Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 41

 

 

Ж.Аын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай   

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 137/ШШ2016/00226 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Аын нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.Мт холбогдох

Зээл, зээлийн хүү 8710000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ж.Аын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: М ахаас зээлээ хаах мөнгө 2200000 төгрөг авч, Хас банкны зээлээ хаасан. Хас банкнаас 2015.02.13-нд 6 сая төгрөгийн бичил зээл авсан. Энэ мөнгөнөөсөө М ах эхнэрийн хамт байхад нь 2015.02.13-нд 2 сая төгрөгийг эргүүлэн машин дотор нь байхад нь өгсөн. Дараа нь 3 хоногийн дараа буюу 2015.02.16-нд 2500000 төгрөг зээлүүлээд 1 сарын дараа манай банкны эхний төлөлт болох 400000 төгрөг төлөх болзолтой 2300000 төгрөг зээлсэн.

Энэ 2300000 төгрөг зээлэхдээ М гэгч нь ганцаараа ирж гуйсаар байж авсан. Та хоёрт хэдэн төгрөг хэрэглээд илүү гарах вэ, ахад нь яаралтай 3 сая төгрөг сарын хугацаатай хэрэг болоод байна, тус болооч, ах нь Эрээнд чиргүүлээ барьцаанд тавьсан байсан чинь хугацаа нь болчихоод байна, яг өгнө, ах нь компанийхаа ачааны мөнгийг дур мэдэн хувьдаа хэрэглэчихээд даргадаа мэдэгдэх гээд байна, тус болж үз, ахдаа өгөх 2200000 төгрөг дээрээ нэмээд та хоёрт хэдэн төгрөг үлдэнэ тэр мөнгөө хүүтэй ч хамаагүй зээлээч гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь та яг нэг сарын дараа манай банкны эхний төлөлт болох 400000 төгрөгийг төлөх болзолтойгоор эхнэр бид хоёроос 2300000 төгрөг авч болно гээд мөнгөө зээлүүлсэн.

Яг нэг сарын дараа манай банкны төлөлт 400000 төгрөг төлсөн боловч үндсэн мөнгө болох 2300000 төгрөгөө авч чадаагүй. Мөнгөө нэхэхээр ачаа олдохгүй байна, мөнгө зээлүүлэх хүн олдохгүй байна, 4 сард, 5 сард, 6 сард, 6 сарын сүүлээр гэж хойшлуулсаар байсан.  Тэгээд эцэст нь 6 сарын 29-нд гэртээ дуудаж уулзаад одоо арай хэтэрлээ, мөнгөө авъя гэхэд угаасаа би танай мөнгийг бага багаар цувуулаад өгч байгаа гэж бодож байгаа, гэтэл хүүтэй байсан юм уу, та нар надаас хүү нэхээд заргалдаад юу ч олж чадахгүй, цагдаа шүүхээрээ яв гэсэн. Урьд нь эвлэрүүлэн зуучлалаар явсан, М гэгч нь хүлээн зөвшөөрөөгүй юм. Зээлийн хүүд 460000 төгрөг төлөөд үндсэн зээлээ одоо болтол төлөхгүй байгаа тул зээлийн хүүд 6410000 төгрөг, нийт зээлтэйгээ 8710000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.      

Нэхэмжлэгч Ж.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж: ... Гэр бүлийн боломж бололцоог харгалзан үзэж 2300000  төгрөг болох үндсэн мөнгийг нэхэмжилж байна. …манай эхнэр 400000 төгрөг, би 300000 төгрөг, банкны хүү төлүүлэх гэж 400000 төгрөг авсан. Түүнээс хойш мөнгө авч байгаагүй, харин 100 юань, 30000 төгрөг, 50000 төгрөг гэх зэргээр 80000 төгрөг надад тус болсон гээд өгч байсан. Нийт би 1180000 төгрөг авсан гэжээ.

Хариуцагч А.М шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 02 сард Ааас 2300000 төгрөг авсан. Тухайн үед А банкинд төлөх мөнгөө төлөөд буцаагаад зээл авмаар байна гэсэн учир бид ярилцаж тохироод мөнгө өгч авсан асуудал гарсан. Гэхдээ тэр үед бидний хооронд ямар ч хүү төлөх, гэрээ байгуулсан, хугацаа тохирсон асуудал байгаагүй, найз нөхдийн журмаар авч өгөлцөх болсон. Тэд нар ч өөрсдөө банкны хүү төлөх үед өгч байгаарай гэсэн боловч увуулж цувуулж авсаар 1500000 төгрөгийг авсан. Бид бөөнөөр нь өгөх бололцоо муутай учир нэхсэн үед нь боломжоороо өгч байсан боловч сүүлдээ өндөр хүү ярьж, их хэмжээний мөнгө нэхэх болж авсан мөнгөө үгүйсгэн гэрт ирж хэл амаар доромжлон, зураг хөрөг авч, хүүхдүүдийг маань хүртэл заналхийлж, гэрт гадаагүй хашгачиж, зүй бус зан гаргаснаар бид мөнгө өгөхөөс татгалзаж эхэлсэн. Одоо тэр хүмүүсийг бидэнд гаргасан ёс бус үйлдэлдээ уучлал гуйж  буруугаа хүлээвэл үндсэн мөнгөний үлдэгдэл болох 800000 төгрөгийг боломжоороо төлж барагдуулах болно. Тэрнээс бид 20 хувийн хүү нэхэмжилж байгааг төлж чадахгүй гэжээ

Хариуцагч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 сард цагаан сарын өмнө надад мөнгө хэрэгтэй байсан юм. Тэгээд анх энэ хүний банкны зээлийг хаалгаж би 2, 3 сая төгрөг зээлж авсан. Анх мөнгө авахдаа хүүтэй гэж огт тохироогүй. Бичгийн гэрээ ч гэсэн байгуулаагүй юм. Тухайн үед таньд мөнгө хэрэгтэй бол гадуур мөнгө зээлдэг хүмүүсээс авч болохгүй юм уу гэхээр нь би ах нь хүүтэй мөнгө зээлж чадахгүй, өөрийнхөө боломжоор машинаа зараад тэр мөнгөөрөө болгох санаатай байна гэж хэлэхэд за за тэгвэл манайх зээл авах гэж байгаа юм, та манай мөнгөнөөс хэрэгцээтэй мөнгөө аваад хэрэглэхгүй юу гэж хэлсэн юм. Тэгээд мөнгө авсан. би шаардлагатай мөнгөө төлж байхад 2015 оны 06 сард гэртээ ирээч гэхэд нь би охинтойгоо очиход та 1 сая гаруй төгрөг төлсөн байна. Энэ мөнгө бол үндсэн мөнгөний хүү байсан юм. Бид одоо үндсэн мөнгөө авна гэж нэхэх үед бид нар тэр үед хүү тооцоогүй шүү дээ, хэрвээ бид тэгж тохирсон бол асуудал өөр болох байсан юм. Надад тийм мөнгө төлөх боломж алга, би хүү төлж чадахгүй, харин үндсэн мөнгийг би төлнө гэж хэлсэн. Гэтэл тэр үед надруу дайрч машины түлхүүр авна гээд байхаар нь би шүүхээр явж шийдүүлье гэж хэлээд явсан. Миний хувийн дэвтэр дээр бичсэн байгаа боловч би авчраагүй байна. Би нийт 1540000 төгрөг өгсөн юм.  Би одоо 760000 төгрөг өгөх ёстой юм. Би Ж.Ат эхлээд банкны хүүг төлж 400000 төгрөг өгсөн гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар хариуцагч А.Маас 1348884 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 956116 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 154310 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Маас 36453 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ат олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Мт мөнгө зээлүүлээд авч чадаагүйн улмаас эхлээд эвлэрүүлэн зуучлах газарт өргөдөл материалаа бүрдүүлж өгөөд эвлэрч чадаагүй. Тэгээд 2016.08.17-ны өдөр шүүх хурал зарлагдаж шүүх хурал болсон Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 2300000 төгрөг болгосон. Шүүхийн шийдвэр эхнэр бид хоёрт маш их хохиролтой байгаа тул хэрэгсэхгүй болгосон мөнгийг гаргуулахаар шийдэж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч А.Мт холбогдуулан зээл 2300000 төгрөг, зээлийн хүү 6410000 төгрөг, нийт 8710000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2300000 төгрөг болгон багасгажээ.

Харин хариуцагч А.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хүүгийн нөхцлийн талаар тохиролцоогүй гэж маргажээ.

Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас 1343884 төгрөгийг хангаж, үлдэх 956116 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх талуудын хоорондын гэрээний агуулга, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Талууд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээг 1 сарын хугацаатай, амаар байгуулан нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч А.Мын өмчлөлд 2300000 төгрөг шилжүүлсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Харин зохигчид  хүүгийн нөхцлийн талаар маргасан байх ба энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй, улмаар  хариуцагч нь сард 20 хувийн хүү төлөх үүрэг хүлээхээр талууд тохиролцсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн талууд зээлийн гэрээнд хүүгийн нөхцлийн талаар тохироогүй хэдий ч анхан шатны шүүх  хариуцагч А.Мыг мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж үзэн хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг хэрэгт цугларсан нотлох баримтыг /хх-4/ үндэслэн тогтоож тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д нийцсэн болно.

Тодруулбал Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг хэрэглэх нөхцөл нь талууд мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх хугацааг тохирсон байх, мөн энэхүү тохирсон хугацааг хэтрүүлсэн бол хэтэрсэн хугацаанд нь тохирох хүүг төлөх үүргийг үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч хүлээх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүйн гадна энэ талаар хариуцагч А.М гомдол гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хариуцагч А.М нь зээлийн төлбөрт нийт 1420000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн “анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг дутуу тооцсон” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 137/ШШ2016/00226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27497 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                              Х.БАЙГАЛМАА

                                                                                  Н.БАТЧИМЭГ