| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2024/08550/И |
| Дугаар | 210/МА2025/00288 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/00288
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоолгох, хөдөлмөрийн гэрээний 8.10, нууцлалын гэрээний 4.3-т заасан торгууль болох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-д ажилд орох хүсэлт гаргасны дагуу ******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр түүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* маркет центрийн үйл ажиллагааны менежерийн албан тушаалд ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаад ******* нь өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа дуусгавар болгох хүсэлт гаргасан тул 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Ажлаас гарсан даруйд хариуцагч нь манай компанийн үйл ажиллагааны чиглэлтэй яг ижил буюу үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өрсөлдөгч компани болох ******* оффис буюу *******-д удирдлагын багт ажилд орж, өөрийгөө СЕО буюу гүйцэтгэх захирлаар томилогдсон тухайгаа мэдэгдсэн.
1.2 Ийнхүү тэрээр манай компанид Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа олж мэдсэн мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний санаа, ноу-хау, ажиллах зарчим, борлуулалт, үйлчилгээний аргыг өрсөлдөгч компанид задруулж, ашиглуулах замаар өөрт ашигтай нөхцөл байдал үүсгэж байна. Хариуцагч ******* эрхэлж байсан ******* маркет центрийн үйл ажиллагааны менежерийн албан тушаал нь *******-т харьяалагдан ажиллаж буй бүх агентуудын овог, нэр, утасны дугаар, санхүүгийн мэдээлэл, ажлын гүйцэтгэл болон борлуулалтын орлогын дүн зэрэг хувийн болон бизнесийн мэдээлэл, удирдлагын багийн мэдээлэл, франчайз эрх, ноу-хау, үйлчилгээний арга барилтай холбоотой бүхий л нууц мэдээ мэдээлэл, баримт бичигтэй танилцах, харилцах эрх бүхий удирдах түвшний гол албан тушаалуудын нэг юм. Гэвч дээрх байдлаар манай компанид ажиллаж байх хугацаандаа олж мэдсэн мэдээллүүдийг ашиглан *******-т харьяалагдан ажиллаж буй агентуудтай холбогдож, тэднийг ******* оффист урвуулах, тэдгээрийн харилцагч, үйлчлүүлэгчдийг манай өрсөлдөгч компанитай холбож гэрээлүүлэх зэрэг тохиолдлууд удаа дараа гарсан.
1.3 Мөн *******-ын зуучлалын гэрээний автоматжуулалт, -ын автоматжуулалт, эдгээр технологийн ажлын нууц мэдээллийг хувьдаа ашиглаж, ******* оффист задруулж, манай компанид уг ажлыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч хувь хүнтэй холбогдож манайхтай яг ижилхэн ажлыг хийлгэх талаар ярилцаж манай нууц мэдээллийг ашиглан автоматжуулалт хийсэн байна. Түүнтэй 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28-д тус тус заасныг шууд зөрчиж байна. Мөн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Нууцлалын гэрээний 3.1.1, 3.1,2, 3.1.3, 3.1.5, 3.1.7-д тус тус заасныг зөрчиж байгаа юм.
1.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнд нууц хадгалах үүрэг хүлээлгэхийг хуулиар зөвшөөрсөн. *******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон хэдий ч түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Нууцлалын гэрээ-ний зорилго болон гэрээний эрх чөлөөт байдлын зарчмын хүрээнд хариуцагч ******* нь ажил олгогчийн нууцыг хадгалах үүргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран хугацаагүйгээр хүлээхийг хүлээн зөвшөөрч, дээрх гэрээнүүдэд гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн гэрээ болон Нууцлалын гэрээ-нд заасан нууц хадгалах үүргийг биелүүлэхийг хариуцагчаас хэдийд ч шаардах эрхтэй юм.
Иймд ******* нь *******-тай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 4.2.4, 4.2.27, 4.2.28 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Хөдөлмөрийн гэрээ-ний 8.10, Нууцлалын гэрээний 4.3-т заасан торгууль болох 20,000,000 төгрөгийг *******эс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр *******-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж үйл ажиллагааны менежерийн албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүсэлтээ өгч, ажлаа хүлээлгэн өгсөн. *******-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагад 2 жил ажиллахгүй гэж заасан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хууль-нд нэг жил хүртэлх хугацаанд үүрэг хүлээлгэхээр зохицуулсан. Иргэний хуульд хуулийг зөрчиж хийсэн хэлцэл гэрээ нь хүчин төгөлдөр бус болох бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл гэрээгээр бусдаас үүрэг, эд хөрөнгийн шаардлага шаардах эрхгүй гэж заасан.
2.2 ******* нь франчайз эрхтэйгээр үл хөдлөх, эд хөрөнгө зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд миний ажил үүргийн хуваарьт энэ талаар тусган оруулаагүй, уг франчайз эрхийн гэрээтэй огт танилцаагүй гарын үсэг зураагүй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ болон нууцын гэрээнд заасан энэ байгууллагын нууцтай холбоотой бичиг баримт материал гэж танилцуулж хүлээлгэн өгч гарын үсэг зуруулаагүй. Түүнчлэн уг компанид ажиллаж байх хугацаандаа нууцтай холбоотой мэдээ мэдээлэл олж аваагүй, түүнийг бусад гуравдагч этгээдэд дамжуулаагүй, мэдэгдээгүй мэдээлээгүй. Нэхэмжлэлд дурдсан ******* оффис гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагад би ямар нэг албан тушаалд огт хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орж ажиллаагүй. Энэ нь миний нийгмийн даатгалын лавлагаагаар нотлогдох юм.
2.3 Санхүүгийн зохицуулах хороо болон цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдолд зөрчлийн хэрэг нээж шалгаад дуусгавар болсон. Харин Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст намайг ******* нь нууц задруулсан, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан гомдолд зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа болно. Иймээс ******* компанийн гаргасан нэхэмжлэлийг, иргэний хэргийг цагдаадгийн байгууллага шийдвэрлэж дуустал түдгэлзүүлж, мөн цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг надад гаргаж өгөхгүй учир шүүхийн журмаар нотлох баримтын шаардлага хангах хэмжээгээр уг *******-ийн гомдолд зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тухай тогтоолыг гаргуулан хэрэгт хавсаргаж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч *******д холбогдох хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28 дахь заалтуудыг зөрчсөн болохыг тогтоох, торгуульд 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 328,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг тус тус гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хүсэлтүүдийг шүүхэд урьдчилан бичгээр хүргүүлсэн байсан бөгөөд шүүхийн журмаар бүрдүүлэхээр хүсэж буй нотлох баримтууд нь хэрэгт ямар ач холбогдолтой талаар хүсэлтдээ маш тодорхой, дэлгэрэнгүй бичсэн байсан.
Гэвч шүүх дээрх хүсэлтүүдийг шийдвэрлээд аль ч хүсэлтийг хангалгүй, хэргийг хэлэлцэж эхэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтүүдэд дурдсан гэрчүүдийг асууж, үзлэг хийснээр бүрдүүлэх нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох буюу хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход шууд хамааралтай, ач холбогдолтой баримтууд болох нь илт байсан боловч шүүх уг нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй.
4.2 Нэхэмжлэгч ******* нь 2 дахь шаардлага болох торгууль гаргуулах шаардлагын үндэслэл нь хариуцагч Хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоолгох явдал байсан. Энэ ч үүднээс хариуцагч ******* нь *******-т харьяалагдан ажиллаж байх үедээ олж мэдсэн агентуудын овог, нэр, утасны дугаар, санхүүгийн мэдээлэл, ажлын гүйцэтгэл болон борлуулалтын орлогын дүн зэрэг хувийн болон бизнесийн мэдээллийг ашиглан, *******-т харьяалагдан ажиллаж буй агентуудтай холбогдож, тэднийг ******* оффист урвуулах, тэдгээрийн харилцагч, үйлчлүүлэгчдийг манай өрсөлдөгч компанитай холбож гэрээлүүлэх зэрэг үйлдлүүдийг гаргасаар ирсэн үйл баримтуудыг нотлох үүднээс ******* зүгээс холбогдож, ******* оффист урвах талаар санал тавьж, уулзалт товлохоор чаталж, холбогдож байсан *******-ийн ажилтнуудаас гэрч асуулгахаар хүсэлт гаргасан. Түүнчлэн ******* зүгээс холбогдож, ******* оффист урвах талаар санал тавьсны дагуу -аас гарч, ******* оффист агентаар элсэн орсон ажилтнуудын нэг бол *******-т агентаар ажиллаж байсан гэх эмэгтэй бөгөөд уг үйл баримтыг нотлох үүднээс ******* оффисын нэртэй фейсбүүк хуудаст 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нийтлэгдсэн Манай гэр бүлд тавтай морил, гэх зураг, текст бүхий нийтлэл буюу постод үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан.
Хариуцагч өмгөөлөгчтэйгөө оролцмоор байна гэсний дагуу нэхэмжлэгч тус эрхийг нь хангахыг дэмжсээр байтал өмгөөлөгч оролцуулах эрхийг хангаагүй, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхийг хүсэж буй тухайгаа илэрхийлэхэд тэр хамаагүй, би захирамждаа гомдол гаргах эрхгүй гээд биччихнэ гэх мэтчилэн загнаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж буй талаар удаа дараа сануулахад чи үздэг хардаг айхтар хуульч байна гэх зэргээр үг хэлээр доромжлох, дээрэлхэх хандлагууд гаргасан.
4.3 Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтад тулгуурлан тайлбар, үндэслэлээ нотолж мэтгэлцэх ёстой атал ийнхүү нотлох баримт бүрдүүлэх боломж олгоогүйгээс мэтгэлцэх боломжгүй болж байгаа талаар дурдаад үзлэг хийлгэх хүсэлтэд дурдсан н.Түвшинзаяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нэхэмжлэгчид байгаа боловч үйлчлүүлэгчээс маань өнөөдрийн шүүх хуралдаан дээр баримтыг ирүүлж амжсангүй, цаг хугацаа алдахгүйн тулд бид шүүхийн журмаар нотлох баримтууд бүрдүүлэх хүсэлтүүдээ гаргаад, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд өөрөө олж авах, гаргаж өгөх боломжтой баримтуудаа гаргаад явна аа гэтэл анхан шатны шүүгчийн зүгээс ... нотлох баримт бүрдүүлсний дараа хэргийн оролцогч өөрт байгаа баримтыг гаргаж өгдөг дараалалтай гээд байгаан байна тэ? Тийм дараалал хуулийн аль заалтад байна, хэлээдэх дээ гэхчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьсан, хэлснийг ойлгосон атлаа албаар мушгин гуйвуулж, чи тэгж л хэлээд байна ш дээ! гэх байдлаар тулган загнаж, харилцаа хандлагын алдаанууд гаргаж байсан. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тийм дараалал байхгүй, би тийм утгаар хэлээгүй шүү дээ гэхэд Чи тэгж л хэлсэн ш дээ, битгий шүүгчтэй мэтгэлцээд бай, дараалал байгаа л гээд байна ш дээ гэхчлэн загнаж, маш ёс зүйгүй хандлагууд гаргасан атлаа шүүхийн шийдвэртээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч дарааллын талаар дурдсан хэмээн худал тайлбар бичсэнд өмгөөлөгчийн зүгээс туйлын гомдолтой байна.
Үүгээр зогсохгүй хэргийг хэлэлцэж байх үед хариуцагчийн зүгээс шүүгчийг уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй хэмээн үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахад Хурал эхлэхээс өмнө гаргаагүй байж одоо гаргахгүй хэмээн хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа ноцтой зөрчсөн.
4.4 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан гэрчээс мэдүүлэг авхуулах, үзлэг хийлгэх хүсэлтүүдэд заасан баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлснээр хариуцагч нь нэхэмжлэгч *******-д ажиллаж байх үедээ олж авсан ямар мэдээллийг задруулсан, цаашлаад өөртөө болон бусдад ашиглуулсан зэрэг үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байсан атал уг хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хангаагүй атлаа нэхэмжлэгч тайлбараа нотлоогүй гэх байдлаар удаа дараа үндэслэж, хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Хөдөлмөрийн гэрээ болон Нууцлалын гэрээнд нэхэмжлэгчийн зүгээс ямар, ямар мэдээллийг нууц гэж үзсэн, ямар ямар мэдээллийг задруулахгүй байхыг хариуцагчид үүрэг болгосон талаар маш тодорхой, нэг бүрчлэн тусгасан байгаа атал нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, нөхцөл байдлын талаар бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
4.5 Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнд нууц хадгалах үүрэг хүлээлгэхийг хуулиар зөвшөөрсөн тул *******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон хэдий ч түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Нууцлалын гэрээ-ний зорилго болон гэрээний эрх чөлөөт байдлын зарчмын хүрээнд хариуцагч ******* нь ажил олгогчийн нууцыг хадгалах үүргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран хугацаагүйгээр хүлээхийг хүлээн зөвшөөрч, дээрх гэрээнүүдэд гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.27, 4.2.28 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоолгох, хөдөлмөрийн гэрээний 8.10, нууцлалын гэрээний 4.3-т заасан торгууль болох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь манай компанид гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа олж мэдсэн мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний санаа, ноу-хау, ажиллах зарчим, борлуулалт, үйлчилгээний аргыг өрсөлдөгч компанид задруулж, ашиглуулах замаар өөрт ашигтай нөхцөл байдал үүсгэж байна. Мөн *******-т харьяалагдан ажиллаж буй агентуудтай холбогдож, тэднийг ******* оффист урвуулах, тэдгээрийн харилцагч, үйлчлүүлэгчдийг манай өрсөлдөгч компанитай холбож гэрээлүүлэх зэрэг тохиолдлууд удаа дараа гарсан. Мөн *******-ын зуучлалын гэрээний автоматжуулалт, -ын автоматжуулалт, эдгээр технологийн ажлын нууц мэдээллийг хувьдаа ашиглаж, ******* оффист задруулж, манай компанид уг ажлыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч хувь хүнтэй холбогдож манайхтай яг ижилхэн ажлыг хийлгэх талаар ярилцаж манай нууц мэдээллийг ашиглан автоматжуулалт хийсэн гэж тайлбарласан.
3.1 Хариуцагч дээрх шаардлагын үндэслэлийг ...Хөдөлмөрийн гэрээ болон нууцын гэрээнд заасан энэ байгууллагын нууцтай холбоотой бичиг баримт материал гэж танилцуулж хүлээлгэн өгч гарын үсэг зуруулаагүй. Түүнчлэн, уг компанид ажиллаж байх хугацаандаа нууцтай холбоотой мэдээ, мэдээлэл олж аваагүй, түүнийг бусад гуравдагч этгээдэд дамжуулаагүй, мэдэгдээгүй мэдээлээгүй. Нэхэмжлэлд дурдсан ******* оффис гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагад би ямар нэг албан тушаалд огт хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орж ажиллаагүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст *******-ийн гаргасан гомдолд зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа шийдвэрлэгдэж дуусаагүй байна гэж үгүйсгэн маргасан.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гэрч асуулгах, фэйсбүүк хуудаст үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь гэрчүүдийг өөр байгууллагад ажиллахыг хариуцагч санал болгож байсан эсэхийг гэрчилнэ гэх тул уг асуудал нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Учир нь, аливаа этгээд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй байдаг. Цаашлаад, үзлэгээр нэхэмжлэгчийн ажилтан хариуцагчийн одоо ажиллаж байгаа гэх байгууллагад ажилладаг эсэхийг тогтоох нь энэ хэрэгт хамааралгүй. Түүнчлэн цахим хуудсанд байгаа мэдээллээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн эсэхийг нотлохгүй гэж дүгнэн, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дээрх хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоход ач холбогдолтой, маргааны үйл баримтыг тогтоох, хэргийн бодит нөхцөл байдлын талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна.
5. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул материаллаг эрх зүйн талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/05784 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 328,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
М.БАЯСГАЛАН