Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/00280

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/04652 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 87,009,705 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-тай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4/139 дугаартай Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг байгуулж, *******-ийн нэхэмжлэлтэй, *******, *******-д тус тус холбогдох, *******-иас ажил гүйцэтгэх гэрээний хөрс хуулалтын ажлын хөлс 5,156,130,705 төгрөг, алданги 2,578,065,352 төгрөг, нийт 7,734,196,058 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийн дагуу *******-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох хөрс хуулалтын ажлын хөлсний үнийн дүнгийн хэмжээнд *******-д санхүүжилт олгохыг *******-д даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч *******-д өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр болсон, гэрээний үнийг 116,012,940 төгрөгөөр тохиролцсон. Гэрээний урьдчилгаанд 29,003,235 төгрөгийг ******* нь шилжүүлсэн. Харин шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлүүлж, гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн тохиолдолд үлдэгдэл төлбөр болох 87,009,705 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон.

1.2 Иргэний хэрэгт өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх болсноос хойш нийт 5 жил, 3 сар, 6 хоногийн хугацаанд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. Тус иргэний хэрэг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тогтоол гарснаар дуусгавар болж, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хуулийн хүрээнд бүрэн хамгаалагдаж, шүүхээс *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, манай компани үйлчлүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

1.3 Манай компаниас 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр А/03 дугаар албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөр болох 87,009,705 төгрөгийг шилжүүлж өгөхийг хүсэж *******-д гэрээний тайланг хүргүүлсэн. Гэвч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2/373 дугаар албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан.

Иймд гэрээний үүрэгт 87,009,705 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь *******-тай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай 4/139 дугаар гэрээг байгуулсан. Гэрээгээр *******-ийн нэхэмжлэлтэй, *******, *******-д холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байсан. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний хэрэгжилтийн хугацаанд гүйцэтгэгч нь гэрээний 3.6, 3.7, 3.8-д заасан үүргээ зөрчсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6 дахь хэсэгт Захиалагчийн эсрэг ажиллахгүй байх, хууль тогтоомж гэрээнд нийцүүлэн гүйцэтгэх үүргийг талууд гэрээгээр харилцан тохиролцож баталгаажуулсан.

Хариуцагч нь Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3, мөн Өмгөөллийн тухай хуулийн 15.4, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Гэтэл *******-ийн нэхэмжлэлтэй, *******, *******-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч *******-ийн өмгөөлөгчөөр оролцсон өмгөөлөгч *******, өмгөөлөгч , *******-ийн гүйцэтгэх захирал ******* нар нь захиалагч *******-ийн хохирогчоор оролцож буй Хөгжлийн банкны гэх 80 иргэн, 4 хуулийн этгээдэд холбогдох 1741000380228 дугаартай эрүүгийн хэрэгт шүүгдэгч , нарын өмгөөлөгчөөр оролцсон байна.

Эдгээрээс үзэхэд өмгөөлөгч нар нь харилцан эсрэг ашиг сонирхол бүхий хэрэг, маргааны талуудад хууль зүйн туслалцаа үзүүлж гэрээгээр хүлээсэн Захиалагчийн эсрэг ажиллахгүй байх үүргээ зөрчсөн, Өмгөөллийн тухай хуулийн 15.4, 15.5-д заасны дагуу хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхээс татгалзах, дуусгавар болгох нөхцөл байдал бий болсныг мэдсээр байж захиалагчид энэ талаар мэдэгдэлгүйгээр өмгөөллийн үйл ажиллагааг үргэлжлүүлж Өмгөөллийн тухай хуулийг зөрчсөн байна. Гэрээний 1.4, 12.1-д заасан үүргийг гүйцэтгэгч биелүүлээгүй тул гэрээний үүрэг зохих ёсоор, шударгаар биелэгдсэн гэж үзэх боломжгүй.

2.2 ******* нь нэхэмжлэгчээс ирүүлсэн 2024 оны 02 дүгээр сарын 21-ний өдрийн А/03 дугаартай албан бичгийг хүлээн авч танилцаад төлбөртэй холбоотойгоор холбогдох баримтуудыг ирүүлэх талаар цахим шууданг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ахлах хуульч оос хүргүүлсэн. Уг цахим шуудангийн хариуд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/05 дугаар албан бичгээр Хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн байх бөгөөд уг албан бичигт дурдсанаар гэрээний 3.7-д заасан үүргийг хэрэгжүүлж захиалагчид хүргүүлж байсан гэх албан бичгүүдийг хавсарган ирүүлсэн.

Уг албан бичгүүдийг нэг бүрчлэн тулган шалгаж үзэхэд дээрх албан бичгүүд нь *******-д цахим шуудангаар болон баталгаат шуудангаар эсхүл өөрийн биеэр бичиг хэрэгт гардуулан хүргүүлж байгаагүй байх бөгөөд уг албан бичгүүдийг хэрхэн хэнд хүргүүлж байсан нь тодорхой бус байна. Харин нэхэмжлэгчээс хамгийн сүүлд 2018.11.20-ны өдөр 1/169 дугаартай Хууль зүйн дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг бичиг хэргээр дамжуулан *******-д ирүүлж байсан байх бөгөөд өөр байдлаар ямар нэгэн гэрээний явцын үйл ажиллагааны талаар тайланг ирүүлж байгаагүй.

2.3 Түүнчлэн тус хэрэгт *******-ийн өмгөөлөгчөөр нийт 5 шүүх хуралдаанд оролцсон гэх боловч тус шүүх хуралдаан бүрийн дараа нэхэмжлэгчээс уг шүүх хуралдаанд хэрхэн оролцож захиалагчийн байр суурийг хэрхэн хамгаалсан талаар ямар нэгэн тайлан, мэдээллийг ирүүлж байсан гэх баримтгүй байна. Эдгээрээс үзэхэд Гүйцэтгэгч нь 3.7-д заасан үүргээ зөрчиж захиалагчийг хэргийн үйл явцын талаар тодорхой мэдээллээр хангаагүй гэж үзэхээр байна.

Иймд гэрээний 4.7 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзах нөхцөл үүссэн байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-иас 87,009,705 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 593,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 593,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 704 дугаартай тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн.

Гэтэл шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт энэ талаарх хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтын хэсэгт дурдсан байх бөгөөд хариуцагчийн татгалзлын үндэслэлийг үгүйсгэсэн, няцаасан үйл баримт, нотлох баримтыг огт дурдаагүйгээс гадна уг татгалзлын үндэслэл, түүнийг хэрхэн няцааж байгаа талаар нэг ч үг дурдаагүй.

4.2 Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар тогтоолын 5-р хавсралтаар батлагдсан батлагдсан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал-ын 3.2.1,1, 3.2.1.2, 2.2 дахь хэсгийн ж заасныг зөрчсөн. Шүүхээс хариуцагч нь гаргасан татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй мэтээр ойлгогдохоор бичсэнээс гадна, тухайн татгалзлыг нотлох баримтыг үнэлээгүй бол ямар үндэслэлээр үнэлээгүй тухай болон татгалзлыг ямар үндэслэлээр няцааж байгаа талаар эрх зүйн дүгнэлт огт дурдаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.3 Төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардаж байгаа нэхэмжлэгч нь Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3, Өмгөөллийн тухай хуулийн 15.4 дэх хэсэгт, 15.4 дэх хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд үүрэг үүсгэж байсан Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ нь нэхэмжлэгчийн өөрийн сонголтоор буюу хариуцагчийн хүсэл зоригоос үл хамаарах байдлаар дуусгавар болсон гэж үзэж байна. Иймд хариуцагч *******-ийн төлбөр төлөх үүрэг, нэхэмжлэгч -ийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дуусгавар болгох үүргүүдийг алийг нь эхлэн гүйцэтгэх талаар дараалал тохирсон гэрээ талуудын хооронд байхгүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байгаа болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээ нь аль хэдийн хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар буюу хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон. Энэ нь хариуцагч нь гэрээнээс татгалзаж байгаа хэрэг биш бөгөөд гэрээ дуусгавар болсон үндэслэлээр гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байгаа хэрэг юм.

4.4 Түүнчлэн, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд гэрээ байгуулах үндэслэл болсон *******-ийн эсрэг ашиг сонирхолтой этгээдэд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа байх гэсэн нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд ийнхүү өөрчлөгдсөн нөхцөл байдалд хариуцагч нийцэх боломжгүй зөвхөн нэхэмжлэгч л нийцүүлж хэрэв манайхтай байгуулсан гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байсан бол шинэ үйлчлүүлэгчээс татгалзах ёстой байсан. Иймд тухайн өөрчлөгдсөн нөхцөл байдлын улмаас хариуцагч нь гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл мөн бүрдсэн байгааг анхаарах нь зүйтэй байна.

4.5 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******-ийн татгалзлын үндэслэлүүдийн нэг нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний 3.7-д заасан үндэслэл байсан болно. Уг үндэслэлээ нотлох зорилгоор доор дурдсан албан бичгүүдийг *******-ийн 2018-2022 онуудад алба хэрэг хөтлөх зорилгоор ашиглаж байсан E-office систем болон одоо ашиглаж буй албан хэрэг хөтлөлтийн E-office цахим системд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх тодорхой үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 1/76 тоот Ажлын тайлан хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/38 тоот Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/39 тоот Мэдээлэл шинэчлэх тухай албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 01/40 тоот Явцын тайлан хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/52 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг байсан.

Тус албан бичгүүд нь *******-д огт ирж байгаагүй бөгөөд ******* нь бичиг хэргийн үйл ажиллагааны бүртгэлийн тусгай дэвтэр хөтөлдөггүй, цахим бүртгэл хөтөлдөг тул хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ цаасан суурьтай архивын баримтаар нотлох ямар ч боломжгүй байсан болно. Шүүх ийнхүү хариуцагчийг өөрийн гаргаж буй тайлбарын үндэслэлийг нотлох боломжоор хангаагүй бөгөөд улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.4 дэх хэсэгт заасан талууд шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.2-т ямар үүргийг гүйцэтгэх талаар тодорхой заасан. Уг гэрээний дагуу үйлчлүүлэгчийг 7,002,000,000 төгрөгийн эрсдэлээс бүрэн хамгаалсан. Гэрээний 7.4-т зааснаар гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд төлбөрийг 3 хоногийн дотор шилжүүлэхээр тодорхой тусгасан. Маргаан нь 6 жилийн хугацаанд 3 шатны шүүхээр 3, 3 удаа буюу нийт 9 удаа хянан шийдвэрлэгдсэн. 15 удаагийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс үйлчилгээ үзүүлж өмгөөлөгч *******,, нар нь гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн. Гэрээний үүрэгтэй холбоотойгоор талууд маргаагүй.

5.2 Гэрээний 3.7-д заасны дагуу гэрээнээс татгалзах үүрэгтэй гэж маргасан. Хариуцагч өмгөөлөгч нарыг эсрэг талд ажилласан гэж тайлбарладаг. Бид нэхэмжлэгчийн эсрэг талд ажиллаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6, 3.7-д захиалагчийн эсрэг ажиллахгүй байхаар заасан. Нэг удаа ч эсрэг талд ажилласан тохиолдол байгаагүй. Нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдтэй эрүүгийн хэрэгт хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан захирлын эсрэг ажилласан гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч компани нь гүйцэтгэх захирал д холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй. Уг ажиллагааг Авилгатай тэмцэх газраас мөрдөн шалгаж гэмт хэргийн шинжтэй болохыг тогтоосон. Холбогдох CD-д үзлэг хийж, баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь д холбогдуулан гомдол гаргаагүй болохоо тайлбарласан. Уг үндэслэлээр гэрээнээс татгалзах боломжгүй.

5.3 Талуудын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж гэрээний үүрэг бүрэн биелсэн. Нэхэмжлэлийн шаардлагатай хамааруулж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. 2018-2022 оны хооронд жил бүр аудитын шалгалт хариуцагч байгууллагад орсон. Хариуцагчийг байгууллагын ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэх гэрээтэй холбоотой хуулийн этгээдүүдээс тухайн оны үлдэгдлийг баталгаажуулсан. 2018, 2021, 2022 онуудын үлдэгдлийг баталгаажуулсан албан бичгийг хариуцагч байгууллагад цаг тухайд нь өгч байсан. Хариуцагч татгалзсан баримтаа гаргаж өгөөгүй атлаа цахим систем болох и-оффисд үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлгүй.

5.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт зааснаар талуудын мэтгэлцэх зарчмыг хөндсөн. Мөн хэрэгжүүлэхэд саад учруулсан тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 87,009,705 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийг ...Гүйцэтгэгч нь гэрээний 3.6, 3.7, 3.8-д заасан үүргээ зөрчсөн. Өмгөөлөгч нар нь харилцан эсрэг ашиг сонирхол бүхий хэрэг, маргааны талуудад хууль зүйн туслалцаа үзүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, ямар нэгэн гэрээний явцын үйл ажиллагааны талаар тайланг ирүүлж байгаагүй гэх агуулгаар үгүйсгэн маргасан.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоогдсон байна.

3.1 болон ******* нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан ба талууд энэ талаар маргаагүй.

3.2 Гэрээгээр нь *******-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох шүүхийн бүх шатанд болон хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох, үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан хууль зүйн лавлагаа, зөвлөгөө, дүгнэлтийг амаар болон бичгээр өгөх, үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн төсөл, эх боловсруулах, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх, гэрээнд заасан маргаантай холбогдуулан захиалагчийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан бусад хууль зүйн туслалцаа үзүүлэхээр, ******* гэрээнд заасан хөлс болох 116,012,940 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 96-103/ Гэрээний дагуу ******* нь урьдчилгаа 29,003,235 төгрөгийг *******-д шилжүүлсэн.

3.3 нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр оноосон нэрээ ******* болгон өөрчилсөн. /1хх 6, 11/

3.4 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01250 дугаар шийдвэрээр *******-ийн нэхэмжлэлтэй, *******, *******-д тус тус холбогдох, *******-иас нийт 7,734,196,058 төгрөг гаргуулах, гэрээт ажлын хөлсийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг *******-д даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд *******-иас холбогдох шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагч *******-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх 105-112/

3.5 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1450 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь хариуцагч *******-ийн өмгөөлөгчөөр оролцсон. /1хх 113-119/

3.6 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2021/00075 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1450 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн өмгөөлөгчөөр нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* оролцсон.

3.7 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/02742 дугаар шийдвэрээр дээрх иргэний хэргийг анхан шатны журмаар дахин хянан хэлэлцээд хариуцагч *******-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн өмгөөлөгчөөр нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* оролцсон. /1хх 120-132/

3.8 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2023/02072 дугаар магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн өмгөөлөгчөөр нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* цахимаар оролцсон. /1хх 133-145/

3.9 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч гийн өмгөөлөгчөөр нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, ******* нар оролцсон. /1хх 148/

4. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Мөн зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5. Гэрээний 2.2-т гүйцэтгэгч нь *******-ийн нэхэмжлэлтэй захиалагчид холбогдох шүүхийн маргааныг хууль зүйн дагуу захиалагчийн талд ашигтайгаар шийдвэрлүүлэх буюу захиалагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулж шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлүүлсэн тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн зохих ёсоор биелүүлсэн гэж ойлгоно гэжээ.

5.1 Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал болон шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нэхэмжлэгчийг гэрээгээр тохиролцсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэсэн, хариуцагч нь ажлын үр, шимийг хүртсэн гэж үзнэ. Түүнчлэн, хөлсөөр ажиллах гэрээний зүйлд ажлын үр дүн хамаарахгүй. Иймд, анхан шатны шүүх *******-иас 87,009,705 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцжээ.

6. Хэрэгт авагдсан баримтаар гэрээ дуусгавар болсон, хариуцагч гэрээнээс татгалзсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг гэрээний 3.7, 3.8-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Түүнчлэн, хариуцагчийн хохирогчоор тогтоогдсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч д нэхэмжлэгч ******* нь өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д заасан захиалагчийн эсрэг ажиллахгүй байх үүрэгтэй гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, гэрээний уг заалт нь *******-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь захиалагчийн буюу хариуцагчийн эсрэг ажиллахгүй байх үүргийг хүлээсэн байна. /1хх 146-148/ Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...эсрэг ашиг сонирхолтой этгээдэд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын E-office цахим систем болон одоо ашиглаж буй албан хэрэг хөтлөлтийн Edoc цахим системд үзлэг хийлгэх хүсэлтийг шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2024/22755 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд, хариуцагчийн ...үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх тодорхой үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хамтран давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/04652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН