Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00319

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/05128 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хор учруулсны хохирол 39,624,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 19 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн*******, ******* гэх нэртэй газарт ******* нь маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон урсгал сөрж *******ын маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн. Хэргийн газарт хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаагаар ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3-т заасныг зөрчсөн нь тогтоогдсон.

1.2 Тус ослын улмаас *******ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсан. Нэхэмжлэгчид эмнэлэгт үзүүлсэнтэй холбоотой 325,300 төгрөгийн, тээврийн хэрэгслийг оношлуулахад 85,000 төгрөгийн, тээврийг хэрэгслийг үнэлүүлэхэд 2,010,000 төгрөгийн, тээврийн хэрэгслийн ачилт, журмын хашааны төлбөрт 611,000 төгрөгийн, прокурорын байгууллага, шүүх эмнэлэгт үзүүлэх болон журмын хашаа руу явахад гарсан шатахуунд 116,000 төгрөгийн зардал тус тус гарсан. Мөн тээврийн хэрэгсэлд 36,477,400 төгрөгийн эвдрэл, гэмтэл учирсан.

Иймд, гэм хорын хохиролд нийт 39,624,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

3.1 Хариуцагчийг гэм буруутай гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа үнийн дүнг гаргуулах нь зөв гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч *******аас 32,005,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 7,619,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 317,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШЗ2024/00171 дүгээр захирамжаар шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйл заасан журмын дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүхээс 7,619,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, тухайн зам тээврийн осол гарсны дараа 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр -иар эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ба үнэлгээгээр 36,477,400 төгрөг болсон. Шүүхээс тус үнэлгээнд бичигдсэн шууд зардал 31,715,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шууд бус зардал буюу засан сайжруулах, ажлын хөлсөнд орох зардал 4,762,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь гэм хорын хохирлыг бодитой дүгнэж чадаагүй.

Үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр гэм хорын хохирлоо нэхэмжлэгчийн зүгээс шаардсан бөгөөд тухайн хохирлын төлбөрөө авсны дараа эвдэрсэн тээврийн хэрэгслийг засан сайжруулах эсвэл өөр тээврийн хэрэгсэл худалдаж авах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал. Гэтэл анхан шатны шүүх тус тээврийн хэрэгсэл одоо байхгүй, засан сайжруулахтай холбоотой зардлыг хангахгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

5.2 Осол гарсны дараа цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч, хариуцагч нарын тээврийн хэрэгслийг шууд журмын хашаанд байлгасан. Тухайн журмын хашааны төлбөрт 611,000 төгрөг тушаасан кассын орлогын ордер, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг оношлуулахад 85,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, ослоос хойш цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, шүүх шинжилгээний байгууллагуудаар явахад зарцуулсан шатахууны төлбөр 116,000 төгрөгийн баримт, гэмтлийн зэрэг тогтоолгох үед шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд төлсөн 8,000 төгрөгийн баримтууд эх хувиараа нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байх тул гэм хорын хохиролд тооцож өгнө үү.

5.3 ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ хийх ажлын хөлс нь 2,010,000 төгрөг болсон ба кассын орлогын ордер нь хэрэгт авагдсан, мөн хаан банкны дугаартай дансны хуулга хэрэгт авагдсан бөгөөд тус данснаас 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэсэн утгатай 2,010,000 төгрөг төлсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан, эвдэрсэн машины улсын дугаарыг утга дээр нь бичиж шилжүүлсэн төлбөрийг нэхэмжлэгчийг төлсөн гэж үнэлэх боломжгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагчийн зүгээс хуульд заасан хугацаанд болон шүүхийн шатанд огтоос хариу тайлбар гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж хуульчилсан иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хэлэх тайлбаргүй гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ажиллагаанд холбогдуулан хариуцагчийн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэл болгон нотлох баримт албадан гаргуулах, нотлох баримт гаргуулах гэрч оролцуулах, шинжээч томилуулах, үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх шийдвэрлээгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар осолд орсон ******* улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг засах, ашиглах боломжгүй болсон тул хямд үнээр бусдад худалдсан тухай шүүх хуралдааны үеэр дурдсан боловч холбогдох нотлох баримтыг гаргаагүй.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д хариу тайлбар гаргаж өгөөгүй талаар бичсэн байна. Гэтэл хариуцагчийн татгалзал нь холбогдох баримт гаргаж өгөх, нотлох шаардлага бий болдог. Гэтэл эдгээр баримт нь хариуцагч өөрөө шүүхэд гарган өгөх боломжгүй буюу төрд, нэхэмжлэгчид байсан баримт байдаг.

7.2 Хариуцагч нь шүүх хуралдаануудад нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өвчтэй байх тул хүрэлцэн очих боломжгүй тухай баримтаа эмнэлгийн магадалгаа, энгийн эмийн жор зэрэг баримтаар хүргүүлсээр байтал хариуцагч шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг зөрчсөн.

Товчхондоо хариуцагч нь бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэлдээ маргадаггүй, гагцхүү хохирол амссан гэх ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн тайлбараар засах боломжгүй болсон тул 1 сая төгрөгөөр зарсан гэх худал тайлбарыг гаргасан. Гэтэл тус машин нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр АТҮТ-д өмчлөгч шилжих бүртгэл хийгдсэн, оношилгоогоор орсон бүртгэл АТҮТ-ийн нээлттэй мэдээллийн санд байршсан талаар шүүх бүрэлдэхүүнд хэлж, холбогдох баримтыг гаргуулан авах хүсэлт гаргасан байтал гаргаж өгөлгүй, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хариуцагчийн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэж байна,

Иймд, шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь халуурсан гэх шалтгаанаар ирээгүй. Гэтэл халуурсан гэх шалтгаан нь шүүх хуралдаанд ирэхгүй байх зайлшгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдал биш. Мөн хариуцагч тал өмнө нь хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах, шүүгч нараас татгалзах гэх мэт шалтгаанаар удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байсан. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй.

8.2 Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талын зүгээс осол гарсан боловч осол гарсны дараа талууд хоорондоо тохиръё, эвлэрье гэх талаар хариуцагч талд удаа дараа хэлэхэд хариуцагч тал ямар нэгэн хариу хэлдэггүй атлаа шүүх хуралдааныг хойшлуулах зорилготой байсан. Ийнхүү осол гарснаас хойш 9 сарын дараа тухайн автомашиныг зарж борлуулах, унаж хэрэглэх боломжгүй, засаж засварлах мөнгө нь орж ирэхгүй байсан учир 1,000,000, 2,000,000 төгрөгөөр бусдад сэлбэг байдлаар худалдсан. Гэтэл одоо тухайн автомашин сэлбэг байдлаар зарагдаж дууссан эсэх, эсвэл засан сайжруулсан талаар мэдэхгүй хэдий ч өнөөдөр уг автомашиныг авч ирж үнэлгээ хийлгэж, шинжээч томилж, үнийн дүнг тогтоох боломжгүй нөхцөл байдалтай байгаа бөгөөд энэ байдлаар анхан шатны шүүх дээр автомашиныг бусад этгээд авсан боловч яаж өмнөх байдлаар нь ойлгож, тайлбарлаж үнийн дүнг нь гаргах нь боломжгүй.

Иймд, анхан шатны шүүх хариуцагч талыг шүүх хуралдаанд хуульд заасан хугацаанд хариу тайлбараа гаргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх хүрээнд шийдвэрлэх нь зөв. Өмнө гаргасан саналуудаа дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан гэм хор учруулсны хохиролд нийт 39,624,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй байна.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

4. Хариуцагч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 19 цаг 00 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн,*******, гэх нэртэй газарт маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явах үедээ нэхэмжлэгч *******ын өмчлөлийн маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байхаас гадна талууд энэ талаар маргаагүй. /хх 4-6 /

4.1 Тээврийн Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 898 дугаар тогтоолоор ... маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч *******ын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол... гэсэн зөрчлийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. /хх 4-6/

4.2 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0028598 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч *******ад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 400 нэгжээр торгож, 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан, уг шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх 47/

4.3 Дээрх зам тээврийн ослын буюу хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд болон түүний өмчлөлийн маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

5.1 Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан байх тул анхан шатны шүүх баримтаар тогтоогдсон хэмжээнд буюу 290,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Талууд үүнд гомдол гаргаагүй.

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

6.1 Хэргийн 7-8 дугаар талд авагдсан -ийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 355/ДД№27233505 дугаар Авто машин техникийн үнэлгээний тайлан-д үнэлгээний шууд зардал 31,715,000 төгрөг, шууд бус зардал 4,762,400 төгрөг гэж дүгнэсэн байна.

6.2 Анхан шатны шүүх Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн Тээврийн хэрэгслийн лавлагааг үндэслэн Авто машин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон шууд зардал 31,715,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, шууд бус зардал 4,762,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг бусдад худалдсан байх тул шууд бус зардал гарахгүй гэж үзнэ. Иймд, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар оношилгооны зардалд төлсөн 85,000 төгрөг, шатахууны зардал 116,000 төгрөг, кассын орлогын ордер гэх баримтаар 611,000 төгрөг төлсөн, кассын орлогын ордер гэх баримтаар авто үнэлгээнд 2,010,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн гэх байдал эргэлзээгүй тогтоогдоогүй байна. /хх 15, 19/

Тодруулбал, уг баримтуудад гэж бичсэн байх тул үүнийг нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэх нь үндэслэлгүй. Иймд, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хэрэгслийг оношлуулахад 85,000 төгрөг, тээврийн хэрэгслийг үнэлүүлэх үнэлгээний зардалд 2,010,000 төгрөг, тээврийн хэрэгслийн ачилт, журмын хашааны зардалд 611,000 төгрөг, шатахууны зардал 116,000 төгрөг, нийт 2,822,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

7.1 Анхан шатны шүүх хариуцагчаас 32,005,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.

8. Шүүх хариуцагчид 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эрх, үүрэг тайлбарлан, гарын үсэг зуруулсан боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй байна.

8.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа өмнө нь гаргаж өгөх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаагүй байна.

9. Хариуцагч талаас 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн үзлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхийн 181/ШТ2024/00277 дугаар тогтоолоор ...нэхэмжлэгчийн өмчлөлийн маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл зарын дагуу зарагдсан, одоо байхгүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс тайлбарлаж байх тул шүүхээс үзлэг хийх, дахин шинжээч томилж хохирлын үнэлгээг гаргуулах хууль зүйн боломжгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх 113-116/

9.1 Мөн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нь нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхийн 181/ШТ2024/00360 дугаар тогтоолоор ...өмнөх шүүх хуралдаанаар хүсэлтийг хянан хэлэлцээд, хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүхийн 277 дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн гэж дүгнэн хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

10. Хариуцагч эрүүл мэндийн шалтгаантай гэх 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн, хэргийн материалтай танилцах 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн, нотлох баримт гаргуулах 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтээр тус тус шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Өөрөөр хэлбэл, шүүх дээрх хугацаанд тухай бүр хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

10.1 Түүнчлэн, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшлуулах хүсэлтийг шүүхийн 181/ШТ2024/00592 дугаар тогтоолоор ...хариуцагч талын баримтаар өгсөн эмнэлгийн магадлагаа нь эмнэлгийн магадлагаа олгох журамд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан байна. Иймд, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

11. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг анхан шатны шүүх харгалзан үзсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/05128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 137,000 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 317,975 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН