Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/00281

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/05321 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ******* улсын дугаартай приус-41 маркийн автомашиныг өдрийн 80,000 төгрөгөөр *******т түрээслүүлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нотариат дээр очиход 4,000,000 төгрөгийн түрээсийн үлдэгдэлтэй байсан.

1.2 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ-г барьцаалж хариуцагчид 6,000,000 төгрөг зээлүүлсэн.

1.3 2023 оны 11 дүгээр сард ******* улсын дугаартай приус маркийн автомашиныг 15 хоног ашиглуулсан тул 700,000 төгрөгийн бараа авсан байсан. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр машинаа буцааж авах гэсэн чинь ...өдрийн 50,000 төгрөгөөр түрээсэлье гэхээр нь зөвшөөрсөн. 100 өдөр автомашин түрээсэлсний хөлс 5,000,000 төгрөг болсон.

1.4 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч нь дээрх нийт 15,000,000 төгрөгийн өртэй болохоо баталж амлалт бичиж өгсөн. Иймд хариуцагчаас нийт 15,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нөхөр бид хоёр 2021 оны 02 дугаар сард *******ын автомашиныг түрээсэлсэн. Машиныг унаж байх хугацааны мөнгийг төлсөн.

2.2 Приус-20 маркийн автомашиныг би огт унаагүй ба үүнтэй холбоотой төлбөр надад хамааралгүй. 4,000,000 төгрөгийн унаж байх хугацааны мөнгөө төлсөн.

2.3 Тухайн үедээ мөнгө шаардлагатай байсан тул 6,000,000 төгрөгийг зээлсэн, үүнийг эргүүлж төлөх хүсэлтэй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч *******ээс 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийн өртэй болохоо баталж амлалт бичиж өгсөн. Амлалт бичигт ...15,000,000 төгрөгийг 2023.06.03-ны өдрөөс 2024.03.01-ний өдөр хүртэл хувааж төлнө гэж бичиж нөхрийн хамт гурвуулаа гарын үсэг зурсан.

4.2 Хариуцагч нь ...15,000,000 төгрөг мэдэж байгаа 10,000,000 төгрөгийг төлөх боломжтой 5,000,000 төгрөгийг нөхөр *******аас автомашин авч унасан эхний ээлжид 3,000,000 төгрөг өгч үлдэгдэл мөнгийг сарын 500,000 төлж 14 cap хувааж төлөх хүсэлтэй байна гэж шүүхэд хүсэлт өгсөн. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож ...зөвхөн зээлсэн 6,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

4.3 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.4, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2 дахь хэсэгт зааснаар ******* нөхрийн хамт нэхэмжлэгчид 15,000,000 төгрөг өгөх ёстой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг үнэлээгүй, хэргийн бодит байдлыг тогтоолгүй нэхэмжлэлийн шаардлагыг 9,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хэт нэг талын барьсан шийдвэрлэсэн.

4.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасан хүсэлт өгсөн боловч хүсэлтийг шийдвэрлээгүй байсан. Шүүгч хурал дээр хүсэлтийг сая харлаа гэсэн, туслах нь шүүгчдээ мэдэгдээгүй гэж ойлгосон ба энэ нь шүүгч хэрэгтэйгээ бүрэн танилцаагүй хүсэлт шийдвэрлээгүй нь шүүх хуралд орсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, дахь хэсэгт заасныг тус тус заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, 80 хоног автомашин түрээсэлсний төлбөрийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, 100 хоног автомашин түрээслэсний төлбөр 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зээл 6,000,000 төгрөг болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нотолгооны үүргийн хуваарилалтын талаар буруу дүгнэлт хийсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

4. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Амлалт гэх бичгийн баримтад ******* нь *******т нийт 15,000,000 төгрөг өртэй. Үүнд газар барьцаалж 5,000,000 төгрөг, мөн автомашин түрээсийн 10,000,000 төгрөг хүүгүй зээлсэн болно. Үүнийг 2023.06.30-аас 2024.03.01 хүртэл хувааж төлөх болно. Сард 1 саяаас -1 сая 500 төгрөг өгнө. Мөнгөө төлж чадахгүй болж хуулийн дагуу шийдүүлнэ. Өгч чадахгүй бол 3 сая хүү нэмж авна. Үүнийг 2 тал ярилцан зөвшөөрлөө гэжээ. /хх 5/

4.1 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр Баянзүрх дүүрэг, *******,******* 1 гудамж, тоот, 610 м.кв талбайтай, гэр орон сууцны хашааны газрын 6,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх 6/

Дээрх үйл баримт болон зохигчдын тайлбарыг үндэслэн ******* нь 6,000,000 төгрөгийг *******т зээлдүүлсэн гэж анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 6/

4.2 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлдэгчид мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг үүснэ.

4.3 Хариуцагч нь нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөг зээлсэн үйл баримтын талаар маргаагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд 6,000,000 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзсэн нь зөв.

4.4 Хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчид төлөхийг зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргасан /хх 14/ байх тул анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна. Хариуцагч үүнд давж заалдах гомдол гаргаагүй.

5. Нэхэмжлэгч шаардлагаа ...Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ******* улсын дугаартай приус-41 маркийн автомашиныг өдрийн 80,000 төгрөгөөр *******т түрээслүүлсэн. Одоо 4,000,000 төгрөгийн түрээсийн үлдэгдэлтэй байгаа гэж шаардсан, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсны дараа шүүхэд ...*******ын нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийн өөрийн мэдэж байгаа 10,000,000 төгрөгийг өгөх боломжтой болно гэх тайлбар гаргасан байна. /хх 14/

5.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай болжээ.

5.2 Учир нь, талуудын байгуулсан хэлцлийн зүйл, шинж, нөхцөл, хүлээсэн үүрэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь автомашиныг зориулалтын дагуу ашиглуулахаар эзэмшлийг шилжүүлэх, хариуцагч гэрээгээр тохирсон хөлс төлөхөөр тохирсон нь агуулгын хувьд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтад илүү нийцсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

5.3 Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчээс ******* улсын дугаартай автомашиныг хөлсөлсөн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд энэ тохиолдолд тэрээр хөлс 4,000,000 төгрөг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь уг тайлбараа баримтаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх ...хариуцагч ******* ямар хугацаанд түрээсэлж, эзэмшилдээ байлгаж ашигласан, төлбөрийн үлдэгдэл ямар хэмжээтэй талаар нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь нотлох үүргийн хуваарилалтад нийцээгүй байна. Иймд хариуцагч нь дээрх 4,000,000 төгрөгийн хөлсийг төлсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар 4,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.

6. Харин улсын дугаартай автомашиныг ******* хөлсөлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ тохиолдолд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Хэргийн баримтаар уг байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцсэн байна.

6.1 Түүнчлэн, хэргийн 5 дугаар талд авагдсан Амлалт гэх бичгийн баримт нь нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлийг бий болгохгүй. Учир нь, тухайн баримтад заасан үйл баримт нь бусад баримтаар бүрэн тогтоогдоогүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/05321 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 110,950 гэснийг 174,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

М.БАЯСГАЛАН