Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 23

 

Б.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 195 дугаар цагаатгах тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаар магадлалтай, Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Дархчуул овогт Б.М нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Б.М-д холбогдох эрүүгийн 2226000250021 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

иргэний нэхэмжлэгч М.Г-ийн нэхэмжилсэн 11,125,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлсийг устгаж, иргэн Б.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ “Яллагдагч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Муруйн голын” гүүрний орчим байрлах хоёр урсгалтай хатуу хучилттай авто зам дээр 10-17 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж замын зорчих хэсэг дээр явган алхаж байсан иргэн М.Р-ийг дурдагдсан тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт гэм буруутай тооцуулахаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/195 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг няцаан үгүйсгэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М-ийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр хэргийг Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй байна гэж үзсэн ба дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.М-ийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/195 дугаартай цагаатгах тогтоол үндэслэлгүй байна. Учир нь шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 14 дугаартай дүгнэлт нь ямар нэгэн эргэлзээ төрөхүйц салаа утга бүхий дүгнэлт биш байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан байхад дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Мөн харилцан зөрүүтэй нотлох баримтын аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд заагаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг нь харьцуулан дүгнэлгүй шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэж үзэж, шүүгдэгч Б.М-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу болсон ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн боловч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн зарим шийдвэрийг хүчингүй болгох, дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/195 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэх үндэслэл дараах байдлаар тодорхойлогдоно. Үүнд:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчилгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Гэтэл шүүгч хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж чадаагүй байна. Хэрэг гарсан бодит байдал, оролцогч бүрийн гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлалгүй, хэргийн талаарх дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулан, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М-ийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн политехник коллежийн багш Ц.Болдбаатар, Ц.Амарбаяр, Б.Раднаа нарын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан №14 дугаартай “...Явган зорчигч /амь хохирогч/: М.Р нь: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан: Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. ...Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг, ... явна гэсэн заалтыг зөрсөн байна. ... улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Б.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний 12.2-т заасан: “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан: “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.”, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ...” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Дээрх дүгнэлт нь ямар нэгэн эргэлзээ төрөхүйц салаа утга бүхий дүгнэлт биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан байхад шүүгч өөрийн санаачилгаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулан зөвхөн шинжээчид тавьсан асуултын хүрээнд тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлээгүй гэж дүгнэн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэрэг маргаан шийдвэрлэхдээ шударга ёсыг тогтоох шүүгч хараат бус байх зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, анхан  эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана гэж хуульчилсан байхад шүүгч өөрийн санаачилгаар дахин шинжээч томилсон байна. Гэм буруугийн хэлбэрийг тогтоохдоо гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь бодитойгоор дүгнэх шаардлагатай. Тодруулбал гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч Б.М-ийн гэмт үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргасан, зам тээврийн ослын үндсэн шалтгааныг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуулиар хамгаалагдсан бусдын зөрчигдсөн эрхийг сэргээж, гэм буруутай этгээдэд шударгаар ял шийтгэл оногдуулах үүрэгтэй. Гэтэл шүүх энэ үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүйгээр шүүгдэгч Б.М-ийг цагаатгасан нь хэдийгээр амь хохирогч тодорхой хэмжээгээр хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн ч түүний амьд явах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан үнэлэлгүйгээр шүүгч өөрөө шинжээч томилон яллагдагчид ашигтайгаар дүгнэлт гаргуулан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж дүгнэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартааӨвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний 2022/ДШМ/62 тоот магадлалыг эс зөвшөөрч, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй гэсэн дүгнэлт хийсэн хирнээ “шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг үгүйсгэх боломжгүй байна” гэж дүгнээд /хохирогчийн өмгөөлөгчийн саналыг үгүйсгэсэн үндэслэлийг няцаасан үндэслэлийг дурдаагүй/ хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Мийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “Д.М-ийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/195 дугаартай цагаатгах тогтоол үндэслэлгүй. Учир нь шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт нь ямар нэгэн эргэлзээ төрөхүйц салаа утга бүхий дүгнэлт биш байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан байхад дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Мөн харилцан зөрүүтэй нотлох баримтын аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд заагаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг нь харьцуулан дүгнэлгүй, шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзээ гарсан гэж дүгнэн Б.М-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэсэн. Дээр дурдсан байдлаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөрүүтэй дүгнэсэн.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/07 тоот дугаартай Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүгнэлт зөрүүтэй эргэлзээтэй байх тул “Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах” хүсэлт гаргасныг хүлээж аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна

Шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж хуулиар хамгаалагдсан бусдын зөрчигдсөн эрхийг сэргээж, гэм буруутай этгээдэд шударгаар ял шийтгэл оногдуулах үүрэгтэй. Шүүх Б.М-ийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирогчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоно уу” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ч.Болдбаатар хэлсэн тайлбартаа “Хохирогчийн өмгөөлөгч, прокурорын зүгээс “шүүх шинжээчийн 14 тоот дүгнэлтийг үндэслээгүй” гэсэн агуулгаар гомдол, эсэргүүцэл гаргасан байдаг. Тус дүгнэлтэд Ц.М-ийг Замын хөдөлгөөний дүрмийн гурван заалтыг, амь хохирогчийг нэг заалт зөрчсөн гэж дүгнэсэн. Тухайн дүгнэлтийг шинжлэх ухааны ямар аргачлалд тулгуурлан гаргасан болон дүгнэлт гаргасан явц үр дүнгийн талаар огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Прокурор дүгнэлт нь ямар нэгэн эргэлзээ төрөхүйц салаа утга бүхий дүгнэлт биш байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан гэж эсэргүүцэлдээ дурдсан. Тус дүгнэлтийн 3 дахь асуултад өгсөн хариултад “жолооч болон амь хохирогч явган зорчигч нарын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтуудыг зөрчсөнийг техникийн мэргэжлийн үүднээс тодорхойлж өгч байгаа болохоос тухайн хэргийн газар дээр нь очиж нөхцөл байдлыг үзээгүй, мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад оролцоогүй зэргээс хамаарч хууль эрх зүйн талаас нь буруутныг тогтоох шалтгааныг тодорхойлох боломжгүй байна” гэж шинжээч нар хариулсан нь тухайн шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх хангалттай үндэслэл болсон гэж үзэж байна.

Түүнчлэн амь хохирогч болон түүнтэй хамт явж байсан Д.Б нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.2-ын “...Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино...” гэсэн заалтын талаар огт дүгнэлтэд дурдаагүй нь дүгнэлт үндэслэлтэй гарсан гэхэд эргэлзээтэй байгаа юм. Б.М-ийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалттай нийцсэн гэж үзэж байна. Осолд орох үедээ амь хохирогч их хэмжээний архи ууж, хүнд*зэргийн согтолттой байх үедээ замын зорчих хэсэгт гэнэт гарч ирсэн болох нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлтийн 4 дэх заалт болон гэрч М.Д-ын “...миний машины өмнөөс ирж байсан машины урдуур нь нэг юм орчих шиг болсон”, гэрч Д.Б, Д.Б нарын мэдүүлгээс гэнэт 2 хүн өмнөөс гараад ирсэн болох нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байгаа.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн үед замын зорчих хэсэгт гулгаа үүссэн, амь хохирогч болон түүнтэй хамт явж байсан Д.Б нар замын зорчих хэсэгт гэнэт орж ирсэн зэрэг үйл баримт тогтоогдож байгаа ба энэ нь Б.М-ийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Б.М-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “...харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..." гэснийг зөрчсөн гэж үзсэн. Тухайн хэрэг нь суурин газрын гадна замд гарсан болох нь тогтоогдож байгаа ба Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т зааснаар тухайн замд зорчих хурд 80 км/ц-аас илүүгүй байхаар зохицуулагдсан. Шүүхээс томилогдсон 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 03/07 техникийн шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл 67.7 км/ц-аас бага хурдтай явсан болохыг тогтоосон. Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан зохицуулалт нь замын хөдөлгөөнд оролцох хурдны хэмжээнээс хамаарахгүй боловч энэ хэргийн тухайд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.М нь “тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явсан” болох нь хангалттай нотлогдож байна. Тодруулбал цогцост хийсэн үзлэгээр амь хохирогчийг “толгойны суурь ясны хугарал болон тархины аалзан хальсан доорх цус харвалт” гэмтлийн улмаас нас барсан гэж дүгнэсэн. Тухайн гэмтэл нь машинд мөргөгдсөнөөс бус харин мөргөгдсөний дараа унах үедээ авсан гэж үзэхээр байгаа. Хэргийн газрыг үзлэг, тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, осол болсон замын орчны нөхцөл байдал, Б.М-ийн жолоодож явсан машинд үүссэн гэмтэл, хохирогчийн биед үүссэн гэмтэл, техникийн шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж явсан гэдэг нь тогтоогдож байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан. Дээрх заалтыг зөрчсөн үйлдлийг тогтоохын тулд тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй, 2-т зогсоох арга хэмжээ авах зайлшгүй тохиолдол үүссэн эсэхийг тогтоосон байх шаардлагатай. Б.М-ийн “...гэнэт хүн гараад ирсэн” гэх мэдүүлгээс өөр тогтоосон баримт хэрэгт авагдаагүй.

Өөрөөр хэлбэл Б.М тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй гэх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зогсоох арга хэмжээ авах зайлшгүй тохиолдол үүссэн болохыг тогтоож чадаагүй ба үүнийг тогтоохын тулд тээврийн хэрэгслийг зогсоох бодит боломж жолоочид байсан эсэхийг нотлох баримтад үндэслэн тогтоох шаардлагатай. Прокурор “шүүх санаачилгаараа шинжээч томилж, процессын алдаа гаргасан” гэх эсэргүүцлийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн зүгээс шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасан, мөн хүсэлтийг хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоол авагдсан. Эдгээр байдпыг харгалзан үзэж хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Өвөрхангай аймгийн прокурорын газраас хяналтын журмаар гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Прокурор мөрдөн байцаалтын явцад хэргийн үйл баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоон, шүүгдэгч Б.М-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан: “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан: “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.”, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч М.Р-ийг мөргөж амь насыг нь хохироосон гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч Б.М-ийг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн талаар гаргасан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч М.Д, Б.Б, Б.З, Д.Б, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. Тухайн зам тээврийн осол гарах үед гадаа харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам цас мөстэй, гулгаатай байсан ба шүүгдэгч өөрийн үзэгдэх орчны хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах, гялбаанд орсон, аюул тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох арга хэмжээг авна гэснийг зөрчсөн байна.

Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч Б.М-ийн гэмт үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэл, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс нь үнэлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын үндсэн шалтгааныг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн хийсэн байна. Иймд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоосон, хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна. 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэгийн бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн  Б.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт хатуу хучилттай авто зам дээр 10-17 УБУ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 18.3 заалтыг тус тус зөрчиж, замын зорчих хэсэгт алхаж явсан иргэн М.Р-ийг тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шинжээчээр томилогдсон Өвөрхангай аймаг дахь Политехник Коллежийн Замын хөдөлгөөний дүрмийн багш, техникийн ухааны магистр Б.Раднаа, Автомеханикийн багш, техникийн ухааны магистр, мэргэшсэн инженер Ц.Амарбаяр, Автомеханикийн багш, мэргэшсэн инженер Ц.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд /1хх-87/ 10-17 УБУ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Б.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, харин явган зорчигч /амь хохирогч/ М.Р нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан  “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна ... Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг ... явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэжээ. 

Харин шүүхийн шатанд буюу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 124 дугаар захирамжаар энэ хэрэгт шинжээчээр томилогдсон ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн тээврийн салбарын эрхлэгч, доктор Ph.D, дэд профессор И.Базаррагчаа, тээврийн салбарын профессор, доктор Ph.D, профессор Ц.Цэвэгжав, тээврийн салбарын ахлах багш, доктор Ph.D, Ж.Мягмаржав, тээврийн салбарын багш Н.Мөнхзул, Д.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй гаргасан техникийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/02 дугаартай дүгнэлтэд /хх-192/ ... Автомашин нь явган зорчигчийг 26.4 метр зайнд шидсэн байна... “Тоёота Приус” маркийн автомашин нь 67.7 км/цаг-аас бага хурдтай явсан байна. 10-17 УБУ улсын дугаартай “Тоёота Приус" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Явган зорчигч М.Р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-р заалт буюу "Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна ...” гэснийг зөрчсөн гэж үзэж байна...  Явган зорчигч М.Р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна” гэж дүгнэсэн байна.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 284 дугаар захирамжаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийг дахин шинжээчээр томилсон боловч /хх-225/ тус сургууль нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/324 тоот албан бичгээр /хх-228/ шинжээчийн дүгнэлт дахин гаргах боломжгүй тухай мэдэгджээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй болно.

Гэтэл анхан шатны шүүх Б.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлийн талаар 3 дахь удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур буюу Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийг дахин шинжээчээр томилсон атлаа шийдвэрийнхээ биелэлтийг хангуулаагүй, улмаар харилцан зөрүүтэй 2 удаагийн техникийн шинжээчийн дүгнэлтийн алийг хэргийн бодит байдалд нийцсэн, үнэн зөв эсэхийг үнэлж дүгнээгүй, түүнчлэн шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл болон прокурорын яллах дүгнэлтэд дурдсан бусад нотлох баримтуудын агуулга, улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан нь шүүгдэгчийн гэм бурууд эргэлзэх үндэслэлийг бий болгох боловч энэхүү нөхцөл байдал нь шүүхээс тэдгээр нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг үнэлж, дүгнэхгүйгээр шууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох, түүнчлэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар 2 удаагийн харилцан зөрүүтэй техникийн шинжээчийн дүгнэлт гарсан нь заавал гурав дахь шинжээчийн дүгнэлтийг гаргуулах үндэслэл болохгүй юм.

Мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгүүлэх, шүүгдэгчийн гэм буруугийн талаар үүссэн эргэлзээтэй байдлыг арилгуулах талаар оролцогчийн гаргасан үндэслэл бүхий хүсэлтийг хүлээн авч, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх боломжтой гэж үзвэл шүүх энэ талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, талуудын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хангах үүрэгтэй болно.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй талаар хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг хүчингүй болсон үндэслэлээр анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 195 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй шийдвэр болжээ.

Анхан шатны шүүхийн 195 дугаартай цагаатгах тогтоолд оролцогчдын өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын агуулгыг нэг бүрчлэн бичсэн байх боловч харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны бөгөөд хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзсэн, түүнчлэн бусад эсрэг агуулга бүхий нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийхгүйгээр “шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг няцаан үгүйсгэх боломжгүй” гэсэн хэт ерөнхий, товч дүгнэлт хийж, Б.М-д холбогдох хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангаж, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 195 дугаар цагаатгах тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэгийн бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн гаргасан гомдлыг хангаж, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 195 дугаар цагаатгах тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

   Б.БАТЦЭРЭН

   М.ПҮРЭВСҮРЭН

                                                                               Б.ЦОГТ