| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06311/И |
| Дугаар | 4335 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 4335
| 2016 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2016/04335 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 43-106 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЗЮ67090614, Боржигон овогт Жанчивын Ууганбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын зам, өөрийн байр, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд холбогдох 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 267 тоот тушаалын Ж.Ууганбаярт холбогдох хэсгийг, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 341 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, засварчны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 7 200 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн болон даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 150 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгохыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ууганбаяр нь 1985 оны 5-р сарын 25-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 11 ны өдөр хүртэл 06 сарын хугацаанд БНМАУ-ын Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн “Автомашины засварчин”-ы мэргэжил олгох курсэд суралцан төгссөн бөгөөд 2007 оны 06-р сараас 2015 оны 7-р сарын 20-ны өдөр хүртэл МҮОНРТ-ийн авто гаражид жолооч, засварчинаар тасралтгүй 8 гаруй жил ажилласан. Тус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа 33 авто машины эвдрэл гэмтэлийг оношлох, засварлах, шаардлагатай үйлчилгээг цаг тухайд тогтмол хийхийн зэрэгцээ жолоочоор ажилласан. Байгууллагын хэмжээнд Ж.Ууганбаяраас өөр мэрэгжилтэй засварчин байхгүй. МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2015 оны 05-р сарын 26-ны өдрийн 267 тоот тушаалаар батлагдсан ажил албан тушаалын жагсаалтын дагуу байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсны улмаас “Засварчны” орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн Ж.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Тухайн 267 тоот тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.9 дэх заасан хуульд нийцээгүй, энэ заалтаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ тушаал нь өөрөө байнгын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, илүү зардал гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Уг тушаал гарснаар авто гаражид үйлчлүүлэх авто машины тоо цөөрөөгүй, засварчны ганцхан орон тоогоо хасах биш харин нэмэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, байгууллагыг мэргэжлийн засварчингүй болгож засвар үйлчилгээг жолооч нараар гүйцэтгүүлэхийг даалгаснаас гэмтэл оношлогоо, томоохон засварыг мэргэжлийн автомашины засварын төвд хандаж шийдвэрлүүлж эхэлсэн, засварчин дуудах шаардлагатай болж мөнгө хөрөнгө илүү зардал болсон хэтэрхий хүлээлт үүсгэх, ажил тасрах нөхцөл бий болсон гэж үзэж байна. Ж.Ууганбаяр нь засварчнаар ажиллах хугацаандаа алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Тийм учраас засварчны орон тоо хасагдсан ч нэхэмжлэгч Ж.Ууганбаярыг жолоочоор ажиллуулах боломжтой байсан. МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2015 оны 7-р сарын 20 ны өдрийн 341 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалаа Хөдөлмөрийн дотоод журмын 6.12.9 дэх заалтыг үндэслэн гаргасан байдаг. Гэтэл энэ заалт нь Хөдөлмөрийн дотоод журамд байхгүй байдаг юм. Журам нь 2015 оны 07-р сарын 03-ны өдрийн 322 тоот тушаал батлагдсан байна. Иймд МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2015 оны 05-р сарын 26-ны өдрийн 267 тоот тушаалын Ж.Ууганбаярт холбогдох заалт, хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2015 оны 07-р сарын 20-ны өдрийн 341 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан засварчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7 200 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү. Мөн МҮОНРТ-ийн захирлын 2015 оны 03-р сарын 23-ны өдрийн 150 тоот тушаалаар Ж.Ууганбаярт сахилгын шийтгэл ногдуулж 1 сарын цалинг 20 хувь бууруулсан арга хэмжээ авсан байна. Энэ тушаалыг нэхэмжлэгч мэдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч гаргаж өгөхөд мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-р зүйлд зааснаар гарсан тушаал, шийдвэрээ эх хувиар нь нэхэмжлэгчид гардуулаагүй байдаг. Ийм учраас нэхэмжлэлээ гаргахдаа арга хэмжээ аваагдаж байгаагүй гэж нэхэмжлэлдээ дурьдсан. Иймд МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2015 оны 05-р сарын 26-ны өдрийн 267 тоот тушаалын Ж.Ууганбаярт холбогдох заалт, хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2015 оны 07-р сарын 20-ны өдрийн 341 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан засварчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7 200 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү. Мөн МҮОНРТ-ийн захирлын 2015 оны 03-р сарын 23-ны өдрийн 150 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МҮОНРТ нь олон нийтийн хэвлэл мэдээлийн байгууллага бөгөөд улсын төсвөөс санхүүждэг. Энэ санхүүжилт нь 2015 оноос багассан учраас орон тооны цомхотгол хийсэн. МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2015 оны 267 тоот тушаалаар батлагдсан ажил албан тушаалын жагсаалтаар авто гаражийн засварчны орон тоо хасагдаж, 2015 оны 07-р сарын 20-ны өдөр Ж.Ууганбарыг ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий захирал нь олон нийтийн радио телевизийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бүрэн эрхтэй. Энэ хуулийн 24-р зүйлийн 24.1.6 дахь хэсэгт зааснаар Үндэсний зөвлөл нь Үндэсний олон нийтийн радио телевизийн бүтэц орон тооны дээд хязгаарыг тогтоож өгдөг, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал тогтоосон хязгаарын дотор багтааж бүтэц, орон тоогоо баталдаг. Нэхэмжлэгч 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 267 тоот тушаалыг хууль зөрчсөн гэжээ. Тухайн байгууллага нь хэвлэл мэдээлийн байгууллага учраас үндэсний зөвлөл баталж өгсөн бүтэц орон тооны хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэл нь Үндэсний зөвлөлийн 2015 оны 03-р сарын 24-ний өдрийн 24-р тогтоол, ерөнхий захирлын тушаал нь байгаа боловч, хавсралт нь хэрэгт авагдаагүй гэдэг шалтгаанаар буцаасан. Үндэсний зөвлөлийн баталснаар энэ байгууллагад орон тооны 680 хүн байдаг, үүнээс хэвлэл мэдээллийн ажилтан болох сэтгүүлч, редактор, зураглаач 488 хүн, дэмжих салбар нь жолооч, үйлчлэгч, санхүү, нягтлан, хүний нөөцийн ажилтан 180 хүний төсөвтэй. Тэгэхээр Үндэсний зөвлөл нь засварчны орон тоо байх эсэхийг шийдэхгүй. Харин ерөнхий захирлын 267 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж ойлгож байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Нэгэнт засварчны орон тоо байхгүй болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хуулиар зөвшөөрсөн. Улсын дээд шүүхийн тайлбарт зөвхөн тухайн орон тоо нь хасагдсан ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн тайлбар байдаг учир нэхэмжлэгч Ж.Ууганбаярыг ажлаас халсан. МҮОНРТ-ийн ерөнхий захирлын тушаал нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.Ууганбаяр нь ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй гэдэг боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлаас хамгаалах хэлтсийн ажилтнууд нэхэмжлэгч Ж.Ууганбаярыг ажлын байранд байнга архи ууж байгааг баталгаажуулж зургийг нь авсан. 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан. Тийм учраас манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ууганбаяр нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд холбогдох Ерөнхий захирлын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 267 тоот тушаалын Ж.Ууганбаярт холбогдох хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 341 тоот тушаалыг хүчингүй болгуулах, засварчны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 7 200 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн болон даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 150 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ж.Ууганбаяр нь 2007 оны 6-р сарын 07-ны өдрийн 253 тоот тушаалаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн автогаражид засварчинаар ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2015 оны 07-р сарын 20-ны өдрийн 341 тоот тушаалаар ажлаас халагджээ. /хх 4-6, 7-9, 10/
Нэхэмжлэгч ажлаас буруу халсан талаарх гомдлоо 2015 оны 8-р сарын 18-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэлийг “...267 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.9 дэх заалтыг зөрчсөн, засварчны орон тоо хассан нь хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, илүү зардал гарах нөхцөлийг бүрдүүлсэн, авто гаражид үйлчлүүлэх авто машины тоо цөөрөөгүй, арга хэмжээ авсан тушаалыг гардуулаагүй, мэдээгүй” гэж маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...267 тоот болон 341 тоот тушаал нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын бүрэн эрхийн хүрээнд гарсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар гарсан хууль зөрчөөгүй” гэж тайлбарлажээ.
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн 2015 оны 3-р сарын 24-ний өдрийн “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” 24 тоот тогтоолоор МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг хавсралт ёсоор баталж, МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтцийг 2015 оны 4 сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлэхээр тогтоосон /хх 22, 115/ байна.
Энэ тогтоолыг хэрэгжүүлж Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлын 2015 оны 5-р сарын 26-ны өдрийн “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тоог батлах тухай” 267 тоот тушаал гарч МҮОНРТ-ийн Захиргаа, дэмжих салбарын зохион байгуулалтын бүтэц, орон тоог №1 хавсралтаар баталсан байх ба үйлчилгээ, аж ахуйн хэлтэс /101/, үүнд, авто гараж 31 орон тоотой ажиллахаар батлагдсан /хх 23-33/ байна.
Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 341 тоот тушаалыг Ерөнхий захирлын 2015 оны №267 тоот тушаалаар батлагдсан “Ажил албан тушаалын жагсаалт”-ыг удирдлага болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, “Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.6 дахь заалт, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.12.9 дэх хэсгийг тус тус үндэслэн Үйлчилгээний хэлтсийн засварчин Жанчивийн Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 7-р сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1.6 дахь хэсэгт зааснаар Үндэсний зөвлөл нь олон нийтийн радио, телевизийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох ба 2015 оны 3-р сарын 24-ний өдрийн “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” 24 тоот тогтоолоор орон тоог тогтоосон, тогтоолын заалтыг хэрэгжүүлж Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлын 2015 оны 5-р сарын 26-ны өдрийн “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тоог батлах тухай” 267 тоот тушаал гаргажээ.
Өөрөөр хэлбэл, 267 тоот тушаал нь бүхэлдээ тухайн байгууллагын бүтэц, орон тоог тогтоосон эрхийн акт ба Үндэсний зөвлөлөөс тогтоосон Үйлчилгээ, аж ахуйн хэлтэс 101 орон тоотой /хх 115/ байх хязгаарыг хэтрүүлээгүй, энэ 101 орон тоонд ажиллах ажилтны нэр заагдаагүй байх тул Ж.Ууганбаярт холбогдох заалтыг хүчингүй болгох шаардлага үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох ба Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлын 2015 оны 5-р сарын 26-ны өдрийн “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тоог батлах тухай” 267 тоот тушаалын МҮОНРТ-ийн Захиргаа, Дэмжих салбарын зохион байгуулалтын орон тоо буюу хавсралт-1-д “Үйлчилгээ, аж ахуйн хэлтэс 101 орон тоотой, үүний дотор Автогараж-31, Ажил албан тушаалын жагсаалт буюу хавсралт-7-д диспетчер-1, жолооч 30 байхаар /хх 23-33, 114-115, 128-138/ тогтоожээ.
Ажил олгогч нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 3-р зүйлд заасан үйл ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэхдээ шаардлагагүй ажил үүргийн орон тоог бүтцийн үндсэн нэгжээс гаргаж шийдвэрлэснийг буруу гэх үндэслэлгүй, энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны буюу засварчин Ж.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцална.
Хариуцагч нь Ж.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 2015 оны 6-р сарынг 16-ны өдөр мэдэгдсэн /хх 12/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д “ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” заалтыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гаргахдаа Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.6 дахь хэсэгт заасан Ерөнхий захирлын “олон нийтийн радио, телевизийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах” заалтыг баримталсан нь зөв гэж дүгнэлээ.
Нөгөөтэйгүүр, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлын 2015 оны 07-р сарын 03-ны өдрийн 322 тоот тушаалаар “МҮОНРТ-ийн хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн баталж, 2015 оны 07-р сарын 06-ны өдрөөс дагаж /хх 36-45/ мөрдсөн байх ба хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг Хөдөлмөрийн дотоод журмын 6.12.9 дэх заалтыг үндэслэжээ.
Энэ заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан тохиолдолд тэтгэмж олгох асуудлыг зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан Ж.Ууганбаярт 871 354 төгрөгийн тэтгэмжийг олгосон баримт хэргийн 46 дахь талд авагдсан, энэ талаар талууд маргаагүй байна.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.9 дэх заалтыг зөрчсөн талаарх нэхэмжлэл бус, 128.1.2 дахь хэсэгт заасан ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол гэж үзнэ.
Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэвэл, “...267 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.9 дэх заалтыг зөрчсөн, засварчны орон тоо хассан нь хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, илүү зардал гарах нөхцөлийг бүрдүүлсэн, авто гаражид үйлчлүүлэх авто машины тоо цөөрөөгүй” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь энэ хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлтэй нийцээгүй байна.
Нэхэмжлэгч нь Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлын 2015 оны 3-р сарын 23-ны өдрийн 150 тоот “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар засварчин Ж.Ууганбаярт “байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчиж, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн” үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл /хх 35/ ногдуулж, цалингаас суутгал хийгдсэн нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах ба энэ хугацаанд Ж.Ууганбаяр гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь 2014 оны 5 сарын 23-ны өдрийн 159 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хувьд маргаангүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 69-р зүйлийн 69.1, 128-р зүйлийн 128.1.2, 129-р зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тоог батлах тухай” 267 тоот тушаалын Ж.Ууганбаярт холбогдох хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 341 тоот тушаалыг тус тус хүчингүй болгох, засварчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 7 200 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Ерөнхий захирлын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” 150 тоот тушаалыг хүчингүй болгохыг хүссэн Жанчивын Ууганбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА