| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06311/И |
| Дугаар | 1684 |
| Огноо | 2016-02-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 1684
| 2016 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 102/ШЗ2016/01684
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн 4 зам гудамж, 201 дүгээр байр, 13 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЙЮ70033163, Гяв овогт Сантүндэвийн Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох УБЦТС ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаалыг хүчингүйд тооцуулан, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 16 600 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цагаан /үнэмлэх 0488/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, Н.Төрболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд авлагын мэргэжилтнээр ажилд орсон. Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу цахилгаан эрчим хүчний төлөгдөөгүй төлбөрөөс үүссэн авлагыг барагдуулах, авлагын насжилтийг багасгаж, авлага цуглуулах дундаж хоногийг хэрэглэгчийн ангилал бүрд зохистой түвшинд барих үүргийг гүйцэтгэж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй гэж үзэж байгаа. Гэтэл Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаалаар намайг ажлаас халсан. Ажлаас халах болсон шалтгаанаа барагдуулах боломжтой авлагыг, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй 2 хэрэглэгчийн 1 614 253 төгрөгийн авлагаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгуулсан зөрчилдөө дүгнэлт хийж арилгаагүй, найдваргүй авлагын данснаас хасах тухай Гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/18 дугаар тушаалд дээрх 2 хэрэглэгчийн төлбөр орж данснаас хасахаар шийдвэрлэгдснийг мэдсэн мөртлөө таслан зогсоох арга хэмжээ аваагүйгээс хуурамчаар өргөдөл гаргаж өөрийн төлсөн төлбөрийг данснаасаа эргүүлэн гаргах боломжийг Л.Өлзийсайханд олгосон тул шүүхээр авлага нэхэмжлэх дэг жаяг зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, хэрэглэгчтэй хуйвалдаж ажил олгогчийн итгэлийг алдсан, ажилтны ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж тайлбарласан байна. Миний ажил үүргийн хуваарьт цахилгаан эрчим хүчний төлөгдөөгүй төлбөрөөс үүссэн авлагыг барагдуулах гэж байгаа хэдий ч тус компанийн захирлын тушаалаар батлагдсан Шүүхээр авлага нэхэмжлэх, бүртгэх журам-ын 6.2 дахь хэсэгт 1 хэрэглэгчээс авах авлагын хэмжээ 0-200 000 төгрөг хүртэл байвал хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн ажилтнууд хариуцаж барагдуулна гэж заасан байдаг. Гэтэл энэ журмын заалтыг байгууллагын зүгээс зөрчин хэдэн ч төгрөгийн төлбөр нэхэмжлэхэд миний бие материалаа бэлтгэн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд ганцаараа оролцдог байсан. Ингэж явахдаа Б.Гантөмөрөөс 1 112 794 төгрөгийг, хэрэглэгч Л.Өлзийсайханаас 811 898 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ба байгууллагын зүгээс надад хариуцагчтай эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргуулсан. Гэвч байгууллагын зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг хуулийн заалтыг буруу ойлгож хэрэглэсэн байх тул дээрх эвлэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэх, надад хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн үүргийг Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Баясгаланд өгсний дагуу миний 12 дугаар сарын үр дүнгийн шагналыг 5 пунктээр хасч 2014 оны 13 дугаар сарын үр дүнгийн шагналыг 91 хувь болгон бууруулах арга хэмжээ авсан. Мөн уг хэрэглэгчээр дээрх төлбөрийг нөхөн төлүүлсэн. Анх найдваргүй авлагын жагсаалт гарга гэсэн үүргийн дагуу 2014 оны 5 дугаар сард 1680 хэрэглэгчийн 184.3 сая төгрөгийн жагсаалт болон холбогдох материалыг мэргэжилтэн Б Ганчимэг бид 2 бэлтгэсэн. Бидний энэ жагсаалтыг хэсгийн ахлагч П.Отгонцэцэг, менежер Д.Төрмөнх нар хянаж гарын үсэг зурсан. Хяналт аюулгүй ажиллагааны хэлтэст шалгуулахаар 21 хавтаст материалыг 2014 оны 05 дугаар сард хүлээлгэн өгсөн. Уг материалыг Борлуулалтын бодлогын хэлтсийн гэрээний мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэд тус хэлтсийн зүгээс 10 дугаар сард өгсөн байсан. Улмаар Б.Мөнх-Эрдэнэ ТУЗ-д танилцуулан найдваргүй авлагын жагсаалтыг батлуулан данснаас хасуулна гэж байсан. Энэ хооронд Гантөмөр, Өлзийсайхан нарын болон хэд хэдэн хэрэглэгчийн материалыг шүүхэд өгч дээрх 2 хэрэглэгчтэй эвлэрсэн шүүгчийн захирамж гаргуулсан ба шүүгчийн захирамж гарснаас хойш ТУЗ-ийн шийдвэр гарч 1580 хэрэглэгчийн төлбөрийг найдваргүй авлагын данснаас хасах болсон. Энэ дотор Гантөмөр, Өлзийсайхан нарын нэр багтсан байсан. Хэрэглэгч Гантөмөрийн тухайд байгууллагын зүгээс өөртэй нь гэрээ байгуулаагүй. Хуурамч гэрээ байгуулсан бөгөөд хаягтаа байгаагүй байхад цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт 1 112 794 төгрөгийг нэхэмжилсэн байсан бөгөөд хариуцагч энэ талаар гомдол гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хариуцагчтай эвлэрсэн шүүгчийн захирамж гарсны дараа материалыг Борлуулалтын бодлогын хэлтсийн гэрээний мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ уг төлбөрөөс 309 203 төгрөгийг өөрөө дур мэдэн хасч үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар болж шүүгчийн захирамжийг өөрчилсөн. Ер нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг хэрэглэгчтэй байгуулдаггүй, өөрөөр хэлбэл гэрээнд хэрэглэгчийн өмнөөс хуурамчаар гарын үсэг зурдаг тохиолдол олон байдаг. Анх найдваргүй авлагад тооцуулах хэрэглэгчдийн нэрсийн жагсаалт болон холбогдох материалыг Ганчимэг бид 2 бэлдсэн хэдий ч бидний бэлдсэн материалыг ТУЗ-д танилцуулах шат хүртэл холбогдох дээд удирдлагууд шат дараалан үзэж шалгасан байсан. Шүүхийн шийдвэр гарч мөнгө нь төлөгдөхөөр болсон хэрэглэгч Өлзийсайханы нэрийг хэлж уг жагсаалтаас хасуулалгүй ТУЗ-ийн шийдвэр гаргуулсан, хэрэглэгчтэй хуйвалдсан гэж үзэж ажлаас халсанд гомдолтой байна. 2014 оны 05 дугаар сард бэлтгэж өгсөн материалын дагуу 2015 оны 02 дугаар сард шийдвэр гаргахдаа дахин тулгалтыг холбогдох удирдлагууд хийгээгүйгээс энэ асуудал үүссэн гэж миний бие үзэж байгаа. Иймд Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Миний бие 3-н сар зөрчил гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон намайг ажлаас халсан. Ажилгүй байсан хугацааны цалинг үндсэн болон нэмэгдэл цалингаар тооцож, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаанд гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Хэрэв тус байгууллагад ажиллаж байсан бол 16 600 000 төгрөг авах байсан. Үр дүнгийн цалинг оролцуулж тооцвол тус үнийн дүн гарч байгаа. Иймд Улаанбаатар Цахилгаан түгээх ХК-ийн Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд авлагын мэргэжилтнээр томилуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Мөнхжаргал нь Улаанбаатар цахилгаан түгээх ХК-ийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.3, 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэл болгон 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаал гарч ажлаас халах арга хэмжээг С.Мөнхжаргалд оногдуулсан. Ажлаас халах болон цалингийн арга хэмжээг давхардуулан ногдуулаагүй. С.Мөнхжаргал нь шүүхээр авлага нэхэмжлэх, бүртгэх дэг жаяг гэж гүйцэтгэх захирлын 2005 оноос мөрдөж, 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирлын 68 тушаалаар байгууллагын стандартаар бүртгэсэн дэг жаягийн 6.2 дахь хэсэгт авлага барагдуулах, хувиарлах хэсэгт нэг хэрэглэгчээс авах төлбөрийн хэмжээг 0-200 000 төгрөг байвал Хэрэглэгчид үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн ажилчид гүйцэтгэнэ. Хэрэв 200 000-1 000 000 төгрөг бол төв байгууллагын авлага барагдуулах ажилтан гүйцэтгэх ба 1 000 000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй байвал төв байгууллагын хуулийн хэлтэс, авлага барагдуулах алба хамтран барагдуулна гэж зохицуулсан. Гэвч энэ нь 2010 онд хүчингүй болж, төв компани хуулийн хэлтэсгүй болсон. Төв байгууллагад хуулийн хэлтэс бус миний бие ажиллаж байгаа. Тус журам хүчингүй болсноос ажлын байрны тодорхойлолтод барагдуулах үнийн дүнг тусгаагүй, зөвхөн авлагыг барагдуулна гэж зохицуулсан. Ажлын байрны тодорхойлолтод 90-ээс дээш хоногийн насжилттай авлага барагдуулах, үлдэгдэл ихтэй хэрэглэгчийн шүүхэд өгөх гэх мэт аргачлалыг тодруулсан. Авлага хариуцах, хувиарлах болохоос шүүхэд хандах төлбөрийн хэмжээ биш юм. Авлага барагдуулах хэлтэстэй байгуулсан зохицуулсан хувиарлалтад 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 263 тоот тушаалаар өөрчлөлт орсон. Авлагын мэргэжилтэн цахилгааны төлбөрийг гаргуулах, хэрэглэгчийн 90 дээш хоногийн насжилттай авлага гаргуулах, барагдуулах боломжгүй бол дахин гаргахгүй байх арга хэмжээ авах, тус байгууллагыг төлөөлөн итгэмжлэл авч шүүх хуралдаанд оролцох, хүчинтэй байх хэсгийг хариуцах гол ажил юм. С.Мөнхжаргал нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгээгүй, байгууллагын итгэлийг алдаж хуурамчаар эвлэрлийн гэрээ, өөрөөр хэлбэл, барагдуулах боломжтой хэрэглэгчийн төлбөрийг хуурамчаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн 482 349 төгрөгийн авлагыг 801 098 төгрөг болгон нэмэгдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төлбөр төлөгч тал шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө төлбөрийг хүлээн зөвшөөрвөл эвлэрэх ёстой боловч байгууллагын өмнөөс илүү төлбөр нэхэмжилж эвлэрэх үйлдэл гаргаж байгууллагыг хохироосон. Хөөн хэлэлцэх хугацааг үзвэл 1 000 000 төгрөгөөс 500 000 төгрөг авах боломжтой байхад хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон мэтээр тайлбарладаг. С.Мөнхжаргалтай Өлзийсайхан нь хамт ажилладаг, үгсэж хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж материал бүрдүүлсэн. Бидний зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж төлбөрийг хаах боломжгүй, төлбөрийг хаах үндэслэлд нас барсан, оршин суугаа хаяг байхгүй бол шүүхийн шийдвэрийг үндэслэн ТУЗ-д хандаж хасуулдаг. Тус жагсаалтыг гаргахдаа ХҮТ-ийн ажилтнууд материал бүрдүүлдэг. С.Мөнхжаргал нь Өлзийсайхан, Гантөмөр нарын нэрийг тус материалд бүртгэхэд нь буруу ажил хийсэн гэдгийг албан бичиг мэдэгдсэн. Албан бичгийн дараа С.Мөнхжаргалд анхааруулахад санамсаргүй алдаа гаргасан байна гэж хэлсэн. Байгууллагын хуралд сануулах арга хэмжээ авсан. Өмнөх шүүх хуралд Өлзийсайханыг гэрчээр асуухад “найдвартай төлдөг хэрэглэгчийн код олж өгвөл буцаагаад төлбөрийг гаргуулан авч болдог гэж С.Мөнхжаргал хэлсний дагуу Энхсайханы кодоор мөнгө шилжүүлсэн” гэж мэдүүлсэн. Гэвч Энхсайхан нь би мөнгө буцаан авах хүсэлт гаргаагүй гэсэн гомдол гаргасан. Ажил олгогч ажилтанд үндсэн цалин 682 800 төгрөг, үүн дээр ажлын үзүүлэлт, бусад зүйлийг харгалзан 45 хувь хүртлэ нэмж цалин олгодог, муу ажилласан бол бага хувиар бодох хэлбэлзэлтэй юм. Энэ нь урамшуулалт цалин бөгөөд 40 хувиар олгосон нь, 13 дахь сарын цалинг 91 хувиар тооцож шагналт цалин олгосон нь шийтгэл биш юм. С.Мөнхжаргал нь дээд албан тушаалтан бэлдэж өгсөн материалыг хянаагүйгээс зөрчил гарсан гэж маргаж, цахилгаан хэрэглэгч нараас төлбөр авах боломжгүй болсон. Байгууллага 2014 оны 05 дугаар сараас найдваргүй хэрэглэгчийн мэдээллийг авч эхэлсэн. Ингээд Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсээс хянаж материал дутуу, зохих шаардлага хангаагүй байна гэж Баянзүрх ХҮТ-д 2014 оны 06 дугаар сарын 30 өдрийн 5/1233 тоот зөвлөмж гаргаж хүргүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр засч ирүүлэхийг үүрэг болгосон. Гэтэл Баянзүрх дүүргийн ХҮТ-ээс 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 25/272 тоот хариу ирүүлсэн боловч 2014 оны 05 дугаар сард өгсөн дэлгэрэнгүй материалыг засварлаж өгөөгүй. Өмнө нь 1668 хэрэглэгчид холбогдох 178 000 000 төгрөгийг материалыг хүргүүлэн нэхэмжлэгч С.Мөнхжаргал гарын үсэг зурсан байдалтай явуулсан. Дараа нь 2014 оны 11 дүгээр сард борлуулалтын бодлогын хэлтсийн хэрэглэгчид үйлчлэх төвөөс ирсэн материалд БЗД ХҮТ-өөс Өлзийсайхан, Гантөмөр нар төлбөр төлөх ёстой боловч найдваргүй авлагад оруулсан хэсгийг шалгасан. ТУЗ-ын хурал 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/18 тоот тушаалаар найдваргүй авлагыг данснаас хасах зөвшөөрөл ХҮТ-д олгосон. Гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан өдөр програмаас шалгаж ХҮТ-д хүргэсэн. Борлуулалт бодлогын хэлтсээс дахин тушаал гарч хоёр хэрэглэгчийн төлбөр орж данснаас хасагдахаар шийдвэрлэсэн. Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсээс 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр материал шилжүүлэхээр захирлын зөвлөлийн хурлаар өгч, шалгалтын материалыг 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр С.Мөнхжаргалд танилцуулж гарын үсэг зуруулсан. Данснаас хасах найдваргүй авлагын жагсаалтыг ХҮТ-ийн авлагын хэсэг хүлээн авч авлагын мэргэжилтэнд танилцуулна. С.Мөнхжаргал танилцан зөрчилтэй хоёр хэрэглэгч орсон гэдгийг мэдсэн ба Өлзийсайханд зөрчилгүй иргэн Энхсайханы кодыг өгч мөнгө буцааж авах болож олгож, Энхсайханы дансанд Өлзийсайханы төлбөр орсон нь тогтоогдсон. Харин Өлзийсайхан нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр захирлын тушаал гарснаас 2 хоногийн дараа хүсэлтээ бичиж өгсөн. 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр компаний хяналт шалгалт ажиллагааны үеийн хурлын тэмдэглэлд Өлзийсайхан, С.Мөнхжаргал нарын тайлбар тусгагдсан байгаа. Гэвч шүүх хуралдаанд С.Мөнхжаргал үгүй гэх зэргээр тайлбар өгдөг. Иймд захирлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаалаар арга хэмжээ авсан. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг тус хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн С.Мөнхжаргалд ажлаас халах арга хэмжээ авсан. Мөн Ёс зүйн дүрмийн 6.1 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 5.2 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах арга хэмжээ авах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Хөдөлмөрийн гэрээнд ямар зүйлийг ноцтой зөрчил гэдгийг бичсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээний 5.2 дахь хэсэгт ажилтан Хөдөлмөрийн гэрээний 40.1.4 дэх хэсэг болон энэхүү гэрээний 2.4 дэх хэсэгт сахилгын ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах 14 зүйлийн ноцтой зөрчил байдаг. Тус гэрээний 2.4.1 дэх хэсэгт гэрээгээр хүлээсэн үүрэг болон удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй гүйцэтгэж, ажил олгогчийн итгэлийг алдсан, дур мэдэн хэрэглэгчтэй хуйвалдан ажил гүйцэтгэсэн, хамт олны тайлбар, алба хариуцсан удирдлага, бусад байдлаар тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээний 2.4.4 дэх хэсэгт компаний эд хөрөнгө хулгайлсан, авахаар завдсан, завдсан нь тогтоогдсон, бусдад өгсөн үйлдэлд хамтран оролцсон болон бэлэн мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой бол ноцтой зөрчилд тооцно. С.Мөнхжаргалын үйлдэл нь ноцтой зөрчил юм. Ажлын байрны тодорхойлолтод хийж гүйцэтгэх ажлыг зохицуулсан. Иймд гүйцэтгэх захирлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлтэй тул С.Мөнхжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанид холбогдох УБЦТС ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаалыг хүчингүй болгох, Баянзүрх хэрэглэгдэд үйлчлэх төвийн авлагын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 16 600 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
С.Мөнхжаргал нь 2008 оны 4-р сарын 28-ны өдрөөс Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд авлагын мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ний захирлын 2015 оны 03-р сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаалаар түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг /хх 5-8, 168-174/ цуцалжээ.
Хариуцагч С.Мөнхжаргалыг ажлаас халсан Б/151 тоот тушаалаа “...барагдуулах боломжтой, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хоёр хэрэглэгчийн 1.614.200 төгрөгийг авлагаас татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулан шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгуулсан, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийгээгүй, найдваргүй авлагыг данснаас хасах тухай гүйцэтгэх захирлын 2015 оны 02-р сарын 11-ний өдрийн А/18 дугаар тушаалаар хоёр хэрэглэгчийн төлбөрийг хасахаар шийдвэрлэснийг мэдсэн атлаа таслан зогсоох арга хэмжээ аваагүй, хуурамчаар өргөдөл гаргаж өөрийн төлсөн төлбөрийг данснаасаа эргүүлэн гаргах боломжийг Л.Өлзийсайханд олгосон” ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 10-р зүйлийн 10.2.6, 11-р зүйлийн 11.2.3, 11.2.5.4, 11.2.5.8, 11.2.5.13 дахь заалт, Ёс зүйн дүрмийн 6-р зүйлийн 6.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 5-р зүйлийн 5.2 дахь заалт Захирлыйн зөвлөлийн хурлын 2015 оны 03-р сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэр зэргийг үндэслэн гаргажээ.
Ажилтан С.Мөнхжаргал нь хөдөлмөрийн гэрээ, түүний ажлын байрны тодорхойлолтод /хх 53-56/ зааснаар ...цахилгаан эрчим хүчний төлөгдөөгүй төлбөрөөс үүссэн авлагыг барагдуулах, авлагын насжилтыг багасгаж авлага цуглуулах, дундаж хоногийг хэрэглэгчийн ангилал бүрд зохистой түвшинд барих үндсэн зорилготойгоор авлагын мэргэжилтнээр ажиллаж ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд үүний дотор үлдэгдэл ихтэй хэрэглэгчийг шүүхэд өгөх баримт материал бэлдэх, гүйцэтгэлд хяналт тавих, төлөгдөөгүй төлбөрийн авлагыг баталгаажуулах, мэдээллийн сангийн баяжилт хийх, барагдуулах боломжгүй авлагыг данснаас хасах материалыг бүрдүүлэх, 90-ээс дээш хоногийн насжилттай авлагад судалгаа хийж дүгнэлт гаргаж санал боловсруулан хэсгийн ахлагчид танилцуулах ажил үүргийн хуваарьтай байна.
С.Мөнхжаргал нь гүйцэтгэсэн ажлынхаа хүрээнд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн шүүгчийн 2014 оны 10-р сарын 02-ны өдрийн 4245 тоот захирамжаар Б.Гантөмөртэй 1 131 394 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 18 600 төгрөгийн хэмжээнд, 2014 оны 10-р сарын 15-ны өдрийн 4449 тоот "Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Л.Өлзийсайхантай 811 898 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 10 800 төгрөгийн хэмжээнд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй /хх 68-69, 164-167/ болгожээ.
Харин С.Мөнхжаргал нь Л.Өлзийсайхантай холбоотой нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнг өсгөж бичсэн, улмаар Л.Өлзийсайханд “найдвартай төлдөг хэрэглэгчийн код олж өгвөл буцаагаад төлбөрийг гаргуулан авч болдог гэж С.Мөнхжаргал хэлсний дагуу Энхсайханы кодоор мөнгө шилжүүлсэн” нь гэрч Л.Өлзийсайханы мэдүүлгээр /хх 218-22/, иргэн Д.Энхсайханы өмнөөс өргөдөл бичиж 492 000 төгрөгийг гаргуулж авсан тухай гомдол, хэрэглэгч Л.Өлзийсайхан, Б.Гантөмөр нарын төлөгдөх ёстой төлбөрийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр төлбөрөөс чөлөөлж, найдваргүй авлагын жагсаалтад оруулж данснаас хасахаар оруулсан зөрчлийг гаргасан нь захирлын зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл, Баянзүрх ХҮТ-ийн менежерийн зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хяналт шалгалт хийсэн танилцуулга, тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, С.Мөнхжаргал нь Хөдөлмөрийн дотоод журмын 10-р зүйлийн 10.2.6, 11-р зүйлийн 11.2.3, 11.2.5.4, 11.2.5.8, 11.2.5.13 дахь заалт, Ёс зүйн дүрмийн 6-р зүйлийн 6.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 2-р зүйлийн 2.4.1, 2.4.4, 2.4.8, 5-р зүйлийн 5.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнэлээ.
/хх 17-23, 24-52, 59-62, 87-104, 105-116, 49, 135-154/
Түүнчлэн Л.Өлзийсайхан нь Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд авлага барагдуулагчаар ажиллаж байсан бөгөөд С.Мөнхжаргал нь түүнтэй үгсэж түүний төлөх төлбөрийг шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгуулсан, улмаар 492 000 төгрөгийг код андуурсан шалтгаанаар орлогын залруулга хийлгэн хэрэглэгчийн данс руу шилжүүлсэн ноцтой зөрчлийг гаргаж тус компаний захирлын 2015 оны 03-р сарын 27-ны өдрийн Б/150 тоот тушаалаар /хх 163/ ажлаас халагдсан байна.
Нэхэмжлэгч нь ...жилийн эцсийн 13 дахь сарын цалинг 91 хувиар тооцож олгосон нь давхар шийтгэл ногдуулсан гэж маргадаг боловч энэ нь сахилгын шийтгэл биш бөгөөд ажлын үр дүнгээр олгодог урамшуулал байна. /хх 120-128, 191-200/
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байна. Иймд төлсөн хураамжийг буцааж олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160-р зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэг, 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаалыг хүчингүй болгож, Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлагын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 16 600 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Сантүндэвийн Мөнхжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан гаргуулж С.Мөнхжаргалд олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА