Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 1388

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 2 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/01388

Улаанбаатар хот

                                              

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын 1-18/3 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УЗ98111111, Өөлд мянган овогт Оюумаагийн Мөнхбаясгалан, түүний асран хамгаалагч Д.Оюун нарын нэхэмжлэлтэй,       

                                                              

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын 1-18 тоотод оршин суух, регистр ШГ46071405, Тээг-Очир овогт Юмдаваагийн Долгорсүрэн,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын 1-18 тоотод орш ин суух, регистр ШГ33041617, Өөлд мянган овогт Лхамжавын Лхагва нарт холбогдох холбогдох Л.Оюумаагийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, орон сууцны үнээс 12 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн /үнэмлэх 2196/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ, Л.Сүрэнцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од /үнэмлэх 2170/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Лхагвагийн охин Оюумаа нь 1996 онд миний хүү Зулжаргалтай гэр бүл болсон. Тэдний дундаас 1998 онд хүү О.Мөнхбаясгалан төрсөн. 1999 оны 03-р сард Л.Оюумаа нь хүүхдээ үлдээж Солонгос улс руу ажиллахаар явж, тэндээ солонгос хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон. 2004 онд Л.Оюумаа нь О.Мөнхбаясгаланг Солонгос улс руу авч явсан. Харин Л.Оюумаа нь 2013 онд Монгол улсад буцаж ирсэн. О.Мөнхбаясгалангийн аав Зулжаргал нь 2015 оны 01-р сарын 15-ны өдөр, ээж Л.Оюумаа нь 2015 оны 01-р сарын 24-ний өдөр нас барсан. Ингээд О.Мөнхбаясгалан нь бүтэн өнчин болсон. Баянгол дүүргийн 7-р хороо, 30-р байрны 93 тоот нь Л.Сувдмаа, Л.Оюумаа нарын дундын хөрөнгө юм. Л.Сувдмаа нь Л.Оюумаагийн төрсөн эгч юм. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Л.Лхагва, Ю.Долгорсүрэн нараас тус байрны оногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Яагаад гэвэл тус байрны өмчлөх эрх хариуцагч нарт байгаа. Иймд Л.Оюумаагийн хууль ёсны өвлөгчөөр О.Мөнхбаясгаланг тогтоолгож, Баянгол дүүргийн 7-р хороо, 30-р байрны 94 тоот сууцны үнээс 12 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний охин Оюумаа нь 1978 оны 9-р сарын 28-нд төрсөн бөгөөд 19 настай байхдаа буюу 1997 оны сүүлээр нэхэмжлэгч Мөнхбаясгалангийн аав Зулжаргал гэдэг залуутай цуг амьдарч байгаад таарч тохирохгүй болж, зодуулж нүдүүлэн өмссөн хувцастайгаа хөөгдөж гэртээ ирсэн. Ингэж гэртээ ирж, ажилгүй аав ээж дээрээ байж байгаад түүний төрсөн эгч бидний том охин Л.Сувдмаа нь ажил хийж, амьдрахад нь дэм болгох зорилгоор дүү Оюумаагаа 1999 оны сүүлээр БНСУ-д мөнгө зээлүүлэн явуулж өгсөн. Бидний охин Л.Оюумаагийн Солонгос явдаг жил буюу 1997-2000 онуудад тус улсад эдийн засгийн хямралтай үе үргэлжилсэн тул охин маань тэнд байхдаа ажил олж хийж чадалгүй хугацаа алдсан, цалин орлогогүй байсан, мөн эндээс явахдаа эгч Сувдмаа нь мөнгө зээлж явуулсан зэрэг шалтгаанаар байр орон сууц авах байтугай тэнд байсан эгч Л.Сүрэнцэцэг, Л.Мөнгөнцэцэг нарын гэрт, тэдэнтэй байсан тулдаа эхний 3 жилийг өнгөрөөсөн. Нэхэмжлэгч бидний зээ хүү О.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлд дурьдсан нэхэмжлэлийн шаардлага болоод байгаа Баянгол дүүргийн 7-р хороо, 4-р хороолол, 30-р байрны 94 тоот орон сууцыг 2001 оны 5-р сард бидний том охин Л.Сувдмаа нь бүх мөнгийг гаргаж өөртөө худалдан авсан юм. Яагаад дүү Оюумааг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн бэ гэвэл 1-рт айлын бага охин, 2-рт бие муу, нөхөр, хүүхдээсээ салаад ядарч яваа яваа дүүдээ сэтгэл санаанд нь дэм болох зорилгоор дүү Оюумаагийнхаа нэрийг оруулан уг байрыг худалдан авсан байдаг юм. Бидний охин Оюумаа маань 10 жилийн дунд сургуулийг 1996 онд төгсөөд БНСУ явтлаа огт ажил хийгээгүй бөгөөд 1999 оны сүүлээр дэлхий нийтэд эдийн засгийн хямрал тохиосон байсан үед Солонгос улсад яваад 2 жил хүрэхгүй хугацаанд эгчээсээ зээлсэн мөнгөө өгч, улмаар байр худалдан авна гэдэг нь угаасаа боломж муутай зүйл гэдгийг та бид мэдэх билээ. Ингээд охин Оюумаа маань БНСУ-д байхдаа 2003 онд тус улсын иргэн Чой Жэй Жү гэдэг хүнтэй танилцан гэр бүл болж, 2004 оны хавар эх орондоо ирж гэрлэлтээ батлуулсан. Ингээд хүү Мөнхбаясгалангаа 2005 онд нөхөр Чой Жэй Жү-гийн нэрээр овоглон, Чой Жэй Жү үрчилж авсан болгож БНСУ-д хүүгээ авч явсан. Хүүгээ аваачиж жил гаруй хугацаанд тэнд асарч халамжилж байгаад өөрийнх нь биеийн байдал тааруу байсан тул хүү Мөнхбаясгаланг 2006 онд төрсөн аавынх нь  ээж аав руу буцаасан. Энэ үед хүү Мөнхбаясгалан нь 7 настай байсан бөгөөд одоо 17 нас хүрсэн байна. Бидний охин Оюумаа нь 2012 оны 7 сард 2 дахь хүүхэд Ихбаярыгаа БНСУ-д төрүүлсэн бөгөөд эх орондоо 2012 оны сүүлээр эргэн ирсэн. Ингэж ирэх болсон шалтгаан нь солонгос нөхрөөсөө тусдаа амьдрах болсон, биеийн байдал тааруу байсны улмаас байнгын эмнэлэгт хэвтэж тэнд амьдрах боломжгүй болсны улмаас ээж аав, ах дүү нараа бараадан буцаж ирсэн юм. Ингээд 2 дахь хүү Ихбаярыгаа иргэн Ганхуяг, Бадамханд нарт 2014 онд үрчлүүлсэн. Ингэж ээжийнх нь бие муу, асран хандах хүн хүч муутай байхад хүү Мөнхбаясгалан нь ээж дээрээ огт ирдэггүй, утсаар ч ярьдаггүй байсан бөгөөд төрүүлсэн аавынхаа аав ээж дээр байдаг, бидэнтэй хааяа мөнгө төгрөг хэрэг болсон үедээ л ярьж холбогддог байсан. Энэ байдал нь Мөнхбаясгаланагийн төрүүлсэн эцэг Зулжаргал нас барахад хүү Мөнхбаясгалан энэ тухай ээждээ болон бидэнд огт хэлээгүй бөгөөд энэ байдлыг ээж Оюумаа нь мэдэхгүй байж байгаад өнгөрсөн, бид ээжийнх нь талаар түүнд дуулгах гэж байгаад уг явдлыг мэдсэнээс хэр хөндий, хол байсан нь харагдаж байгаа юм. Бид охин Оюумаагаа нас барснаас хойш ах дүү, хамаатан садан, үр хүүхэд хэнтэй ч эд хөрөнгө, мөнгө төгрөгний талаар ямар ч яриа хөөрөө үүсгээгүй бөгөөд ийм байтал зээ хүү Мөнхбаясгалангийн нэхэмжлэлд “...олз ашиг хайсан хүмүүс эзэмшил өмчлөлдөө авахаар улайран зүтгэж байгаа учраас, ...өвөө аав Л.Лхагва, эмээ ээж Ю.Долгорсүрэн нар ээжээс минь өвлөгдөн үлдсэн байранд намайг оруулахгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өгөхгүй, бусдад түрээслэх, гэрчилгээнд өөр хүмүүсийн нэр оруулах, өвлөн авах боломжгүй болгох зэргээр хууль бус ажиллагаа явуулах” гэх мэтчилэн хөгшин настай биднийг үг хэлээр, үйл үйлдлээр доромжлон гүтгэж байгааг бидний зээ хүү Мөнхбаясгалангийн санаагаар үйлдсэн хэрэг биш, харин түүний төрүүлсэн аавын ээж болох Д.Оюуны заавар, санал санаачилгаар бичсэн гэж үзэж байна. Д.Оюун нь уг нэхэмжлэлийг хамтран гаргасан хүн билээ. Иймд Оюуны энэ үйлдлийг таслан зогсоож, бидний нэр төр, алдар хүндийг сэргээж өгөхийг хүсье, шаардлагатай бол холбогдох газраар нь шалгуулах арга хэмжээ авах болно. Энд нэг зүйлийг хэлэхэд дээр дурьдсанчлан зээ хүү Мөнхбаясгалан нь 2005 онд ээжийнхээ нөхөр Чой Жэй Жү-гийн нэрээр овоглон БНСУ руу явсан бөгөөд тэндээ ээж Оюумаа, эцэг Чой Жэй Жү нартайгаа 1 жил хамт амьдарч байгаад 2006 онд буцаж ирснээс хойш өдийг хүртэл овоглож байгаад ээжийгээ нас барснаас хойш, энэ нэхэмжлэлийг гаргахын тулд саяхан овгоо сольж, ээж Оюумаагийн нэрээр овоглосонд бид ихэд гайхаж байна. Овог солих зөвшөөрөл өгөх хүн нь бурхан болсон, биднээс асуусан зүйл байхгүйгээр ингэж овог сольсон нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд энэ үйлдлийг шалгуулах хүсэлтийг бид давхар гаргах бөгөөд шүүх холбогдох арга хэмжээ авч, уг үйлдлийн үнэн мөнийг тогтоож өгнө гэж бодож байна. Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1-т дурьдсаны дагуу нэхэмжлэгч бидний зээ хүү Мөнхбаясгалангийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь мөн бидний охин Оюумаагийн төрүүлсэн эцэг эх Лхагва, Долгорсүрэн бидэнд хамааралтай байх тул уг хуулийн зүйл заалтыг үндэслэн бидэнд мөн өв залгамжлах эрх нээгдэж, өвийг хүлээн авах хууль ёсны эрхийн дагуу уг нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан өвөөс бидэнд мөн ноогдох хэсгийг гаргуулж өгнө үү. Энэхүү өв залгамжлах шаардлагыг иргэн Лхагва, Долгорсүрэн нар нь тус тусдаа гаргаж байгаа болно. Үүнээс гадна уг байрыг 100 хувь мөнгийг нь гарган худалдан авсан, хамтран өмчлөгч болох бидний том охин Сувдмаа нь АНУ-ын Чикаго хотод амьдран сууж байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тайлбар, өөрийн шаардлагаа тусад нь гаргах болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүрэнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Оюумаа нь 1999 оны сүүлээр Солонгос явсан. Л.Оюумаагийн төрсөн эгч Л.Сувдмаа нь 2001 оны 5 сард энэ байрыг худалдаж авсан. Харин Л.Оюумаа Солонгос явахдаа Л.Сувдмаагаас замын зардал болон бусад зардлын мөнгө авч явсан. Л.Сувдмаа байрыг худалдаж авсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, одоо Америк улсад оршин суудаг гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Оюумаа нь 2 хүүхэдтэй, өөрөө хүнд өвчтэй байсан тул бага хүүхдээ хүнд өргүүлсэн. Түүний нэрийг Гантүшиг гэдэг ба нас барахдаа өөрийнхөө бага хүүд анхаарал тавихыг хүсч байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Мөнхбаясгалан, түүний асран хамгаалагч Д.Оюун нар нь Л.Лхагва, Ю.Долгорсүрэн нарт холбогдох Л.Оюумаагийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, орон сууцны үнээс 12 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх өв залгамжлагчаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин 12 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Сайнжаргалын Зулжаргал, Лхагваагийн Оюумаа нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамт амьдарч байхдаа 1998 оны 11-р сарын 11-ний өдөр хүү Оюумаагийн Мөнхбаясгаланг төрүүлж 0194573-Г25 тоот төрсний гэрчилгээ /хх 9/  олгосон байна.

 

Л.Оюумаа нь БНСУ-ын иргэн Чой Жэй Жү-тэй гэрлэж, хүү О.Мөнхбаясгалангийн эцгээр бүртгэн гэрчилгээ олгосон /хх 8/ байх ба харин гэрлэгчид 2012 оны 03-р сарын 16-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан нь 0000011020 тоот гэрчилгээгээр тогтоогдсон /хх 7/, улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 05-р сарын 25-ны өдрийн А/148 дугаар захирамжаар эцгийн овог нэрийг  Өөлд мянган овогт Оюумаа болгон өөрчилсөн, овог нэр өөрчилсөн бүртгэлд бүртгүүлэн  Оюумаагийн Мөнхбаясгалан нэрээр гэрчилгээ олгогдсон /хх 7, 9/, энэ талаар талууд маргаагүй байна.

 

О.Мөнхбаясгалангийн төрсөн эцэг С.Зулжаргал нь 2015 оны 01-р сарын 15-ны өдөр, эх Л.Оюумаа нь 2015 оны 01-р сарын 24-ний өдөр нас барсан нь нас барсны бүртгэлийн лавлагаа /хх 49, 50/-гаар тогтоогдсон, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 07-р сарын 22-ны өдрийн А/239 дугаар захирамжаар насанд хүрээгүй хүүгийн асран хамгаалагчаар Д.Оюуныг тогтоожээ.

 

Харин Л.Оюумаа нас барснаар түүний хүү О.Мөнхбаясгалан нь өв залгамжлагчаар тогтоолгох, байрны үнээс 12 800 000 төгрөг гаргуулахаар маргажээ.

 

Улсын бүртгэлийн Ү-2205016458 дугаарт  бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 4-р хороолллын 30-р байрны 94 тоот 2 өрөө сууцны өмчлөгчөөр Л.Сувдмаа, Л.Оюумаа нар бүртгэгдэж, 2001 оны 05-р сарын 04-ний өдрийн 0044684 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, өмчлөгч /хх 32, 33/ байна.

 

Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар нас барагч Л.Оюуны хууль ёсны өвлөгч нь төрүүлсэн хүү О.Мөнхбаясгалан, нас барагчийн төрүүлсэн эцэг Л.Лхагва, эх Ю.Долгорсүрэн  нар бөгөөд өвлүүлэгчийн эд хөрөнгийг тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эртхэй.

 

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний дүгнэлтээр тухайн байр нь 76 800 000 төгрөгөөр үнэлэгдсэн /хх 61-71/ боловч хууль ёсны өвлөгч О.Мөнхбаясгалан нь өвлүүлэгчийн эд хөрөнгөөс ногдох хэсгээ бусад хууль ёсны өвлөгч Л.Лхагва, Ю.Долгорсүрэн нараас шаардсан нь буруу бөгөөд харин байрны хамтран өмчлөгч Л.Сувдмаагаас шаардахаар байжээ. 

 

Нэхэмжлэгч нь дээрх байрыг хариуцагч нар бусдад түрээслүүлж орлого олдог гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 219 750 төгрөг төлөх байжээ. Харин нэхэмжлэгч 140 400 төгрөг төлж 79 350 төгрөг дутуу төлсөн байх тул нөхөн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ  нь:

 

1. Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1, 520.6 дахь хэсэгт заасныг баримтлан Лхагваагийн Оюумаагийн хууль ёсны өвлөгчөөр Оюумаагийн Мөнхбаясгаланг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох Л.Лхагва, Ю.Долгорсүрэн нараас 12 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2, 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 79 350 төгрөг гаргуулж улсын  орлого болгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                    

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА