| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06311/И |
| Дугаар | 3535 |
| Огноо | 2016-04-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 3535
| 2016 оны 4 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2016/03535 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Самбуугийн гудамжинд байрлах, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 6-р хороо, Нүхт 16-р гудамж 281 тоотод оршин суух, регистр ШД83021011, Хар дархад овогт Эрдэнийн Болдсүлдэд холбогдох 338 106 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган 30544510 тоот гэрээ байгуулан 99676367 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь үүргээ үл биелүүлэн дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг анхааруулсан. Төлбөрөөс барьцаа 40 000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас 338 106 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Болдсүлд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 338 106 төгрөгийг 2016 оны 6-р сарын 26-ны өдөр төлж барагдуулж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь Э.Болдсүлдэд холбогдуулан 338 106 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Э.Болдсүлд нь нэхэмжлэлийн шаардлага 338 106 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 6-р сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 338 106 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 6-р сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагч Э.Болдсүлдийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 793 төгрөгийн 5 396,5 төгрөгийг улсын төсвөөс, 5 396,5 төгрөгийг хариуцагч Э.Болдсүлдээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА