Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 4811

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2016/04811

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би:

 

              Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо,  2-р хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 34 байр 6 тоотод оршин суух, регистр УУ89033121, Боржигин овогтой Эрдэнэчулууны Монголмаагийн нэхэмжлэлтэй,

 

              Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, Голден парк хотхон Энхтайваны өргөн чөлөө гудамж, 107 байр 75 тоотод оршин суух, регистр ЧЖ77020107, Цорс овогтой Дамбийнямын Одхандад холбогдох өөрийн өмчлөлийн байраа чөлөөлүүлэхээр хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцал, өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагч Д.Одханд  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.Монголмаа гаргасан нэхэмжлэлдээ: Э.Монголмаа миний өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Голден парк хотхон Энхтайваны өргөн чөлөө гудамж 107 байр 75 тоот хаягтай байранд Д.Одханд нь миний зөвшөөрөлгүй амьдарч, улмаар миний байрыг чөлөөлж өгөхийг шаардахад огт тоодоггүй, би удаа дараа шаардсан боловч Одханд нь 2015 оноос одоог хүртэл амьдарч байгаа. Би өөрийн өмчлөлийн байраа эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа тул улсын бүртгэлийн 000445082 дугаартай Баянгол дүүргийн 1-р хороо, Голден парк хотхон Энхтайваны өргөн чөлөө гудамж, 107 байр 75 тоот хаягтай миний өмчлөлийн байрыг Д.Одхандаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.Монголмаа нь Д.Одхандад холбогдох орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, Ү-2205036590 дугаартай Баянгол дүүргийн 1-р хороо, Голден парк хотхон Энхтайваны өргөн чөлөө гудамж, 107 байр 75 тоот сууцыг чөлөөлүүлэх  Э.Монголмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Д.Одханд нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус байрыг чөлөөлөхөөр тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн  эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Чанцал, хариуцагч Д.Одханд нар нь эвлэрч, Ү-2205036590, Баянгол дүүргийн 1-р хороо, Голден парк хотхон Энхтайваны өргөн чөлөө гудамж, 107 байр 75 тоот хаягтай байрыг 2016 оны 8-р сарын 15-ны өдөр чөлөөлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Монголмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Одхандаас 35 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Монголмаад олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА