Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 462

 

  2019        06         04                                   2019/ШЦТ/462

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Ц.Батбямба,

хохирогч Б.Октябрь,

насанд хүрээгүй хохирогч Г.Эрхэс, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Нарангэрэл,

өсвөр насны шүүгдэгч Ц.О, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Цэцэгболд, тэдгээрийн өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ц.От холбогдох эрүүгийн 1811030930337 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ц.О, 2001 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаан хуарангийн 9 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух хаягтай,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 490 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 490 шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай шүүгчийн захирамжаар биечлэн эдлэх ялыг 2 cap 17 хоногийн хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлд заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгчийг эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлсөн, регистрийн дугаар:  УЛ.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Өсвөр насны шүүгдэгч Ц.О нь 2018 оны 10 дугаар сарын 27-28- нд шилжих шөнийн 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.Эрхэс, хохирогч Б.Октябрь нарын хоолойд шилний хагархай тулгаж, улмаар хохирогч Б.Октябрийн зүүн гарын бугалга хэсэгт нь шилээр 3 удаа зүсэж, нүүрэнд нь гараараа 3-4 удаа цохиж, эд хөрөнгийг нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, уг үйлдлийн улмаас хохирогч Б.Октябрийн эрүүл мэндэд нь “дух, зүүн бугалга, шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун, зүүн сарвууны ар хэсэгт, баруун өвдөгт зулгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ..” гэв.   

Хохирогч Б.Октябрь нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай эгч гэртээ юм угааж байгаад ус дууслаа гээд Г.Эрхэс бид хоёрыг усанд явуулсан. Бид хоёр картаар үйлчилдэг худаг руу усанд явах замд нэг хувин байхаар нь тойроод гарах гэтэл өөдөөс нэг машин гараад ирсэн. Тэгээд тэр машиныг өнгөрөөх гээд зогсож байтал зам дээр гадуур хувцсаа бариад зогсож байсан залуу машинд суугаад Хайлааст руу давах гэсэн юм гэж хэлсэн. Би таксинд явахгүй гэж хэлэхэд ээж дээрээ очих гэсэн юм гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд явахаар болсон. Хайлааст руу хүргэж өгөхөөр явж байх замдаа баруун эргээд зогсчих гээд нэг нийтийн байрны урд түр зогссон. Тэгээд удаад байхаар нь буугаад хашааны хаалгаар нь харахад хэсэг хүмүүстэй юм яриад зогсож байсан. Тэгээд цаашаа нэг харанхуй газар руу явахаар нь удах юм байна гэж бодоод буцаад машиндаа сууж машинаа асаагаад явах гэхэд араас гүйж гарч ирээд эгчээ та намайг хүргэж өгөөд мөнгөө авчих гээд машинд суусан. Тэгээд цаашаа явж байхад сайжруулсан шороон зам руу ороод харанхуй газарт тулаад ирэхээр нь би эндээс цааш явахгүй, айгаад байна гэхэд “манай гэр энүүхэн энд байдаг. Надад мөнгө байхгүй, ээжээсээ мөнгө авч өгнө. Эгчээ би ганцаараа явахаас айгаад байна. Та намайг хүргэж өгөөд мөнгөө авчих” гээд гуйгаад байсан. Тэгээд явж байтал гэнэт буцаад эргэ гэж хэлсэн. Гэтэл миний явахгүй гэж хэлж байсан газар дээр буцаад хүрээд ирсэн. Тэгснээ одоо ийшээ эргэ гээд бас нэг гудамж руу эргүүлсэн. Ц.О гэрэл асаа гэхээр нь гэрэл асаахад царай харснаа гэрэл унтраалгасан. Тэгээд над руу шилний хагархай гаргаж ирж тулгаад миний заасан замаар явахгүй бол ална шүү гэсэн. Тэгээд цаашаагаа явж байхад цасан дээр очоод хий эргээд машин зогсоход намайг машинаа албаар явуулахгүй байна гээд уурлаад хүүг чинь ална шүү гэж хэлсэн. Тухайн үед цастай байсан болохоор уул өөд машин хий эргээд явахгүй байсан. Гэтэл машинаа явуулахгүй бол хүүхдийг чинь ална шүү гээд манай дүүг заамдаж аваад шил тулгасан. Тэгэхээр нь болиочээ, битгий гуйж байна гээд  гараараа хаах гэхэд миний гарыг шилээрээ хатгасан. Тэгээд Г.Эрхэсийг машинаас авч буугаад намайг бас буу гэсэн. Г.Эрхэсийг эхлээд машины арын тээш хэсэгт хэвтүүлээд, дараа нь намайг оруулж хэвтүүлээд тээшийг хаах гэтэл тээшний хаалга хаагдахгүй байсан. Тэгээд Г.Эрхэсийг хажуудаа суулгаад өөрөө жолооны ард суугаад машин хөдөлгөх гэтэл машин явахгүй байсан, намайг машин түр гэхэд нь би машин түрсэн ч гэсэн машин хөдлөхгүй байсан. Тэгээд Ц.О машинаас буухад нь Г.Эрхэс хажуугаар нь бууж ирээд намайг зугтаарай гэсэн. Би Г.Эрхэсийн араас нь дагаад гүйж байхдаа харанхуй байсан болохоор хий гишгээд унасан. Тэгсэн чинь Ц.О миний араас гүйж ирээд над дэр гараад машины түлхүүр барьсан чигээрээ миний нүүр рүү цохисон. Миний нүүр хавдаад, цус хурчихсан байсан. Бид хоёрыг ноцолдоод байж байхад Г.Эрхэс буцаж гүйж ирээд чулуу шидэхэд Ц.О бултаад хажуу тийш болох үед нь би ноцолдсоор байгаад доороос нь гарсан. Би ноцолдож байх үедээ хувцаснаас татаж байгаад аваад үлдсэн. Тэгээд Г.Эрхэс бид хоёр урагшаа гүйж байгаад унтаж байгаа айлын хаалгыг нүдэж тусламж гуйж, цагдаа дуудуулсан. Хохирол учирсан ч гэсэн баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй. Гэхдээ гомдолтой байна...” гэв.  

Насанд хүрээгүй хохирогч Г.Эрхэс нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны шилжих шөнө манай ээж, эмээ хоёр хувцас угааж байгаад ус дуусаад эгч бид хоёрыг усанд явуулсан. Тэгээд шөнө болсон байсан учраас доошоо картаар үйлчлүүлдэг худаг руу явсан. Замд нэг хувин байхаар нь тойроод гарах гэтэл урдаас машин ирэхээр нь бид хоёр машинаа түр зогсооход нэг ах орж ирээд Хайлааст руу давах гэсэн юм хүргээд өг гэсэн. Эгч, бид хоёр явахгүй гэж хэлэхэд эгчээ би жоохон халамцуу байна, намайг гэрт хүргээд өг гээд гуйгаад байхаар нь бид хоёр хүргэж өгөхөөр болоод дээшээ Нарантуул хоёрын замаар даваад гудамж руу оруулаад нэг хашааны үүдэнд машин зогсоосон. Тэндээ нэг эгч, ах хоёртой яриад зогсоод байсан. Тэгээд удаад байхаар нь эгч бууж харчхаад “хоёулаа явъя” гэсэн. Тэгээд явах гээд машин хөдлөхөд “эгчээ би явна” гээд нөгөө ах араас гүйж ирээд машинд суусан. Тэгээд цаашаагаа явсан. Замаар явж байгаад гэрэлтүүлэг дуусаад харанхуй хэсэгт тулахад эгч машинаа зогсоогоод энэ эвгүй зам байна цаашаа явахгүй гэж хэлэхэд нөгөө ах “эгчээ би аймхай хүн, ганцаараа явахаас айгаад байна. Намайг гэрт хүргээд өг, одоо булан тойроод манай гэр байгаа” гэж хэлсэн. Тэгээд заасан замаар нь явж байхад “өө би халамцуу болохоор андуурчихсан байна” гэхээр нь эгч машинаа эргүүлээд буцаад явж байгаад нөгөө өмнөх газраа очиж зогссон. Тэгсэн чинь гэрэл асаалгаж эгчийн царайг хараад, буцаагаад гэрлээ унтраа гэсэн. Гэтэл шилний хагархай гаргаж ирээд эгчийг “дээшээ буцаад яв” гэж хэлсэн. Тэгээд машин явахгүй цасан дээр халтирахад “чи машинаа явуулахаа больчихлоо, машинаа явуул” гээд эгчийг хэд хэдэн удаа цохиод “машинаа явуулахгүй бол хүүхдийг чинь ална” гээд намайг боож аваад шил тулгахад миний хүүхдийг битгий ал гээд ээж гараа явуулаад намайг хаах гэхэд эгчийн гарыг шилээрээ цохисон...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Эрхэсийн хууль ёсны төлөөлөгч Б.Нарангэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...миний хүүг ийм муухайгаар айлгаж, дарамталсанд маш их гомдолтой байна. Хүү маань одоо ч гэсэн их цочиж, сэтгэл санаа нь их хямардаг. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-15/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13036 тоот дүгнэлтэд: “...Б.Октъябрын биед дух, зүүн бугалга шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун зүүн сарвууны ар хэсэгт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 42/

Хохирогч Б.Октябрь нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед би эгчийн том хүү болох Эрхэсийн хамт усанд явахаар өөрийн 56-84 УНЧ улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ авто бааз өнгөрөөд Нарантуул-2 захын орчим явж байтал зам дээр саад таараад тойрох гэхэд өөдөөс машин ирж байсан тул машинаа зогсоосон. Тэгтэл миний машины баруун хойд талын суудал дээр улаан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн куртиктэй, хар өнгийн малгайтай цамцтай, зууван нүүртэй дунд зэргийн давхраагүй нүдтэй, дунд зэргийн хамартай, 16-18 орчим насны өндөр эрэгтэй хүн суугаад эгчээ намайг Хайлааст руу хүргээд өгчих гэхээр нь эгч нь явахгүй гэсэн чинь, манайх тийшээ Хайлааст даваад орхойн байдаг би жоохон архи уусан байна та хүргээд өгчих гээд гуйгаад байхаар нь жаахан хүүхэд байсан болохоор хүргээд өгье гэж бодоод Дэнжийн 1000-с Хайлааст руу даваад дээшээ чигээрээ нэлээн явсан. Ингээд явж байхад сайжруулсан шороон зам дуусаад харанхуй байсан болохоор би эндээс цааш явахгүй гэж хэлсэн. Тэр залуу надад мөнгө байхгүй, ээжээс мөнгө авч өгнө. Би ганцаараа явахаас айгаад байна гэж хэлсэн. Тэгсэн машины гэрэл асааж царай харснаа буцааж гэрэл унтраасан. Би одоо яах юм бэ миний дүү гэсэн чинь баруун гартаа шил барьчихсан миний хоолой дээр тулгаад миний заасан замаар явахгүй бол ална гэж хэлсэн. Дээшээ өгсөөд миний машин явахгүй байсан чинь тэр залуу чи машинаа явуул үгүй бол хүүхдийг чинь ална гээд Эрхэсийг нэг гараараа заамдаж аваад шилээ толгойд нь тулгасан. Тэгээд би битгий гэж гуйгаад Эрхэсийг гараараа хамгаалтал нөгөө залуу миний зүүн гарын бугалга хэсэг рүү барьсан шилээрээ 3 удаа хатгасан. Тэгээд голын хайрцаг давуулаад намайг жийсэн. Цаашаа яв пизда минь гээд нүүр лүү цохиж аваад байсан. Тэгснээ машинаасаа буу гээд Эрхэс бид хоёрыг буулгаад багажаа онгойлго гэж, багаж онгойлгуулсан. Багажид байсан усны савнуудыг гаргаж шидэж байгаад Эрхэсийг эхэлж хэвтүүлээд, дараа нь намайг хэвтүүлсэн. Багаж хаагдахгүй байсан. Тэгтэл Эрхэсийг татаж аваад урд суудал дээр суулгаад, өөрөө жолооны ард суугаад машин нааш цааш хөдөлгөх гэж оролдсон боловч явахгүй байсан. Нөгөө залуу машинаас буугаад ирсэн цаанаас Эрхэс машинаас бууж ирээд ээжээ зугтаарай гээд хажуугаар гүйсэн, би эргэж хараад гүйж байгаад хий гишгээд газар унасан. Тэгтэл нөгөө залуу дээр дарж хэвтээд нүдийг чинь сохолно гээд миний нүүр лүү 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 30-32/, “...О надад мөнгө байхгүй, ээжээс мөнгө авч өгнө, би ганцаараа явахаас айгаад байна гэж хэлсэн. Тэгээд би цаашаа явсан. Тэгсэн гэнэт О буцаад эргэ гэхэд нь буцаж эргээд анх цаашаа явахгүй гэж зогссон газраа ирээд зогссон. Тэгсэн О машины дотор талын гэрлийг асаагаад миний царайг хараад буцаагаад гэрэл унтраасан. Тэгэхээр нь би одоо яах вэ гэхэд О баруун талын гартаа цонхны хагархай шил барьчихсан миний хоолойд тулгаад миний заасан замаар явахгүй бол ална шүү гэж хэлсэн. Тэгээд намайг дээшээ өгсүүлээд байсан. Замдаа надад би хорихоос оргосон, би ээжийгээ алчихсан, ээж минь миний буруугаас үхсэн. Ээжийнхээ газар дээр очиж адис авна гээд уйлаад, уул руу яв гээд байсан...” гэх мэдүүлэг /хх 133- 134/

Насанд хүрээгүй хохирогч Г.Эрхэс нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...О машины дотор талын гэрлийг асаагаад бид хоёрын царайг хараад буцаагаад гэрэл унтраасан. Тэгсэн цонхны хагархай барьчихсан миний хоолойд тулгаад заасан замаар явахгүй бол ална шүү гэхэд ээж Октябрь айгаад хэлснээр нь дээшээ өгсүүлээд байсан. Дээшээ өгсөхөд машин явахгүй болсон чинь О чи машинаа явуулахгүй бол намайг ална гээд байсан. Тэгсэн ээж Октябрь битгий гээд гуйгаад намайг гараараа хамгаалахад О ээжийн зүүн гарын бугалга хэсэг рүү барьсан шилээрээ 3 удаа хатгаад машины голын хайрцаг дээгүүр хөлөө давуулаад ээжийг жийж, цааш яв гээд нүүр лүү нь гараараа цохисон. Тэгсэн О ээжийг эд зүйлээ өг гэхэд ээж надад мөнгө байхгүй, надад байгаа нь энэ байна гээд өөрийн Нокиа маркийн гар утсаа халааснаасаа гаргаж машины голын хайрцаг дээр тавьсан. Тэгсэн ээж бид хоёрыг машинаас буу гэсэн...” гэх мэдүүлэг /хх 138-139/.

Гэрч Ш.Цэцэгболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ц.О 2018 оны 10 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн үед гэртээ орж ирсэн. Бага зэргийн архи үнэртэж байсан. Өдөр гэрээсээ гарахдаа хар өнгийн бомбер куртик, улаан саравчтай малгай, дотор талдаа цагаан цэнхэр өнгийн бэлтгэлийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй гарсан. Харин гэртээ орж ирэхдээ гадуур куртик, саравчтай малгай, дотуур өмссөн цамц нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 35-36/,

Өсвөр насны шүүгдэгч Ц.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Хайлааст руу хүргүүлэх замдаа мөнгөтэй болмоор санагдаад дээрэмдэх  бодол төрж, Хайлаасын эцэс рүү ертөнцийн зүгээр замынхаа зүүн талд байх 2 давхар цагаан өнгийн хуучин амьдарч байсан нийтийн байрны хашааны гадаа хүргүүлээд дотогш ороод хог хаягдал хэсгээс хагархай шил байсныг аваад буцаад машин дээр очиж суусан. Тэгээд машины урд сууж байсан Эрхэсийн хоолойд нөгөө хагархай шилээ тулгаад Октябрьд хандан мөнгөө өг, өгөхгүй бол хүүхдийг чинь ална шүү гэж хэлэхэд Октябрь надаас гуйгаад битгий л дээ надад мөнгө байхгүй, байгаа нь энэ гэж хэлээд машины голын хайрцган дээр Нокиа маркийн гар утас гаргаж тавьсан. Октябрийн зүүн гарын бугалга хэсэг рүү 2-3 удаа нөгөө хагархай шилээр хатгаж, машины голын хайрцаг дээгүүр гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Октябрийн гаргаж өгсөн гар утас хуучин загварын үнэ хүрэхгүй болохоор нь голоод аваагүй...” гэх мэдүүлэг /хх 144-145/

Хохирогч Октябрь, насанд хүрээгүй хохирогч Г.Эрхэс нараар өсвөр насны шүүгдэгч Ц.Оийг зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 23-28/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 74/, өсвөр насны шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх 75/  зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ц.О нь 2018 оны 10 дугаар сарын 27-28- нд шилжих шөнийн 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.Эрхэс, хохирогч Б.Октябрь нарын хоолойд шилний хагархай тулгаж, улмаар хохирогч Б.Октябрийн зүүн гарын бугалга хэсэгт нь шилээр 3 удаа зүсэж, нүүрэнд нь гараараа 3-4 удаа цохиж, эд хөрөнгийг нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, уг үйлдлийн улмаас хохирогч Б.Октябрийн эрүүл мэндэд нь “дух, зүүн бугалга, шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун, зүүн сарвууны ар хэсэгт, баруун өвдөгт зулгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13036 тоот дүгнэлт /хх 42/, хохирогч Б.Октябрийн  “...баруун гартаа шил барьчихсан миний хоолой дээр тулгаад миний заасан замаар явахгүй бол ална гэж хэлсэн ...миний зүүн гарын бугалга хэсэг рүү барьсан шилээрээ 3 удаа хатгасан...” /хх 133- 134/, насанд хүрээгүй хохирогч Г.Эрхэсийн “...О ээжийн зүүн гарын бугалга хэсэг рүү барьсан шилээрээ 3 удаа хатгаад машины голын хайрцаг дээгүүр хөлөө давуулаад ээжийг жийж, цааш яв гээд нүүр лүү нь гараараа цохисон. Тэгсэн Отгондэлгэр ээжийг эд зүйлээ өг гэсэн...” /хх 138-139/, гэрч Ш.Цэцэгболдын “...гэртээ орж ирэхдээ гадуур куртик, саравчтай малгай, дотуур өмссөн цамц нь байхгүй байсан...” /хх 35-36/ гэх мэдүүлгүүд, өсвөр насны шүүгдэгч Ц.Оийн “...би Хайлааст руу хүргүүлэх замдаа мөнгөтэй болмоор санагдаад дээрэмдэх бодол төрсөн...” гэх мэдүүлэг /хх 144-145/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 23-28/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Ц.Оийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 60 хоногоор тогтоов.  

Өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Хохирогч Б.Октябрь нь “...баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй боловч маш их гомдолтой...”, насанд хүрээгүй хохирогч Г.Эрхэс, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Цэцэгболд нар “... маш их гомдолтой  гэснийг тус тус дурдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал ханцуйтай цээж хэсэг нь хар өнгийн куртик, цагаан өнгийн футболк, малгайтай биен тамирын цамц, улаан өнгийн саравчтай малгай зэргийг Ц.От буцаан олгож, шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, өсвөр насны шүүгдэгч Ц.О нь нийт 70 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанаас хасаж тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Ц.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8-2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 60 /жар/ хоногоор тогтоосугай.

4. Өсвөр насны шүүгдэгч Ц.От оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, эдлэх ялыг хоёр дахин багасгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ц.Оийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 70 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал ханцуйтай цээж хэсэг нь хар өнгийн куртик, цагаан өнгийн футболк, малгайтай биен тамирын цамц, улаан өнгийн саравчтай малгай зэргийг өсвөр насны шүүгдэгч Ц.От буцаан олгож, шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ц.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН