Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 454

 

 2019       05          31                                  2019/ШЦТ/454

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинзул, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Ш.Ч

шүүгдэгч Б.Т, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид,

хохирогч С.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ш.ЧАшхабад сонгоол овгийн Б.Т нарт холбогдох эрүүгийн 1911006980403 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овгийн Ш.Ч1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Дельта Констракшн” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 4, аав, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 27-92 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар МР97041514,

Ашхабад сонгоол овгийн Б.Т, 1996 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дельта Констракшн” ХХК-д талбайн туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 48-767 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЗ96071411,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ш.ЧБ.Т нар нь бүлэглэн, согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 17-18-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аяз караокены орчимд иргэн С.Баяржаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь толгойгоороо 2-оос 3 удаа мөргөж, нүүрэн тус газар нь гараараа 1-ээс 2 удаа цохиж, газарт унагаан нүүр рүү нь 3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ш.Чулуунсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч С.Баяржаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үеэр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Залуу хүмүүс нэг удаа алдсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2508 дугаартай дүгнэлт: “...С.Баяржаргалын биед эрүү ясны хугарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, зүүн далны дотор зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх 54/

Хохирогч С.Баяржаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Аяз караокены орчимд явж байгаад үл таних залуу надаас зуураад авахаар нь би та нарт хамаагүй асуудал, намайг тавь би хүнээс зугтааж байна гэж хэлсэн чинь намайг тавихгүй зуураад байхаар нь би тэр залууг түлхсэн. Тэгсэн тал талаас дайраад намайг цохиж, өшиглөөд эхэлсэн. Намайг дээрээс өшиглөж цохиход хэсэг манараад цаашаагаа юу болсныг санахгүй байна... 2-3 танихгүй залуучууд байсан...” “...тухайн үед хагалгаанд орох шаардлагатай байсан 700.000 төгрөгийг гаргуулан авсан. Уг асуудлаас болж ажилдаа явж чадаагүй 1 сарын цалин, хөлс 1.500.000 төгрөг болон хэрэгт хавсаргасан эмчилгээний зардал болох 198.350 төгрөгийн зардал гарсан байна. Үүнийгээ нэхэмжилж байна...” /хх 13-15, 17-18/

Гэрч Б.Золбоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ойрд найз нартайгаа уулзаагүй гээд Сурахбаяр, Пүрэвдорж, Чулуунсүх нартай уулзаад, Түвшинтөгс рүү би өөрөө залгаж дуудсан... ингээд караокеноос 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 шил, Сэнгүр нэртэй шилтэй пиво 1 шилийг авцгаасан. би машин барьж байсан болохоор уугаагүй. Мөн Сурахбаяр бас уугаагүй... Сурахбаяр, Пүрэвжав хоёр бие засна гээд цаашаа явсан. Түвшинтөгс, Чулуунсүх бид гурав гадаа тамхи татах гээд зогсож байтал гудамжнаас зүс таних Саруултөгс ах наад хүнээ бариад ав гээд орилоод байхаар нь гүйж байсан Баяржаргалыг Чулуунсүх очоод барьж авсан. Тэгсэн араас нь Түвшинтөгс очоод гараараа Баяржаргалыг шууд цохиод хоорондоо маргалдаад байхаар нь би очиж Чулуунсүх, Түвшинтөгс нарыг авсан. Тэгсэн Баяржаргал замын цаад талаас та нар намайг таних уу гээд орилоод байсан. Чулуунсүх явж очиход Баяржаргал Чулуунсүхийг гараараа цохисон, тэгсэн Чулуунсүх Баяржаргалыг толгойгоороо 2-3 удаа мөргөсөн, Түвшинтөгс Баяржаргалыг татаж унагаагаад нүүр рүү нь хөлөөрөө 3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 36-37/

Гэрч С.Саруултуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай дүү С.Саруултөгсийг эхнэр нь авч гэрлүүгээ орсон. С.Баяржаргалыг нэг эрэгтэй заамдаад ноцолдоод байхаар нь би дундуур нь ороод салгаад явуулах гэтэл С.Баяржаргал нь явахгүй эргэж буцаад байсан. Тэгээд би за одоо ингээд явчих байлгүй гэж бодоод гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх 50-51/

Гэрч С.Саруултөгс нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: "...Баяржаргал хашаанаас цаашаа гүйж яваад гудамжны үзүүрт очоод дахин намайг гөлөг нохойгоор дуудаад байсан. Тэгээд миний уур хүрээд дөхөөд очтол цаашаагаа зам дагуу гүйгээд зугтаасан. Тэр үед замын ойролцоо явж байсан хүмүүсийг хараад наад хүнээ бариад аваарай гэж орилсон. Тэгсэн миний араас эхнэр Сарантуяа, эгч Саруултуяа нар гарч ирээд намайг гэр рүү аваад орсон. Энэ үед л манай гудамжинд байдаг залуучууд Баяржаргалтай улмаар таарч маргаан үүсгэсэн юм шиг байна лээ... тэдгээр залуучууд Баяржаргалыг барьж авсан гол шалтгаан нь намайг орилж байхыг хараад таниад барьсан байхаа гэж бодож байна. Тэрнээс би зодоон болно гэж бодоогүй...” гэх мэдүүлэг /хх 38-40/

Шинжээч эмч Н.Энхцолмон нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хохирогч С.Баяржаргалын биед учирсан ам ангайлт хязгаарлагдмал, дээд уруулын баруун тал овойж хавдсан, дотор салстад ташуу байрлалтай 2 см орчим урт зах ирмэг тэгшдүү ангайсан, дотор ирмэгээр цайвар шаргал өнгийн гадна уруул талын ирмэгт хар хөх өнгийн зузаан тав тогтсон шарх нь үйлдлээр үүсэх боломжтой. Мөн эрүүний зүүн тал бага зэрэг овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэл ихтэй, эрүүний хугаралтайгаа хүндэвтэр зэрэгт хамаарна. Нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Баруун нүдний доод зовхины дотор ирмэгт 0.3x0.2 см хүрэн бор өнгийн зулгаралт, зүүн далны дотор доод гадаргууд 3x1 см улаан ягаан өнгийн, бүсэлхийн зүүн ар гадаргууд 7x4 см талбайд ташуу зураасан нимгэн хүрэн өнгийн тав бүхий зулгаралтууд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх 66-67/

Шүүгдэгч Ш.Чулуунсүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож байгааг ойлголоо. Хүлээн зөвшөөрч байна... С.Саруултөгс наад хүнээ бариад аваарай гээд орилоод байсан. Тэгэхээр нь би юу болсон юм бол гэж бодоод С.Баяржаргалыг барьж авсан. Тэгсэн Б.Т С.Баяржаргалын нүүрэн тус газар нь гараараа 1-2 удаа цохиод хоорондоо маргалдахад би дундуур нь орж салгах гэхэд С.Баяржаргал гараараа миний нүүр рүү цохиход нь би эргүүлээд толгойгоороо С.Баяржаргалын нүүрэн тус газарт нь мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх 75-76/

Шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...С.Баяржаргал, Ш.Чулуунсүх нар хоорондоо маргалдаад байхаар нь би дөхөж очоод гараараа 1-2 удаа хацар руу нь цохисон. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг /хх 81-82/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-84, 95/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-83, 93/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.ЧБ.Т нар нь бүлэглэн, согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аяз караокены орчимд иргэн С.Баяржаргалтай маргалдаж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2508 дугаартай дүгнэлт /хх-54/, хохирогч С.Баяржаргалын “...тал талаас дайраад намайг цохиж, өшиглөөд эхэлсэн. Намайг дээрээс өшиглөж цохиход хэсэг манараад цаашаагаа юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-13-15, 17-18/, гэрч Б.Золбоогийн “...Түвшинтөгс Баяржаргалыг татаж унагаагаад нүүр рүү нь хөлөөрөө 3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 36-37/, гэрч С.Саруултуяагийн “...С.Баяржаргалыг нэг эрэгтэй заамдаад ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-50-51/, гэрч С.Саруултөгсийн “...тэдгээр залуучууд Баяржаргалыг барьж авсан гол шалтгаан нь намайг орилж байхыг хараад таниад барьсан байхаа...” гэх мэдүүлэг /хх-38-40/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг /хх-66-67/ мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Ш.ЧБ.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэв.

Шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Хохирогч С.Баяржаргал нь “...Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ш.ЧАшхабад сонгоол овгийн Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.ЧБ.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.ЧБ.Т нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН