Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 205/МА2025/00001

 

Ж.А...ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 140/ШШ2024/00450 дугаар шийдвэртэй

Ж.А....ийн нэхэмжлэлтэй Ш.Б...д холбогдох 31.140.000 төгрөг гаргуулахыг хүссэн, Ш.Б... сөрөг нэхэмжлэлтэй хариуцагч Ж.....эд холбогдох мал хариулсны хөлс 4.548.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Ж.А... нь хариуцагч Ш.Б.... холбогдуулан  31.140.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:  ...Би Ш.Б...д нийт 107.000.000 төгрөгнөөс эр ямааг 120.000 төгрөгөөр, эм ямааг 60.000 төгрөгөөр, 250 ширхэг эр ямаа, 414 ширхэг эм ямаа худалдаж авахаар болсон өгөх ёстой ямаанаас 122 тооны эр ямаа, 110 тооны эм ямаа дутсан байна. Мөн дундаж кг нь 22 кг жинтэй 1 хонийг 130.000 төгрөгөөр тооцож 50.000.000 төгрөг шилжүүлсэн чинь дундаж кг нь 18.3 кг болоод дундаас нь би 2.760.000 төгрөгөөр хохирч байна.

Энэ бүгдийг тооцож үзэхэд Ш.Б... бид хоёрын ярилцаж тохиролцсоноор 500 толгой хонь бүрээс 3.7 кг дутаж 2.760.000 төгрөгийн алдагдал, харин ямаанаас 205 толгой эр ямаа авахаар мөнгөө өгсөн байхад надад 148 толгой эр ямаа өгч, 102 толгой эр ямаа дутсан. Буюу 12.240.00 төгрөгөөр хохирсон, мөн өгсөн ямаанаас 2 эр ямаа нь туранхай туувар даахгүй эцэхээр нь буцааж өгсөн учраас 146 эр ямааг гар дээрээ авсан. Эм ямаанаас болохоор 414 толгой эм ямаа авах ёстойгоос 216 эм ямаа авсан. Үүнээс 31 толгой нь ишиг, борлон байсан тул буцааж өгсөн. Надад өгөх ёстой эм ямаанаас яг гар дээрээ авсан нь 185 толгой эм ямаа авч 229 толгой эм ямаа дутаж 14.900.000 төгрөгөөр хохирсон. Ингээд нийтдээ 31.140.000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан Ж.А... нь  Ш.Б....тэй хонь ямаа авах хэлцэл хийж нийт 107.000.000 төгрөг шилжүүлсэн. 107.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ Б...ийн өөрийнх нь дансаар, мөн эхнэр ...ийн дансаар , бэлнээр гэх мэт мөнгөө шилжүүлсэн. Ингээд эр ямаа 120.000 төгрөг, эм ямаа 60.000 төгрөгөөр тооцож 250 толгой эр ямаа, 411 толгой эм ямаа авахаар тохиолцсон, мөн мөнгөндөө хонь авахаар тохиролцсон. Эр ямааг 22 кг буюу нэг хонийг 130.000 төгрөгөөр тооцож мөнгө шилжүүлсэн чинь дундаж кг жин нь 18 кг болж дундаас нь 2.760.000 төгрөгийн зөрүү учирсан. 500 толгой эм хонь, 250 толгой эр хонь, 414 толгой эм ямаа нийт 1164 толгой малыг Ш.Б... Ж.А...эд өгөх ёстой. Өгсөн хонь тоогоор дутаагүй бүрэн өгсөн хэдий ч анх хэлцэл хийсэн 22 кг жинтэйгээс бага буюу 18 кг жинтэй байсан учраас алдагдал үүссэн. Өгөх ёстой эм ямаанаас гар дээрээ 155 толгой эр ямаа авсан, 289 толгой эм ямаа авсан. 414 толгой эм ямаа авах ёстойгоос 216 эм ямаа аваад үүнээс 31 толгой ямааг буцааж өгсөн учраас 229 толгой эм ямаа дутсан гэж үзээд 14.900.000 төгрөг, эр ямааны зөрүү буюу буцаасан 2 эр ямааг оролцуулаад 12.480.000 төгрөг, нийт кг жингийн хохирол ямааны үнэ 31.140.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Би Ж.А...д мал авч өгье гэж тохироод, нэг ямааг сарын 1500 төгрөгийн хөлсөөр хариулъя, ингэхдээ эм ямааг 60.000 төгрөгөөр, эр ямааг 120.000 төгрөгөөр худалдаж авч өгөхөөр тохирсон. Би нийт 556 толгой эм хонь, эр ямаа 177 толгой, эм ямаа 181 толгойг худалдаж авч өгсөн. Ж.А... нийт надад 107.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2.000.000 сая гаран төгрөг үлдсэн. Тэр мөнгөөр нь би бензин тос хийж ямаа цуглуулсан. Тэгээд одоо тооцоогоо хийе гэхээр миний урдаас 31.140.000 төгрөг нэхээд сууж байдаг. Тэгэхээр нь би гайхаад таны мөнгөнд би мал аваад өгчихсөн ш дээ, та тооцоогоо хийчих гэхээр, чи 31.140.000 төгрөг өгчих, би 31.140.000 төгрөгөөр шатсан гэж хэлдэг. Тэгэхээр нь би та яагаад 31.140.000 төгрөгөөр шатдаг юм бэ, гэхээр би алдагдалд орсон л гэж хэлдэг. Ж.А... өөрөө над дээр 121 толгой ямаа тавьсан. Тэгээд би нийт 1000 гаруй мал маллаж байсан. Тэгээд 12 сард хүлээлгэж өгчихөөд хоёулаа тооцоогоо хийе, би хонио эргүүлчхээд ирье гээд хониндоо яваад ирсэн чинь Ж.А... явчихсан байсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ ... ах хайччихсан юм бэ гээд асуусан чинь яваад өгсөн гэж хэлсэн. Би Ж.А..эд эм хонийг 130.000 төгрөгөөр, эр ямааг хамгийн хямдхан үнэ болох 120.000 төгрөгөөр, эм ямааг 60000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Би нэг ч малыг нь чононд өгөөгүй, тоотоо малыг тоогоор нь хүлээлгэж өгсөн. Одоо малыг нь хариулсан хөлсөө авъя гэхээр урдаас 31.140.000 төгрөг нэхээд байж байдаг. Би цагдаагаар жил гаруй шалгагдсан. Одоо Ж.А...эд өгөх нэг ч төгрөг байхгүй, тооцоо дууссан. Харин мал хариулсан хөлсөө авмаар байна. Би Ж.А...тэй ярилцахад нэг толгой малыг сарын 1500 төгрөгөөр хариулна гэж ярьсан. Ж.А... надад чи эм хонийг 130.000 төгрөгөөр, эр ямааг 120.000 төгрөгөөр, эм ямааг 60.000 төгрөгөөр авч өг гэсэн болохоос кг жингээр нь аваарай гэдэг зүйлийг хэлээгүй. Би сарын хөлсийг чинь өгнө гэж хэлсэн болохоос, ашгаа хуваана гэдэг зүйлийг яриагүй. Мөн ямар нэгэн гэрээ хийгээгүй гэв.

3. Хариуцагч Ш.Б... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...худалдан авсан малыг нядлах хүртэл Ш.Б... миний бие нь нэг богийг сарын 1,500 төгрөгийн хөлсөөр хариулах талаар тохиролцоо хийгдсэн байдаг...нийт 1035 толгой малыг 11 сард бүтэн хариулж 1035x1500-1,552,500 төгрөг болсон. Нийтдээ 2023 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх 4 сарын хугацааны малын хөлс 4,548,000 төгрөгийн малын хөлс одоо болтол өгөхгүй намайг хохироож дээрээс нь Цагдаагийн газарт гомдол гаргаж 2023 оны 12 сараас хойш 6 сар хүртэл цагдаагийн газарт шалгагдаж сэтгэл санаа, эдийн засгаараа хохирч байгаа тул энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Жич: мал худалдан авсан сарынхаа хоногийн хөлсийг тооцоогүй, мал худалдан авсан өдрөөс хойш дараа сарын 1-ний өдрөөс эхлэн хөлс тооцсон болно. Иймд Ж.А...ээс 2023 оны 08 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мал хариулсны хөлс 4,548,000 төгрөгийг гаргуулж Ш.Б... намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 4. Нэхэмжлэгч Ж.А... сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:

Ш.Б... сөрөг нэхэмжлэлтэй Ж.А..д холбогдох иргэний хэрэгт Ж.А...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Сөрөг нэхэмжлэгч Ш.Б... Ж.А...ээс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны мал хариулсны хөлс 4.548.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Ж.А... нь Ш.Б...ээр мал хариулсан хөлс өгөхөөр тохиролцоогүй бөгөөд, Ш.Б...э нь кг жинд хүрсэн махыг нийлүүлэхээр гэрээ хийсэн болох нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг, 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Ш.Бнээс 3,512,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ар...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23.080.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.А...ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313.650 төгрөг, сөрөг нэхэмжлэгч Ш.Б...ийн төлсөн 87720 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Ш.Б...с улсын тэмдэгтийн хураамжид 143,910 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ар..д, сөрөг нэхэмжлэлийн Ж.А..ээс улсын тэмдэгтийн хураамжид 87,718 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б..эд олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрт талуудын хооронд гэрээ байхгүй, хоорондоо тооцоо нийлж байгаагүй, шүүхэд гаргаж буй тайлбарууд зөрүүтэй байх тул хэрэгт авагдсан, баримтууд болон талуудын тайлбаруудыг үндэслэн нотлогдож буй хүрээнд шударга ёсны зарчимд нийцүүлэн маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв гэжээ. Мөн сөрөг нэхэмжлэлд нийт 872 толгой малыг 2023 оны 07 сараас 2023 оны 11-р сар хүртэл маллан хариуцаж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 4.548.000 төгрөгийг хариуцагч Ж.Ар..с гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар Ш.Б..с гаргуулахаар шийдвэрлэсэн 8.060.000 төгрөгөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар хангасан 4,548.000 төгрөгийг хасч харилцан тооцож шийдвэрлэх нь зүйтэй гаж үзээд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийг хангасан эсэх болон үндсэн нэхэмжлэлээс 8.060.000 төгрөгийг хангасан мөртлөө 3.512.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Ж.А.. болон Ш.... нарын хооронд мал авч өгөхөөр мөнгө шилжүүлэн авч байгаа үйлдлийг гэрээ, хэлцэл байхгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэний хуульд гэрээг бичгээр болон амаар байгуулж болох хууль зүйн зохицуулалттай байхад шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Нөгөө талаар Ш.Б... нь Ж.А...ийн малыг хөлсөөр хариулж өгөх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй байхад шүүх хөлсөөр мал маллаж байсан байна гэж ойлгомжгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж үндэслэх хэсэгтээ сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлээгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118-р зүйлийн 118.4 буюу үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хууль зүйн үндэслэлийг заагаагүй үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118-р зүйлийн 118.5-н тогтоох хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, тусгана гэж заасан байхад үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 238-р зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар харилцан тооцож шийдвэрлэх нь зүйтэй гээд тогтоох хэсэгтээ үндсэн нэхэмжлэлээс үнийн дүн хассан болон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн талаар тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна Түүнчлэн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 359-р зүйлийн 359.1 дэх хэсэг, 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар гэсэн боловч худалдах худалдан авах гэрээний харилцаа, хөлсөөр ажиллах гэрээ, харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох заалтын хууль зүйн үндэслэлийг дурдаагүй, дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах гомдолдоо тусгах боломжгүй байдалтай байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль зүйн шаардлагыг хангаагүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11-р сарын 21-ний өдрийн 140/ШШ2024/00450 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Ж.Ар..ийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,060,000 төгрөгийг хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас суутган үлдсэн 3,512,000 төгрөгийг Ш.Б...ээс гаргуулах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Ж.А... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй учир түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байтал шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчаас 8,060,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 140/ШШ2024/00450 дугаартай шүүхийн шийдвэрийг хянуулахаар давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э... давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 450 дугаартай шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийг  ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, 118 дугаар зүйлд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийг хянан, шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтыг хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж хуульчилсан байгаа. Нотлох баримтыг ямар байдлаар үнэлж байгаа, Иргэний хуулийг ямар байдлаар үнэлж, дүгнэлт өгч байгаа  талаар заах юм. Гэтэл анхан шатны шүүх хоорондоо уялдаатай үйл явдлуудыг, зоосны хоёр тал шиг шийдсэн байгаа. Тухайлбал, Ж.Ар..ийн талд хоорондоо ямаа хүлээж авалцсан данс тооцоо ч байгаагүй, тооцоо нийлээгүй гэх үндэслэлээр Ж.А... болон Ш.Б... нарын хоорондын мал нийлүүлэх худалдан авах талаар, гэрээ хийгдээгүй байдлаар дүгнээд, тэгээд  шударга ёсны зарчим баримталж байгаа юм. Гэсэн мөртлөө тогтоох хэсэгтээ болохоор Иргэний хуулийн 243 дугаар зүйл, 359, 238 дугаар зүйл гээд худалдах, худалдан авах гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, харилцан үр дүнд хүрэх дуусгавар болох тохиолдлыг дурдсан байна. Эндээс тогтоох хэсгээс харахаар, шүүх юу гэж үзээд байгаа гэхээр, энэ хоёрын хооронд худалдах, худалдан авах гэрээ байсан байна гэдгийг тогтоох хэсгээс нь харж ойлгож байна. Худалдах, худалдан авах гэрээний асуудал бол доголдолтой юм уу?, доголдолгүй юм уу? хугацаа хэзээ дуусах юм, гэрээний агуулга нь хаана байгаа юм, энэ талаар шүүх дүгнээгүй байна. Шүүгч өөрөө, шударга ёсны зарчимд нийцүүлээд маргааныг  дундуур нь 50 хувьлаад шийднэ гэдэг асуудал Иргэний хуульд байхгүй. Нөгөө талаар Ж.А..., Ш.Б... нарын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй ч, амаар юм уу, хэлцэл хийгдээд гэрээний зүйл нь хэдэн кг жинтэй, хэдэн тооны хонийг тэдээр авъя, Нөгөө хүн нь болж байна, би нийлүүлье, хэдэн хонь байна авах уу?, мөнгө шилжүүлье гээд аваад байсан. Энэ нь өөрөө, иргэний эрх зүйн харилцааны асуудал болж яригдаад байгаа юм. Түүнээс биш гэм хороос үүдэлтэй юм уу? , бусад өмчлөлтэй холбоотой  асуудал биш бодит нөхцөл байдлыг тогтоохоор 50 хувь боломжийн асуудал  гэж ярих байх. Гэтэл эдгээр хүмүүсийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Гэрээний асуудал яригдаад байна. Нөгөө талаар прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол дээр холбогдох гэрчүүдийн мэдүүлгийг аваад, данс тооцоо нийлсэн актуудыг хараад та хоёрын хооронд 20 хэдэн саяын зөрүү байна. Тэгэхдээ гэмт хэргийн шинжгүй байна. Иргэний журмаар шийдвэрлэнэ үү гээд буцаасан. Нотлох баримтыг үнэлээгүй байна. Хоёрт, Ж.А...ийн гар бичмэл дээр байгаа хүлээн авсан эд зүйлээ тэмдэглэсэн бүртгэлийг тооцоо нийлсэн хуудас биш байна, нотлох баримт болох боломжгүй гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэлгүй юм. Өөрөө хэлбэл, Ж.А... гэдэг хүн мөнгө шилжүүлсэн баримтаа, нөгөө талаар хүлээж авсан малынхаа тоог өгсөн. Зөрүү гараад байна, намайг залиллаа гэсэн гэдэг байдлаар Цагдаагийн байгууллагаар шалгуулаад прокурорын байгууллагаас прокурор дүгнэлт өгөөд ийм зөрүү байна. Тэгэхдээ эрүүгийн хэрэг биш байна гэж үзсэн. Ийм байдлаар өөрт байгаа бүх баримтаа өгсөн. Гэтэл энэ баримтыг тооцоо нийлээгүй байна. Тийм учраас үнэлэх боломжгүй байна. Заавал нэг тал нь гарын үсэг зурсан байх шаардлагатай гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хүлээж авсан эд зүйлээ л бүртгэж байгаа дэвтэр учраас нотлох баримт гэж тооцохгүй гэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу талууд нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлэх ёстой. Гэтэл хариуцагч тал ямар ч баримт гаргаж өгөөгүй буюу тэр гар бичмэлийг няцаагаагүй. Мөн прокурорын татгалзсан тогтоолыг няцаагаагүй. Мөнгө авсан гэдэг тал дээр би аваагүй гэж маргаагүй, шүүх өөрийнхөө дүгнэлтээр энэ баримтыг үнэлэхгүй гэсэн байдлаар явж байгаа нь, өөрөө Иргэний хуулийг зөрчиж, нотлох баримыг үндэслэлгүйгээр үнэлээгүй асуудал яригдана. Нөгөө талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаад байгаа. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ямар нэгэн хөлсөөр мал маллуулах талаар яригдаагүй байдаг. Энийг Ж.А... хэлж байгаа. Ш.Б... мал хөлсөөр маллуулсан гэдэг асуудал ярьдаг. Энэтэй холбоотой баримт байхгүй байхад шүүх 872 толгой малыг 1500 төгрөгөөр тохиролцож, 5 сарын хугацаанд мал хөлсөөр, маллаж байсан байна гэдэг тохиролцоог, ямар баримтаар нотлоод байгаа юм бэ,  Баримтгүй юман дээр болохоор гаргаж байгаа. Мал малласан 5 сарын хугацаанд тохиролцсон байна гээд дүгнээд байгаа. Нөгөө талаар анхан шатны шүүх хуралдаан дээр шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлээ гэсэн. Хэрэв илүү урт хугацаанд хөлсөөр мал малласан гэж нэхсэн байсан бол гаргах боломжтой байсан гэдэг байдлаар тайлбарласан. Тэр байдал энэ дээр тусгагдаагүй. Шүүх хуралдааны бичлэгт авагдсан байгаа гэж найдаж байна. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг ямар нэгэн баримтад үндэслэлгүйгээр талуудын тайлбар ийм байна гээд, нэг тал болох Ш.Б.. би хөлсөөр малласан юм аа гээд, Ж.А... тийм юм байхгүй, би мал авъя гэдэг байдлаар, энэ хүн мал өгнө гэсэн байдлаар малаа бүрдүүлж өгсөн гэсэн асуудал яригдаж байхад, хөлсөөр ажиллах гэрээ байна гэж дүгнээд, шийдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гуравдах ноцтой зөрчиж байгаа гол асуудал нь нэхэмжлэлийн шаардлагаас 8.000.000 саяыг хангаад сөрөг нэхэмжлэлээс 3.000.000 сая гаран төгрөг хангасан мөртлөө, энэ хоёрын Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ижил төрлийн харилцааг харилцан шаардлагын хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгоно гэсний дагуу үндсэн нэхэмжлэлээс, сөрөг нэхэмжлэлийг хасаад тооцох нь зүйтэй гэж үзсэн байгаа. Үндэслэх хэсэг дээр ганцхан хуулийн заалт байгаа, Иргэний хуулийн 238 дугаар зүйл. Гэтэл энэ заалт чинь тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн агуулгыг шийдэж болно гэдэг заалт. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тогтоох хэсэг дээр юу, юу байх ёстой вэ? гэвэл, Нэгдүгээрт, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдсэн юм уу?, хангасан хэсэг нь юу юм , хангахаас татгалзсан нь юу юм. Хоёрт, сөрөг нэхэмжлэлийн хангасан хэсэг нь юу юм бэ, хангахаас татгалзсан нь юу юм гэдгийг тус бүрд нь зааж өгөх ёстой байна. Гэтэл шууд нэгтгээд Ш.Б...с 3 сая 512 мянган төгрөгийг гаргуулъя. Ж.А...ийн шаардлагаас 23 сая 80 мянган төгрөгийг хасъя, улсын тэмдэгтийн хураамжийг бодож байгаа нь  хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Нөгөө талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б... давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Болсон бодит байдлыг тогтоох зорилгоор анхан шатны шүүх хурал дээр хариуцагч Ш.Б...ийг оролцуулсан. Эдгээр хүмүүсийн хооронд ямар тохиролцоо явагдсан юм бэ? гэхээр Ж.А... нь мөнгө гаргая. Ш.Б... чи хөдөө мал дээр байгаа учраас мал ав. Өөрөө намар нядлах хүртэл хариул, би хариулсан хөлсийг тооцож өгнө. Ашиг өндөр гарвал нэмж хөлс өгнө гэсэн тохиролцоо хийсэн байдаг. Ингээд 7 дугаар сарын 16-наас эхлээд мөнгө шилжүүлээд Ш.Б.. мал авч эхэлсэн. Нийтдээ Ж.А..д 556 хонь хүлээлгэж өгсөн байдаг. Мөн 177 эр ямаа, 181 эм ямаа өгсөн байдаг. Эхлээд сөрөг нэхэмжлэлтэй  холбоотой асуудлаа яръя. Дараа нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбогдуулаад яръя. Тохиролцооны дагуу  1.100 малыг 12 дугаар сарын 02 хүртэл хөлсөөр малласан байдаг. Хөлсөө мал худалдаж авсан сарынхаа хоногийг тооцохгүйгээр худалдаж авснаас хойш дараагийн сараас эхлээд тооцож малын хөлсөө хариуцагч Ш.Б.. нэхэмжилсэн. Нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлээ гаргахдаа, би 500 хонь хүлээж авсан гэдэг. Хариуцагч болохоор 556 хонь өгсөн гэдэг. Юугаар нотлогдох вэ? гэхээр тухайн үед хонь хүлээж авсны дараа тооцоо нийлье гээд очсон чинь чамаас би 500 хонь хүлээж авлаа. Чиний 500 хонь нөгөө талын хашаанд байна гээд, 50 хонь тусад нь  ялгасан байсан. Эдгээр хонинууд яагаад тооцсонд ордоггүй юм бэ? гэхэд, энэ манай ажилчдын хоол, бусдыг нь чамаас хүлээж авснаар нядалсан гэдэг байдлаар хэлсэн байдаг. Ш.Б... анхан шатны шүүх хуралдаан дээр хэлдэг. Дараагийн нэг няцааж байгаа нотлох баримт юу вэ? гэхээр тооцоо нийлье гэхээр, Ж.А... нийлдэггүй, би алдагдалд орчихлоо, чи 30.000.000 сая төгрөг надаа өг гэсэн байдаг. Эдгээр хүмүүс хоорондоо тооцоо тоо нийлж чадаагүй. Цагдаагийн байгууллагаар жил шахам яваад, сүүлдээ одоо иргэний шүүхээр явж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, тооцоо нийлсэн  гэх баримтыг гаргаж өгөөд, энэ дээр Ж.А.. 548 хонь хүлээж авсан байдаг. Тэгсэн мөртлөө 48 хонио яагаад байгаа юм, 500 хонь хүлээж авсан гээд нэхэмжлээд байдаг. Ийм үндэслэлгүй нэхэмжлэл гаргаад байгаа. Дараагийн асуудал нь анх тохирохдоо эдгээр хүмүүс хэдэн кг-аас дээш жинтэй мал гэж тохиролцсон гэдэг асуудал яригддаг. Хэрвээ тэгсэн бол Ш.... гэх хүнд хэдэн килограммаас дээш хонь аваарай гэж үүрэг өгч байгаа юм бол, тухайн хиллэх хилийг нь бэлдэж өгөх хэрэгтэй. Худалдаж авч байгаа Ш..... хонийг жинлээд, тухайн хонь жиндээ хүрж байвал хонийг авна гэх ёстой. Тэгэхээр эм хонь, эр ямаа, эм ямаа аваад бай. Тэгээд намар нядлаад асуудлаа шийдье гэсэн мөртлөө шүүхэд нэхэмжлэл гаргах болохоор, хэдэн жинтэй хонь авах ёстой байсан гэсэн байдлаар нэхэмжлээд байгаа. Хэрвээ тэгсэн бол нөхцөл боломжоор нь хангах ёстой. Ийм байдлаар  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр Ш.Б... өөрийн биеэр оролцсон. Хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор, Ш.Б... нь ярихдаа, Ж.А...д надад хэдэн хилтэй хонь ав гэж хэлээгүй. Эм хонь, Эм ямаа, Эр ямаа аваад байгаарай гэсэн. Анхан шатны шүүх хурал дээр асуухаар, танд хэдэн хилтэй хонь аваа гэдэг асуудал тавьсан бол, танд жин өгсөн юм уу?, Та тэр хонины жинг яаж үзэж авч байсан юм бэ? гэхээр, надад тийм жин өгсөн асуудал байхгүй. Ийм үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн нотлоогүй. Өөрөөр хэлбэл, 500 хонь нэхэмжилсэн мөртлөө  548 хонь хүлээж авсан асуудал байна. Энэ дунд бас 2 хонийг дундуур нь хүлээж авсан асуудал байдаг. Яг энэ байдлыг  үндэслэж жинтэй холбоотой асуудлыг яриад байх шиг байгаа юм. Худалдаж авсан хониноосоо хоёрыг явуулаадахаа, би гаргаад хүнсэндээ хэрэглэе авъя гэхээр нь хониноос хоёрыг явуулсан асуудал байдаг. Энийг анхан шатны шүүх 548 хонь дээр нэмж тооцоогүй нөхцөл байдал байгаа. Ямаагаа авахдаа бас дундуур нь 6 ямааг хүмүүсээр дамжуулж авсан байдаг. Анхан шатны шүүх хурал дээр хариуцагч тайлбарласан. Нэхэмжлэгч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон боловч, энэ талаар мэдээгүй байсан учраас нэхэмжлэгч талаас ямар нэгэн тайлбар гаргаагүй. Ийм нөхцөл байдал байгаа учраас нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага нотолж чадаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй. Шийдвэрийн хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг барьсан асуудал байгаа. Худалдах, худалдан авах гэрээ, энэ 2 хүний хооронд хийгдээгүй. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн асуудал яригдсан. Тэгэхээр тогтоох хэсгийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлд өөрчлөлт  оруулаад, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад нэг зүйлийг тодруулахад, мал авхуулж байх хугацаанд Ж.А... 121 ямаа өөрөө худалдаж авснаа бас Ш.Б...р хариулгасан байдаг. Тэгэхээр хариулж байгаа үйлдэл нь өөрөө хөлсөөр мал хариулах хэлцлийг нотолж байгаа баримт гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2. Нэхэмжлэгч Ж.А... нь хариуцагч Ш.Б...д холбогдуулан  31.140.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ...Би Ш.Б...д нийт 107.000.000 төгрөг өгч, эр ямааг 120.000 төгрөгөөр, эм ямааг 60.000 төгрөгөөр, нийт 250 ширхэг эр ямаа, 414 ширхэг эм ямаа худалдаж авахаар тохирсон ба өгөх ёстой ямаанаас 122 тооны эр ямаа, 110 тооны эм ямаа дутсан байна. Мөн дундаж кг нь 22 кг жинтэй 1 хонийг 130.000 төгрөгөөр тооцож 50.000.000 төгрөг шилжүүлсэн чинь дундаж кг нь 18.3 кг болоод дундаас нь би 2.760.000 төгрөгөөр хохирч байна.

Энэ бүгдийг тооцож үзэхэд Ш.Б... бид хоёрын ярилцаж тохиролцсоноор 500 толгой хонь бүрээс 3.7 кг дутаж 2.760.000 төгрөгийн алдагдал, харин ямаанаас 205 толгой эр ямаа авахаар мөнгөө өгсөн байхад надад 148 толгой эр ямаа өгч, 102 толгой эр ямаа дутсан. Буюу 12.240.00 төгрөгөөр хохирсон, мөн өгсөн ямаанаас 2 эр ямаа нь туранхай туувар даахгүй эцэхээр нь буцааж өгсөн учраас 146 эр ямааг гар дээрээ авсан. Эм ямаанаас болохоор 414 толгой эм ямаа авах ёстойгоос 216 эм ямаа авсан. Үүнээс 31 толгой нь ишиг, борлон байсан тул буцааж өгсөн. Надад өгөх ёстой эм ямаанаас яг гар дээрээ авсан нь 185 толгой эм ямаа авч 229 толгой эм ямаа дутаж 14.900.000 төгрөгөөр хохирсон. Ингээд нийтдээ 31.140.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

3. Хариуцагч Ш.Б... хариу тайлбартаа... Би Ж.А... надад чи эм хонийг 130.000 төгрөгөөр, эр ямааг 120.000 төгрөгөөр, эм ямааг 60.000 төгрөгөөр авч өг гэсэн болохоос кг, жингээр нь аваарай гэдэг зүйлийг хэлээгүй. Би сарын хөлсийг чинь өгнө гэж хэлсэн болохоос, ашгаа хуваана гэдэг зүйлийг яриагүй. Мөн ямар нэгэн гэрээ хийгээгүй гэж,

 Хариуцагч Ш.Б... нэхэмжлэгч Ж.А... холбогдуулан 2023 оны 08 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мал хариулсны хөлс 4.548.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4. Шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг нотлох баримтад үндэслэн бодитой тогтоогоогүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар  нь бог малыг  хэзээ, хаанаас худалдан авч, хэзээ, хаана, хэнд хүлээлгэж өгөх эсэх, малыг худалдан авснаас хойш хүлээлгэж өгөх хүртэл хэн хариуцах,  мөн талууд малыг худалдаж авч өгснөөр  үнэ,  хөлс, эсхүл юу ч тохироогүй эсэх, бог малыг  тоо ширхэгээр, эсхүл кг жингээр тооцож хүлээн авсан эсэх, хүлээлгэж өгсөн гэх бог мал нь бог малын дундаж кг, жингээс их болон бага байсан эсэх зэрэг  маргааны үйл баримтыг тогтооход зайлшгүй ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тогтоох шаардлагатай байна. Талууд энэ талаар  өөр, өөрөөр тайлбарлаж, тайлбараа хэн аль нь шүүхэд нотлоогүй байхад, шүүх ямар ч нотлох баримтад үндэслэлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн байна.

5. Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг зөв тогтоож, чадаагүйгээс талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн эсэхийг нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримт тогтоосны дараа талуудын хооронд ямар гэрээ, хэлцэл байгуулагдсан эсэхийг тодорхойлж, гэрээний үүргийн зөрчил байгаа эсэхийг дүгнэж, гэрээний хариуцлага хүлээлгэх нь  гэрээний эрх зүйн маргааныг үндэслэлтэй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

6. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны үйл баримтыг тогтоогоогүй, талуудын хооронд ямар харилцаа үүссэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй, тогтоох хэсэгт худалдах, худалдан авах болон хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтыг баримталсан боловч, ямар нотлох баримтад үндэслэн эдгээр гэрээ байгуулагдсан гэж үзсэн үндэслэлээ, үндэслэх хэсэгтээ тайлбарлаагүй, мөн тогтоох хэсэгт нэхэмжлэл ба  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, эсхүл зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг нэг бүрчлэн ялгаж, салгаж бичээгүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт бичигдэх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна. Энэ талаар бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэл бүхий байна.

7. Давж заалдах шатны шүүхээс дээрхи ажиллагааг зөвтгөх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах  хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1 дүгээр зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 140/ШШ2024/00450 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э...ын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 297,290 төгрөгийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”,  “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР 

Б.АРИУНБАЯР