орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийнхөө тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-252 тоот хашааны гадаа зогсож байсан иргэн Ю.Отгонлхагвыг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Ю.Отгонлхагва нь шүүхийн хэлэлцүүлэгч мэдүүлэхдээ: “...Хохирлоо барагдуулмаар байна. Хазуулсан хуруу маань хүйтэн оргиж, хавдар нь буухгүй гар минь өвдөөд байгаа. Хоёр газар хазсан. Нийт 605.507 төгрөгийг эмчилгээний зардалд авсан. Шинээр гарсан эмчилгээний баримт байгаа. Би баримтуудаа гэртээ үлдээсэн байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 9/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. /хх 22-26/
Хохирогч Ю.Отгонлхагва нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хашааны хаалганых нь завсраар нохойн гарч ирээд зүүн гарын дунд хурууг хазаад баруун гарын сарвуун дээрээс зууж авах үед нохойны эзэн Баясаа гарч ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх 13-15/, ...би урьд өгсөн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан. Нохойны эзэн Баясгалан нь миний цагдаагийн хэлтэст гаргаж өгсөн баримтын дагуу надад 528.647 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргаж өгсөн. Би айлын нохойд хазуулахаасаа 2 хоногийн өмнө Улаанбаатар хотод орж ирээд хүүгийндээ байж байсан...гэх мэдүүлэг /хх 29-30/
Гэрч Д.Жаргалсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ю.Отгонлхагва гэх эмэгтэй манай урд талын хашаанд саяхан нүүж ирсэн бөгөөд нохойд хазуулахаасаа 2-3 хоногийн өмнө тарваганы мах 25.000 төгрөгөөр зарсан... тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 06-ны үдээс хойш Баясгалан ах нөгөө эмэгтэйд махны мөнгийг нь өгье чи гэрээс нь дуудаад ир гэсэн. Тэгээд би тэр эгчийг гэрээс нь дуудаад өөрийнхөө хашааны гадаа ирээд хашааны үүдэнд хүлээж бай, би ороод ахыг дуудаад ирье гэж хэлээд хашааны гадаа үүдэнд хүлээлгэж байсан. Тэгээд би гэр рүү орж ах Баясгаланг дуудчихаад хашааны хаалгаар гарч байтал нохойны гинж нь тасраад миний араас хашаа, хаалга хоёрын завсраар гарч ирээд Ю.Отгонлхагва гэх эмэгтэйг хазсан. Тэгээд ах бид хоёр сандраад нохойг гинжнээс нь татаад хашаа руу чирч ороод уясан...” гэх мэдүүлэг /хх 37/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1315 дугаартай дүгнэлт “...Ю.Отгонлхагвын биед зүүн сарвуу дунд хурууны эдийн дутагдал бүхий шарх, 1-р үений бүрэн бус тасрал, баруун шуу, зүүн сарвуу, ядам хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 44/
Шүүгдэгч А.Бнь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Манай нохой байнга уяатай байдаг, тэр өдөр өдөр гинжний түгжээ мултраад суларсан байсныг мэдээгүй... хохирогч Ю.Отгонлхагва гэх хүнээс гаргаж өгсөн төлбөрийн баримтын дагуу бүх хохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг /хх 81-82/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Бнь орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийнхөө тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-252 хашааны гадаа зогсож байсан иргэн Ю.Отгонлхагвыг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ю.Отгонлхагвын “...нохойн гарч ирээд зүүн гарын дунд хурууг хазаад баруун гарын сарвуун дээрээс зууж авах үед нохойны эзэн Баясаа гарч ирээд салгасан...” /хх 13-15/, гэрч Д.Жаргалсайханы “...нохойны гинж нь тасраад миний араас хашаа, хаалга хоёрын завсраар гарч ирээд Ю.Отгонлхагва гэх эмэгтэйг хазсан...” гэх мэдүүлгүүд /хх 37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1315 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Б-г орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийнхөө тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шүүгдэгч А.Бнь хохирогч Ю.Отгонлхагвад гэм хорын хохиролд баримтаар нэхэмжилсэн 605.507 /зургаан зуун таван мянга таван зуун долоо/ төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 метрийн урттай нохойн гинжийг буцаан авах хүсэлт гаргасан тул буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бор уул овгийн А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч А.Б нь хохирогч Ю.Отгонлхагвад гэм хорын хохиролд 605.507 /зургаан зуун таван мянга таван зуун долоо/ төгрөгийн төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 метрийн урттай нохойн гинжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Баясгаланд буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Баясгаланд авсан хувийн баталгаа гаргах таслан йсэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН