Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/00287

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05121 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 171,726,156 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* болон *******, ******* нар нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 380000216617 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, зээлдэгч нар нь 170,000,000 төгрөгийг түүхий эд, материал худалдан авах зориулалтаар, жилийн 20.4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар *******-иас зээлсэн. Зээлийн барьцаанд орон сууц барьцаалсан. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлдэгч *******д 170,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.2 Хариуцагч нар нь зээлийн гэрээ болон хавсралт 1-д заасныг зөрчиж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 369 хоног хугацаа хэтэрсэн байна.

Иймд үндсэн зээл 145,972,425 төгрөг, хүү 25,132,225 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 601,509 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 171,726,159 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь мөнгөн дүнг үндэслэлгүй нэмэгдүүлсэн. Мэргэжлийн хүн биш болохоор үнийн дүнг ойлгохгүй байна. Зээл авсан нь үнэн боловч бизнесийн үйл ажиллагаа зогссон тул зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Одоо үйл ажиллагаа сайжирч байгаа.

2.2 Нэмэлтээр нэмэгдүүлсэн хүү шаардсан материал өгсөн боловч үүнийг сайн ойлгоогүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, тооцооллыг нэмэгдүүлсэн байна. Гэрээний хугацаа 2027 онд дуусна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нараас 162,974,520 төгрөгийг гаргуулж, *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,641,838 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар *******гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* хороо ******* гудамж ******* байр ******* 94,03 м кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 162,974,520 төгрөг гаргуулж, *******-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,086,680 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 972,822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч *******ын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үнийн дүнгээс 2,000,000 төгрөгийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөрчсөн, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв бодитоор дүгнэн хүү, алдангийг хасаж тооцоогүй.

4.2 Өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээж аваагүй, хууль зүйн туслалцаа өмгөөлүүлэх эрхээр хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 2,000,000 төгрөгийг хасаж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Зохигчид өөрсдийн шаардлага болон татгалзлынхаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. -ийн зүгээс Монгол банк ХК-аас баталсан хүү тооцох аргачлалын дагуу тооцооллоо хийж анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хариуцагчийн зүгээс манай өгсөн тооцооллыг няцаах нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

5.2 Мөн уг 2,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр гаргаж ирсэн нь тодорхойгүй тул хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. ******* нь *******, ******* нарт холбогдуулан үндсэн зээл 145,972,425 төгрөг, үндсэн хүү 25,132,225 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 601,509 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 171,726,159 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. ******* болон *******, ******* нар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 380000216617 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 170,000,000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн буюу сарын 1,7 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай хариуцагч нарт зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 18-21/

3.1 Мөн өдөр талууд 380000216617 дугаартай барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо, , гудамж, ******* байр, 64 тоот хаягт байршилтай, 94,03 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх 22-23/

3.2 Мөн өдөр ******* болон -ууд 380000216617 дугаар батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн банкнаас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэх батлан даалтыг батлан даагч хүлээхээр болжээ. /хх 24/

4. Талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох 170,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

4.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

5. Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 24,027,574.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 34,308,896.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 155,423.22 төгрөг, нийт 58,491,895 төгрөг төлсөн. /хх 9/ Мөн нэхэмжлэгчээс гэрээний үүргийн зөрчлийг арилгах талаар хариуцагч нарт 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар албан бичгийг хүргүүлсэн, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт гэх баримтаар зээлдэгч нарт мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлийн гэрээний үүргийн зөрчил арилаагүй байна. /хх 33-34/ Иймд анхан шатны шүүх хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна.

5.1 Хариуцагч нар нь гэрээ цуцлагдсан 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 145,972,425 төгрөг, зээлийн хүү 16,729,012 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 253,082 төгрөг нийт 162,954,520 төгрөг төлөөгүй болох нь хүү тооцооллын хүснэгт гэх нотлох баримтаар тогтоогдсон. Түүнчлэн, хариуцагч нар үүнийг баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 162,954,520 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд хариуцагчийн ...нотлох баримтуудыг үнэн зөв бодитоор дүгнэн хүү, алдангийг хасаж тооцоогүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Хариуцагч тал 2,000,000 төгрөгийн хүү, алдангийг анхан шатны шүүх хасаж тооцоогүй гэх гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

8. Мөн анхан шатны шүүх нотариатын зардал 20,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гомдлоосоо татгалзсан болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05121 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

М.БАЯСГАЛАН