| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0421/Э |
| Дугаар | 438 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 438
2019 05 29 2019/ШЦТ/438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч Э.М/шүүгдэгч нь өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Хавхчин овгийн Э.Мт холбогдох эрүүгийн 1911004320541 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хавхчин овгийн Э.М, 1995 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Уул уурхайн автомашины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багийн Цагаан овоод оршин суух хаягтай одоогоор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 47-701 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЛМ95112919.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.Мнь 2019 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 50 дугаар байрны гадна иргэн О.Эрдэнэбатыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Мнь нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…50 дугаар байрны гадаа манай хамаатны ах хүнтэй муудалцаад намайг гараад ир гээд дуудсан. Тэгээд зодолдож байсан хүмүүсийг нь явуулах гэтэл нөгөө хүмүүс нь явахгүй байсан. Тухайн үедээ нөгөө хүмүүс манай ахтай зууралдаад байхаар нь айлгаж явуулах зорилготой гэрээс хутга авч гарсан. Тэгээд сүүлдээ нөгөө хүмүүс нь над руу дайраад эхэлсэн. Бид нар хоорондоо нэлээн зодолдсон. Зодолдож байх үед миний гарт байсан хутга хохирогчийн эгэм орчим хэсэгт нь зүссэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж, дүгнэлт хийсэн...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.Эрдэнэбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Намайг Мөнхбаяр гэдэг хүн хутгалсан. Тэгээд л би шууд зугтаагаад явчихсан тэрнээс өөр хүн намайг цохиж, зодоогүй...” гэх мэдүүлэг /хх 23/
Гэрч Г.Дөлгөөн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Од ахтай хамт ажилладаг үл таних эрэгтэй хүн Эрдэнэбатыг хутгалсан байсан. Гэхдээ би хэрхэн хутгалсан талаар нь хараагүй. Цус гарахаар нь хутгалуулсан гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 24-25/
Гэрч Т.Одбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед би Эрдэнэбаттай зууралдаад зодолдож байх үедээ “Мөнхбаяраа ахын дүү гараад ир” гэж дуудсан санагдаж байна. ...Мөнхбаяр намайг тэд нарт зодуулж байна гэж ойлгоод гэрээс хутга авч гарч ирээд Эрдэнэбатыг хутгалчихсан юм байна лээ... би хутгалсан талаар мэдээгүй нэг мэдэхэд цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 30-31/
| ь . |
Шүүгдэгч Э.Мнь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаатны ах Одбаатарын төрсөн өдөр болж найзууд нь, танил дүү нар нь гээд хэдэн залуучууд гэрт нь ирсэн. Тэгээд тэд нар архи ууцгааж байгаад нэлээд согтсон байсан гэрийнхээ гадна Одбаатар ах тэд нартайгаа муудалцаад байх шиг байсан. Тэгээд би тэр хэдийг нь явуулах санаатай айлгах гээд гэрт байсан хутгыг нь авч гараад салгах гэж зууралдаж байгаад би тэнд байсан Эрдэнэбат гэх залуугийн эгэм орчимд нь хутгаараа хутгалчихсан юм. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 60-61/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1828 дугаар дүгнэлтэд: “...О.Эрдэнэбатын биед зүүн ташаанд хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 46/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Мнь 2019 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 50 дугаар байрны гадна иргэн О.Эрдэнэбатыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Эрдэнэбатын “...Намайг Мөнхбаяр гэдэг хүн хутгалсан. Тэгээд л би шууд зугтаагаад явчихсан тэрнээс өөр хүн намайг цохиж, зодоогүй...” /хх 23/, гэрч Г.Дөлгөөний “...Од ахтай хамт ажилладаг үл таних эрэгтэй хүн Эрдэнэбатыг хутгалсан...” /хх 24-25/, гэрч Т.Одбаатарын “...гэрээс хутга авч гарч ирээд Эрдэнэбатыг хутгалчихсан юм байна лээ...” гэх мэдүүлгүүд /хх 30-31/, шүүгдэгч Э.Мөнхбаярын “...би Эрдэнэбат гэх залуугийн эгэм орчимд нь хутгаараа хутгалчихсан юм. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 60-61/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1828 дугаар дүгнэлт/хх 46/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
| ь . |
Иймд шүүгдэгч Э.Мөнхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Ингэхдээ улсын яллагчийн гаргасан санал болон түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан баримт зэргийг харгалзав.
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирогч О.Эрдэнэбат нь “...Би өөрт учирсан хохирол мөнгөө гаргуулаад авсан., ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өнгө үү...” гэх тул шүүгдэгч Э.Мөнхбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 22 см урттай 1 ширхэг хутгыг устгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хавхчин овгийн Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхбаярт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Э.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 22 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мөнхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН