Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 437

 

 2019        05          29                                  2019/ШЦТ/437

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Т.Ртүүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангин 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэйсүү овгийн Төмөрбаатарын Рагчаад холбогдох эрүүгийн 1811000001183 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

Бэйсүү овгийн Т.Р1997 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерын дизайнер мэргэжилтэй , эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, нөхөр, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамж, 1127и тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УИ97090814.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Рнь Х.Түвшинтөгстэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжны 23б тоотод оршин суух иргэн Н.Бат-Эрдэнийн байшингийн цонхыг эвдэн хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч “Могул” загварын 32 инчийн зурагтыг хулгайлж 183.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Рнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн үед хохирогчийн гэрт очоод хүүхдийг нь тоглоомын газарт хүргэж өгөөд гэрт нь буцаж очоод зурагтыг нь авсан. Тэгээд 17 дугаар сургуулийн уулзвар дээр байрлах зурагт засварын газар орсон. Тухайн өдрийн орой цагдаад баригдсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Т.Рнь миний ахын хүүхэд. Тухайн машин нь манай гэрийн хашаанд байж байдаг, унаж хэрэглэдэггүй. Т.Рагчааг хэрэгцээндээ унаж бай гээд би өгсөн байсан ...” гэв,

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх 9-17/

Хохирогч Н.Бат-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 09 цагийн үед гэрээсээ гарсан. 16 цагийн үед том хүүгийн маань найз охин Хандаа над руу залгасан. Үүнээс өмнө манай хөрш айлын эмэгтэй Отгоо залгаад зурагт чинь байхгүй байна гэж хэлсэн. Гэртээ ирэхэд манай байшингийн хойд талын цонхыг түлхэж онгойлгосон байдалтай байсан. Тавиур дээр байсан “Могул” брэндийн 32 инчийн зурагт алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уг зурагтын гадна хуванцар хүрээг тойруулаад зурсан зураастай, гол хэсэгт нь 1 зураастай. 2010 онд “Арина” дэлгүүрээс 435.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх 34-38/

Иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Т.Рнь миний төрсөн ах Төмөрбаатарын том хүү учир төрөл садангийн холбоотой юм. 2018 оны 02 дугаар сарын эхээр өөрийн 2272 УНО улсын дугаартай Хьюндай Аванте маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг аав ээждээ туслаад гар хөлд нь зарагдаад унаад явж бай гээд Рагчаад өгсөн. Тэгтэл Рагчаа нь бусадтай бүлэглэн орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж, уг тээврийн хэрэгслийг ашигласан байна. Иймд тээврийн хэрэгслээ авмаар байна...” гэх  мэдүүлэг /хх 39-42/,

Гэрч О.Мөнхболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед гэртээ зурагт үзээд сууж байхад Түвшинтөгс гаднаас орж ирээд надад хандан найз охин Хандаатай яриарай гэсэн. Тухайн үед би гэрээс гарах гэж байсан болохоор Түвшинтөгсийн хамт гэрээс гарсан. Хашааны гадна очиход Түвшинтөгс, найз Рагчаагийн машинтай цуг явж байсан. Рагчаа нь саарал өнгийн Аванте маркийн тээврийн хэрэгсэлтэй байхаар нь би суугаад зам руу дөхөж буусан. 17 цаг болж байхад найз охин Хандаа ирээд “танай гэр лүү очоод ирлээ, танай гэрийн зурагт хаачсан юм” Гэж асуухаар нь нэг их тоогоогүй юм. Тоглоомоо дуусгаад гэрлүүгээ очсон. Тэгтэл хойд аав ирчихсэн, цагдаа дуудсан байсан. Би тухайн үед Түвшинтөгсийг сэжиглэсэн, намайг гэртээ ганцаараа байгааг, мөн ээж Түвшинзаяаг тал цус харваад эмнэлэгт хэвтэж байгаа зэргийг бүгдийг мэдэж байсан болохоор сэжиглэсэн...” гэх мэдүүлэг /хх 47-49/

Шүүгдэгч Т.Рнь мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр  мэдүүлэхдээ:  “...Түвшинтөгс бид 2 эргээд Мөөгийгийн гэрийн гадаа машинтай очиж зогсоод хашаа руу нь орсон. тэдний хашааны хаалга онгорхой байсан. Машинаа хажуу талын гудамжны үзүүр дээр тавиад Түвшинтөгс бид 2 алхаж очоод байшингийнх нь ар талын вакум цонхны салхивчийг түлхэж онгойлгосон. Эхлээд Түвшинтөгс цонхоор ороод би цонхон дээр нь хүн ирж байгааг харж хүлээж зогссон.Түвшинтөгс байшин дотроос Могул брэндийн 32 инчийн хар өнгийн зурагтыг аваад цонхоор надад дамжуулж өгөөд гарч ирсэн. Түвшинтөгс онгойлгосон салхивчийг зөөлөн хаасан. Бид 2 гудамжаар хүн явж байгаа эсэхийг харж байгаад машиндаа сууж Түвшинтөгсийн гэрт очсон. Баасанхүү Түвшинтөгсийнд унтаж байсан болохоор сэрээгээд 17 дугаар сургуулийн уулзвар дээр байрлах зурагт засварын газарт ороод 60.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх 95-97/

 Дамно ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №ЧД2-18-211 дугаар тайланд ...үнэлэгдэж буй хөрөнгө болох Могул брэндийн 32 инчийн зурагт нь зах зээлийн үнэлгээгээр нийт 183.600 төгрөг...” гэх тайлан /хх 59-61/

 Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2272 УНО дугаартай Хьюндай Аванте загварын автомашиныг битүүмжилсэн тогтоол /хх 22-23/

Тод үнэлгээ ХХК-ны 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №1-2х дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд ...Автомашины үнэлгээ 1.000.000 төгрөг...” гэх тайлан /хх 141-143/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2289 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №10-д харуулсан гутлын мөрийг хээний ерөнхий шинж тэмдгээр харьцуулан шинжлэх боломжтой. Хэргийн газраас ирүүлсэн зураг №10-д харуулсан гутлын мөр харьцуулах шинжлүүлэхээр ирүүлсэн гутлын мөртэй хээний ерөнхий шинж тэмдгээр ижил байна...” гэх дүгнэлт /хх 67-69/.

Чингэлтэй дүүргийн прокурорын Т.Рагчаад холбогдох хэргийг тусгаарлах тухай тогтоол/хх-1/, Чингэлтэй дүүргийн шүүхийн “Хэргийг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж, шүүгдэгчийн ял шалгах хуудас/хх-120/, иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-119/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгч Т.Рнь Х.Түвшинтөгстэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжны 23б тоотод оршин суух иргэн Н.Бат-Эрдэнийн байшингийн цонхыг эвдэн хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч “Могул” загварын 32 инчийн зурагтыг хулгайлж 183.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-17/, хохирогч Н.Бат-Эрдэнийн “...Тавиур дээр байсан “Могул” брэндийн 32 инчийн зурагт алдагдсан...” /хх 34-38/, иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатарын “...Рагчаа нь бусадтай бүлэглэн орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж, уг тээврийн хэрэгслийг ашигласан байна. Иймд тээврийн хэрэгслээ авмаар байна...” /хх 39-42/, гэрч О.Мөнхболдын “...тухайн үед Түвшинтөгсийг сэжиглэсэн, намайг гэртээ ганцаараа байгааг, мөн ээж Түвшинзаяаг тал цус харваад эмнэлэгт хэвтэж байгаа зэргийг бүгдийг мэдэж байсан болохоор сэжиглэсэн...” /хх 47-49/, шүүгдэгч Т.Рагчаагийн “...17 дугаар сургуулийн уулзвар дээр байрлах зурагт засварын газарт ороод 60.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлгүүд /хх 95-97/,  Дамно ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №ЧД2-18-211 дугаар тайлан /хх 59-61/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2289 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 67-69/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоож байна.

Иймд шүүгдэгч Т.Рагчааг бусадтай бүлэглэн нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх, шүүгдэгч Т.Рагчаад ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь хохирогч Н.Бат-Эрдэнэд хохирлын 183.600 төгрөгийн төлсөн, хохирогч Н.Бат-Эрдэнэ нь “...гомдол, санал байхгүй...”, иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Рагчаагийн бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Avante XD маркийн 22-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Нэт Капитал ББСБ-ын эзэмшлийнх болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, “Тод үнэлгээ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.000.000 төгрөгийг Т.Рагчаагаас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Рнь 2018 оны 3 сарын 17-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2019 оны 5 сарын 20-ний өдөр нийт 10 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэйсүү овгийн Төмөрбаатарын Рагчааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  бусадтай бүлэглэн нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Рагчаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Рагчаад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Рагчаагийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 10 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Рагчаагийн бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Нэт Капитал ББСБ-ын эзэмшлийн 22-72 УНО улсын дугаартай Hyundai Avante XD маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Т.Рагчаагаас түүний үнэ болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Рагчаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХАЛИУН