Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2024/0087

 

 

*****-ын гомдолтой,

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны

Мэргэжлийн хариуцлагын хороонд

холбогдох хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Г.Банзрагч

Шүүгчид:                    Д.Батбаатар

   М.Батсуурь

   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШШ2024/0025 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч *****, түүний өмгөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:                       

 Гомдлын шаардлага:

1.*****-аас Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “... тус хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/07 дугаар тогтоолын 1 дэх заалтаар өмгөөлөгч *****-ыг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.9, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөнд тооцож; 2 дахь заалтаар Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч *****-д “сануулах” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

3.Гомдол гаргагчаас “... хувийн аккаунтад өөрийн найзуудын дунд үнэн бодит болсон зүйлийг бухимдаж бичсэн, өөрийн сэтгэл хөдлөлийг ил гаргасан үйлдлийг өмгөөлөгчийн үүрэгтэй зөрчилдөх, нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлгүй, үүнийг мэргэжлийн алдаа, өмгөөлөгчийн үйл ажиллагааны алдаа гэж тайлбарлах нь үндэслэлгүй, өмгөөллийн үйл ажиллагааны талаар Өмгөөллийн тухай хуульд тодорхой заасан, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаар хандсан иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг үйлчлүүлэгч гэж үздэг, гэтэл би *****-тай ямар нэгэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй, өөрийн туслах *****-тэй ч ямар нэгэн байдлаар гэр бүлийн маргаанд нь өмгөөлөгчөөр оролцоогүй, хэн хэн нь надаас туслалцаа авсан тохиолдол байхгүй байхад өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул тогтоолыг хүчингүй болгуулах ...” гэж;

3.1.Хариуцагчаас “...иргэн *****-аас өмгөөлөгчид хаяглан илгээсэн захидлыг шуудангийн дугтуйны зургийг цахим хаягтаа тайлбартайгаар нийтэлсэн, мөн миний эхнэрийн хамтаар охины цэцэрлэг дээр очиж багшийг нь айлгасан, тус багшийг гэрчээр асуулгахгүй байх зорилготой, энэ өмгөөлөгчийг үйлдэл нь ёс зүйгүй асуудал гэх агуулгатай гомдол, нотлох баримтыг хавсарган ирүүлсэн, гомдлыг журмын дагуу хянан шалгахад гомдолд дурдсан үйл баримт нь баримт, тайлбараар нотлогдсон тул хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгуулах”-аар тус тус тайлбарлан маргажээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШШ2024/0025 дугаар магадлалаар: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн МТ/2024/07 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, гомдол гаргагч *****-ын гомдлын шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

5.Гомдол гаргагч *****-аас магадлалыг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

5.1.*****-аас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “намайг өөрийнхөө гэр бүлийн маргаанд буруутай мэтээр дурдаж улмаар өөрийн эхнэрт хууль зүйн туслалцаа үзүүлэхээ зогсоохыг анхааруулсан утгатай” захидал хүлээн авсан ба үүнд нь тухайн үед миний бие эгдүүцэж өөрийн фэйсбүүк (facebook) хуудастаа 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 41 минутад оруулсан пост нь надад ёс зүйн хариуцлага хүлээлгэх хэмжээний үйлдэл гаргаагүй гэж үзэж байна. Хэдийгээр миний бие пост оруулахдаа зохимжгүй үг хэллэг хэрэглэсэн ийнхүү пост оруулсантай холбоотой дараах үйл баримтыг Мэргэжлийн хариуцлагын хороо болоод Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн аль нь ч харгалзаж үзээгүй, үнэлээгүйд гомдолтой байна.

5.2.Пост оруулахдаа *****-ын нэрийг дурдаагүй, захидлыг ч байршуулаагүй. Өөрөөр хэлбэл, энэ постыг оруулснаар бусад этгээд, олон нийтийн зүгээс *****-ын талаар бичсэн гэж ойлгох ямар ч боломж байгаагүй. Энэ постын улмаас *****-ын нэр төр, ажил хэргийн хүнд унаагүй, мөн миний зүгээс түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг олон нийтийн өмнө гутаасан, доромжилсон үйлдэл гаргаагүй гэж үзэж байна.

5.3.******* Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргах үед дээрх пост олон нийтийн сүлжээнд байгаагүй бөгөөд надтай найзууд биш байсан, зохимжгүй үг хэллэг хэрэглэснээ ойлгоод постоо 5 минутын дараа устгасан. Өөрөөр хэлбэл, гаргасан үйлдлийн хүрээ хязгаар тэлээгүй бага байсан ба үйлдлийн хор уршгийн хэмжээ ялимгүй, хуулийн засаглал, шүүх эрх мэдэл болон өмгөөлөгчид итгэх олон нийтийн итгэлд нөлөөлөхүйц буюу өмгөөлөгчийн нэр хүндийг гутаах хэмжээнд байгаагүй, оруулсан постоо устгачихсан байсан хэдий ч пост оруулснаа хүлээн зөвшөөрч, Мэргэжлийн хариуцлагын хороонд үнэн зөв тайлбар өгсөн. Дээрх нөхцөл байдал, үйл баримтыг Мэргэжлийн хариуцлагын хороо, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн аль нь ч үнэлж дүгнээгүй.

5.4.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШШ2024/0025 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Анхан шатны журмаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

7.Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, энэ хууль болон Ёс зүйн дүрмийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.1-д заасан маргааныг … хүн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийн дагуу үүсгэж, хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

8.Хуулийн дээрх заалтаас үзэхэд, хуульч /өмгөөлөгч/-ийг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг зөвхөн үйлчлүүлэгчийн гомдлоор хянан шалгахаар хязгаарлаагүй бөгөөд хүн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллээр хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх үндэслэлтэй тул гомдол гаргагчийн “ ... хууль туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй, хууль зүйн туслалцаа үзүүлсэн тохиолдол байхгүй байхад өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэн буруутгаж байгаа нь үндэслэлгүй ...” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

9.Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д зааснаар өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ “... бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах” үүрэгтэйгээс гадна мөн Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “... ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх” зарчмыг баримтлан ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргахгүй байх бөгөөд үйлчлүүлэгчээр хязгаарлахгүйгээр бусад этгээдэд ч хүндэтгэлтэй хандах нь ёс зүйтэй үйлдэлд хамаарах юм.

10.Гэтэл өмгөөлөгч ***** нь цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд (facebook) буюу өөрийн хаягтаа “зохимжгүй үг хэллэг агуулсан” мэдээлэл оруулсан үйлдэл нь нэгэнт тогтоогдсон, үүнийг “нэн даруй устгасан” гэх үндэслэлээр зөвтгөх боломжгүй тул гомдол гаргагчийн “... зөрчил ялимгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

11.Өмгөөлөгчийн гаргасан үйлдэл, түүнийг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан “сануулах” хариуцлага хүлээлгэсэн Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны МТ/2024/07 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

12.Харин гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “... нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүхээс хүлээж аваагүй үндэслэлийн талаар дурдаагүй ...” гэж тайлбарлах боловч давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчийн гаргасан үйлдэл нь Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэн, иргэдийн төлөөлөгчийн “... нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэх дүгнэлтээр ёс зүйн зөрчилтэй үйлдэлд хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй болох агуулгын хүрээнд дүгнэн, дүгнэлтийг хүлээж аваагүйг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д заасанд нийцээгүй гэж үзэх боломжгүй, уг гомдлоор магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

13.Иймд магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШШ2024/0025 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч *****-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.БАНЗРАГЧ

           ШҮҮГЧИД                                                                 Д.БАТБААТАР

  М.БАТСУУРЬ

                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                  Х.БАТСҮРЭН