Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 448

 

  2019        05        30                                    2019/ШЦТ/448

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Ц.Батбямба,

өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Р.Баясалмаа, тэдгээрийн өмгөөлөгч Н.Батзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мандал овгийн Баясалмаагийн Баяртогтоход холбогдох эрүүгийн 1911000280414 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мандал овгийн Б.Б, 2002 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шинэ иргэншил МСҮТөвийн 2Г ангийн сурагч, ам бүл 5, аав, ээж, 2 дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1015а тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЭ02250338.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө, мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө тус тус Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-401 тоотод хохирогч Ц.Намуунбайгалийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай мax, махан бүтээгдэхүүний цехэд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, 6 кг гахайн мах, Самсунг маркийн зөөврийн компьютер 1 ширхэг зэргийг хулгайлан авч, бусдад 216.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ : “...Тухайн үед би гэрээсээ яваад 10 жилийн найз Цолмонгийн гэрт 1 сар орчим амьдарсан. Тэр хугацаандаа ганцаараа хулгай хийсэн. Дахин гэмт хэрэг хийхгүй, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 31-35/

Хохирогч Ц.Намуунбайгаль нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-401 тоот нийтийн байрны нэг давхарт мах, махан бүтээгдэхүүний цех ажиллуулдаг. 2018 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө манай цехэд хулгай орж 6 килограмм гахайн мах алдагдсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө цехээс Самсунг маркийн хөх өнгийн 14 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютер алдагдсан. ...зөөврийн компьютероо 2010 онд Солонгос улсаас Монгол мөнгөөр 300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо бол 100.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх 18-19/

Гэрч Б.Зоригоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-401 тоот 4 давхар нийтийн байр ажиллуулдаг. …Баяртогтох манай гэрт ирээд хулгай хийсэн талаараа надад хэлсэн, тэгээд би мах, махан бүтээгдэхүүний цехийн хүнтэй уулзуулсан. Баяртогтох хулгайлсан зөөврийн компьютероо эзэнд нь буцаан хүлээлгэн өгсөн гэсэн. ...Цехийн камер нийтийн байрны камераас тусдаа байдаг тул цехийн камерыг эзэн нь өөрөө хянадаг, камерыг цехийн үүдэнд байх гэрлийн пускатлыг буулгаж унтраах боломжтой. ...Б.Б нь манай хүү Цолмонгийн 10 жилийн нэг ангид хамт сурч байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сард хойд аав зодоод байна гэж хэлээд манай гэрт ирсэн. Тухайн үед надаас танай гэрт хэд хоночих уу гэж гуйсан. Тэгээд би зөвшөөрсөн, Баяртогтох манай гэрт 10 гаран хоноод явсан. Манай гэрээс явсны маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 11-ний шилжих шөнө манай нийтийн байрны доод талын махны цехээс компьютер хулгайлж авсан байсан. Цехийн хяналтын камерын цахилгааныг манай гэрээс салгах ямар нэгэн боломжгүй...” гэх мэдүүлэг /хх 29, 37/

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЧД2-18-762 дугаартай тайланд “...үнэлэгдэж буй хөрөнгө болох Самсунг маркийн зөөврийн компьютер нь  зах зээлийн үнэлгээгээр нийт 180.000 төгрөг, 1 кг гахайн мах нь 7500 төгрөг...” гэх тайлан /хх 39-40/

 Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Цолмонгийн нийтийн байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг мах махан бүтээгдэхүүний цехийн орц талын хаалга онгорхой юм шиг байхаар нь татаж үзсэн чинь онгойсон. Тухайн үед цех рүү ороод хаалганы зүүн буланд байх цагаан өнгийн хөргөгчийг онгойлгон боож бэлдсэн 6 ширхэг бөөрөнхий гахайн мах хулгайлан авч, буцаж гарах үедээ цехийн цахилгааныг буцааж залгаад гарсан. Дараа 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө нөгөө цехийн орц талын хаалгыг татаж үзэхэд онгорхой байхаар нь дахин мах авч идэх санаатай ороод хаалганы өөдөөс харсан өрөөний тавиур дээр байсан хар хөх өнгийн зөөврийн компьютерыг авсан...” гэх мэдүүлэг /хх 48-49/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 52/, өсвөр насны шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх 54/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө, мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-401 тоотод хохирогч Ц.Намуунбайгалийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай мax, махан бүтээгдэхүүний цехэд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, 6 кг гахайн мах, Самсунг маркийн зөөврийн компьютер зэргийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Ц.Намуунбайгалийн “...2018 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө миний цехэд хулгай орж 6 килограмм гахайн мах алдагдсан. 2018 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө цехээс Самсунг маркийн хөх өнгийн 14 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютер алдагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Зоригоогийн “…Баяртогтох манай гэрт ирээд хулгай хийсэн талаараа надад хэлсэн...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Быг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хууль бусаар эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бод хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эхэд нь даалгах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нь Ц.Намуунбайгальд зөөврийн компьютерыг буцаан өгсөн, хохирогч Ц.Намуунбайгаль нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Мандал овгийн Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хууль бусаар эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бод авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эхэд нь үүрэг болгосугай.

4. Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН